Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 2113000000121 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс тува, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Б , регистрийн дугаар БЛ82******.

Шүүгдэгчийн холбогдон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 07 сарын 21-ний өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө байшингийн хашааны дэргэд иргэн С.С тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь /дух хэсэгт/ чулуугаар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Д.Б гээс мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлтийг хүсч байна”  гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000121 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

2. Хохирогч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,

3. Гэрч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2021 оны 07 сарын 28-ны өдрийн 336 дугаартай иргэн С.С гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

5. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

6. Яллагдагч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Б гийн гэм буруу эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б гээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх тайлбар дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 07 сарын 21-ний өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө байшингийн  хашааны дэргэд иргэн С.С тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь /дух хэсэгт/ чулуугаар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

- Хохирогч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 07 сарын 21-ний өдөр Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт найз Д.Б гийн хашаанд түүнтэй үл ойлголцох асуудлын улмаас маргалдсан. Тухайн үед Д.Б  миний толгой хэсэг рүү чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд минь хохирол учруулсан. Д.Б  хашаа дотроо надтай хэрүүл маргаан хийж дайрч давшилж байгаад гартаа чулуу атгаад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд би доош суухад миний толгойноос цус гарсан.

Тэр үед Д.Б  архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба өөрийн нөхөр болох Т.Т ыг тэдний гэрээс авч явахаар гэртээ явъя гэж хэлснийг Д.Б  “чиний нөхрийн ам руу би ямар архи цутгаж хийгээд байна уу, чи манайхаас зайл” гээд өөрөө эхэлж хэрүүл маргаан хийсэн.

...Д.Б  намайг аймагт хэвтэн эмчлүүлж байхад 180.000 төгрөгийг бэлнээр, тэгээд өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аймаг руу явахаас өмнө 500.000 төгрөг, нийт 680.000 төгрөгийг хохирол төлөлтөнд өгсөн учраас түүнээс нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,

- Гэрч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 07 сарын 21-ны өдөр манайх 1 тооны бяруу хөнгөлөх ажилтай байсан ба хөрш болох С.Д аар засуулж Д.Б  бид хоёр тусалсан юм. Уг ажлыг дууссаны дараагаар хүмүүст баярлалаа гээд 1 шил архи задалж уг архийг С.Д , Д.Б , эхнэр бид 5 хувааж ууж дуусгаад манайхаас гарсан. Д.Б  гэртээ очоод бас архи аваад намайг утсаар дуудахаар нь эхнэр С.С гийн хамтаар тэднийд очиж 2 шил архи уугаад манай эхнэр намайг явъя гэхэд Д.Б  манай эхнэртэй хэрүүл хийж улмаар гадна гарч хашаа дотор хэрэлдээд эхнэрийн толгой руу чулуугаар нэг удаа цохиж толгойг нь хагалсан. Тэгээд энэ явдлыг хуулийн дагуу шалгуулж, шийдүүлэхээр хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан юм.

Тухайн асуудлыг надаас өөр хүн хараагүй. Д.Б  манай эхнэр хоёр 10 жилийн нэг ангийнхан ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 336 дугаартай “1.Иргэн С.С гийн биед тархины доргилт, дух ясны хөндийн өмнөд хана нүдний ухархайн доод ирмэгийг дайрч хугарсан, хамрын таславч мурийсан, духны зүүн талд, зүүн нүд, хамрын зүүн хэсгээр зөөлөн эд хавагнаж хавдсан, толгойн духны зүүн тал, зүүн хөмсөгний баруун ирмэг, хамрын зүүн талыг хамаарсан босоо байрлалтай зүсэгдсэн ил шархтай, баруун толгойн дотор талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэний зүүн хажуу талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Иргэн С.С гийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Иргэн С.С гийн дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.1, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

- Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...тус аймгийн Цэнгэл сумын иргэн С.С гийн биед учирсан хохирлыг тогтоохоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт үзлэг хийж дүгнэлт гаргасан. Хохирогчид дух ясны хөндийд өмнөд хана нүдний ухархайн доод ирмэгийг дайрч хугарсан, зүүн нүдний ухархайн медиал хана хугарсан, хамар ясны зүүн хажуу хана хугарсан, толгойн духны зүүн тал, зүүн хөмсөгний баруун ирмэг, хамрын зүүн талыг хамарсан босоо байрлалтай зүсэгдсэн ил шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар/,

- Яллагдагч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд Т ын эхнэр С  нөхрийгөө аваад явъя гэж хэлэхэд Т  манай гэрээс гарах дургүй байсан, тэгээд Т  С  хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би С тай энэ гэрт хэрүүл хийхгүй шүү эхлээд та гар, ер нь бүгд гарцгаа гэж хэлээд С г гэрээс гарахад үүдний довжоо хэсэгт унах шиг болоход араас нь Т  гарч ирсэн тэгэхээр би Т ыг энэ авгайгаа аваад манай гэрээс зайл гэж хэлээд мөн адил түлхсэн тэр үед С  согтуу байсан болохоор бас унаад боссон ба Т  унаагүй эхнэрээ аваад хашаанаас гарсан. Түүнээс өмнө Д эхнэрээ дагуулаад гэрээс гараад явсан байсан. Тэгээд хашаанаас гарахдаа танайхаас өөр айл байхгүй гэж бодоо юу гэж уурлаад манай гэр лүү нэг чулуу аваад шидэхээр нь би уг чулууг аваад ойртож очоод С  руу уг чулууг шидэхэд дух хэсэгт нь онож цус гараад доош тонгойгоод суугаад үлдсэн. Чи миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

Хохирогч С.С гийн эрүүл мэндэд учирсан “тархины доргилт, дух ясны хөндийн өмнөд хана нүдний ухархайн доод ирмэгийг дайрч хугарсан, хамрын таславч мурийсан, духны зүүн талд, зүүн нүд, хамрын зүүн хэсгээр зөөлөн эд хавагнаж хавдсан, толгойн духны зүүн тал, зүүн хөмсөгний баруун ирмэг, хамрын зүүн талыг хамаарсан босоо байрлалтай зүсэгдсэн ил шархтай, баруун толгойн дотор талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэний зүүн хажуу талд хөх ягаан туяатай цус хуралт” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Д.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн, шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч Д.Б гийн энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Б гийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1, 3.1.1, 3.1.2-д заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 336 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Б  нь хохирогч С.С д гэмт хэргийн хор уршигт 680.000 төгрөг төлж өгсөн /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/ ба хохирогч С.С  нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д 10.500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчтай санал нэг байна хэмээн дүгнэлтээ гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй.

Шүүх шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Б  нь ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”; 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Б  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс шүүгдэгч Д.Б д 10500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Д.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх зүйтэй нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б г 10.500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.С  нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч Д.Б гээс нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ