Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

орчуулагч, хэлмэрч А.А,

улсын яллагч А.Д ,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н ,

шүүгдэгч С.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д д холбогдох эрүүгийн 2113001220132 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.Д , регистрийн дугаар БК90******.

Шүүгдэгч С.Д  нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.А ийг бэлчээрийн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С.Д  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001220132 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн С.А ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

2. Хохирогч С.А ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-56 дугаар хуудас/,

3. Гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

4. Гэрч Ж.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

5. Гэрч С.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дугаар хуудас/,

6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаартай иргэн С.А ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

5. Яллагдагч С.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Д ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.Д  нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.А ийг бэлчээрийн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: - Иргэн С.А ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

- Хохирогч С.А ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай хашаанд үхэр сүрэг дахин орж ирэхээр нь би үдийн 15 цагийн үед К.С ийн гэрт очиж уулзаж, хэлж ойлгуулах гээд эхнэр Ө.У , охин А.А  нарыг дагуулаад өөрийн УАЗ-469 маркийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очсон юм. Биднийг очиход К.С , түүний хүү С.Е  нар гэрийн гадаа байж байсан ба хүү С.Д  нь машин янзлаад зогсож байсан. Тэгээд би К.С тэй мэндлээд танд хэлэх зүйлтэй ирлээ. Танай 50-60 тооны үхэр сүрэг манай хашаанд орж ирээд байна. Тэр үхэр сүргээ туугаад гаргахгүй юм уу, би бараг намар өвс авч чадахгүй юм шиг байна. Эхний удаа биш хэд хэдэн удаа болсон шүү дээ гэхэд К.С  за тэгвэл би өөрийн машинаараа очоод харья гэж хэлээд бид хоёр очиж харахаар болж К.С ийн машин руу явж байхад хүү С.Е  манай үхэр сүрэг танай хашаан дотор байхгүй, хаалганы наана байгаа, танай хашаа руу явуулахад яадаг юм гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд С.Е  намайг заамдаад авахад би ч гэсэн харилцан заамдаж аваад бид хоёр нэг нэгнийгээ түлхэлцэж байхад би газарт унасан юм. Тэгээд би С.Е ийг цамцнаас нь тавиагүй байж байтал түүний ах С.Д  бидний хажууд ирж миний нүд, дух хэсэгт гараараа 2 удаа цохиж, хөлөөрөө миний хөл рүү 2 удаа өшиглөсөн.

...Одоо би С.Д д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-56 дугаар хуудас/,

- Гэрч С.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөрш болох С.А  нь эхнэр Ө.У  болон охины хамт УАЗ-469 маркийн 00-00 БӨА улсын дугаартай машинаар манайд ирсэн, тэгээд би аавын хамт гэрийн хажууд зогсож байтал С.А  эхнэртэйгээ машинаас бууж ирээд аав руу манай хадлангийн газар луу танай 60 тооны үхэр ирээд байна. Та нар үхэр сүргээ явууллаа гээд хэл амаар доромжлоод байхаар нь би С.А д хандаж хөлтэй мал явчихсан байна. Түүнээс биш бид албаар явуулсан юм уу гээд би С.А ийг заамдаад авсан. Тэгэхэд С.А  бас намайг заамдаж аваад бид хоёр нэг нэгнийгээ түлхэлцэж байхад С.А  газарт унасан юм. Тэгээд миний цамцнаас тавиагүй байж байтал миний ах болох С.Д  ирээд С.А ий нүүр тус газар 2 удаа гараараа цохиж, хөлөөрөө хөл рүү нь хэд хэд өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаартай “1. Иргэн С.А ий биед тархины битүү гэмтэл, тархины доргилттой, духны зүүн хэсэгт хавдартай, зулайнд зүүн урд хэсэгт хавдартай, зүүн хөмсөгний дээд талд шархтай, зүүн дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шанаанд хавдартай, зүүн өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, ар нуруунд дунд хэсэгт хөх ягаан цус хуралттай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Иргэн С.А ий биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн С.А ий дээрх гэмтлүүд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно.

3. Иргэн С.А ий дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Яллагдагч С.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү С.Е  С.А  хоёр маргалдаад заамдалцаж нэг нэгнийгээ түлхэлцээд зогсож байсан. Тэгтэл С.А  газарт унаад С.Е ийн захаас нь бариад тавихгүй байхаар нь би уурлаад С.А ий нүүр тус газар гараараа 2 удаа цохиж, хөл рүү нь 1-2 удаа өшиглөсөн.

...Би С.А ээс уучлал гуйж, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тэр намайг уучилсан ба бид хоёр хоорондоо тохиролцсон. Миний бие урд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Д ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Д аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С.Д ы гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргасан болно.

Шүүгдэгч С.Д ы хохирогч С.А ий эрүүл мэндэд “биед тархины битүү гэмтэл, тархины доргилттой, духны зүүн хэсэгт хавдартай, зулайнд зүүн урд хэсэгт хавдартай, зүүн хөмсөгний дээд талд шархтай, зүүн дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шанаанд хавдартай, зүүн өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, ар нуруунд дунд хэсэгт хөх ягаан цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч С.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Д ы зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Д ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.А ий эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.А ий зүгээс “мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хохирол, төлбөрийг шүүгдэгч С.Д аар төлүүлж авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Д ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч С.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Д д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С.Д  нь хохирогч С.А тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар хоорондоо тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн саналд яллагдагч С.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.Д  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С.Д д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, учруулсан хохирлыг төлснийг мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Д  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Д д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д ыг 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ