Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103

 

М.Ганбаатар, Д.Болдсайхан нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1189 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар магадлал,

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 79 дүгээр тогтоолтой, 201518000019 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жагд овогт Мөнх-Очирын Ганбаатар нь Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашдэлэгийн Болдсайхан нь Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Ганбаатарыг хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан зохион байгуулсан, Д.Болдсайханыг хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар М.Ганбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар Д.Болдсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар М.Ганбаатарт оногдуулсан 6 сар баривчлах ял, Д.Болдсайханд оногдуулсан 4 сар баривчлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй, N80510022 арлын дугаартай, “Хюндай Робекс 3000LC-7” загварын эксковатор, улсын дугааргүй N80211072 арлын дугаартай “Хюндай Робекс 2900LC-7” загварын эксковатор, улсын дугааргүй WAY0183 арлын дугаартай “Самсунг бульдозер”, 91-11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын автомашин, 19-52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны автомашин зэргийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “...91-11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын автомашин, 19-52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны автомашин...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “...“Кэй Ви Пи” ХХК-ийн өмчлөлийн 91-11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгсэл, 19-52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг тус тус 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Прокурорын тогтоолоор хязгаарласныг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ганбаатар, Д.Болдсайхан нарын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Монгол Улсын дээд шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1189 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, 100 дугаар зүйлийн 100.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ганбаатар, Д.Болдсайхан нараас шинжээчийн дүгнэлт гаргасны буюу байцаан шийтгэх ажиллагааны зардал болох 14.378.250 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Тод хангал” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ганбаатар, Д.Болдсайхан нарын өмгөөлөгч С.Энхтайваны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Улсын ерөнхий прокурорын газарт өмгөөлөгч С.Энхтайванаас гаргасан гомдлын дагуу шинэ нөхцөл байдал илэрснээр хэргийн ажиллагаа үүсгэн шалгахад хэрэгт шүүхээс улсын орлого болгож шийдвэрлэсэн улсын дугааргүй N80510022 арлын дугаартай “Хюндай Робекс 3000LC-7” загварын эксковатор, улсын дугааргүй N80211072 арлын дугаартай “Хюндай Робекс 2900LC-7” загварын эксковатор, улсын дугааргүй WAY0183 арлын дугаартай “Самсунг бульдозер”, 91-11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгсэл, 19-52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны тээврийн хэрэгслүүд нь “Кэй Ви Пи” ХХК-ийн өмч болох нь БНСУ-ын иргэн, “Кэй Ви Пи” ХХК-ийн захирал И Ду Санг, хэргийн холбогдогч М.Ганбаатар, Д.Болдсайхан нарын мэдүүлгээр тогтоогдсоноос гадна мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Наранбаатарын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн 201301011753 дугаартай хэрэгт үзлэгийн тэмдэглэл үйлдэж “Кэй Ви Пи” ХХК-ийн эд хөрөнгүүдийг битүүмжлэхэд дээрх 5 нэр төрлийн техник, тээврийн хэрэгслүүд тус компанийн эд хөрөнгийн жагсаалтад бүртгэлтэй бөгөөд хамт битүүмжлэгдсэн болох нь тогтоогдож байна. Шинэ нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэн шалгах явцад эрүүгийн хэрэгт хураагдсан 5 тээврийн хэрэгсэл нь “Кэй Ви Пи” ХХК-ийн өмч болох нь тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад заасан “...урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хөнгөн ...ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох өмнө нь шүүх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал” илэрч байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1189 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Улсын болон арлын дугааргүй тээврийн хэрэгслүүд хэний өмчлөлийнх болох, мөн ямар гэмт хэрэг үйлдэхэд дээрх тээврийн хэрэгслүүдийг ашигласан талаар нарийвчлан тогтоосон зүйл байхгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу Эрүүгийн 201518000019 дугаартай хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...тээврийн хэрэгслийг… эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч М.Ганбаатар, Д.Болдсайхан нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй N80510022 арлын дугаартай “Хюндай Робекс 3000LC-7” загварын эксковатор, улсын дугааргүй N80211072 арлын дугаартай “Хюндай Робекс 2900LC-7” загварын эксковатор, улсын дугааргүй WAY0183 арлын дугаартай “Самсунг бульдозер”, 91-11 УНЧ улсын дугаартай “Хово” загварын автомашин, 19-52 УНЯ улсын дугаартай “Дэү” загварын ачааны автомашин зэргийг улсын орлого болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

М.Ганбаатар, Д.Болдсайхан нарын хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад ашигласан техник, тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч гэх “Кэй Ви Пи” ХХК-ийн захирал И Ду Сан нь гэрчээр “...М.Ганбаатар, Д.Болдсайхан нар алт ухах газраа дагуулан очиж байсан. Би Сэлэнгэ аймаг гэдгийг мэдэж байна. Улаанбаатар хотоос гараад 12 цаг гаран бартаа ихтэй замаар явж байсан” гэж мэдүүлжээ. Үүнээс үзвэл “Кэй Ви Пи” ХХК-ийн захирал И Ду Сан нь шүүгдэгч М.Ганбаатар, Д.Болдсайхан нарыг тухайн техник, тээврийн хэрэгслүүдийг ашиглан алт олборлох үйл ажиллагаа явуулах гэж байсныг мэдэж байсан байна.

Шүүгдэгч М.Ганбаатар, Д.Болдсайхан нар нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хураагдсан техник, тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүйгээс гадна прокурорын бичсэн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь заалтад заасан “...урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хөнгөн... ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл”-д хамаарахгүй байх тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН