Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/653

 

 

2021           10           13                                       653   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                         

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг

шүүгдэгч: Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Б -д холбогдох эрүүгийн 2105011211271 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ……, Р.Б

 

Шүүгдэгч Р.Б нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТНТ” зочид буудлын 1 дүгээр давхарт буудлын ресепшний текний ард цэнэглэж байсан иргэн Э.А-ын эзэмшлийн 340 800 төгрөгийн үнэ бүхий “Самсунг М20” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авч, багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Р.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Тухайн үед согтуу байсан болохоор энэ хэргийг үйлдсэн. Улсын яллагчтай Улаанбаатар хотоос 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тохиролцсон. Энэ ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.  

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.А мэдүүлэхдээ:

Би 2021 оны 5 дугаар сарын 24-нд “ТНТ” зочид буудалд 13 цагийн үед ээлжээ хүлээж аваад урд өдөр нь буудалд орсон хүмүүсийг гаргасан юм. Энэ үед хүмүүсээ гар гэж хэлээд “ТНТ” зочид буудлын гадна шатыг угааж байх зуур миний текний ард цэнэглэж байсан “Самсунг М20” загварын гар утсыг буудлаас гарч байсан 25-30 орчим насны залуу хулгайлан авсан байсан. Би утсаа олохгүй болохоор нь бичлэг шүүж үзэхэд миний гар утсыг хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Би энэ утсаа 450 000 төгрөгөөр худалдаж авч байсан.

Эд зүйлээ бүрэн, бүтэн хүлээн авсан тул гомдолгүй гэжээ. (хэргийн 23-24, 91 дүгээр хуудас)

           

Мөрдөн байцаалтад гэрч-П.П мэдүүлэхдээ:

2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б-тэй уулзаж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТНТ” гэх нэртэй зочид буудалд Д, Т бид дөрөв пиво ууж хоносон юм. Өглөө эрт Д, П, Т бид гурав 08-09 цагийн үед гараад явсан. Буудалд Б ганцаараа үлдсэн гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

            2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл.

            Камерын зүүн гар талаас зочид буудлын нэг давхарт текний цаанаас хар бараан өнгийн куртик, саарал өнгийн малгайтай, цагаан саарал өнгийн пүүз, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн явж байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийг цааш нь тоглуулахад 1 минут 01 секундэд уг этгээд нь текний араар тонгойж ороод цэнэглэж байсан гар утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн байв гэжээ. (хэргийн 11 дүгээр хуудас)

 

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

            Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 340 800 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасд:

            Р.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

 

   ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Р.Б нь согтуурсан үедээ 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТНТ” зочид буудлын 1 дүгээр давхарт хүлээн авахын ширээний ард цэнэглэж байсан хохирогч Э.А-ын эзэмшлийн 340 800 төгрөгийн үнэ бүхий “Самсунг М20” загварын 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.А, гэрч П.П нарын мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Р.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Э.А нь хулгайд алдсан гар утсаа хүлээн авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул Р.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Монгол улсын хилээр гарахыг 6 сарын хугацаагаар хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Р.Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Б-г Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 (зургаа) сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Р.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН