Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/632

 

 2021        10            04                                       632

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.А-д холбогдох 2105001091162 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ........, А.А

Шүүгдэгч А.А нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.М, Н.Э нарын фейсбүүк хаяг руу 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “……..” гэх фейсбүүк хаягнаас “мөнгө зээлээч” гэж хуурч, О.Х-гийн 50577698795 дугаартай данс руу шилжүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хорооллын И-март худалдааны төвийн АТМ-с хүлээн авч 600 000 төгрөгийн хохирол,

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Э.Ц-ы /……………../ гэсэн фэйсбүүк хаягийг буюу цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Б-ий /………../ хаяг руу “1 сая төгрөг байна уу өгөөч” гэж хуурч, улмаар Г.Б-ий найз Б.Б нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын Гааль дотор интернэт банк ашиглаж Хаан банкны ……….. тоот данс руу шилжүүлснийг залилан авч 1 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ:

Тухайн үед би гар утас авахад фейсбүүк нь нээлттэй байхаар нь нууц дугаарыг нь утасны дугаараар нь таагаад хийчихсэн чинь орчихсон. Тэр үед мөнгөний хэрэг гарсан байсан тул Б-гаас 1 000 000 төгрөг, өөр нэг хүнээс 300 000 төгрөг аваад, дахиад мөнгө дутсан тул 100 000 төгрөг авсан. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Хохирогч Б-тай утсаар ярьж, мөнгийг нь 2 хуваагаад өгнө гэж тохиролцсон.  Нийт 1 600 000  төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би 3 сард ажилд орсон боловч ар гэрт маань санхүүгийн асуудал гарсан тул төлбөр төлж чадаагүй. Дээрх хохирлыг 10 сард багтаан төлнө. Улсын яллагчтай зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял тохиролцсон. Энэ эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б. Б мэдүүлэхдээ:

Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төмөр замд байрлах Улаанбаатар хотын Гааль дотор өөрийн найз Г.Б-тэй уулзахаар болоод тэнд очсон. Тэгтэл Г.Б нь “манай найз М-ын эхнэр өөрийн фэйсбүүк хаягаар дансны дугаар явуулаад энэ данс руу 1 сая төгрөг шилжүүлээч гэж байна” гээд тэр дансны дугаарыг нь надад өгөөд, энэ Хаан банкны данс руу 1 сая төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд би тэр данс руу нь Улаанбаатар хотын гааль дотор байхдаа мөнгийг шилжүүлсэн. Тэгтэл орой нь Б, М гээд найзтайгаа уулзсан гээд над руу залгаж, чи бид хоёрын өдөр шилжүүлсэн нэг сая төгрөгийг М-ын эхнэр нь аваагүй гэж байна. М бид хоёр хамт байна гэж хэлсэн гэжээ. (хэргийн 15-16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.М мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэрийн талын хамаатны ах Ц.Б гэдэг хүний “………” гэх фейсбүүк хаягнаас 12 цаг болж байх үед над руу 300 000 төгрөг зээлээч гэж захидал илгээсэн. Удалгүй дахиж 100 000 төгрөг дутчихлаа гэж бичсэн. Тэгээд би нийт 400 000 төгрөгийг ………. дугаарын Х гэх нэртэй данс руу шилжүүлсэн юм гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н. Э мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай ээжийн дүүгийн нөхөр Ц.Б ахын  “……..” гэх фэйсбүүк хаягнаас миний фейсбүүк хуудас руу 200 000 төгрөг зээлээч гэж захидал илгээж ……. дугаарын Х гэх нэртэй данс явуулахаар нь 11 цаг 40 минутын үед эхнэр А.Ц-гийн ………. дугаарын данснаас 200 000 төгрөг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 88 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Х мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 10 дугаар хорооллын Номин худалдааны төвийн урд зүс таних Ариун-Оч гэх хүн миний Хаан банкны картыг “мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна” гээд надаас авсан. Тэгээд би долоо хоногийн дараа А руу яариад картаа авъя гээд залгатал “би чиний картыг таксинд суухдаа мартаад буучихсан байна” гэж надад хэлсэн гэжээ. (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Б мэдүүлэхдээ:

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хамт автомашин худалдан борлуулдаг Б-тай Улаанбаатар хотын гааль дээр уулзаад байж байтал 22 авто худалдааны зах дээр автомашин худалдан борлуулдаг М гээд найзын эхнэр С над руу өөрийн фэйсбүүк хаягаараа “сайна уу” гэж чат бичиж байгаад нэг дансны дугаар явуулаад “нэг сая төгрөг байна уу” гэж асуусан. Би “надад одоо мөнгө байхгүй байна” гэсэн чинь “чи олоод өгөх боломж байна уу” гэж асуусан. Тэр үед надтай хамт Б байж таарсан. Тэгээд би Б-г энэ данс руу нэг сая төгрөг шилжүүлчих, орой буцаагаад өгнө гэж байна гээд дансны дугаарыг нь өгөөд гүйлгээний утга дээр нь С гэж бичиж шилжүүлэх юм байна шүү гээд шилжүүлсэн гэжээ. (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч П.М мэдүүлэхдээ:

Би өөрийн ……. тоот дансны виза картаа 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний зүс таних О гэх залууд өгсөн. Тэрнээс хойш би О-с картаа авч чадаагүй байна. Надаас чамд хэд хоног хэрэглүүлчих карт байна уу гэхээр нь би надад карт байна, яах гэж байгаа юм гэсэн чинь би ажил хийсэн юм, гэтэл цалингаа заавал картаар хийнэ гээд байна. Би цалингаа авах гэсэн юм гэхээр нь ирээд ав гэж хэлсэн. Бид хоёр Баянхошуунд уулзаад би өөрийнхөө картыг өгсөн. Тэр үед О ганцаараа явж байсан. Тэгээд миний картыг нууц үгийнх нь хамт авч явснаасаа хойш миний фейсбүүкийг блоклоод алга болсон гэжээ. (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ц мэдүүлэхдээ:

Би “…….” нэртэй фэйсбүүк ашигладаг. Энэ фэйсбүүкээ би одоо болтол ашиглаж байгаа. Би уг нь хүн рүү чат /………/ бичээгүй. Тэгээд маргааш орой нь манай нөхөр М надаас чи Б-ий чат руу юм бичиж мөнгө асуусан юм уу, ямар учиртай мөнгө авсан юм бэ гэхээр нь би мөнгө аваагүй юу яриад байгаа юм гэсэн чинь, манай нөхөр чи фэйсбүүкээ хакердуулсан юм биш үү гээд Б рүү залгаад манай эхнэр чам руу мессэж бичээгүй гэж байна шүү дээ чи залилуулсан юм бишүү гэж хоорондоо ярилцсан гэжээ. (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А. А нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.М, Н.Э нарын фейсбүүк хаяг руу “………” гэх фейсбүүк хаягнаас “мөнгө зээлээч” гэж хуурч, О.Х-гийн ………….. дугаартай данс руу Б.М-оос 400 000 төгрөг,

хохирогч Н.Э-өөс 200 000 төгрөг шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хорооллын И-март худалдааны төвийн АТМ-с хүлээн авч, нийт 600 000 төгрөг,

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Ц-ы /………. / гэсэн фэйсбүүк хаягийг буюу цахим хэрэгсэл ашиглаж иргэн Г.Б-ий /………. / хаяг руу “1 сая төгрөг байна уу өгөөч” гэж хуурч, цахим захидал бичиж, улмаар хохирогч Б.Б-гаас нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын Гааль дотор интернэт банк ашиглаж, 1 000 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.М, Н.Э, Б.Б, гэрч О.Х, П.М, Э.Ц нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-д 400 000 төгрөгийн, хохирогч Н.Э-д 200 000 төгрөгийн, хохирогч Б.Б-д 1 000 000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.А нь дээрх хохирогч нарт учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Иймд шүүгдэгчээс 400 000 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д, 200 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Э-д, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч А.А-ийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.А-ийг 6 (зургаа) сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан А.А зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. А.А нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар А-оос

400 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.М-д,

200 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Э-д,

1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.А цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН