Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01139

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01139

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол К106-р байр 25 тоотод оршин суух, регистр ЙЮ81112913, Лундаа овогт Лүндээжанцангийн Баттулгат холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 2 319 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, хариуцагч Л.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Д.Намсрайжав /үнэмлэх 2134/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Скайтел ХХК нь 2014 оны 10-р сарын 24-ний өдөр Л.Баттулгатай “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ” байгуулж 1 жилийн хугацаатай, сарын 410 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Эдийн засгийн хүнд хэцүү үед түрээслэгч нарт олон удаа хөнгөлөлт үзүүлсэн. Гэтэл Л.Баттулга гэрээний 6.4.4-г зөрчиж 2015 оны 7-12  дугаар сар, 2016 оны 1-4 дүгээр сарын түрээсийн төлбөр 2 934 000 төгрөгийн түрээсийг төлөөгүй. 2016 оны 02-р сард захирлын тушаалаар 615 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж хассан. Л.Баттулга нь түрээсийн лангууг ашиглаагүй гэдэг боловч Иргэний хуулийн 318.5 292.4 дэх хэсэгт зааснаар түрээлэгч хөлс төлөгдөхөөс чөлөөлөгдөхгүй. Иймд Л.Баттулгаас 2 319 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч Л.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 10 дугаар сард Скайтел компанитай түрээсийн гэрээ байгуулсан. Тэди төвийн залгаа 2 давхар “Г” хэлбэртэй байшинд лангуу түрээслэхээр тохирч хүзүүвчний тэнд 12 лангуу байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 28-нд нээлтээ хийгээд 12 дугаар сарын 01-нээс онгойсон. Гэтэл Тэди төв нэвт орж гардаг хоолойг хаасан. Би түрээслэгч нарыг төлөөлж удирдлагуудтай зохион байгуулагч Отгонсүрэн, захирал Болор нартай удаа дараа уулзсан. Бид нар түрээслэхээ болъё гэсэн чинь түрээсийн төлбөрийг 205,000 төгрөг болгож багасгасан. Хүзүүвч орц гарц онгойхгүй бол ашиг олох ямарч боломжгүй. Би 2015 оны 07 дугаар сар хүртэл түрээсээ өгсөн. Авсан бараа маань зарагдахгүй, хүн орж гарахгүй байсан болохоор би лангуугаа ажиллуулахаа больсон. Скайтел компаниас хаалга нээтэл түрээс авахгүй гэж хэлээд та нар байж бай гээд  гуйдаг байсан. Одоо түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Л.Баттулгат холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 2 319 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

“Скайтел” ХХК нь 2014 оны 10-р сарын 24-ний өдөр Л.Баттулгатай 015 тоот “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээс”-ийн гэрээ байгуулж, лангууг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сарын 410 000  төгрөг төлөхөөр тохирсон /хх7-10/ байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагджээ. 

 

Талуудын хооронд түрээслэгч түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс маргаан гарч, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 2 319 000 төгрөг шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “Скайтел-Теди үйлчилгээний төвийн 2-р давхараас Мобиком-Теди үйлчилгээний төвийн 2-р давхар луу ордог хаалгыг хааснаас орлого хаагдсан, лангууг ашиглаагүй” гэж тайлбарлажээ.

 

Гэрээний 1.5-д зааснаар лангууг гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэх зориулалтаар түрээсэлсэн байх ба талуудын тайлбараар түрээслэгч нь зориулалтын дагуу лангуу ашигласан байна.  Харин “Скайтел-Теди төвөөс Мобиком-Теди төв рүү ордог хаалга нь түрээсийн гэрээ байгуулах гол зорилго биш бөгөөд хаалгыг хаасан нь түрээслэгч төлбөрөө төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

Түрээслэгч 2015 оны 7-12  дугаар сар, 2016 оны 1-4 дүгээр сарын түрээсийн төлбөр 2 934 000 төгрөгийг төлөөгүй, үүнээс 615 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж хасч тооцсон боловч 2 319 000 төгрөгийг түрээслэгч төлөөгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар бүртгүүлээгүй тул энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлах боловч “лангуу” нь өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй, хуульд зааснаар эрх бүхий байгууллагат бүртгүүлэх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т “түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” бөгөөд хариуцагч гэрээний хугацаа дуусахад 2016 оны 4-р сард лангууг хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” байх тул хариуцагч 2 319 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лүндээжанцангийн Баттулгаас 2 319 0000 /хоёр сая гурван зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулж “Скайтел” ХХК-д олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52 054 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Баттулгаас 52 054 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                    

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА