Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1079

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00380 дугаар шийдвэртэй, Ц.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газарт холбогдох,

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 145 480 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаар Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас буруу халагдсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 1124 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл шийдвэрийг биелүүлээгүй, ажилд томилохгүй намайг хохироож байна. Миний хувьд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж сар бүрийн эхэнд 460 000 төгрөгийн зээл төлдөг, нялх хүүхэдтэй, оюутан эхнэрийн хамт амьдардаг.

Ажил олгогч нь 2016 оны 12 дугаар сард уулзахад хавраас ажилд авна гэсэн. Гэтэл тушаал гарсан байсан гэх юм. Би 2017 он гараад ажлаар байнга очиж байсан. Надад тушаал танилцуулаагүй, ямар ажилд томилох гэж байгааг мэдэхгүй. Шүүхэд өргөдлөө өгсөн байсан, шүүхээр дамжуулж харьцаж болох байсан. Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх цалин олговорт 2 145 480 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын Их Хурлын 2016 оны Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагын талаар авах арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолоор тус тус байгууллагын нэршил Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой агентлагийн болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын байрны ачааллыг нягтруулах зорилгоор тус сангийн бүтэц, орон тоог Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар 11 орон тоотой байхаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан чиг үүргийг хариуцан ажилладаг тус газрын харьяа сан юм.

Ц.Эрдэнэбатыг ажлаас чөлөөлсөн ба түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1124 тоот шийдвэр гарсан. Өөрийнх нь ажил байхгүй болсон учир шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц.Эрдэнэбатыг дуудан уулзаж, түүнд олгох нийт 2 073 921 төгрөгийг 2017 оны 02 дугаар сард багтаан олгох, мөн орон тоо гармагц ажилд авах талаар харилцан тохиролцсон. Үүний дагуу тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тушаал гарч Ц.Эрдэнэбатыг мэргэжилтнээр ажиллуулах болж, үүнийг мэдэгдэх гэтэл утас нь болохгүй байсан, гэрийн хаягаар нь мэдэгдэл хүргүүлээд байна. Ямар ажил хариуцах, хэдэн төгрөгийн цалинтай байх зэргийг хөдөлмөрийн гэрээ хийхдээ шийдэх ёстой. Тус сан 11 орон тоотой ажиллаж байгаа ба 12 дахь хүн болгож авч байгаа. Бусад ажилтны цалинг бууруулж байж түүнийг цалинжуулна. Уулзаж, тохиролцоонд хүрч ажилд аваад байхад өөрөө ирээгүй, ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2 145 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 49 278 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 278 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 11 382 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй ба хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой.

Ц.Эрдэнэбатыг шүүхийн шийдврийн дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд мэргэжилтнээр томилж, уг тушаалыг түүнд танилцуулахаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь нар тус газарт бүртгэлтэй 8806-8912 дугаарын утас руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан.

Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрх хаягаар шуудангаар явуулсан боловч хаяган дээрээ байхгүй шалтгаанаар буцааж байсан. Шүүх хуралдаанд Ц.Эрдэнэбат би дугаараа сольсон, та нарт мэдэгдэх албагүй гэж мэдүүлсэн. Шүүх түүнийг ажилд томилсон тушаал гарснаас хойш ажиллаагүй нь Ц.Эрдэнэбатын буруугаас болоогүй гэж хэт нэг талыг барьж, ажилд томилсон тушаалыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, түүнийг ажилд томилсон 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хугацааны цалинг олгуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Ц.Эрдэнэбат нь шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Скайтел” ХХК-д ажилд орж, ажилд томилох тухай тушаал нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан байдаг. Тус хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон бөгөөд Ц.Эрдэнэбат өөр байгууллагад ажиллаж байгаа талаараа мэдэгдээгүй, намайг хариуцагч тал ажилд авахгүй өнөөдрийг хүртэл хохироож байна гэж тайлбарласан байдаг. Хариуцагчийн зүгээс түүнийг өөр байгууллагад давхар ажил эрхэлж байгаа талаар мэдэх боломжгүй байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний хувьд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбат нь хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 145 480 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01124 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 073 921 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 7-9 тал/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б/02 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатыг ажилд нь эгүүлэн томилж, уг тушаалын талаар мэдэгдэх гэтэл утас нь холбогдохгүй, шуудангаар хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй шалтгаанаар буцаж ирсэн гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч тал нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал гаргасан атлаа энэ талаар ажилтанд мэдэгдэж танилцуулаагүй нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэбатыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа өөр байгууллагад ажил эрхэлж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй гэж давж заалдах гомдолд дурдсан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл болохгүй юм.

Харин шүүх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийж, баталгаажуулах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйг зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд нэмэлт оруулж, “шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны эрх, ашгийг илтэд хохироосон, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан” гэх хариуцагчийн төлөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00380 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Ц.Эрдэнэбатад” гэсний өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРАГЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА