Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01136

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01136

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, Бэгдү хотхон, 54А-р байрны 14 тоотод оршин суух, Гурван тамир бүрэн дунд сургуульд сургалтын менежер ажилтай, регистр ЙЮ76091163, Боржигон овогтой Төрмөнхийн Төгөлдөрийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Бэгдү хотхон, 54А-р байрны 14 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЙР68122510, Сүхийнхэн овогтой Дагвадоржийн Мэндбаярт холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Төгөлдөр, хариуцагч Д.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Т.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Мэндбаяртай 1996 онд танилцаж гэр бүл болсон. 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Бөртэ-Үжин, 2007 оны 03 дугаар сарын  16-нд хүү Өгөөдэй нар төрсөн. 22 жил хамтран амьдарсан. Бид хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Мэндбаяр маш олон удаа ажлаар хөдөө явдаг байсан болохоор хамт байсан хугацаа тийм ч удаан  биш. Үзэл бодол, зан чанарын хувьд таардаггүй, маргаан ихтэй амьдарсан, байнга харддаг, бариу хувцас авлаа, өндөр өсгийтэй гутал авлаа гэнэ, идэх хоол унд хүртэл заадаг. Би өмнө нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эвлэрээд нэхэмжлэлээ буцааж аваад 7 жил хамт амьдарсан. Мэндбаяр архи ууж агсан согтуу их тавьдаг, Баянгол дүүргийн эрүүлжүүлэх рүү би олон удаа дуудлага өгч эрүүлжүүлж байсан, олон удаа зодуулж бэртэж байсан. Сүүлдээ эрүүлдээ ч хяналтаа алдаж хэвийн үзэгдэл шиг болж зоддог болсон. Би эрүүл мэндийн хувьд турах зайлшгүй шаардлагатай байсан, тэгээд бүжгэнд явдаг. Тэгэхээр байнга хардаж, чи эндээс яагаад гарч ирэв, тэндээс яагаад гарч ирэв гэж хардана, юу ч ярисан мушгиж хэрүүл болгодог, хамт амьдрах хугацаандаа нэг ч удаа дэлгүүр хамт орж, сугадаж явж ч үзээгүй. Мэндбаяр гэртээ байхаараа ганцаараа амьдарч байгаа хүн шиг байдаг, хэнтэй юу ч яридаггүй, бид 3 жижиг өрөөндөө эрх чөлөөгүй, байнгын дарамттай байдаг. Түүний энэ хэдэр зан нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөөр байна. Хамгийн сүүлд 2017 оны 2-р сарын 18-нд намайг зодож гэмтээсэн, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж өгнө үү. Хүү Өгөөдэйд хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Машинаа Мэндбаяр зарсан, 3 өрөө байраа өөрсдөө зохицуулж шийднэ гэв.

 

Хариуцагч Д.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т.Төгөлдөртэй 1995 онд оюутан байхад нь танилцаад хамт амьдарсан. Энэ хугацаанд охин, хүүтэй болсон. Гэр бүлийн маргааны хувьд эхнэрээ бүжгэнд ороход нь харддаг. Би нэг удаа ууланд алхах гээд бэлдэж байгаад сахлаа авч байхдаа хутгаар эсгэсэн. Цус гараад тогтохгүй байхаар нь Төгөлдөрийг цэвэрлээд өг гээд гуйтал чадахгүй гэснээс болж маргаан үүсч, би 2 цохиод, нэг өшиглөсөн, тэгээд би гэрээсээ гараад явсан. Манай хүн намайг ч бас их гомдоож байсан. Амьдралынхаа явцад 3 өрөө байр авсан. Сүүлд Төгөлдөр  ипотекийн зээлээр 2 өрөө байр авсан. Би буруу зүйл хийж байгаагүй, салмааргүй байна, үр хүүхдээ өнчрүүлмээргүй байна гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Т.Төгөлдөр нь Д.Мэндбаярт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь байрны асуудлаа өөрсдөө шийдвэрлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх тул гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Т.Төгөлдөр, Д.Мэндбаяр нар нь 1996 оноос хамт амьдарч 2004 онд гэрлэлтээ батлуулсан, хамт амьдрах хугацаандаа 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Бөртэ-Үжин, 2007 оны 03 дугаар сарын  16-нд хүү Өгөөдэй нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

Харин талууд хамт амьдрах хугацаанд нөхөр Д.Мэндбаяр нь эхнэрээ “бүжгэнд орлоо” гэж байнга хардаж хэрүүл маргаан үүсгэдэг, архи ууж агсам согтуу тавьдаг, түүнийг зоддог зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, 2017 оны 2-р сарын 18-ны өдөр түүнийг зодож хүчирхийлэл үйлдсэн, үүний улмаас тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбар, фото зургаар тогоогджээ.  

Нэхэмжлэгч дээрх маргааны улмаас 2010 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч эвлэрсэн гэх ба энэ талаар хариуцагч маргаагүй байна.

Нөхөр Д.Мэндбаярын зан харьцааны доголдолтой байдал, хүчирхийлэл үйлдсэн байдал нь эхнэр Т.Төгөлдөрийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй, эдгээр нөхцөл байдал нь насанд хүрээгүй хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, ноцтой хохирол учирч болзошгүй байх тул  гэрлэгчийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Насанд хүрээгүй хүү М.Өгөөдэйн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн “ээжтэйгээ амьдарна” гэсэн санал, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл, эх Т.Төгөлдөрийн хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх зан байдал, ёс суртахуун, эхийн халамж зэргийг харгалзан түүний асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж эцэг Д.Мэндбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Д.Мэндбаярын өмчлөлд бүртгэлтэй гэх Баянгол дүүргийн 6-р хороо, Бэгдү хотхоны 54А-р байрны 14 тоот 3 өрөө сууц, Т.Төгөлдөрийн өмчлөлд бүртгэлтэй, ипотекийн зээлээр авсан гэх Баянгол дүүргийн 12-р хороо, 23А-р байрны 6 тоот 2 өрөө сууцны талаарх шаардлагыг талууд өөрсдөө шийдвэрлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Төрмөнхийн Төгөлдөр, Дагвадоржийн Мэндбаяр нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 03 дугаар сарын 16-нд төрсөн хүү М.Өгөөдэйг эх Т.Төгөлдөрийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү М.Өгөөдэйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Мэндбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Мэндбаяраас  70 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.  

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА