| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-09-20 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч А.Д,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н д холбогдох эрүүгийн 2113000000130 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг эх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 11.712.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, С.Н , регистрийн дугаар БВ94******,
Шүүгдэгч С.Н нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д гэх хүний дэлгүүрийн гаднаас иргэн Б.А ийн унаж явсан /иргэн С.Е ийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй/ 00-00 БӨА улсын дугаартай приус-30 тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талд үлдсэн 7.000.000 төгрөгийг нь төлж гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000130 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн К.Б аас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/,
2. 00-00 БӨА улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-10 дугаар хуудас/,
3. Хохирогч С.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
4. Насанд хүрээгүй гэрч А.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
5. Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
6. Гэрч Р.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
7. Гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
Яллагдагч С.Н ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Н ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.Н ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Н нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д гэх хүний дэлгүүрийн гаднаас иргэн Б.А ийн унаж явсан /иргэн С.Е ийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй/ 00-00 БӨА улсын дугаартай приус-30 тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Иргэн К.Б аас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- 00-00 БӨА улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-10 дугаар хуудас/,
- Хохирогч С.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хүү болох Б.А нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны орой манай 00-00 БӨА улсын дугаартай приус-30 загварын машинтай явж байхад С.Н ах зөвшөөрөлгүй унаад явчихсан гэж хэлсэн.
...С.Н болон ар гэрийн хүмүүстэй нь тохиролцож 17.000.000 төгрөгөөр уг машиныг С.Н худалдаж авсан. Уг мөнгөний 10.000.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдсэн 7.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болж тохиролцсон. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч А.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн найз болох Б.А ийн гэрт хамт байсан юм. Бид хоёр тэрний гэрээс орой 23 цагийн үед Б.А ийн ээжийн машин болох тоёота приус-30 загварын хар өнгийн машинтай гарч дэлгүүрээс юм авах гээд явж байтал С.Н болон хажууд нь 2 залуу байсан. Бид хоёр очиход уг хоёр залуу яваад өгсөн ба С.Н нь биднийг очиход архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн согтуу байсан юм. С.Н нь бид хоёрт хандаж миний мотоцикл Д гэх хүний дэлгүүрийн урд байгаа намайг тийш нь хүргээд өгөөч гэсэн юм. Бид хоёр С.Н ыг машины ард талд суулган авч Д н дэлгүүрийн урд очсон. С.Н нь бид хоёрт би мотоциклоо асааж чадахгүй байна. Та хоёр миний мотоциклийг асаагаад өгөөч гэсэн бөгөөд Б.А бид хоёр уг мотоциклийг асаах гэж түрж байхад С.Н нь уг машиныг унаад яваад өгсөн. Бид хоёр араас нь хөөсөн боловч гүйцээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
- Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Н нь мотоциклоо асааж чадахгүй байсан ба бид хоёрт миний мотоциклийг асаагаад өгөөч гэсэн юм. Манай найз болох А.Е бид хоёр уг мотоциклийг асаах гэж оролдож байх үед С.Н нь миний машиныг шууд унаад яваад өгсөн. Бид хоёр араас нь мотоциклоор хөөсөн боловч гүйцээгүй. А.Е бид хоёр машиныг хайсан боловч олоогүй юм. ...Н ах машиныг унаж явахдаа надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
- Шүүгдэгч С.Н ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “...тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир би уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаж явсан байна. Надад уг тээврийн хэрэгслийг хулгайлах, завших ямар нэгэн санаа зорилго байгаагүй.
...уг тээврийн хэрэгслийг 17.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод уг мөнгөний 10.000.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын сүүлээр өгсөн. Үлдсэн мөнгө буюу 7.000.000 төгрөгийг сарын дотор олж өгөхөөр болж тохиролцсон. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч С.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгч С.Н хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч С.Н ын холбогдсон гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Хохирогч С.Е ийн өмчлөлийн 00-00 БӨА улсын дугаартай приус-30 маркийн машин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох автотээврийн хэрэгсэл гэх ойлголтод хамаарч байна.
Энэ гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч С.Н нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж, идэвхтэй үйлдлээр хохирогчийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд С.Н ын дээрх үйлдэлд хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгч С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Е ээс дээрх 00-00 БӨА улсын дугаартай приус-30 тээврийн хэрэгслийг сайн дурын үндсэн дээр 17.000.000 төгрөгөөр худалдаж авч, 10.000.000 төгрөгийг өгсөн, үлдсэн 7.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж өгөхөөр харилцан тохиролцсон байна. Шүүгдэгч С.Н нь 7.000.000 төгрөгийг хохирогч С.Е д төлж өгөхөө илэрхийлсэн учир шүүгдэгч С Н аас 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Е д олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д ”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч С.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Н ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч С.Н ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С.Н нь хохирогч С.Е тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар хоорондоо тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн саналд яллагдагч С.Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.Н хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С.Н ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч С.Н нь ял шийтгүүлж байсан болох нь хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийн 96-101 дугаар хуудсанд авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, шүүгдэгч С.Н ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгж буюу 15000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудлаар:
Шүүгдэгч С.Н аас энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Н аас 7.000.000 (долоон сая) төгрөг гаргуулан хохирогч С.Е д олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ