| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0110/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/111 |
| Огноо | 2021-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/111
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч А.А,
улсын яллагч А.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,
шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Е д холбогдох эрүүгийн 2113000000129 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 05 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Х. Е , регистрийн дугаар Б389******,
Шүүгдэгч Х.Е нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт “Од” нэртэй хүнсний дэлгүүрийн дэргэд иргэн П.Ж ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000129 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн П.Ж ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
2. Хохирогч П.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-31 дугаар хуудас/,
3. Гэрч М.К ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
4. Гэрч Е.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
5. Гэрч Х.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаартай иргэн П.Ж ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,
6. Иргэн П.Ж ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас/,
7. Яллагдагч Х.Е н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Е н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.Е нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт “Од” нэртэй хүнсний дэлгүүрийн дэргэд иргэн П.Ж ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Иргэн П.Ж ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- Хохирогч П.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед ажлаас буугаад Е.Е ын хамт нэг айлаас хоол идэхээр явж байгаад Ногооннуур сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй хүнсний дэлгүүрээс тамхи авахаар дэлгүүрийн урд талд зогсоход иргэн Х.Е , М.К нар тааралдсан. Тэр үед Е.Е нь Х.Е д хандаж “төмсөг минь зайлаарай” гэж хэлэхэд Е.Е , Х.Е нар нэг нэгийгээ заамдан авч ноцолдож эхэлсэн, тухайн үед би Е.Е , Х.Е хоёрыг салгаж байхад Х.Е миний нүүр болон нүдэн тус газар баруун гараараа 3 удаа цохиход би газарт унасан.
...Х.Е нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас сайн дураараа уучлалт гуйж, хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/,
- Гэрч М.К ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Ж нь Х.Е д хандаж “чи пизда минь тэгж томрох болоогүй, чамайг ална шүү” гэж хэлээд Х.Е гийн гадна талын куртикнаас барьж заамдаж авсан. Тухайн үед Х.Е хойшоо ухарч явж байгаад П.Ж т хандаж “та зүгээр байгаарай, намайг тавь” гэхэд П.Ж нь Х.Е г тавихгүй заамдсан чигээр дайрч байхад Х.Е гийн өмсөж байсан гадна талын куртик урагдсан. Тэр үед Х.Е нь П.Ж ийн нүүрэн тус газар гараар 2-3 удаа цохисон. Тухайн үед П.Ж газарт унасан.
...газраас босоход хамар болон баруун талын нүүрний хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
- Гэрч Е.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тоглоод Х.Е д хандаж “төмсөг минь” гэхэд Х.Е нь уурлаж миний нүүрэн тус газар баруун гараар 1 удаа алгадахад П.Ж салгаж авсан. Тэгээд би дэлгүүрт ороод 1 шил архи аваад гарч ирээд Х.Е гаас уучлалт гуйгаад явах гэж байхад П.Ж нь Х.Е д хандаж “чи бид нарт ингэж томрох болоогүй” гэж хэлээд Х.Е гийн гадна талын куртикнээс гараар бариад заамдаж авахад Х.Е н куртик урагдсан. Тэр үед Х.Е уурлаад П.Ж ийн нүүрэн тус газар гараар 3 удаа цохисон. Тухайн үед П.Ж нь газарт унасан ба би босгоход хамар болон баруун талын нүүрний хэсгээс цус гарч, хоёр талын нүдний тус газар хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаартай “1.Иргэн П.Ж ийн баруун талын нүдний дотор хана хугаралттай, баруун гайморын хөндийн хугаралттай, баруун талын ухархайн доод хана дотогшоо цөмөрсөн хугаралттай, хамрын таславч мурийсан, хамрын ясны баруун хажуу ханын хугаралттай, баруун ба зүүн талын дээд доод зовхи, хамрын хянга, хацар завьж хүзүү хүртэл зөөлөн эдэд тархмал эмфиземтэй хавантай гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн болно.
3.Иргэн П.Ж ийн биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрлөхөд чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.
4. Иргэн П.Ж ийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,
- Иргэн П.Ж ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас/,
- Яллагдагч Х.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..П.Ж надад хандаж “чи ингэж томрох болоогүй, яах гээд байгаа юм” гэж хэлээд миний гадна талын куртикнээс барьж, заамдаж авч над руу дайрсан юм. Тэр үед би хойшоо ухарч явж байгаад П.Ж т хандаж “та боль, намайг тавь” гэхэд П.Ж нь заамдсан чигээрээ дайрч байхад миний өмсөж явж байсан гадна куртик урагдсан. Тэр үед би уурандаа П.Ж ийн нүүрэн тус газар баруун гараараа 2 удаа цохиход П.Ж газарт унасан юм. Тэгээд П.Ж газраас босоход хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Е гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Е гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.Е гийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгч Х.Е ы хохирогч П.Ж ийн эрүүл мэндэд “Баруун талын нүдний дотор хана хугаралттай, баруун гайморын хөндийн хугаралттай, баруун талын ухархайн доод хана дотогшоо цөмөрсөн хугаралттай, хамрын таславч мурийсан, хамрын ясны баруун хажуу ханын хугаралттай, баруун ба зүүн талын дээд доод зовхи, хамрын хянга, хацар завьж хүзүү хүртэл зөөлөн эдэд тархмал эмфиземтэй хаван” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Х.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.Е н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ж ий эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч П.Ж ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “гэмт хэргийн хор уршигт хохирлыг төлүүлж авсан ба одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Е г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч Х.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Е д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х.Е нь хохирогч П.Ж тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар хоорондоо тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн саналд яллагдагч Х.Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х.Е хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Х.Е д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Е нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, учруулсан хохирлыг төлснийг мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х.Е урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е н өмчлөлийн 2 настай, зөв талын гуя дээрээ ташуур тамгатай, хээр зүсмийн даага, 3 настай, зөв талын гуя дээрээ ташуур тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн, 4 настай, зөв талын гуя дээрээ ташуур тамгатай хар хээр зүсмийн хязаалан, 8 настай, зөв талын гуя дээрээ ташуур тамгатай морийг битүүмжилсэн Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Е д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Е г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е г 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Е цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е гийн өмчлөлийн 2 настай, зөв талын гуя дээрээ ташуур тамгатай, хээр зүсмийн даага, 3 настай, зөв талын гуя дээрээ ташуур тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн, 4 настай, зөв талын гуя дээрээ ташуур тамгатай хар хээр зүсмийн хязаалан, 8 настай, зөв талын гуя дээрээ ташуур тамгатай морийг битүүмжилсэн Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ