| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01001/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01155 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01155
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/01155 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 17-р хороо, 104-р байрны 47 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧБ83052711 Үжээд овогтой Даваасүрэнгийн Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 7-р байр 1,2 тоотод оршин байрлах “Даяар хас” ХХК холбогдох орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн, Д.Эрдэнэбаярт холбогдох ашиглалтын зардалд 863 960 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /үнэмлэх 0096/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 10-р сарын 20-ны өдөр “Даяар хас” ХХК-тай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 8-р хороо, 7-р байрны 1,2 тоот 114 м.кв 5 өрөө орон сууцыг зочид буудал ажиллуулахаар тохирсон. Сарын түрээсийн төлбөр 2 000 000 төгрөг төлөх, “Даяар хас” ХХК нь зочид буудал ажиллуулах зөвшөөрлийг гаргаж өгөх, гэрээний 6-р зүйлд зөвшөөрөл гарсны дагуу хугацааг тоолно гэж тохирсон. “Даяар хас” ХХК нь 2 сарын түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг, барьцаа гэж 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг надаас авсан. Гэтэл “Даяар хас” компани нь зочид буудлын зөвшөөрлийг авч өгөөгүй. 1 сар өнгөрсөн боловч зөвшөөрөл гараагүй, нэхээд байх боломжгүй байсан тул гэрээгээ цуцлахаар болж 2016 оны 11-р сард байрыг хүлээлгэн өгч, 4 000 000 төгрөгөө буцаан авсан. Харин 2 000 000 төгрөгийг өгөөгүй. Талуудын хүсэл зорилго биелээгүй, гэрээнээс талууд санал нэгтэйгээр татгалзсан юм. Зөвшөөрөл нь Д.Ганбаатар гэдэг хүний нэр дээр гарсан байдаг. “Даяар хас” ХХК-ний нэр дээр зөвшөөрөл гараагүй, зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тул “Даяар хас” ХХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжглэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Даяар хас” ХХК нь 2016 оны 10-р сарын 20-нд Д.Эрдэнэбаяртай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээний 6.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн захирал Д.Ганбаатарын нэр дээр дэн буудлын зөвшөөрлийг Баянгол дүүргийн Засаг даргаас гаргасан. Мөн галын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Д.Эрдэнэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэл 90 хоногийн турш ажиллуулсан. Хөлслөгч нь Иргэний хуулийн 304-р зүйлд заасан гэрээ байгуулсан бол 289.1.2 дахь хэсэгт эд хөрөнгө ашигласныхаа төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй, гэрээгээр сар бүрийн 5-ны дотор хөлсөө төлөх байсан. Цахилгаан, Сансар кабелийн үйлчилгээний хөлс нь 2 000 000 төгрөгт ороогүй бөгөөд ашиглалтын зардлыг дараа сарын 15-ны дотор төлнө. Гэтэл одоо болтол ашиглалтын зардлыг төлөөгүй байдаг. Д.Ганбаатарын нэр дээр зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гарсан нь өмчлөгчтэй холбоотой юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжглэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбаяр нь 2016 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 06-ны өдөр хүртэл сарын 2 000 000 төгрөгөөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Хөлслөгч нь ашиглалтын зардал төлөх байсан. Орон сууц хөлслөх гэрээний дагуу ашиглалтын зардал 596 892 төгрөг, алданги 268 110 төгрөг нийт 863 960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Бид гэрээний 6.4-т зааснаар зочид буудал ажиллуулах зөвшөөрөл гарсны дагуу ажил үйлчилгээ эрхлэх байсан боловч зочид буудал ажиллуулах боломжгүй болсон. Зөвшөөрөл ч гаргаагүй, үйл ажиллагаа ч явуулаагүй тул хоёулаа гэрээнээс татгалзсан. Хэрвээ зөвшөөрөл нь гарсан, үйл ажиллагаа явуулсан бол ашиглалтын зардал төлөх байсан. Нэгэнт зочид буудал ажиллуулаагүй, гэрээнээс татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяр нь “Даяар хас” ХХК-нд холбогдох орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь орон сууц хөлсөлсний ашиглалтын зардалд 863 960 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Д.Эрдэнэбаяр нь 2016 оны 10-р сарын 20-ны өдөр Даяар хас ХХК-тай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 8-р хороо, 7-р байрны 1,2 тоот 114 м.кв 5 өрөө орон сууцыг зочид буудлын зориулалтаар хөлслөх, хөлслөгч сард 2 000 000 төгрөгний хөлс төлөхөөр /хх 5-6/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 302-р зүйлд заасан “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан байна.
Гэрээгээр хөлслүүлэгч нь гэрээний 6.4-т зааснаар “зочид буудлын зөвшөөрөл” гарсны дараа ажил үйлчилгээ эхлүүлэхээр шилжүүлэх, хөлслөгч нь 3 сарын төлбөрт 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 7/ нь баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин талуудын хооронд хөлслүүлэгч “гэрээгээр тохирсон зөвшөөрлийг гаргаж өгөөгүй”-гээс маргаан гарсан, улмаар хөлслөгч орон сууцыг зочид буудлын зориулалтаар эзэмших, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж гэрээнээс татгалзжээ.
Хөлслөгч гэрээнээс татгалзсанаар хөлслүүлэгч 4 000 000 төгрөгийг буцаан төлсөн /хх 8-10/ байх ба үүгээр хэн аль нь гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
Орон сууцны тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-т тусгай зөвшөөрөл авах шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ сууцандаа эрхлэх тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгч нь хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авсан байхаар заажээ.
Баянгол дүүргийн ИТХ-ын 07 тоот тогтоолыг үндэслэн иргэн Д.Ганбаатарт Баянгол дүүргийн 8-р хороо, 7-р байрны 1,2 тоотод 2016 оны 10-р сарын 25-наас 1 жилийн хугацаатай “дэн буудал” ажиллуулах 521 тоот гэрчилгээ /хх 18/ олгосон, гал түймрийн улсын байцаагчийн дүгнэлт /хх 19/ гарсан байна.
Харин Даяар хас ХХК нь дэн буудал ажиллуулах зөвшөөрөл авсан гэх үндэслэлгүй, иргэн Д.Ганбаатарыг Даяар хас ХХК-ний захирал гэх боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд О.Мөнх-Эрдэнэ тус компаний захирлаар бүртгэгдсэн байна.
Үүгээр, тухайн зөвшөөрлийг Даяар хас ХХК-д олгогдсон зөвшөөрөл гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлага 2 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Даяар хас ХХК нь Д.Эрдэнэбаярт холбогдох үйл ажиллагаа явуулсан үеийн зардалд 863 960 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Даяар хас ХХК нь гадаад худалдаа, автомашины худалдаа, түрээсийн үйлчилгээ, автомашины засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн байх ба Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.4.5 дахь хэсэгт заасан нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн ус, цахилгаан, дулааны зардлыг төлөхийг мэдэгдэх, төлөхөөр шаардах /хх 21-25/ эрхгүй байна.
Нөгөө талаас, Д.Эрдэнэбаяр нь эдгээр зардлыг гаргасан нь нотлогдоогүйгээс гадна “Даяар хас” ХХК нь хэрэглэгчийн хувьд эдгээр зардлыг эрх бүхий байгууллагат төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн нь тогтоогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302-р зүйлийн 302.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан Даяар хас ХХК-иас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулж Даваасүрэнгийн Эрдэнэбаярт олгож, Д.Эрдэнэбаяраас 863 960 /найман зуун жаран гурван мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулахыг хүссэн Даяар хас ХК-ний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөг, хариуцагч Даяар хас ХХК-иас төлсөн 25 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэбаярт олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА