| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2019/0862/З |
| Дугаар | 338 |
| Огноо | 2019-06-03 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 338
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: АМГТГ, КХ
Нэхэмжлэлийн шаардлага: “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа болсон байсныг тогтоолгох, “С” ХХК-ийн эзэмшиж байсан XV-005******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Н.Э 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Манай компани нь хуучин нэрээр Ашигт Малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9 дугаартай шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг Ш******* уул гэх газарт орших 1793 гектар талбай бүхий ашигт малтмал хайгуулын 5*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрх анх үүссэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан хуульд заасан хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасан хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг геологи хайгуулын ажлын тухайн жилийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулах үндсэн үүргүүдээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.2.1, 35.2.2, 35.2.3 дахь хэсгүүдэд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргүүдийг бүрэн биелүүлж ажилласаар ирсэн.
Гэтэл 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсгүүд, Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудад заасан үндэслэлээр манай компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагт хамаарагдаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан. 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хоорондын харилцаа зогсонги байдалд орж төрийн захиргааны байгууллагын зүгээс хуульд заасан шаардлага тавих, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авч, хавсралтад бичилт хийх, хайгуулын тусгай зөвшөөрлийн явцад хийж гүйцэтгэсэн геологи хайгуулын тайлан болон бусад нөхцөл байдлуудад дүгнэлт хийж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хуульд зааснаар явагдах боломжгүй болсон.
Дээрх нөхцөл байдалд манай компанийн зүгээс дүгнэлт хийж тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасан хугацааг дуустал буюу 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрөө бүрэн төлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлсээр байсан боловч цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль зүйн боломжгүй болсон байсан.
Өөрөөр хэлбэл, компанийн зүгээс хууль батлагдсан 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2011 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хайгуулын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй боловч урьд хийгдсэн геологи хайгуулын ажлын үр дүн, тайлан мэдээг үндэслэж тусгай зөвшөөрлийн хугацааг хуулийн дагуу сунгуулан, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хуульд заасан хугацааг дуустал хадгалсаар ирсэн.
Гэвч 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хязгаарлагдаж байсан нөхцөл байдал үгүйсгэгдэж, тус зүйл хэсгээр үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд зааснаар үйл ажиллагаагаа сэргээн явуулах эрх зүйн үр дагавар үүссэн.
Нөгөө талаар манай “С” ХХК-ийн хувьд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, цаашлаад тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлсөн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зэрэг цаг хугацаанд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн үндсэн зохицуулалтад 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр УИХ-аас өөрчлөлт оруулж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших нийт хугацааг 12 жил болгон өөрчилсөн зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх гол хууль зүйн зохицуулалт бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлд хамааруулан үзэх боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэж, хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг сэргээн үргэлжлүүлэх тухай хүсэлтийг АМГТГт удаа дараа хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөлгүй манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2/2954 дугаартай албан бичгээр “...манай компанийн эзэмшлийн 5*******Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул сэргээх боломжгүй...” гэх, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/5810 дугаартай албан бичгээр “... Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2/2954 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хариу нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэх шийдвэрүүд нь илтэд хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр, дүгнэлтүүд болжээ.
Иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 21 дүгээр зүйлийн 21.1.5, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдийг үндэслэж Селенасиберь ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмалын хайгуулын 5*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээх, тусгай зөвшөөрлийн хугацаанд сунгалт хийхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү.” гэжээ.
Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа болсон байсныг тогтоолгох, “С” ХХК-ийн эзэмшиж байсан XV-005******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жилийн хугацаатай байсан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 1 дүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага хангасан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан.
2 дугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлаа хадгалах үүрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-д заасны дагуу төрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг авах тухай хүсэлтийг тус журмаар тогтоосон хугацаанд тус компани Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ гаргаагүй нь нөхөн олговор авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байсан. Нэхэмжлэгч давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байвал КХ т 1 дүгээрт солбицолд өөрчлөлт оруулж өгөх хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, 2 дугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь 2012 оноос өмнө буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас хэдийд ч нээлттэй байсан төдийгүй Засгийн газраас 2011, 2012 онд тогтоол гаргаж, хуулиар хориглосон талбайн хилийн зааг, солбицлыг тодорхойлж, тодорхой болгосон байсан.
“С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 5*******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсныг Кадастрын бүртгэлийн УУККС-д 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болгож бүртгэснээс биш нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар төрийн мэдэлд шилжүүлэн авсан шийдвэр байхгүй бөгөөд “С” ХХК нь XV-005******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ нөхөн олговор авах хүсэлтээ хууль, журамд заасан хугацаанд болон одоог хүртэл ямар нэгэн байдлаар гаргаагүй болно.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай” журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүх, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол”, 3.4.3 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй” бол нөхөх олговрыг олгохгүй гэж тус тус заасны дагуу нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамаарах зохицуулалт юм.
“С” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 5*******Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн олговор авах тухай хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд ч, тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон 2012 оноос хойш ч Монгол Улсын Засгийн газарт болон АМГТГт ирүүлж байгаагүй болно.
АМГТГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ашигладаг бөгөөд АМГТГ нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм.
Иймээс “С” ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын 5*******Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэх хэмжээний газрын шинж чанарыг алдагдуулахгүйгээр боломжит хайгуулын талбайг нөхөн олгох шийдвэр гаргах боломжгүй юм.
Иймд “С” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “С” ХХК нь тус шүүхэд хандан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа болсон байсныг тогтоолгох, “С” ХХК-ийн эзэмшиж байсан XV-005******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий үйл баримтын тухайд:
1. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт орших Ш******* уул нэртэй газарт 1793 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5*******Х дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2002 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр “Е” ХХК-д олгожээ.
Улмаар “Е” ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 109 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг иргэн Б.Э-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэж,
иргэн Б.Э-с гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 954 дүгээр шийдвэрээр тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ОХУ-ын иргэн С-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэж,
ОХУ-ын иргэн С-с гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 976 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 5*******Х дугаар тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэж тус тус тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийжээ.
2. Үүнтэй зэрэгцэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2002 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр /дугаар тусгай зөвшөөрлийг анх олгосноос хойш/ уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 225 дугаар шийдвэрээр 2008 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаагаар, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 17 дугаар шийдвэрээр 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 39 дүгээр шийдвэрээр 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тус тус сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэл хийн, энэ тухай мэдэгдлийг 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 6-269 дүгээр албан бичгээр “” ХХК-д мэдэгдсэн байна.
3. Энэ хугацаанд Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон ба энэхүү газрын хилийн заагийг Засгийн газар тогтоохоор хуульчилсан.
Улмаар, Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг анх тогтоож улмаар Засгийн газрын 2012 оны “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол болон 2015 оны “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолоор дээрх хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.
4. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа болсон байсныг тогтоолгох, “С” ХХК-ийн эзэмшиж байсан XV-005******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гарган маргаж байна.
АМГТГт холбогдуулан эцэслэн тодорхойлсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасанчлан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох агуулгатай байх бөгөөд энэ тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой байдлаар тодорхойлсон байх ёстой.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасанчлан тус шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “С” ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмалын хайгуулын 5*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээх, тусгай зөвшөөрлийн хугацаанд сунгалт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд
нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, “С” ХХК-ийн эзэмшиж байсан XV-005******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах” гэж өөрчлөн, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан.
Улмаар, шүүгчээс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Хүсэлт шийдвэрлэж, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/0124 дүгээр захирамж гаргасныг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШТ2019/0095 дугаар тогтоолоор бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс АМГТГ болон уг газрын Кадастрын хэлтсийн архив, бичиг баримтад хийсэн үзлэгээс үзэхэд,
Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон солбицолд хамрагдсан нийт тусгай зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлөх буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмалын газраас Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрийн №239, 240 дугаарт зарлан, нийтэд мэдээлж,
Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”–ын 3 дугаар зүйлийн 3.4.2-д дагуу нөхөн олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргахыг мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгч хууль, журамд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 8/7877 дугаар албан бичгээр,
“С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 5*******Х дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 1792.64 гектар талбай бүхэлдээ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуульд заасан журмын дагуу Засгийн газраас тогтоосон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон талбайд хамаарч байгаа болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 8/7877 дугаар албан бичиг болон уг газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 7/1888 дугаар албан бичиг, тэдгээрт хавсарган ирүүлсэн кадастрын зургуудаар тус тус тогтоогдож байна.
Нэгэнт нэхэмжлэгч өөрөө хууль, тогтоолд заасан хугацаа, журмын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй, хариуцагчаас хамааралтайгаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, хариуцагчид холбогдуулан тус компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох боломжгүй,
хууль, журамд заасан хугацааны дотор нөхөн олговор авах хүсэлтээ гаргаж байгаагүй “С” ХХК-ийн эзэмшиж байсан XV-005******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоон, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгаж шийдвэрлэх боломжгүй байх тул “С” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Үүнтэй холбогдуулан, “С” ХХК нь анх 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн 128/ШЗ2018/2535 дугаар захирамжаар Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж,
2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дахин тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүгчийн 128/ШЗ2018/4741 дугаар захирамжаар Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг дахин буцааж байсан хийгээд
2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан шүүх хуралд нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Н.Э эмнэлгийн магадалгаа бүхий хурал хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүгчийн захирамжаар “...Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э-с ирүүлсэн магадалгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журам”-ын 4.5-д “Эмнэлгийн магадалгаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадалгаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.” заасан шаардлагыг хангахгүй байх хэдий ч нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай” гэх үндэслэлээр хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, товийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн,
2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э-с дахин Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журам”-ын 4.5-д заасан шаардлагыг хангаагүй буюу “эмнэлгийн байгууллагын тэмдэг” дарагдаагүй эмнэлгийн магадалгаа бүхий хурал хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ бүх асуудлыг дурдан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасныг үндэслэн АМГТГ, КХ т холбогдуулан гаргасан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа болсон байсныг тогтоолгох, “С” ХХК-ийн эзэмшиж байсан XV-005******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах” шаардлага бүхий “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА