Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0467

 

Н.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/247 дугаартай  захирамжийн О.Ө-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 462 дугаар

Хэргийн индекс: 128/2022/0894/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.С-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/247 дугаартай захирамжийн О.Ө-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, 21.5.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Н.С-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэгдсэн байна. Гэвч шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М надад огт мэдэгдээгүй, шүүх хурал орсон талаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгчөөс мэдсэн. Өмнөх шүүх хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон байсан бөгөөд хэргийн оролцогч нарт утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад ямар ч байдлаар мэдэгдээгүй байсныг шүүх хуралдаанаас 10 минутын өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 50 минутад “шүүх хуралдаа ирж байна уу” гэж залгах үед мэдсэн.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг өгч байсан бөгөөд шүүх хуралд биечлэн оролцох, тайлбар татгалзлын үндэслэлээ тайлбарлах байсан ч шүүх хуралдааны товыг мэдээгүй учир өөрийн тайлбар татгалзлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс процессын ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

            3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1 дэх хэсэг “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/247 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар О.Ө-т шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэсэн нь эрх зүйн голлох үндэслэл болсон байна” гэх хэсэгт тайлбар гаргах нь:

            Хавтаст хэргийн 162 дугаар талд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 93 дугаартай “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамж авагдсан. Тус захирамжаар иргэн Т.Ч гэх хүнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй газрыг олгосон.

            Хавтаст хэргийн 115 дугаар талд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/437 дугаартай “Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж авагдсан. Тус захирамж нь дээрх 93 дугаар захирамжийн дагуу олгогдсон газрын гэрчилгээний хугацааг сунгасан захирамж байх магадлалтай гэж нэхэмжлэгч талаас ойлгож байгаа боловч хавтаст хэрэгт зөвхөн А/437 дугаар захирамж авагдсан. Тодруулбал захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт заасан 308 иргэний нэрсийн жагсаалт буюу хавсралт ирээгүй. Хавсралт ирээгүй тул хугацаа сунгасан захирамж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаж буй газар болон иргэн Т.Ч-д хамааралтай эсэх нь тодорхойгүй.

            Хавтаст хэргийн 122 дугаар талд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/247 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж авагдсан. Тухайн захирамжийн 2 дахь хуудсанд дээрх А/437 дугаар захирамжийн зарим хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй газрын эзэмшигч Т.Ч гэх хүнд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон.

            Тодруулбал, 93 дугаартай гэрчилгээ баталгаажуулах, гэрчилгээжүүлэх тухай захирамжийн хугацааг сунгасан гэх А/437 дугаартай захирамж нь А/247 дугаартай захирамжаар хүчингүй болсон гэж харагдахаар байна. Харин Т.Ч-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон гэх А/437 дугаар захирамжийг үндэслэж гарсан гэдгийг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч талаас Т.Ч нь хүчингүй болсон захирамжийг үндэслэж О.Ө гэх хүнд маргаан бүхий газрыг шилжүүлсэн, тухайн хууль бус үйлдлийг Баянзүрх дүүргийн Засаг дарга болон газрын алба бүртгэж О.Ө гэх хүнд газрыг шилжүүлсэн үйлдэл нь хууль бус тул үүнийг тодруулах үүднээс А/437 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт заасан 308 иргэний нэрсийг авах, тухайн иргэдийн нэрсээс шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шинээр хүсэлт гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх гэх мэт ажиллагаа явуулна гэсэн байр сууриа илэрхийлсээр байхад 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хангахаас татгалзсанд гомдолтой байна.

            Нөгөөтээгүүр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/437 дугаартай “Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаж, тухайн хүсэлтийг шүүхээс үндэслэлтэй хэмээн үзэж хангаж шийдвэрлэсэн. Гэвч шүүхээс шаардсан, нэхэмжлэгчийн хүссэн тухайн баримтууд бүрэн эхээр ирээгүй буюу А/437 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт заасан 308 иргэдийн нэрс ирээгүй, нотлох баримт дутуу ирсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Гэвч шүүхээс захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй, нотлох баримт нь дутуу ирсэн гэдгийг мэдсээр байж шүүх хуралдааныг хэлэлцэж нэхэмжлэгч талыг өөрийн тайлбар татгалзлыг нотлох боломжоор хангаагүй процессын алдаа гаргасан гэж үзэхээр байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт тайлбар гаргах нь:

Нэхэмжлэгч талаас газар эзэмшүүлэх захирамж гарсан, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн талаарх үйл баримт болсон тал дээр маргадаггүй бөгөөд гагцхүү дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:

93 дугаартай гэрчилгээ баталгаажуулах, гэрчилгээжүүлэх тухай захирамжийн хугацааг сунгасан гэх А/437 дугаартай захирамж нь А/247 дугаартай захирамжаар хүчингүй болсон гэж харагдахаар байна. Харин Т.Ч-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон гэх А/437 дугаартай захирамжийг үндэслэж гаргасан нь хууль бус.

Нэхэмжлэгч Н.С маргаан бүхий газарт 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл 21 жил тасралтгүй амьдарч байсан гэдгийг өөрийн тайлбар болон хавтаст хэргийн 20-30 дугаар талд авагдсан оршин суугаа газрын Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн байгууллага, кадастрын зураг, фото зургаар нотлогддог бөгөөд мөн 61 дүгээр талд 2008 оны эрүүл мэндийн үзлэгийн хуудас, 62 дугаар талд цахилгааны төлбөрийг нэхэмжлэгчийн эхнэр н.Ц төлж байсан талаарх баримт зэргээр буюу хэд хэдэн удаагийн баримтаар өөрийн тайлбар татгалзлыг нотолдог.

Гуравдагч этгээдийн хувьд гагцхүү газар эзэмших эрхийн гэрчилгээ, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн баримт, гэрчилгээ олгох тухай хүсэлт зэргээр өөрийн тайлбарыг нотолдог хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтэд дурдсан 2002 оноос хойш амьдарч байгаа гэсэн тайлбараа нотолж чаддаггүй. Тухайн газарт амьдарсан талаарх гэрчилгээ, захирамж, өөрийнх нь хүсэлтээр өөр нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нь захирамж, гэрчилгээ хууль ёсны дагуу гарсан гэж тайлбарладаг хэдий ч шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуусан асуултад “...93 дугаар захирамж гаргахдаа хээрийн судалгаа хийсэн эсэхийг мэдэхгүй, хээрийн судалгааг Газар зохион байгуулалтын албанаас хийдэг” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл төлөөлөгчийн хувьд хээрийн судалгаа хийгдсэн эсэх, давхцал байсан эсэхийг тухайн үед тодруулсан гэдгийг мэдэхгүй, зөвхөн нэгэнт гарсан захирамж, гэрчилгээг үндэслэж хууль ёсоор газар олгогдсон гэсэн тайлбарыг өгдөг. Хариуцагчийн зүгээс өгсөн тайлбар нь хэрэв Газар зохион байгуулалтын алба давхцал байгаа эсэхийг очиж шалгаагүй, хээрийн судалгаа хийгээгүй бол тухайн захирамж, захирамжийн дагуу олгогдсон шийдвэр хууль ёсны дагуу олгогдсон уу эсхүл эрх бүхий албан тушаалтан ажилдаа хайнга хандаж, зохих шалгалтыг хийгээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн үү гэсэн агуулга гарч ирж байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүхээс газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай захирамж, эрх шилжүүлсэн захирамжийг эрх бүхий албан тушаалтан гаргахдаа зохих арга хэмжээг бүгдийг нь авсан эсэх, тухайн газрыг очиж шалгасан эсэх, давхцал байгаа эсэх, 2002-2003 оны үед тухайн газар дээр хашаа, тэмдэглэгээ байсан эсэх, байсан бол Н.С-ын эзэмшлийн гэр, хашаа байсан уу, Т.Ч-ын гэр, хашаа, тэмдэглэгээ байсан уу гэдгийг тодруулалгүйгээр нэгэнт гарсан хүчин төгөлдөр бус гэж маргаж буй баримтыг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Анх нэхэмжлэгч Н.С-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/247 дугаартай захирамжийн О.Ө-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2002 оноос хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулбулаг 1-10 тоотод гэр бүлийн хамтаар оршин сууж байна, ...оршин сууж эхэлсэн цагаасаа хойш газартаа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргахад Баянзүрх дүүргээс “...ундны усны хориглосон бүсэд байрласан тул ямар ч иргэнд энэ бүс нутагт газар эзэмших эрх олгох боломжгүй, та цаашид амьдрахад ямар ч асуудал гарахгүй” гэж тайлбарладаг байсан, ... уг асуудлаар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж байсан, ... 20 гаруй жил тасралтгүй амьдарч байхад өмнө нь газартай холбоотой ямар нэг маргаан гарч байгаагүй тул О.Ө гэх хүн Баянзүрх дүүргийн 20 хороо Туул булгийн 1-4 тоотод миний амьдарч байгаа газартай давхцан газар эзэмших үндэслэл боломжгүй” гэж тайлбарлажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2.2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх тухай” 93 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо Туулбулаг 1-17 байршилд иргэн Т.Ч-д газар эзэмших эрх олгож, гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/437 дугаар захирамжаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлтээ ирүүлсэн 308 иргэний 199605 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулахаар шийдвэрлэжээ.

2.3. Дээрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/437 дугаар захирамжийг үндэслэн Баянзүрх, Туулбулаг 1 дүгээр гудамж, 4-434 тоотод байрлах газрыг иргэн Т.Ч-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж газар эзэмших эрхийн 000756605 дугаар гэрчилгээг олгосон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...А/437 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт заасан 308 иргэний нэрсийн жагсаалт буюу хавсралт ирээгүй, ... хугацаа сунгасан захирамж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаж буй газар болон иргэн Т.Ч-д хамааралтай эсэх нь тодорхойгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

            2.4. Иргэн Т.Ч-аас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг ийнхүү сунгуулснаас хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад шилжүүлэх” тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг нь үндэслэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/247 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд О.Ө-д шилжүүлж, дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/437 дугаар захирамжийн Т.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, О.Ө-д 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн 000044149 дугаар гэрчилгээг олгожээ.

2.5. Газрын тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно ...” гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтдээ нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтыг хавсаргахаар тус тус хуульчилсан байх ба иргэн Т.Ч-аас өөрийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг дээрх хуульд заасны дагуу гуравдагч этгээд О.Ө-т шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч эзэмшихээр “2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр” хүсэлт гаргахаас өмнө буюу 2003 онд дүүргийн Засаг даргын захирамжаар бусдад эзэмшүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг хангахаас татгалзсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцжээ.

2.6. Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Н.С-ын хувьд эрх бүхий этгээдийн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр тухайн газрыг ашиглаж байжээ.

2.7. Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс анх маргаан бүхий газрын иргэн Т.Ч-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Учир нь Захиргааны хэргийн шүүх нь хүчин төгөлдөр захиргааны үйл ажиллагаа тухайлбал, захиргааны акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд тухайн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухай актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл уг акт нэгэнт хэрэгжсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” шаардлагыг гаргах боломжтой юм.

Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.8. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, анхан шатны шүүх процессын ноцтой алдаа гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна. Учир нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцож, шүүх хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон хойшлуулсан талаар мэдсэн, мөн хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар ирцтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж заасан байгаа энэ тохиолдолд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй гэж шүүхийг буруутгах боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН