Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01138

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01138

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж, “МТ” өөрийн байр, “МТ Петролиум” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, өөрийн байр, “Монроуд” ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 949 888 331 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТ Петролиум ХХК нь Монроуд ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, газрын тос, шатахуун нийлүүлсэн. Нийлүүлсэн шатахууны төлбөрийг дараа сарын 5-наас авахаар тохиролцсон. Гэрээний дагуу 1 074 318 640 төгрөгний шатахууныг нийлүүлсэн. “Монроуд” компаниас төлбөрөө нэхэмжилж албан бичиг, хүсэлт, төлбөр төлөх янз бүрийн арга зам, саналуудыг тавьсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар огт төлөөгүй. Төлбөрөө төлөхгүй явсаар 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар хэлцэл байгуулсан. Ингээд 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр буюу өмнөх төлсөн төлбөрүүд, түүнээс цааш төлөх төлбөрүүдийг тооцоод төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор сарын 1,5 хувийн “хүү” нэмж төлөхөөр тохирсон. Гэтэл энэ төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Монроуд ХХК-иас төлбөр 1 074 318 640 төгрөг, алданги 537 159 320 төгрөг, хүү 21 сарын 338 410 371  төгрөг  нийт  1 949 888 331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудаа өөрсдөө цуглуулах үүрэг хүлээдэг. Хэрэгт авагдсан баримт, материалуудаас харахад “МТ петролиум” ХХК хэдэн литр шатахуун нийлүүлсэн, хүлээлцсэн акт, хүлээн авсан гарын үсэг, падаан байхгүй. Нотлох баримтгүй учраас хангах боломжгүй. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээр хэдэн литр шатахуун өгсөн эсэх нь тодорхойгүй байдаг. Бид худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Зээлээр худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан Худалдаа маркетингийн асуудал хариуцсан захирал Тэнүүн, худалдааны асуудал хариуцсан захирал Дэрэм нар нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш. Төлөөлөх этгээд нь гүйцэтгэх удирдлага эсвэл гүйцэтгэх захирал нь байх ёстой. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт зааснаар хэлцэлд төлөөлөх итгэмжлэл байгаа эсэх асуудал яригдана. Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Энэ тохиолдолд шүүх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлага гаргахгүйгээр байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бусад тооцдог. Үлдэгдэл төлбөр дээр хүү тооцож нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээ мөн адил  Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл. Дэрин, Тэнүүн гэдэг 2 хүн гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын талаар заасан байдаг. Хуулиас гадуур үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүү тооцохоор тохирсон нь буруу, хүүгээс анз тооцохгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МТ Петролиум” ХХК нь “Монроуд” ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 611 477 960 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2016 оны 11-р сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү 273 951 253 төгрөг гаргуулахаар, 2017 оны 03-р сарын 10-ны өдөр хүү 64 459 118 төгрөг гаргуулахаар тус тус нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлага нийт 1 949 888 331 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 611 477 960 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч МТ Петролиум ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Р.Ганзориг бүртгэлтэй байсан тул компанийг төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

МТ Петролиум ХХК нь Монроуд ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 68/14 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2014 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд 200 000 литр бүтээгдэхүүн нийтүүлэх, худалдан авах төлбөрийг дараа сарын 05-ны дотор төлөхөөр /хх 16-20/ тохирчээ. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талууд 2014 оны 8-р сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж худалдах бүтээгдэхүүний хэмжээг 400 000 литр болгож, гэрээний бусад заалт хэвээр байхаар тохирсон /хх 21/ байна.

 

Худалдан авагч Монроуд ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүйгээс талууд 2015 оны 06-р сарын 01-ний өдөр “Хэлцэл” хийж /хх 22/, 1 дэх заалтаар 2014-08-05-ны өдрийн 68/14 тоот гэрээний төлөгдөөгүй шатахууны үлдэгдэл төлбөрт 1.5 хувийн хүү тооцохоор тохирсон байх ба худалдан авагч төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Талууд төлбөр тооцоог 2014.1.1-ээс 2014.11.30-ныг хүртэл хугацаагаар тооцоход Монроуд ХХК 1 210 433 600 төгрөгийн, 2015.01.01-ээс 2015.06.30 хүртэлх тооцоогоор 1 397 592 төгрөгийн төлбөрийг төлөх байсан /ХХ 23-28/, төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлсэн, үүнээс 1 074 318 640 төгрөгийг төлөөгүй, гэрээний 3.4-т “төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр” тохирсон байна.

 

 Зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, хэлцэл зэргийг харьцуулан дүгнэвэл, 2014 оны 8-р сарын 5-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ”, 263.2.3-т заасан “төлбөл зохих хүүгийн хэмжээ”-г заавал тусгах заалтыг тусгаагүй байх тул энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Энэ тохиолдолд худалдан авагч “хүү” төлөхгүй, гагцхүү төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор буюу дараа сарын 5-ны дотор гүйцэтгэнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх төлбөр 1 074 318 640 төгрөг, алданги 537 159 320 төгрөг нийт 1 611 477 960 төгрөгийг хариуцагч Монроуд ХХК төлөхөөр байна.

Хариуцагч нь худалдагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан Худалдаа маркетингийн асуудал хариуцсан захирал Б.Тэнүүн, хэлтсийн дарга Д.Дэрин нарыг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргадаг боловч нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, МТ Петролиум ХХК нь тэдгээрт компанийг төлөөлж гэрээ байгуулах, гарын үсэг эрхийг олгосон гэж үзнэ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Монроуд” ХХК-иас 1 611 477 960 /нэг тэрбум зургаан зуун арван нэгэн сая дөрвөн зуун далан долоон мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулж “МТ Петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 338 410 371 /гурван зуун гучин найман сая дөрвөн зуун арван мянга гурван зуун далан нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 223 293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монроуд ХХК-иас 8 215 339 /найман сая хоёр зуун арван таван мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА