Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 741

 

 

 

 

 

 

 

 

 

       А.Г, Т.Г, Д.Ж,

     Б.М, Д.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Д.Ширэндэв,

            шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч П.Баасанжав,

            шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Ж.Болдбаатар,

            шүүгдэгч Д.Жы өмгөөлөгч А.Ариунаа,

            шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Д.Нямдорж,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.Г, Т.Г, Д.Ж, Б.М, Д.О нарт холбогдох 1702000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Дамаа овгийн Аюушийн А.Г, Төв аймгийн Зуунмод суманд 1968 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хуучнаар “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК, одоогийн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж 8-30 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ШЕ68100474/;

2. Элдэн овгийн Дашзэвэгийн Д.О, Улаанбаатар хотод 1967 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан, ам бүл 2; нөхрийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалант хотхоны 1-14 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧК67072660/;

 

3. Эзэн овгийн Тогтохын Т.Г, Төв аймгийн Баянчандмань суманд 1972 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 34-8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХЙ72110712/;

 

4. Бэрэн овгийн Бэрэнбаралын Б.М, Архангай аймагт 1966 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 3-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХЕ66021377/;

 

5. Чонос овгийн Дэмбэрэлийн Д.Ж, Улаанбаатар хотод 1963 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онгоцны хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 45-40 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УШ63113014/;

 

А.Г нь “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор “ОССК” ХХК-ийн дүрэмд заасан компаний үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй буюу “ОССК” ХХК-ийн дүрмийн 2.1-д “компаний үндсэн зорилго нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэхэд оршино”, 6.2-т “компаний гүйцэтгэх захирал нь компаний дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 6.4-д “гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчиж, ТУЗ-өөс гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах” гэрээ байгуулж, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулах орон сууцны барилга угсралтын ажлын 50-иас багагүй хувьд “Бэрэн групп” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцсон,

2015 оны 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мтэй “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч, үнийг үл маргах журмаар төлөхөөр тохирч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Номингийн Худалдаа хөгжлийн банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12.360 ам.доллар буюу 21.070.092 төгрөгийг хээл хахуульд авсан,

 Мөн “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор “ОССК”-ийн дүрмээр олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу “ОССК” ХХК-ийн дүрмийн 2.1-д “компанийн үндсэн зорилго нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэхэд оршино”, 6.2-т “компанийн гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 6.4-д “гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчиж, ТУЗ-өөс гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Могул скай” ХХК-д илт давуу байдал олгон тус компаний захирал Д.Жы ашиг сонирхлын үүднээс “Могул скай” ХХК-д 3,000,000,000 төгрөгийн зээлийг нэг жилийн 7 хувийн хүүтэй өгөхөөр тохиролцон 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “ОССК”, Сангийн яамтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 3.1-д “Зээлдэгч нь ашигласан зээлийн өрийн үлдэгдэлд жилийн 7,8 хувьтай тэнцэх хүүг төгрөгөөр тухай бүр Сангийн яаманд төлнө”, 5.1-д “Зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг зөвлөх Засгийн газрын 2009 оны Журам батлах тухай 368 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журамд заасан зориулалтаар ашиглана” гэж заасныг тус тус зөрчиж 4000 айлын орон сууц төслийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500,000,000 төгрөгийг “Могул скай” ХХК-д дээрх зээлийн гэрээний урьдчилгаа хэлбэрээр өгч, улмаар гэрээний үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг олгох хахууль өгөхийг тулган шаардаж хясан боогдуулах замаар тус компанийн барьж гүйцэтгэсэн “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот, 66.6 м.кв талбайтай, 166.856.900 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өөрийн найз С.Одонтуяагаар дамжуулан хахуульд авч, улмаар гэрээний үлдэгдэл мөнгө болох 1,000,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 500,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус олгосон;

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор Д.Оын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Д.Оаас 650,000 төгрөгийн үнэ бүхий “MONT BLANC” брэндийн бүс 1 ширхэг, 157.500 төгрөгийн үнэ бүхий Hennesy V.S.O.P” брэндийн конъяк 1 ширхэг буюу нийт 807.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хахуульд авсан;

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах”; “ТОСК” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар бүлгийн 6.8.9-д “Ажиллагсдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, тогтвортой бүтээлч хамт олныг бүрдүүлэх” гэснийг зөрчиж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолоор баталсан “ТОСК” ТӨҮГ-ын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн үзүүлэлтэд батлагдаагүй 65.000.000 төгрөгийг тус газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оын хүүхэд Г.Түвшинбилэгтийн сургалтын төлбөрт олгох тухай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаартай тушаалыг хууль бусаар гаргаж, бусдад давуу байдал бий болгон, уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Д.Оын эзэмшлийн “ХААН” банкны 5043036804 тоот дансанд шилжүүлэн “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан,

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-д “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж, эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлж 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 215/136, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ” гэх гэрээг тус тус байгуулсны дагуу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан тус хорооллын 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68.59 м.кв талбайтай, 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан өөртөө давуу байдал олгон хувьдаа авч, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 92.596.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-д “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж, эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг төлөөлж 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 215/136, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ” гэх гэрээг тус тус байгуулсны дагуу Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар Буянт-Ухаа 2 хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс зээлсэн 30.000.000 төгрөгийг буцаан төлөхийн тулд түүний төрсөн эгч Т.Пүрэвсүрэнгийн нэрийг оруулж, Т.Баттөрөөс нэмж 24,000,000 төгрөгийг 2016 оны 7, 8 дугаар саруудад авч өөртөө болон бусдад давуу байдал олгон тус хорооллын 1016 дугаар байрны 4 тоотод байрлах 39.3 м.кв талбай бүхий 53.055.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг Т.Пүрэвсүрэнд үнэ төлбөргүй олгуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 53.055.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс зээлсэн 30.000.000 төгрөгөө буцаан төлөхийн тулд түүнээс 2016 оны 7, 8 дугаар саруудад “үнэгүй олгогдох байрнаас өгч байгаа” гэж хэлэлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 24,000,000 төгрөгийг шилжүүлэн хуурч мэхлэх аргаар залилан авч, 24.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Д.О нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус газрын захирал А.Гд албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэсний төлөө 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөгийн үнэ бүхий “MONT BLANC” брэндийн бүс 1 ширхэг, 157.500 төгрөгийн үнэ бүхий “Hennesy V.S.O.P” брэндийн конъяк архи 1 ширхэг буюу нийт 807.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хахуульд өгсөн,

 

Т.Г нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-д “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж, эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг төлөөлж 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ” байгуулсны дагуу Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад өөрийн хүргэн дүү Ж.Гантөмөрийн /төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр/ иргэний үнэмлэхийг ашиглаж, түүний нэр дээр тус хорооллын 1006 дугаар байрны 48 тоотод байрлах 68.59 м2 талбайтай 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан өөртөө авч, улмаар иргэн Б.Оюун-Эрдэнэд 92.596.500 төгрөгөөр худалдан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 92.596.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний
өдрийн А/533 дугаартай захирамжаар Буянт-Ухаа 2 хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирал А.Г нь иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан тус хорооллын 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68.59 м2 талбайтай, 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан өөртөө давуу байдал бий болгон авч, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт 92.596.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд Т.Г нь өөрийн хүргэн дүү Ж.Гантөмөрийн төрсөн эх Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг түүнд өгч ашиглуулан А.Гантулгыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

 

Б.М нь “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхээр албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр түүний охин Г.Номингийн Худалдаа хөгжлийн банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан түүнд 12.360 ам.доллар буюу 21.070.092 төгрөгийг хахуульд өгсөн;

 

Д.Ж нь “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэх, албан үүргийнх нь хувьд гүйцэтгэх үүргийг нь хэрэгжүүлэхгүй байлгахаар албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнтэй байгуулсан гэрээний үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг авахын тулд өөрийн компанийн барьж гүйцэтгэсэн “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот 66,6 м.кв талбайтай, 166,856,900 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг А.Гд 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр түүний найз С.Одонтуяагаар дамжуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар,

Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар,

 Т.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.М, Д.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Г, Д.О, Т.Г, Б.М, Д.Ж нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг нотлоогүй. Үүнд:

1. Гэмт хэрэг гарсан байдлын талаар: Шүүгдэгч А.Г нь “Орон сууцны
санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,
ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг
зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үйлдэлд эрүүгийн гэмт хэргийн
шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл “Бэрэн групп” ХХК-тай
байгуулсан гэрээнүүд нь хууль ёсны эсэх, үүнээс үүссэн байж болох үр дагавар
зэргийг зайлшгүй шалгах.

2. Гэмт хэргийг хэн үйлдсэн болох талаар: Улсын яллагчаас шүүхийн
хэлэлцүүлэгт А.Г, Т.Г, Э.Бат-Үүл нарыг яллагдагчаар татах,
эрүүгийн   хэрэг  үүсгэх   санал   гаргаж   ирүүлсэн   хэрэгт   нэмэлт  хэрэг  бүртгэлт явуулахаар буцаах тухай прокурорын 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолыг шинээр гаргаж өгсөн бөгөөд эдгээр хэргийг нэгтгэн шалгах шаардлагатай гэж үзсэн. Учир нь хэрэгт авагдсан баримтаар эдгээр холбогдогч нар нь хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй бөгөөд энэ нь шүүхээр хэлэлцэгдэж буй хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй талаар: Гэмт хэргийн хохирогч хэн болох нь тодорхойгүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Б.Итгэлбатыг тогтоосон боловч аль байгууллагыг төлөөлж байгаа нь тодорхойгүй бөгөөд гэмт хэргийн хохирогч эсхүл иргэний нэхэмжлэгч байгууллагыг зөв тогтоож, түүнийг төлөөлөх төлөөлөгчийг тухайн байгууллагын албан бичгийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй.

4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн хуралдаанаар өмгөөлөгч П.Баасанжав “Шүүгдэгч А.Гантулгыг гэм буруугүйг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, ТОСК-иас холбогдох баримт бичгийг авах хүсэлт гаргахад А.Гтай холбоотой нэг ч баримт гаргах боломжгүй гэсэн тул түүний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. А.Гд ашигтай гэх баримтууд гарч ирэх магадлалтай, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч баримт байгаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн” гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд ТОСК-ийн бичиг хэрэг, архивт үзлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зайлшгүй шаардлагатай.

5. Дээрх ажиллагаатай холбоотойгоор ТОСК-ийн Төлөөлөн удирдах
зөвлөлийн гишүүдийг асууж, хэрэгт ач холбогдолтой байж болох зүйлүүдийг
тодруулах замаар хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй. Түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй орхисон өмгөөлөгч нарын хүсэлтийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээд эдгээр үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаан, шүүгдэгч А.Г, Т.Г, Д.Ж, Б.М, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар яллагдагч нарт холбогдох хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны бүлэгт хамаарч байгаа ба тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед” тус зүйл, хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар заасан байна.

Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг явуулан яллагдагчийг шүүхэд шилжүүлж, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан атлаа хэлэлцэхгүй орхисон өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гэж шүүхийн тогтоолд тусгасан нь үндэслэлгүй буюу 2 өөр дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч А.Г нь “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн дүрмийг зөрчиж ТУЗ-өөс түүнд гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болон 4 дүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ” зэргийг байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Номингийн Худалдаа хөгжлийн банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12.360 ам.доллар буюу 21.070.092 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл “Бэрэн групп” ХХК-тай байгуулсан гэрээнүүд нь хууль ёсны эсэх болон тухайн гэрээнүүдээс үүссэн үр дагавар зэргийг шалгаж тодорхойлсон болно.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар Буянт-Ухаа 2 хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад А.Г, Т.Г нар нь өөрсдийн хамаарал бүхий этгээдийн нэрсийг оруулж, хувьдаа орон сууц авсан гэх хэрэгт Э.Бат-Үүл нь хамтран оролцсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байгаа талаарх баримт болох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан прокурорын тогтоолыг шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос гаргаж өгсөн болно.

Харин Э.Бат-Үүл нь тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаагүй байгаа учраас хэргийг нэгтгэн шалгах боломжгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн яллагдагчийн эсвэл яллагдагчийн хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэхээр заасан байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Шүүгдэгч А.Г, Т.Г нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Буянт-Ухаа 2” хорооллын 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68.59 м2 талбайтай, 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууц, мөн 1016 дугаар байрны 4 тоотод байрлах 39.3 м2 талбай бүхий 53.055.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууц, мөн 1006 дугаар байрны 48 тоотод байрлах 68.59 м2 талбайтай 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууц зэргийг хувьдаа авч завшсан, мөн шүүгдэгч А.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 65.000.000 төгрөгийг тус газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оын хүүхэд Г.Түвшинбилэгтийн сургалтын төлбөрт олгосон зэрэг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж буй “ТОСК” ТӨҮГ-ыг төлөөлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбатыг оролцуулсан.

Гэтэл шүүхийн тогтоолд Б.Итгэлбат нь аль байгууллагыг төлөөлж байгаа нь тодорхойгүй,  хохирогч,  иргэний  нэхэмжлэгч байгууллагыг зөв тогтоож, түүнийг төлөөлөх төлөөлөгчийг тухайн байгууллагын албан бичгийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Итгэлбат нь “ТОСК” ТӨҮГ-ыг төлөөлж тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/627 тоот албан бичгээр хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч П.Баасанжаваас гаргасан “ТОСК”-иас А.Гтай холбоотой нэг ч баримт гаргах боломжгүй гэх асуудлыг хэзээ, хэн, ямар байдлаар илэрхийлсэн талаар ямар нэг баримтгүй, мөн тус газраас А.Гд ашигтай баримтууд гарч ирэх магадлалтай гэх асуудлыг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй байна.

Учир нь “ТОСК” ТӨҮГ-аас А.Г болон түүний өмгөөлөгч П.Баасанжав нар нь чухам ямар баримт гаргуулан авах шаардлагатай болох, мөн тухайн баримт материал нь тус газар байгаа эсэх нь тодорхойгүй зөвхөн ашигтай баримт гарч ирэх магадлалтай гэсэн таамаглалд үндэслэсэн санал, хүсэлтийг хүлээн авч байгаа нь шүүхийн шийдвэр хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

“ТОСК”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг асууж, хэрэгт ач холбогдолтой байж болох зүйлүүдийг тодруулах замаар хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй гэсэн заалт нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл “ТОСК”-ийн ТУЗ-ын гишүүдээс ямар асуудлыг асууж тодруулах шаардлагатай байгаа, ингэснээр ямар нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байгаа талаар шүүхийн тогтоолд тодорхой тусгаагүйгээс үзэхэд энэ заалт үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Гд холбогдох үйлдлийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, нотлох баримтыг хангалттай цуглуулж чадаагүй гэдэг талаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг бүхэлд нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан асуудал дээр өнөөдөр яллаж байгаа үед нь А.Г яг ямар албан тушаал хашиж байсан, ямар байгууллагыг удирдаж байсан юм бэ гэдгийг хольж сольсон. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага нь орон сууц санхүүжилтийн корпораци гэх нэртэй байгууллагдсан. Энэ үед ТУЗ ажиллаж байсан. 2013 оны Засгийн газрын 298 дугаартай тогтоолоор тухайн байгууллага шууд Ерөнхий сайдын харьяанд очоод ТУЗ гэдэг байхгүй болсон. Гэтэл “Бэрэн групп” ХХК-тай байгуулсан гэрээ байгуулсан асуудлыг ТУЗ-ийн шийдвэргүйгээр гэрээг байгуулсан гэж буруутгаж байгаа. Хавтас хэрэгт 2006 оны орон сууцны санхүүжилтийн корпораци гэсэн дүрмийг хавсаргасан. 2015 онд тухайн байгууллага Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбогдуулж Ерөнхий сайдын харьяанаас гарч Сангийн яамны харьяанд очсон. Тэгээд 2014 онд компаний дүрмийг хийсэн. Гэтэл дунд нь байгаа нэг дүрэм байхгүй болчихсон. Харин А.Г дунд нь үлдсэн дүрмээр гэрээ хэлцэл хийсэн. Тухайн дүрмээр А.Гд бүрэн эрх нь олгогдсон. Мөн Итгэлбат гэдэг хүн хэрэгт байцаалт өгөхдөө шүүхийн тогтоолд зааснаар ашигтай материал байж болзошгүй гэдэг асуудал ярьдаг. Итгэлбат гэх хүн мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө, А.Г гэх хүн ерөөсөө контракт гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл контракт гэрээ байгуулж байж тухайн компанийг удирдаж, компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байтал ерөөсөө байгуулаагүй нь тухайн компанийг удирдах эрх зүйн үндэслэл нь байхгүй байхад гэрээ байгуулсан гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх хуралдаанд контракт гэрээ байгуулсан, байгуулаагүй 2013 онд батлагдсан компанийн дүрмээр орон сууц худалдаж авах, гэрээ байгуулах эрхтэй байж гээд 2013 оны дүрмийг гаргаж өгөхөд эсрэгээр нь А.Г-ын контракт гэрээ нь энэ байна, тухайн контракт гэрээгээр эрх хэмжээг нь хориглосон гээд гэрээг нь гаргаад ирдэг. Мөн “Могул скай” ХХК-ийг ТУЗ-ийн шийдвэргүй гэдэг атлаа Хангай гэх хүнд ТУЗ-ийн шийдвэр нь байгаа гэсэн мэдүүлгийг өгдөг. Гэтэл Д.О санхүү эрхэлсэн захирлын хувьд хайсаар байгаад тухайн шийдвэрийг олсон байдаг. Мөн нөхцөл байдлын хувьд, жишээ нь “ТОСК”-иас Нийслэлийн өмчлөлд байр шилжүүлсэн асуудал. Энэ нь Бат-Үүлийн шийдвэрээр байр шилжүүлж байгаа болохоос А.Г албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа юм уу. Хэрвээ урвуулан ашигласан юм бол бүх байрыг шилжүүлж албан тушаалаа урвуулан ашигласан юм уу, эсвэл гурван байр шилжүүлсэн асуудал дээр урвуулан ашиглаж байгаа юм уу. Гэтэл сая тайлбарлахдаа одоогоор байрыг хүмүүст өгсөн асуудалд Бат-Үүл буруутай эсэх асуудал тогтоогдоогүй байгаа гэсэн. Бат-Үүлийн шийдвэрээр олгогдоод байгаа байранд яагаад А.Гантулгыг буруутгаж байгаа юм гэдэг асуудлыг шалгуулах нь зүйтэй. Мөн ТУЗ-ийн гишүүдийг байцааж, А.Г-ын албан тушаалын эрх хэмжээ, гүйцэтгэх үүргийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.” гэв.

 

            Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлээс өөрийн үйлчлүүлэгч Т.Год холбогдох хэсгээс Бат-Үүл, А.Г, Т.Г нарын шалгагдаж байгаа хэргийг нэмж нэгтгэхтэй холбоотойгоор прокурорт буцаах асуудлаас Бат-Үүл гэх хүний гаргасан захирамж, шийдвэртэй холбогдуулж шалгахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

            Шүүгдэгч Д.Жы өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг зарим нэг талаар дэмжиж байна. Яагаад гэхээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Нотлох баримт шинжлэн судлах асуудал дээр мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөрчил гарсан. Гэхдээ үүнийг нөхөж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж заасан. Шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэр гаргах боломжтой. Миний үйлчлүүлэгчийн тухайд “Могул скай” ХХК-ийн захирал гэсэн нэртэй боловч хувьцаа эзэмшигчдийн хурлаар ерөнхий захирлаар томилогдож сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Гэтэл үүнд мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн нотлох баримт байхгүй байсан. Харин надад энэ тухай нотлох баримт байсан учир шинжлэн судлуулсан. Мөн өнөөдөр авлига өгсөн, авсан тухай ярьж байгаа боловч өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн асуудал байхгүй. “Могул скай” ХХК өгсөн зүйл байхгүй. А.Г авсан зүйл байхгүй. Өнөөдөр тэр байранд Одонтуяа гэх хүн түр амьдарч байгаад төлбөрөө төлж чадахгүй гараад явчихсан. Гэтэл яг хясан боогдуулж тухайн байрыг авсан юм уу гэх асуултад прокурорын зүгээс хариулж чаддаггүй. Тайлбарлаж чадахгүй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж миний хувьд үзэж байсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд энэ хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг прокурор яагаад энэ шүүх хуралдаанд авч ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ тухайн баримтыг шүүх үнэлэхгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Тэгэхээр эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

            Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эсэргүүцлийн тухайд хүлээн авах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн хавтас хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/66 тоот тогтоолоор Д.О нь 65.000.000 төгрөгөөр хүүхдийн сургалтын төлбөрт тэтгэлэг олгосон. Тэгэхээр прокурор яллахдаа болон хэрэгт авагдсан баримтаас 2 зүйлийг тодруулж өгнө үү гэдэг. Эд нар ярихдаа 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар тогтоолоор батлагдсан “ТОСК” нийгмийн хөгжлийн сан байгуулах, түүнийг зарцуулах журмын дагуу хийгдсэн. Энэ журамд хүүхдийн мөнгийг олгох ёсгүй байсан гэж буруутгадаг. Гэтэл эсрэг талаас нь харахад энэ яг аль данснаас гарсан юм. Энэ мөнгө нь “ТОСК” нийгмийн хөгжлийн сангийн данснаас гарсан юм уу, эсвэл өөр үйл ажиллагааны ашгийн данснаас гарсан уу гэдгийг тогтоох асуудал гарч байгаа юм. Яагаад гэхээр хөдөлмөрийн дотоод журам болон ажиллаж байгаа журамд нь урамшуулах эрх нь гүйцэтгэх захиралд хадгалагдсан байдаг. Тэгэхээр яг ийм асуудлыг ярихад хоёр өөр зөрүүтэй мэдүүлэг өгөгдөөд яг урамшуулал юм уу, эсвэл тэтгэлэг юм уу гэдэг нягтлан бодох бүртгэлийн стандартад заасан бүртгэлээр нотлогдсон зүйл огт хэрэгт авагдаагүй. Үүнийг гаргаж ирсэн тохиолдолд энэ зөв үйлдэл байсан, эсвэл буруу үйлдэл байсан уу гэдэг нь тогтоогдоно. Мөн П.Баасанжав өмгөөлөгчийн ярьж байгаа зүйл нь ХХК буюу төрийн өмчид оролцоотой компани. Дүрэм журам нь компанийн тухай хуулиар зохицуулагдаж байдаг. Хоёр дахь нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төрийн өмчид улсын үйлдвэр буюу шууд захиран зарцуулагдах төрийн өмчид хамаарч байгаа зүйл байдаг. Тэгэхээр яригдаж буй “Бэрэн групп” ХХК болон бусад компанитай их хэмжээний хэлцэл байсан юм уу, заавал ТУЗ-өөр батлагдах ёстой байсан их хэмжээний хэлцэл байсан уу гэдэгт нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гараагүй. Зүгээр л зөвшөөрөл авах ёстой байсан гэдэг. Гэтэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлийг гүйцэтгэх захирал бие даан хийх эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр аль дүрмийг зөрчиж байгаа гэдэг нь тодорхойгүй. Мөн гурав дахь үндэслэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн ялгааг гаргаж өгөөч гэдгийг түрүүнд маш тодорхой тайлбарласан. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйл зааснаар хоорондоо ялгаатай ойлголт. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар төрийн аудитын байгууллага иргэн Д.Отай захиргааны хэргийн шүүхээр маргалдсан. Маргалдсаны үндсэн дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захирамж гарсан. Тухайн захирамжийг хууль ёсны дагуу авч хавтас хэрэгт хавсаргуулах талаар хэлсэн. Нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг прокуророос хууль бус уу, эсвэл хууль зүйн дагуу гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх гээд байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Г, Т.Г, Д.Ж, Б.М, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, А.Гантулгыг “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Номингийн Худалдаа хөгжлийн банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар 12.360 ам.доллар буюу 21.070.092 төгрөгийг хахуульд авч, компанийн ТУЗ-өөс гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах” гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах” гэрээнүүд байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч, үнийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцож гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Гэтэл Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай” прокурорын тогтоол /11-р хх 17/-д Б.Чулуудай нь Улаанбаатар банкнаас авсан 3,328,356,741.54 төгрөгийн зээлийн төлбөр болон Турк Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компанид төлөх 1,223,322,963.7 төгрөгийг төлөхийн тулд Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан “Гранд лайн” ХХК-ийг 1006724205,86 төгрөг /тогтоолд бичигдсэнээр/-өөр “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мд худалдах гэрээг 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулж, компаний хувьцааг 100 хувь шилжүүлсэн, А.Г нь “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын санхүүжилтээс 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000,000 төгрөгийг “Бэрэн групп” ХХК-д хууль бусаар, хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нь өөрийн хүү Б.Чулуудайн Улаанбаатар хотын банк болон Турк Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компанид төлөх төлбөрийг төлөхийн тулд “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гд нөлөөлсөн гэмт хэргүүдэд шалгагдаж байгаа талаар дурьджээ.  

 

Хэрэгт “Бэрэн групп” ХХК-ийн холбогдох ажилтнуудын гэрчээр өгсөн мэдүүлэгт “ТОСК” ТӨҮГ-аас шилжүүлсэн 9,000,000,000 төгрөгөөс “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсан тухай мэдүүлсэн болно.

 

Мөн прокурорын тогтоолд “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Г, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос нийт 31 орон сууцыг ашиг хонжоо олох зорилгоор эрх мэдлээ хэтрүүлэн Нийслэлийн Иргэдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “ТОСК” ТӨҮГ-ын нэр бүхий албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд үнэ төлбөргүй олгосон гэмт хэрэгт шалгагдаж байгаа тухай дурьдсан байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Г-ын “Бэрэн групп” ХХК-тай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 11, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээнүүдийн дагуу 9,000,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн байж болзошгүй. Нөгөөтэйгүүр “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос нийт 31 орон сууцыг эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий албан тушаалтнуудад үнэ төлбөргүй олгосон гэх хэрэгт А.Г, Т.Г нарын орон сууц хувьдаа авсан, бусдад борлуулсан үйлдэл хамааралтай гэж үзэхээр байна.

 

Иймд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

 

Харин “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын дарга Ж.Хичээнгүйн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/627 тоот албан бичиг /1-р хх 3/-ийг үндэслэн тухайн газрын Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Итгэлбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулсан байна. /1-р хх 4-6/

“ТОСК” ТӨҮГ-ын бичиг хэрэг, архивт үзлэг хийснээр чухам ямар байдлыг тогтоох нь тодорхой бус, зөвхөн А.Гд ашигтай баримтууд гарч ирэх магадлалтай гэсэн таамгаар уг ажиллагааг хийх нь хэрэгт онцын ач холбогдолгүй, тус газрын ТУЗ-ийн гишүүдийг зайлшгүй байцаах үндэслэл, шалтгаан тогтоогдохгүй байх тул шүүхийн тогтоолын 3, 4, 5 дахь заалтуудыг хангах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Гэвч эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий этгээдэд дахин хүсэлт гаргаж шалгуулах эрх хэргийн оролцогч нарт нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХЙ ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН