Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 48

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан 
Хохирогчийн өмгөөлөгч: С.Нармандал 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэцогт 
Шүүгдэгч: Д.Мөнгөнбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овот Дашийн Мөнгөнбаярт холбогдох 129/2016/0047/Э индэкстэй, эрүүгийн 201603000094 тоот хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг, Баянгол гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Монгол овогт Дашийн Мөнгөнбаяр /РД:НВ82122916/

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Мөнгөнбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны орой Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Дэнж хорооллын 2 дугаар гудамжийн зүүн талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн 18-75 АРХ улсын дугаартай Хюньдэй Портер маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөн саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.5.в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хохирогч Х.Агтандоржийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, улмаар зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
 
    Шүүгдэгч Д.Мөнгөнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүүхдийн үс авах найранд очсон. Тэнд очоод орос архи 3 хундагийг уусан. Дараа нь нөгөө айлаасаа гараад Цогоо ахынд очиж золгохоор явсан. Цогоо ах 2 литрийн пиво задалсан. Би тэндээс 2 аяга уусан. Цогоо ахынхаас гараад явж байтал гэрэлд нэг юм ороод ирсэн. Айсандаа болоод тормос гишгих гэтэл сандраад хаазаа гишгээд айлын хашаа мөргөсөн. Маргааш өглөө нөгөө айлынхаа хашааг нь янзалж өгнө гэж хэлсэн. Тэгээд Цогоо ах миний машиныг аваад явсан. Намайг харин манай ах нар ирээд аваад явсан. Гэртээ очоод унтаж байтал цагдаа нар намайг ирээд аваад явсан гэв.

201603000094 тоот эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: 

Хохирогч Х.Агтандоржийн өгсөн:

“...Д.Мөнгөнбаяр гэдэг хүнийг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би 2015 оны 02 сарын 13-ны өдөр Бямбацогт гэдэг хүний хүүхдийн үсний найранд очсон. Тэр үсний найран дээр Д.Мөнгөнбаяр бас байсан. Би тэр найран дээ монгол ёс болгож орос архи 3, монгол архи 3-ыг уугаад би бага зэрэг согтсон. Тэгээд найр дуусаад Хайрхан сумын төв рүү Дэмчигсүрэнгийн хамт машинтай нь явсан. Хайрхан сумын төв очоод Асгат багийн дарга Занаагийнд орох гэтэл гэр нь цоожтой байсан. Тэгээд Хайрхан сумын төвөөр явж байгаад Базарсад гэдэг айлд орсон. Базарсад гэх айлд ороод ор засуулаад унтах гээд хэвтэж байгаад Данзансодов гэх айлд орохоор Базарсадынхаас гарч яваад Дэнж хорооллын гудамнуудын үзүүрт машинд мөргүүлээд ухаан алдсан байсан. Би яг хаана мөргүүлсэнээ бол мэдэхгүй байна. Тэгээд би Хайрхан сумын эмнэлэгт ухаан орсон. Ухаан орсоныхоо дараа Д.Мөнгөнбаярт мөргүүлсэн тухайгаа мэдсэн. Би осол болох үед хэн гэдэг хүнд ямар машинд мөргүүлсэнээ мэдээгүй. Би Бямбацогт гэдэг хүний үсний найран дээр байхдаа л бага зэрэг архи уусан. Би их согтоогүй байсан. Би Хайрхан сумын төвд ирээд архи уугаагүй. Би ямар машинд мөргүүлсэнээ хараагүй. Нэг мэдэхэд л мөргүүлчихсэн. Осол болох үед Базарсад гэх айлаас Данзансодов гэх айлд орохоор явж байгаад замдаа мөргүүлсөн. Би мөргүүлэхдээ ар талаасаа мөргүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний Хайрхан сум, Архангай аймаг, Улаанбаатар хотод эмчлүүлсэн бүх зардлыг Д.Мөнгөнбаяр төлсөн. Би хэдэн төгрөгийн зардал гарсанг мэдэхгүй. Ямар ч байсан надаас нэг ч төгрөг гаргуулаагүй бүх зардлыг Д.Мөнгөнбаяр төлсөн. Намайг Улаанбаатар хот явахад Д.Мөнгөнбаярын эхнэр болох ах дүү нар хамт явж намайг эмчлүүлж өгсөн. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Би Архангай аймгийн Хайрхан суманд амьдардаг. Би хөдөө мал малладаг. Миний бие Архангай аймгийн төв рүү ирээд байж чадахгүй. Шүүх хуралд миний өмгөөлөгч С.Нармандал оролцоно. Миний ярьсан зүйлс үнэн зөв. Би Д.Мөнгөнбаярт ямар нэгэн гомдол байхгүй. Д.Мөнгөнбаярт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг л хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-43-44х/
 
Гэрч Д.Мөнгөнчимэгийн өгсөн:

“...Д.Мөнгөнбаяр нь миний төрсөн ах байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оныц 02 сарын 12-ны өдөр манай ах Д.Мөнгөнбаяр эхнэр Хишигдулам болон 2 хүүхдийн хамт манайд ирсэн.  Тэр өдрөө сумын төвөөр айл хэсээд манайд хоносон. Маргааш нь буюу 2016 оны 02 сарын 13-ны өдөр манайхаас баз Бямбацогтын хүүхдийн үсний найранд уригдаад эхнэр хүүхэдтэйгээ хамт явсан. Тэгээд манайд орой 19 цагийн үед ирсэн. Ирэхдээ Д.Мөнгөнбаяр ах бага зэрэг халамцуу байсан. Эхнэр Хишигдулам нь нилээд халамцуу ирсэн. Д.Мөнгөнбаяр ах эхнэр хүүхдээ манай гэрт орхиод гараад явсан байсан. Би эхнэр хүүхдийг нь унтуулаад байж байтал Цогоо ах эхнэртэйгээ хамт манайд Д.Мөнгөнбаяр ахын портер маркийн машиныг авчирч ирээд Д.Мөнгөнбаяр айлын хашаа мөргөчихсөн байна. Одоо Цэвээн ахынд байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөр П.Чулуунбаярын хамт Цэвээн ахынд очиход тэднийд Д.Мөнгөнбаяр ах байж байсан. Тэгээд Д.Мөнгөнбаяр ахыг аваад гэртээ ирсэн. Удалгүй цагдаа нар ирээд хүн дайрсан байна гээд аваад явсан. Тэр үед Д.Мөнгөнбаяр ах бага зэрэг халамцуу, эхнэр нь бол нилээд согтсон байсан. Д.Мөнгөнбаяр ах Бямбацогт гэдэг хүний үсний найранд яваад 19 цагийн үед ирсэн байх. Тэгээд манайд эхнэр хүүхдээ буулгачихаад л гараад явсан. Манай нөхөр П.Чулуунбаяр гэртээ 20 цагийн үед ирэхдээ Д.Мөнгөнбаяр ахыг Цогоо ахын гадаа байна гэж хэлж байсан. Тухайн үед Д.Мөнгөнбаяр ах би айлын хашаа мөргөчихлөө гэж байсан. Хүн мөргөсөн тухайгаа хэлэхгүй байсан. Би дараа нь цагдаа нар ирэхэд энэ тухай мэдсэн. Д.Мөнгөнбаяр ах их архи, дарс уугаад байдаггүй юм. Хөдөө эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. Төлөв даруу зантай, дуу цөөтэй, архи ууж хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Ер нь их томоотой хүн байгаа юм. Манай ах  их төлөв томоотой хүн болохоор өмнө ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-47-48х/

Гэрч П.Чулуунбаярын өгсөн:

“...Д.Мөнгөнбаяр нь манай эхнэр Д.Мөнгөнчимэгийн төрсөн ах нь байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 02 сарын 12-ны өдөр манай хадам ах Д.Мөнгөнбаяр манайд эхнэр хүүхдүүдийн хамт айл хэсэж ирсэн. Тэр өдрөө сумын төвөөр айл хэсээд манайд хоносон. Маргааш өглөө нь баз Бямбацогтын хүүхдийн үсний найранд явсан. Би мал руугаа яваад малаа харж байгаад орой 18 цагийн үед ирсэн санагдаж байна. Намайг гэртээ ирэхэд Д.Мөнгөнбаяр ах эхнэр хүүхдээ орхичихоод гараад явсан байсан. Д.Мөнгөнбаяр ахын найрнаас ирсэн бага зэрэг халамцуу яваа гэхээр нь санаа зовоод хаашаа явсан юм бол гэж бодоод сумын төвөөр хайхад Цогоо гэдэг хүний гадаа машин нь байхаар нь гайгүй байх гэж бодоод буцаад харьсан. Тэгээд гэртээ байж байтал 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байх үед манай Цогоо ах, эхнэрийн хамт манайд ирээд Д.Мөнгөнбаяр айлын хашаа мөргөсөн байна гээд машиныг нь манай хашаанд оруулж ирж өгөөд Д.Мөнгөнбаяр Цэвээн ахын гэрт байгаа гэж хэлсэн. Би Цогоо ахыг эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би эхнэр Д.Мөнгөнчимэгийг хамт Цэвээн ахынд очиход Цэвээн ахын гэрт Д.Мөнгөнбаяр ах сууж байсан. Тэгээд Д.Мөнгөнчимэг бид 2 Д.Мөнгөнбаяр ахыг гэртээ дагуулж ирсэн. Тэгээд унтах гэж байтал цагдаа нар ирээд хүн дайрсан байна гээд Д.Мөнгөнбаяр ахыг аваад явсан. Би тэр оройноо хашааг нь дайрсан айл болох Батдалайтай очиж уулзахад манай хашааг янзлаад өгчих. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж байсан. Би маргааш өглөө нь очиж хашааг нь янзалж өгсөн. Тэр үед Д.Мөнгөнбаяр ах нилээд их согтуу байсан. Би айлын хашаа дайрсан гээд л байсан. Би малдаа явчихаад гэртээ ирэхэд Д.Мөнгөнбаяр ах эхнэр хүүхдээ үлдээгээд гараад явсан байсан. Намайг эхнэр Д.Мөнгөнчимэгийг хамт Цэвээн гэх айлд очиход Д.Мөнгөнбаяр ах би айлын хашаа мөргөсөн гээд байсан. Тухайн үед хүн мөргөсөн тухайгаа ярихгүй байсан. Д.Мөнгөнбаяр ахын машины урд гупер нь хагараад доод хэсэг нь уначихсан, салхины шил нь хагарсан, 2 их гэрлийн дунд хэсэг хонхойсон байсан. Би Д.Мөнгөнбаяр ахын дүү Д.Мөнгөнчимэгтэй гэр бүл болоод 7 жил болж байна. манайх 2010 оноос хойш айл саахалт байгаа. Д.Мөнгөнбаяр ах архи уугаад байдаггүй, төлөв томоотой, хүнтэй эвсэг найрсаг, гэр бүл, үр хүүхэддэй халамжтай, би дотроо сайн хүн гэж боддог. Өмнө нь ямар нэгэнг гэмт хэрэг болонг зөрчилд холбогдож байгаагүй. Тухайн үед намайг харахад Д.Мөнгөнбаяр ахын машинд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Дараа нь Цогоо ахыг Д.Мөнгөнбаяр ахын машиныг хашаа мөргөсөн байна гээд авч ирэх үед машинд эвдрэл гэмтэл учирсан байсан. Намайг ирэхэд Д.Мөнгөнбаяр ах эхнэр хүүхдээ орхиод гараад явсан байсан. Манай эхнэр Д.Мөнгөнчимэг, Д.Мөнгөнбаяр ахыг халамцуу гараад явсан гэхээр нь би санаа зовоод араас нь явж хайхад Цогоо ахын гадаа машин нь байгаа харагдаж байсан. Ц.Батдалай гэдэг айлын хашааны ертөнцийн зүгээр зүүн талыг нь мөргөсөн байсан. Хашааных нь моднууд машин мөргөсөн хэсгээр хугарсан байсан. Би маргааш нь очоод хашааг нь янзалж өгсөн. Д.Мөнгөнбаяр ахын машины гуперны хагархай, урд нэмэлт гэрэл нь хүртэл хашаа мөргөсөн газраа хагараад унасан байса...” гэх мэдүүлэг /хх-50-51х/

Гэрч Ч.Цогоогийн өгсөн:

“...Д.Мөнгөнбаярынд манай адуу байдаг юм. Манай малыг харж өгдөг болохоор нь танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 02 сарын 13-ны өдөр манайд харанхуй болж байх үед буюу 18-19 цагийн үед л байсан байх би цагийг нь сайн санахгүй байна. Д.Мөнгөнбаяр манайд өөрийн портер маркийн машинтай ирж золгосон. Д.Мөнгөнбаяр манайд хоол цай идээд Д.Мөнгөнбаяр бид хоёр 1 ширхэг 2 литрийн Боргио гэсэн пиво хувааж уугаад Д.Мөнгөнбаяр хүргэн П.Чулуунбаярынх руу явлаа гээд манайхаас гарсан. Би Д.Мөнгөнбаярын хамт гэрээс гарч гаргаж өгсөн. Д.Мөнгөнбаяр өөрийн портер маркийн машиныг жолоодоод манай гаднаас хойд зүг рүү гудам тойроод явсан. Тэгээд би удалгүй гэртээ орох гэж байтал Д.Мөнгөнбаярын явсан зүгээс нэг гэрэл гараад урд зүг рүү эргээд тас хийх чимээ гарсан. Би гэртээ ороод эхнэр Л.Норжмаад сая нэг машин юм мөргөчих шиг боллоо Д.Мөнгөнбаяр биш байгаадаа гэж хэлээд хамт очиход Батдалай гэдэг хүний хашааг нэг цагаан өнгийн портер маркийн машин мөргөсөн зогсож байгаа харагдсан. Тэр үед захиргааны манаач Д.Пүрэвначин таарахад Д.Мөнгөнбаяр айлын хашаа мөргөсөн байна гэж хэлсэн.  Би Д.Мөнгөнбаяр дээр очих гэтэл машинаа асаагаад арын гудам руу ороод Цэвээн гэдэг айлын гадаа очиж зогссон. Би араас нь очоод Цэвээн гэдэг айлд орсон. Гэрт нь ороход Д.Мөнгөнбаяр сууж байсан. Би Д.Мөнгөнбаярт чи согтуу айлын хашаа мөргөсөн байна гэж хэлээд машиных нь түлхүүрийг аваад машиныг нь хүргэн П.Чулуунбаярынд аваачиж өгсөн. П.Чулуунбаярынд ороод Д.Мөнгөнчимэг, П.Чулуунбаяр хоёрт Д.Мөнгөнбаяр согтуу машинтайгаа явж байгаад айлын хашаа мөргөсөн байна. Машиныг нь аваад ирлээ, өөрөө Цэвээн гэдэг айлд байгаа гэж хэлсэн. Тэгээд Д.Чулуунбаяр эхнэр бид хоёрыг мотоциклиор гэрт хүргэж өгсөн. Цааш нь юу болсон талаар би мэдэхгүй. Д.Мөнгөнбаяр манайд харанхуй болж байх үед ирсэн. Тухайн үед эрх харанхуй болдог байсан. 18-19 цагийн үед л байсан байх. Д.Мөнгөнбаяр манайд ирэх үед машинд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Намайг очиход Д.Мөнгөнбаяр хашаа мөргөсөн байгаа харагдсан. Би очих гэхэд хөдлөөд явсан. Тэгээд Цэвээн гэдэг айлын гадаа очихоор нь би араас нь очсон. Х.Агтандорж гэдэг хүнийг танина манай нутгийн хүн байгаа юм. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би тухайн үед Х.Агтандоржийг хараагүй. Д.Мөнгөнбаярыг хашаа мөргөсөн байхыг хараад байж байтал Д.Мөнгөнбаяр удалгүй машинаа асаагаад явсан. Би тэгээд л араас нь явсан. Маргааш нь Д.Мөнгөнбаярыг Х.Агтандоржийг мөргөсөн гэж ярьсан. Би тухайн үедээ Х.Агтандоржийг хараагүй. Д.Мөнгөнбаяр манайд орж ирэхдээ бага зэрэг согтуу байсан. Найрнаас ирлээ гэж байсан. Манайд надтай хамт нэг ширхэг 2 литрийн Боргио гэсэн пиво уугаад гарсан. Манайхаас гарахдаа бага зэрэг согтуу байх шиг байсан. Хэр их согтуу байсанг нь би мэдэхгүй байна. Пүрэвначин гэдэг хүн Д.Мөнгөнбаярын мөргөсөн хашааны тэнд явган явж байсан. Тэгээд надад хашаа мөргөсөн байгаа хүнийг Д.Мөнгөнбаяр мөн байна гэж хэлсэн. Өөр бид 2 юм яриагүй. Д.Мөнгөнбаяр даруухан, төлөв томоотой, архи уугаад байдаггүй сайн залуу шиг санагддаг. Манай адуу Д.Мөнгөнбаярынд байдаг юм. Д.Мөнгөнбаяр манайхаас гараад манайхаас хойд зүгт байх хүргэн П.Чулуунбаярынд очино гээд гарсан. Д.Мөнгөнбаяр манай гаднаас хөдлөөд хойд зүгт явсан. Удалгүй нэг машин урд зүг рүү яваад нэг юм мөргөх чимээ гарсан. Тэгээд очиход Д.Мөнгөнбаяр айлын хашаа мөргөсөн байсан. Д.Мөнгөнбаяр манай гаднаас хөдлөхдөө их хурдтай байгаагүй. Гайгүй хөдөлсөн. Тухайн хэсэгт ямар нэгэн халтиргаа гулгаа байгаагүй. Тухайн үед харанхуй байсан...” гэх мэдүүлэг /хх-53-54х/

Гэрч Ц.Батдалайн өгсөн:

“...2016 оны 02 сарын 13-ны өдөр гэртээ байж байтал 20 цагийн үед байсан санагдаж байна. Яг хэдэн цагийн үед байсанг нь санахгүй байна. Манай хашааг нэг машин ирээд мөргөчихсөн. Би гэрээсээ гараад хартал цагаан өнгийн портер маркийн машин зогсож байгаа харагдсан. Би хараад Д.Мөнгөнбаяр байна гэж таньсан. Тэгээд намайг очихын завдалгүй буцаад давхиад явчихсан. Би тухайн үедээ хараад таньсан болохоор араас нь явалгүй гэртээ орсон. Тэр оройноо хүргэн П.Чулуунбаяр нь ирээд маргааш янзлаад өгье гэж хэлээд маргааш өглөө нь манай хашааг П.Чулуунбаяр янзалж өгсөн. Би маргааш нь Х.Агтандоржийг мөргөсөн гэж сонссон. Тухайн үед манай хашааг Д.Мөнгөнбаяр цагаан өнгийн машинаар мөргөсөн байгаа харагдсан. Манай хашааны мөргөсөн хэсэгт гупер болон гэрэлний хагархайнууд үлдсэн байсан. Би тухайн үед Х.Агтандоржийг хараагүй. Манай хашааны 13 ширхэг шургааг л хугарч унасан. Энийг П.Чулуунбаяр маргааш өглөө нь эрт янзлаад өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хашааны шургааг хуучин муудсан шургаагнууд байсан. Тэгээд янзлаад өгсөн болохоор надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний харсанаар Д.Мөнгөнбаяр согтуу байсан. Д.Мөнгөнбаяр манай хашааг мөргөчихөөд зугтаагаад явсан. Би араас нь дуудаагүй. Бид 2 хоорондоо юм яриагүй. Осол болох үед манайд өөр хүн байгаагүй. Манай хажуу талын хашааны Пүрэвначин над дээр ирсэн. Өөр хүн байгаагүй...” /хх-57х/

Гэрч Д.Пүрэвначингийн өгсөн:

“...2016 оны 02 сарын 13-ны өдөр би Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын тамгын газарт ажилтай байсан. Тэгээд 20 цагийн үед гэр рүүгээ хоолоо идэхээр явахад замд ямар нэгэн зүйл таараагүй. Тэгээд гэртээ хоолоо идчихээд бие засаад 00-доо сууж байтал манай хажуу талын хашаа болох Батдалай ахын хашааг нэг машин ирээд мөргөчихсөн. Тэгээд би гараад харахад Д.Мөнгөнбаяр цагаан өнгийн портер маркийн машинтай мөргөчихсөн байсан. Энэ үед Ч.Цогоо ахтай таарсан. Д.Мөнгөнбаяр Батдалай ахын хашааг мөргөчихөөд хөдлөөд явчихсан. Хаашаа явсанг нь би хараагүй. Тэгээд Батдалай ахтай уулзчихаад гэртээ ороод хувцасаа өмсөөд ажил руугаа явж байтал зам дээр Х.Агтандорж машинд мөргүүлсэн шинжтэй хэвтэж байсан. Х.Агтандоржийн хэвтэж байсан газарт давхар дугуйтай машины тоормозны мөр байсан. Тэгээд цагдаад болон эмнэлэгт мэдэгдээд Х.Агтандорж ахыг түргэний машинд суулгаж өгөөд эмнэлэгт оруулж өгсөн. Намайг ажлаасаа гэр рүү явахад зам дээр хүн байгаагүй. Д.Мөнгөнбаяр Х.Агтандорж ахыг мөргөчихөөд Батдалай ахын хашааг мөргөсөн юм байна лээ. Батдалай ахын хашаа болон Х.Агтандоржийн хэвтэж байсан газар хоорондоо бага зэрэг зайтай. Х.Агтандоржийн хэвтэж байсан газар давхар дугуйтай машины тоормозны мөр гарсан байсан. Тэр мөр нь бүтэн эргээд гарсан байсан. Тэгээд Батдалай ахын хашааг мөргөсөн байсан. Би тухайн үед Х.Агтандоржийг Д.Мөнгөнбаяр мөргөсөн байна гэж бодсон. Тухайн хэсэгт өөр ямар нэгэн автомашин байгаагүй. Намайг харах үед Х.Агтандорж газар ухаангүй хэвтэж байсан. Х.Агтандорж ахын толгой нүүр хэсгээс цус гарч газарт цус болсон байсан. Тухайн үед их хүйтэн байсан. Удсан бол Х.Агтандорж осгох байсан байх. Тэр машины тоормозны мөр Х.Агтандорж мөргөх хэсэг хүртэл гараад мөргөчихөөд эргээд явсан байсан. Х.Агтандоржийн дээгүүр нь бол машин гараагүй байсан. Тоормозны мөрнөөс Х.Агтандорж бага зэрэг хол байсан. Мөргүүлээд шидэгдсэн байх. Х.Агтандоржийг Д.Мөнгөнбаяр мөргөсөн нь машины тоормозны мөр болон машины дугуйн мөрнөөс харахад тодорхой байсан. Тухайн үед Д.Мөнгөнбаяр согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан. Би Д.Мөнгөнбаярыг яагаад зугтаасаныг мэдэхгүй байна. Би Батдалай ахын хашааг мөргөсөн хүнийг Д.Мөнгөнбаяр байна гэж таньсан. Д.Мөнгөнбаярыг би араас нь дуудаагүй. Д.Мөнгөнбаяр осол гаргачихаад хөдлөөд явсан. Хаашаа явсанг нь бол мэдэхгүй. Тухайн үед ямар нэгэн халтиргаа гулгаа байгаагүй. Их хүйтэн байсан. Бас гадаа харанхуй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-60-61х/

Гэрч Л.Норжмаагийн өгсөн:

“...2016 оны 02 сарын 13-ны өдөр манайд 18-19 цагийн үед Д.Мөнгөнбаяр манайд ирж золгосон. Д.Мөнгөнбаяр манайд хоол цай идээд Д.Мөнгөнбаяр манай нөхөртэй 1 ширхэг 2 литрийн Боргио гэсэн пиво хувааж уусан. Би ганц нэг уусан байх. Тэгээд Д.Мөнгөнбаяр хүргэн П.Чулуунбаярынх руу явлаа гээд манайхаас гарсан. Манай нөхөр сая нэг машин юм мөргөчих шиг боллоо Д.Мөнгөнбаяр биш байгаадаа гэж хэлээд хамт очиход Ц.Батдалай гэдэг хүний хашааг нэг цагаан өнгийн портер маркийн машин мөргөсөн зогсож байсан. Тэгтэл манай нөхөр Д.Пүрэвначинтай уулзаад Д.Мөнгөнбаяр хашаа мөргөсөн байна гэж хэлсэн. Тэгтэл Д.Мөнгөнбаяр машинаа асаагаад гудамж өгсөөд Цэвээн гэдэг айлын гадаа очиж зогссон. Нөхөр бид 2 араас нь гэрт нь ороход Д.Мөнгөнбаяр сууж байсан. Манай нөхөр Д.Мөнгөнбаярт чи согтуу айлын хашаа мөргөсөн байна гэж хэлээд машиных нь түлхүүрийг аваад машиныг нь хүргэн П.Чулуунбаярынд хүргэж өгсөн. П.Чулуунбаярт болон эхнэрт нь Д.Мөнгөнбаярыг айлын хашаа мөргөөд Цэвээн ахынд байгаа очиж аваарай гэж хэлсэн. Тэгээд П.Чулуунбаяр Ч.Цогоо бид хоёрыг мотоциклиор гэрт хүргэж өгсөн. Би хэдэн цагийн үед ирсэнг мэдэхгүй байна. Манайд ирэхдээ найрнаас ирлээ гээд бага зэрэг халамцуу ирсэн. Би машиныг нь хараагүй болохоор Д.Мөнгөнбаярын машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан талаар мэдэхгүй байна. Цэвээн ахын гадаа очиход урд гупер нь эвдэрсэн байгаа харагдсан. Батдалай гэдэг хүний хашааг мөргөөд зогсож байгаа харагдсан. Тэгээд удалгүй хөдлөөд явчихсан. Х.Агтандоржийг танина манай нутгийн хүн байгаа юм. Тухайн үед Х.Агтандорж харагдаагүй. Маргааш нь Батдалай гэдэг хүний хашааг мөргөхдөө Х.Агтандорж гэдэг хүнийг мөргөсөн тухай нь сонссон. Д.Мөнгөнбаяр манайд нөхөртэй хамт нэг ширхэг 2 литрийн Боргио гэсэн пиво уусан. Би ганц нэг өгөхөөр нь уусан байх. Д.Мөнгөнбаяр өөрөө бага зэрэг согтуу орж ирсэн. Манай адуу Д.Мөнгөнбаярынд байдаг юм. Тэгээд л манай нөхөртэй ах дүү гээд л явж байдаг. Д.Мөнгөнбаяр манайхаас гарахдаа хүргэн П.Чулуунбаярынд очно гээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-65-66х/

Гэрч С.Даваадоржийн өгсөн:

“...2016 оны 02 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд манай хүргэн Бямбацогт хүүхдийнхээ буюу манай зээ үсээ авч найр болсон. Тэр найран дээр Х.Агтандорж, Д.Мөнгөнбаяр 2 ирцгээсэн. Тэгээд найран дээр байж байгаад Дэмчигсүрэнгийн хамт Х.Агтандорж бид нар хамт Архангай аймгийн Хайрхан сумын төв рүү 17 цагийн үед ирсэн. Хайрхан сумын төвд ирээд Х.Агтандорж багийн даргынд орно гээд Асгат багийн дарга Занаагийн гадаа үлдсэн. Би Х.Агтандоржийг Занаагийн гэрт орсон үгүйг мэдэхгүй байна. Тэгтэл маргааш нь манай хүргэн Д.Мөнгөнбаяр, Х.Агтандоржийг мөргөсөн тухай мэдсэн. Х.Агтандорж манай хүргэн Бямбацогтын найран дээр архи уусан. Хэр их уусныг нь бол мэдэхгүй. Архи уучихсан байхын хувьд уусан байсан. Хайрхан суманд ирэхдээ нилээд согтуу ирсэн. Х.Агтандорж Хайрхан сумын төвд ирэхдээ биеийн байдал зүгээр байсан. Х.Агтандоржийн биед ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Бямбацогт буюу манай хүргэнийд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Х.Агтандорж хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон хийгээгүй. Д.Мөнгөнбаяр тухайн үед найр болж байсан болохоор архи уусан. Хэр их уусан хэр их согтуу байсанг нь мэдээгүй. Бид нар урд хойноо ороод л Хайрхан сумын төвд ирсэн. Д.Мөнгөнбаяр архи уудаггүй зан ааш сайтай, миний дэргэд л архи ууж байгаагүй. Манай охинтой гэр бүл болоод 6 жил болж байгаа байх. 3 хүүхэдтэй. Тухайн үед найр болж байсан болохоор л архи уусан байх. Тэрнээс архи уугаад хэрэг төвөгт орооцолдоод байдаг хүн биш байгаа юм. Гэр бүл үр хүүхэддээ халамжтай сайн хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-68х/

Гэрч Д.Дэмчигсүрэнгийн өгсөн:

“...2016 оны 02 сарын 13-ны өдөр манай хүргэн Бямбацогт хүүхдийнхээ үсийг авч найр хийсэн юм. Найран дээр нь манай хамаатан садан болон Х.Агтандорж, Д.Мөнгөнбаяр нар ирсэн байсан. Д.Мөнгөнбаяр, Бямбацогт 2 манай хүргэнүүд байгаа юм. Найран дээрээс Х.Агтандорж ах, Д.Мөнгөнбаяр өөрийнхөө машинтай бид нар урд хойноо ороод хамт ирсэн. Тэгээд Хайрхан сумын төвд ирээд Х.Агтандорж ахыг Асгат багийн засаг дарга Занаагийн гадаа буулгасан. Х.Агтандорж ах өөрөө багийн даргындаа орно гээд буусан юм. Тэгээд тэр өдрийн орой нь Х.Агтандорж ахыг Д.Мөнгөнбаяр мөргөсөн тухай мэдсэн. Би осол болохыг нь бол хараагүй. Х.Агтандорж найран дээр архи уусан. Нилээд их согтуу байсан. Х.Агтандорж ахын биеийн байдал хэвийн, ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Х.Агтандорж ах согтуу байсан. Х.Агтандорж ах болон өөр хэн нэгэн Бямбацогтынд хэрүүл маргаан, зодоон хийгээгүй. Д.Мөнгөнбаяр найран дээр байсан болохоор уусан байх. Гэхдээ их согтоогүй байгаа харагдсан. Д.Мөнгөнбаяр гэр бүл, үр хүүхэддээ халамжтай, ажилсаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй томоотой сайн залуу байгаа юм. Х.Агтандорж ах надаас салаад би Базарсад гэдэг айлд байхад орж ирээд унтана гээд ор засуулаад хэвтэж байснаа Данзансодов гэдэг айлд орно гээд харанхуй болсон байх үед гараад явсан. Тухайн үед Х.Агтандорж ахын биед ямар нэгэн ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Харин согтуу бөөлжөөд байсан. Тэгээд унтана гээд хэвтэж байснаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-71-72х/

Шинжээч Б.Отгонжаргалын өгсөн:

“...Д.Мөнгөнбаярыг танихгүй. Би Архангай аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдагийн ахлах дэслэгч Б.Данзансодовын 2016 оны 02 сарын 06-ны өдрийн шинжээч томилсон тогтоолоор Д.Мөнгөнбаярын цусанд этилийн спирт тогтоох шинжилгээ хийсэн. Тогтоол болон пенициллиний шилтэй 5-6 мл орчим цусыг 2016 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авсан. Уг пенициллиний шилтэй цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээ хийхэд цусанд спиртийн алкоголь илрээгүй. Тийм учраас Д.Мөнгөнбаярын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй гэж 06 тоот дүгнэлтээ гаргасан. Хүлээж авсан пенциллиний шилтэй цусны гадна талд нь байх цаасан дээр уг цусыг 2016 оны 02 сарын 14-ний өдөр Д.Мөнгөнбаяр, 34 нас, эр 18:12 гэж бичиж наасан байсан. Энэ нь осол гарсан өдрийн маргааш орой нь Д.Мөнгөнбаярын судаснаас цус авсан гэсэн үг. Тийм учраас цусанд спиртийн алкоголь илрээгүй. Архи согтууруулах ундааны зүйл нь биеээс хоол боловсруулах замаар цусанд шимэгдэж гадагшилдаг. Д.Мөнгөнбаярын биенээс осол болсон өдрийн маргааш буюу 2016 оны 02 сарын 14-ний өдөр 18 цаг 12 минутанд авсан байсан. Энэ хугацаанд архи согтууруулах ундааны зүйл биеэс гадагшилсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-77-78х/

Сэжигтэн яллагдагч Д.Мөнгөнбаярын өгсөн: 

“...Би сэжигтэнээр тооцох тогтоолыг уншиж танилцлаа. Надад ямар нэгэн тайлбар байхгүй. би өмгөөлөгч сонгон аваагүй байгаа. Өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би бичиг үсэг мэднэ. Уншиж чадна. 2016 оны 02 сарын 12-ны өдөр би эхнэр хүүхдүүдийн хамт хөдөө гэрээсээ Хайрхан сумын төвд ирж золголт хийгээд П.Чулуунбаяр гэдэг айлд хоносон. Маргааш нь өглөө хүүхдийн үсний найр руу Хэрэмт гэдэг газар руу баз Бямбацогт гэдэг айлд очсон. Бямбацогтынд өдөр 13 цагийн үед очсон. Тэндээ ёс болгож орос архи 3 жижиг аяга, монгол архи нэг аяга, тэгээд айраг уусан. Тэнд бага зэрэг согтсон. Тэндээсээ 16 цагийн үед гараад өөрийн эзэмшлийн портер маркын 18-75 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодоод Хайрхан сумын төвд 18 цагийн үед ирсэн. Тэгээд эхнэр хүүхдээ хүргэн П.Чулуунбаярынд буулгаад би өөрөө машинаараа Ч.Цогоо гэдэг айлд очиж золгосон. Ч.Цогоогийнд 2 литрийн 2 ширхэг пиво Ч.Цогоо болон эхнэр Л.Норжмаа нартай уусан. Ч.Цогоогийнхоос 22 цагийн үед гарсан. Ч.Цогоогийнхоос гараад баруун тийш эргээд хашааг нь тойроод хүргэн П.Чулуунбаярынх руу явж байтал зам дээр хүн явж байгаа харагдсан. Би тооромзоо 2 удаа гишгэтэл машин зогсохгүй зам дээр явж байсан хүнийг мөргөчихсөн. Тэр хүнийг мөргөөд сандараад тоормозоо гишгэх гэтэл хаазан дээрээ гишгээд хашааг нь мөргөчихсөн. Тэгтэл тэр айлын хүн нь гарч ирэхээр нь би уучлалт гуйгаад маргааш янзалж өгье гэж хэлээд машинаа аваад Цэвээн гэдэг ахындаа очсон. Цэвээн ахынд байж байхад П.Чулуунбаяр, Д.Мөнгөнчимэг 2 ирээд намайг дагуулаад гэр рүүгээ явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би тухайн үед 2 дугаар араагаараа явж байсан. Их хурдтай яваагүй. Би тэр хүнийг мөргөхдөө таниагүй. Дараа нь Х.Агтандорж гэдэг хүн байна гэж таньсан. Би явж байтал зам дээр нэг хүн явж байгаа харагдсан. Би машиныхаа тооромзыг гишгэтэл зогсохгүй очоод мөргөсөн. Миний автомашины тооромз хэвийн ажиллагаатай. Тухайн үед ямар нэгэн халтиргаа гулгаа байгаагүй. Тэр хүнийг би машиныхаа жолооч талаар буюу зүүн талаар л мөргөх шиг болсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ юу болж байгааг мэдэж байсан. Тасраагүй байсан. Тухайн үед хүн мөргөөд айж сандарсандаа осол болсон газрыг орхиод явчихсан юм. Би хэн гэдэг айлын хашааг мөргөснөө мэдэхгүй байна. Нэрийг нь санахгүй байна. Гэхдээ танина. Хашааных нь банзнууд хугарсан. Хэдэн банз хугарсанг мэдэхгүй байна. Би хүн мөргөсөн тухайгаа хэн нэгэнд хэлээгүй. Би хашаа мөргөх үед л гупер эвдэрсэн байх. Тэрнээс өмнө бүтэн байсан. Миний автомашины салхины шил осол болохоос өмнө бүтэн байсан. Осол болж хүн мөргөсөн үед хагарсан байх. Би тухайн үед хүн мөргөчихлөө гэж айж сандарсандаа л осол болсон газрыг орхиж зугтаасан. Зугтааж байх үедээ Батдалай гэдэг айлын хашааг ба мөргөсөн. Би Х.Агтандорж гэдэг хүнийг нэг нутгийн хүн гэдгээр танина. Ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Х.Агтандоржийг Архангай аймаг болон Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн. Гарсан бүх зардлыг бүгдийг нь гаргаж өгсөн. Би яг хэдэн төгрөг болсонг сайн мэдэхгүй байна. Би Батдалайн хашааг шинэ банзаар сольж янзалж өгсөн. Тухайн үед хүн мөргөөд сандарсан явж байсан. Хашаа тулаад ирэхээр зогсох гэтэл зогсохгүй очоод мөргөсөн. Би болсон хэрэгт их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-104-106, 109-110х/ 

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 06 тоот дүгнэлтэд:

 “...1. Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Д.Мөнгөнбаярын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй...” гэх дүгнэлт /хх-76х/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 18-ны өдрийн 64 тоот дүгнэлт: 

    “...1. Х.Агтандоржын биед, духны баруун талд зулайруу чиглэсэн цууралт, тархи доргилт, зүүн нүд орчим, баруун шанаанд зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэглэх үйлчлэлээр үүснэ. 3. 2014 оны 12 сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан а/216/422 тоот * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооох журам*-ын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4.Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-87х/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 21-ний өдрийн 64 тоот дүгнэлтийн нэмэлт:

“...1. Х.Агтандоржын биед, баруун чамархай, суурь ясны баруун их далавчийг хамарсан хугарал, баруун хацар ясны хугарал, зулайн баруун ба зүүн тал, зүүн чамархайг хамарсан тархины эдийн цусархаг няцралт, зүүн нүд орчим, баруун шанаанд зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэглэх үйлчлэлээр үүснэ. 3. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан а/216/422 тоот *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-2-д зааснаар дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35%-иас дээш тогтонги алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна эргэн сэргэх боломжтой. 5. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материалаас үзвэл Х.Агтандорж нь хамрын ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал гэмтэлтэй байсан байна...” гэх дүгнэлт /хх-93х/

* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5х/ 
* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7, 12, 15, 27-28х/
* Ослын газрын схем зураг /хх-9х/ 
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11, 13-14х/
* Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-19х/
* Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-25-26х/
* Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн засаг даргын 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолт /хх-115х/
* Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн засаг даргын 2016 оны 03 сарын 07-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт /хх-115х/
* Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-118-119х/
* Эмчилгээний зардалд төлсөн баримт /хх-122-123х/
* Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-124-136х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Мөнгөнбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны орой Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Дэнж хорооллын 2 дугаар гудамжийн зүүн талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн 18-75 АРХ улсын дугаартай Хюньдэй Портер маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөн саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.5.в-д “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хохирогч Х.Агтандоржийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, улмаар зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Х.Агтандоржийн “...Би ямар машинд мөргүүлсэнээ хараагүй. Нэг мэдэхэд л мөргүүлчихсэн. Осол болох үед Базарсад гэх айлаас Данзансодов гэх айлд орохоор явж байгаад замдаа мөргүүлсөн. Би мөргүүлэхдээ ар талаасаа мөргүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний Хайрхан сум, Архангай аймаг, Улаанбаатар хотод эмчлүүлсэн бүх зардлыг Д.Мөнгөнбаяр төлсөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнгөнчимэгийн “...Тухайн үед Д.Мөнгөнбаяр ах би айлын хашаа мөргөчихлөө гэж байсан. Хүн мөргөсөн тухайгаа хэлэхгүй байсан. Би дараа нь цагдаа нар ирэхэд энэ тухай мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Чулуунбаярын “...Ц.Батдалай гэдэг айлын хашааны ертөнцийн зүгээр зүүн талыг нь мөргөсөн байсан. Хашааных нь моднууд машин мөргөсөн хэсгээр хугарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цогоогийн “...Д.Мөнгөнбаярын явсан зүгээс нэг гэрэл гараад урд зүг рүү эргээд тас хийх чимээ гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Батдалайн “...Би гэрээсээ гараад хартал цагаан өнгийн портер маркийн машин зогсож байгаа харагдсан. Би хараад Д.Мөнгөнбаяр байна гэж таньсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Пүрэвначингийн “...Х.Агтандорж машинд мөргүүлсэн шинжтэй хэвтэж байсан. Х.Агтандоржийн хэвтэж байсан газарт давхар дугуйтай машины тоормозны мөр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Норжмаагийн “...Ц.Батдалай гэдэг хүний хашааг нэг цагаан өнгийн портер маркийн машин мөргөсөн зогсож байсан. Тэгтэл манай нөхөр Д.Пүрэвначинтай уулзаад Д.Мөнгөнбаяр хашаа мөргөсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Мөнгөнбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...зам дээр хүн явж байгаа харагдсан. Би тооромзоо 2 удаа гишгэтэл машин зогсохгүй зам дээр явж байсан хүнийг мөргөчихсөн. Тэр хүнийг мөргөөд сандараад тоормозоо гишгэх гэтэл хаазан дээрээ гишгээд хашааг нь мөргөчихсөн... Би тэр хүнийг мөргөхдөө таниагүй. Дараа нь Х.Агтандорж гэдэг хүн байна гэж таньсан. Би явж байтал зам дээр нэг хүн явж байгаа харагдсан. Би машиныхаа тооромзыг гишгэтэл зогсохгүй очоод мөргөсөн. Миний автомашины тооромз хэвийн ажиллагаатай. Тухайн үед ямар нэгэн халтиргаа гулгаа байгаагүй. Тэр хүнийг би машиныхаа жолооч талаар буюу зүүн талаар л мөргөх шиг болсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ юу болж байгааг мэдэж байсан. Тасраагүй байсан. Тухайн үед хүн мөргөөд айж сандарсандаа осол болсон газрыг орхиод явчихсан юм...” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Д.Мөнгөнбаярын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл хохирогч Х.Агтандоржийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан буюу үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна. 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Д.Мөнгөнбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Агтандоржийн мөрдөн байцаалтан шатанд мэдүүлсэн “...Шүүх хуралд миний өмгөөлөгч С.Нармандал оролцоно. Миний ярьсан зүйлс үнэн зөв. Би Д.Мөнгөнбаярт ямар нэгэн гомдол байхгүй. Д.Мөнгөнбаярт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг л хүсэж байна...” гэх мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр шүүгдэгч Д.Мөнгөнбаяр нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Д.Мөнгөнбаярын цусанд алкоголь илрээгүй гэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 06 тоот дүгнэлт гарсан хэдий ч түүний биенээс хэрэг учрал гарсан өдрийн маргааш буюу 2016 оны 02 сарын 14-ний өдрийн 18 цаг 12 минутанд судасны цус авсан болох нь шинжээчийг байцаасан тэмдэглэлээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч Д.Мөнгөнбаяр нь согтуугаар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд үүнийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. 
    
Шүүгдэгч Д.Мөнгөнбаяр нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-118-119х/ тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг  хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв. 

Хэргийн улмаас битүүмжлэгдсэн Д.Мөнгөнбаярын эзэмшлийн 18-75 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашиныг түүнд буцаан олгож, шүүгдэгч Д.Мөнгөнбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Дашийн Мөнгөнбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие мах бодид хүнд гэмтэл учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ял буюу хөнгөн ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6. Шүүгдэгч Д.Мөнгөнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Мөнгөнбаярын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 04 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 18-75 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашиныг өмчлөгч Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг, Баянгол гэх газарт оршин суух  Дашийн Мөнгөнбаярт буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Д.Мөнгөнбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнгөнбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

11. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР