| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00885/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01137 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01137
| 2017 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01137 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, Замчдын гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 3-р хорооллын 2Г-р байрны 39 тоотод оршин суух, Волтам ХХК-д борлуулагч ажилтай, регистр ТЗ84070810, Иншөөпүүдо овогтой Наранмөнхийн Хосбаярт холбогдох Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулж, сууцны өргөтгөлийг албадан буулгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Т.Ганбат, П.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хишигбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн /үнэмлэх 0594/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын а/817 захирамжийн хэрэгжилтийг хангуулж, Баянгол дүүргийн 13-р хороо, 2Г байрны 39 тоотод оршин суух иргэн Н.Хосбаяр нь Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.2, Орон сууцны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчиж барьсан өргөтгөлийг буулгахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 10-р сарын 19-ний өдөр албан бичиг, 5 баримтын хамт ирсэн. Утга нь Баянгол дүүргийн иргэн Ө.Тэмүүжингийн гомдлын дагуу шалгалт хийсэн, шалгалтаар иргэн Н.Хосбаяр нь 2015 оны 8-р сард өргөтгөл барьсан зөрчил гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарын нэр дээр бичигдсэн байсан. Хорооноос нь хүсэлт гаргаад Нийслэлийн шуурхай албанд мэдэгдэж, газар дээр нь 4-5 удаа очиж шаардах хуудас өгсөн. Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 11-р сарын 06-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/817 тоот захирамжийг Н.Хосбаярт гардуулсан. Н.Хосбаяр нь одоо хүйтэн цаг хугацаа байгаа учраас 2016 оны 04 дүгээр сарын 01 гэхэд буулгана гэсэн. Энэ хугацаандаа өргөтгөлөө буулгаагүй, удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй. Иймд Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж, өргөтгөлийн барилгыг албадан буулгаж газар чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хишигбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Н.Хосбаяр нь 2015 оны 08 дугаар сард өргөтгөлийн барилгыг эхэлсэн. Фундам ухаж байхад хажуу айлын Гүржав гуай гомдол гаргасан байсан. Тэгээд Газрын албанаас хүн ирж шалгаад “зөвшөөрлөө аваад барь” гэсэн, гэхдээ 2012 оноос хойш зөвшөөрөл олгоогүй гэсэн. Өвөл болоод өргөтгөлөө хийж дуусгаагүй, тухайн үед Гүржав гуайтай уулзаж эвлэрсэн, гомдол гаргахгүй гэсэн бичиг хийж өгсөн. Бид газрын албанаас 2 удаа шаардлага авсан, тэгээд дулаархаар өргөтгөлөө буулгъя гэсэн. Удалгүй Гүржав гуай бурхан болж уг байранд хүүхдүүд нь ирж амьдарсан. Тэгээд ач хүү Тэмүүжин нь Засаг даргад гомдол гаргасан байсан. Тэмүүжинтэй уулзаж үнэн нөхцөл байдлаа хэлж эвлэрсэн. Эвлэрсэн бичиг баримтаа газрын албандаа өгөөгүй, Засаг даргадаа танилцуулаагүй байтал өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсээд байна. Бага насны 4 хүүхэдтэй, 18 м.кв талбайтай 1 өрөө байрандаа багтахгүй болоод хүүхдээ гүйлгэх газартай л болгосон. Өргөтгөл барихад чамгүй хөрөнгө оруулсан. Шүүх миний хүүгийн амьдралд гүн туслалцаа үзүүлж, хүүхдүүдийг нь том болтол харж үзнэ үү, буулгах шийдвэр гаргахгүй байж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүгийн Засага дарга нь Н.Хосбаярт холбогдох Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11-р сарын 06-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/817 тоот захирамжийн биелэлтийг хангаж, Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хорооллын 2Г-р байрны 39 тоот сууцны өргөтгөлийг албадан буулгаж, газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Н.Хосбаяр нь Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хорооллын 2Г-р байрны 39 тоот 1-р давхарын 1 өрөө сууцаа байшингийн гадна хананаас урагш нь хүүхдийн тоглоомын өрөөний зориулалтаар өргөтгөж өргөтгөл барьжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10-р сарын 05-ны өдрийн 02-07-92/1590 тоот дүгнэлтээр тухайн барилгат зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөл нь Орон сууцны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөн талаар дүгнэж /хх 2-4/, улмаар өргөтгөлийн барилгын асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 10-р сарын 19-ний өдрийн 02-02/3027, 02-02/3028 тоот албан бичгүүдээр /хх 4-5/ хүргүүлсэн байна.
Харин Н.Хосбаяр нь орон сууцанд барьсан өргөтгөлөө 2016 оны 4-р сарын 1-нд буулгахаар Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд бичгээр /хх 7/ мэдэгдсэн боловч зөрчлөө арилгаагүйгээс гадна Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11-р сарын 06-ны өдрийн “Албадан буулгаж газар чөлөөлөх тухай” А/817 тоот захирамж, удаа дараагийн албан шаардлагуудыг /хх 10-13/ биелүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 102-р зүйлийн 102.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байдаг тул бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Үүнээс гадна Н.Хосбаяр тухайн орон сууцны барилгын гадна хананд өргөтгөл барьж сууцны талбайгаа ихэсгэсэн нь Орон сууцны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэг “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхнаы зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгөх, өргөтгөл хийхийг хориглоно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэг “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна: 15.1.1. “орон сууцны гадна хана...”, Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчжээ.
Хэдийгээр хариуцагч нь олон хүүхэдтэй, байрны багтаамж муу, хүүхдүүддээ тоглох өрөөтэй болгосон, 2Г байрны 40 тоотын оршин суугч “гомдолгүй” гэх боловч энэ нь аливаа хэлбэрээр хууль зөрчиж өргөтгөл барих үндэслэл болохгүйгээс гадна “орчны газар нь хог шороотой, ашиглалтгүй газар байсан” гэсэн тайлбар нь Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.5-д заасан “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргэсэн иргэн...тухайн газрыг эзэмшүүлж болно” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11-р сарын 06-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/817 тоот захирамжийн биелэлтийг хангаж, Наранмөнхийн Хосбаярын барьсан Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хорооллын 2Г-р байрны 39 тоот сууцны өргөтгөлийг албадан буулгаж, газар чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, энэ хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Хосбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА