Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00441

 

Н.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2018/00481 дүгээр шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 226/МА2018/00018 дугаар магадлалтай,

Н.С-ын нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд 34.903.000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чимгээгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чимгээ, прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын төвд Н.Эрдэнэбатын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдон 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон юм. 2010 оны 07 дугаар сарын 23-нд 5/111 тоот прокурорын тогтоолоор Н.Эрдэнэбат осгож нас барсан нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хууль бусаар цагдан хоригдсон 295 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108.000 төгрөгөөр тооцож 31.860.000 төгрөг, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, архивын лавлагааны хуулбар 18.000 төгрөг, замын зардал 25.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Цэен-Ойдов шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Сүхбаатар нь онц хүнд гэмт хэрэгт цагдан хоригдож байсан. Түүнд холбогдох хэргийг 2010 онд Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон нь нотлогдож байх тул гэм хорын хохирлыг төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2018/00481 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 4.444.605 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.433.395 /гучин сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун ерэн тав/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар иргэн Н.С-ын нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 226/МА2018/00018 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 481 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “4.444.605 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун таван төгрөг/ гэснийг “4.524.785 /дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга долоон зуун наян таван төгрөг/” 30.433.395 /гучин сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун ерөн тав төгрөг/" гэснийг “30.378.215 /гучин сая гурван зуун далан найман мянга хоёр зуун арван таван төгрөг/” гэж, 2 дэх заалтад “41 дүгээр зүйлийн 47.1.7-д” гэснийг “41 дүгээр зүйлийн 47.1.9-д” гэж тус тус өөрчлөлт оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чимгээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний 226 /МА2018/00018 тоот Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хохирлыг тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасан хохирол шаардах эрхтэй гэж дүгнэсэн ч хохирлын хэмжээг тооцохдоо тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажлын хоногт хуваан тооцож, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 59.3 т “Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэсэн. Тэгвэл хохирол гаргуулахдаа ч мөн адил /цагдан хоригдсон хоног/ 295 х108000/ХХДХ/=31.860.000 төгрөг гэж тооцох учиртай. Үүн дээр өмгөөллийн хөлс 3.000.000, архивын лавлагааны зардал 18000, замын зардал 25000, нийт 34.903.000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан ...хүний аваагүй цалин хөлс... гэдгийг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хэрэглэгддэг “дундаж цалин хөлс тодорхойлох журам” - аар тооцож, дээрх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй нь буруу. Эрх чөлөөгөө хязгаарлуулж, дэглэм бүхий байранд өдөр шөнөгүй, тасралтгүй цагдан хоригдсон хоногийг Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг жирийн ажилтны авах 1 өдрийн цалин хөлсөөр тооцох нь иргэн хүнийг хохироож байна. Энэ хэрэгт холбогдсон бусад хүмүүсийн гэм хорын хохирлыг энэ жишгээр тооцсон атлаа Н.С-ын нэхэмжлэлийг ийнхүү буруу тооцон шийдвэрлэж байгаа нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж байгаа тул Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.05 ны 481 дугаар Шийдвэр, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний 18 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Н.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...хууль бусаар цагдан хоригдсон 295 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108.000 төгрөгөөр тооцож 31.860.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, лавлагааны хуулбар авахад төлсөн 18.000 төгрөг, замын зардал 25.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.С- нь бусдыг санаатай алсан гэмт хэрэгт сэжиглэгдэн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүртэл 295 хоног цагдан хоригдсон байх ба Хэнтий аймгийн прокурорын 2010 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 5/111 дүгээр тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогджээ /хэргийн 49-50 дүгээр тал/.

Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан ба  эрх бүхий байгууллага эрүүгийн гэмт хэргийг  шалгаж, тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй  байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд энэхүү гэм хорыг хүсэлтээр буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг ба хүсэлт гаргагч өөрт учирсан гэм хорыг нотлох үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болох ба прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцохоор хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д заасан, энэхүү хэрэгт прокурор оролцсон нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134, 135 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг удирдлага болгоогүй, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс гадна цагдан хоригдсон хоногийг ажлын өдрөөр тооцсон нь буруу. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 4.524.785 төгрөгийн шаардлагыг хангахдаа цагдан хоригдсон хоногийг зөв тооцсон боловч анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцээгүй байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бол хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т заасан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй үйл баримт тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх зохицуулалт тухайн маргаанд хамааралгүй болохыг шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч цагдан хоригдсон хоногийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, өөрт учирсан гэм хорыг тодорхойлохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дах зохицуулалтыг үндэслэл болгосон талаар хяналтын гомдолд  дурджээ.

Хуулийн уг заалтаас үзвэл, цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэжээ.

Торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн төлбөл зохих төлбөрөөс цагдан хоригдсон хоногийг хасахын тулд хэрэглэдэг дээрх зохицуулалтыг цагдан хоригдсон хугацаанд цалин хөлс аваагүй хохирлын хэмжээг тодорхойлоход баримтлах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 226/МА2018/00018 дугаар магадлалын 1, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2018/00481 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...497 дугаар зүйлийн 497.1...” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ