| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00788/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01156 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01156
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/01156 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 41-р байрны 153 тоот, “Жиашидэ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 37-р байр 56 тоотод оршин суух, Замын үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд газар зохион байгуулагч ажилтай, регистр ЧМ86032377, Онолт овогтой Шийлэгбатын Амартүвшинд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42 085 618 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, хариуцагч Ш.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жиашидэ ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Өлзийбаяртай үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулсан. Гэрээгээр Баянгол дүүргийн 18-р хороо, 37-р байрны 56 тоот 51,25 м.кв 2 өрөө орон сууцыг 1м.кв үнийг 1 190 000 төгрөгөөр нийт 61 023 200 төгрөгөөр төлөхөөр захиалсан. Урьдчилгаа 33 хувь буюу 20 000 000 төгрөгийг 2011 оны 10-р сарын 26-нд төлсөн. Гэрээний 5.6-д зааснаар план зургийг гэрээний хавсралт салшгүй хэсэг мөн гэж заасан. Хариуцагч байрандаа ороод 41 223 000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр орсон. Ингээд төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 12 дугаар сарын 25, 2016 оны 02 дугаар сарын 16, 2016 оны 03 дугаар сарын 17, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус 41 023 200 төгрөгийг төлөх мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг Амартүвшингийн ээж Өлзийбаяр хүлээж авсан. С.Өлзийбаяртай байгуулсан гэрээний үүргийг хүү Ш.Амартүвшин нь 2016 онд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хэрэв төлөхгүй байх юм бол 2016 оны 06 дугаар сарын 01 нээс хойш алданги тооцох талаар мэдэгдэл өгсөн. Ш.Амартүвшингээс 41 023 200 төгрөг, алданги 1 062 418 төгрөг нийт 42 085 618 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч алдангаа хасч 41 023 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ш.Амартүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жиашидэ ХХК-тай 2011 онд гэрээ байгуулж байрандаа орсон. Байрны үлдэгдэл төлбөр 41 023 200 төгрөгийг төлөөгүй байгаа, үүнийг төлөхөд бэлэн байна. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлнө гэсэн боловч 8 хувийн зээл хаагдсан болохоор удаашралтай байгаа нь үнэн. Банкны зээлийг одоо ч олгож эхлээгүй байна. Цаг хугацааны асуудал үүсээд байгаа учраас харгалзан үзнэ үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жиашидэ ХХК нь Ш.Амартүвшинд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42 085 618 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч алданги 1 062 418 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 41 023 200 төгрөг болгож багасгасан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Жиашидэ ХХК нь С.Өлзийбаяртай 2011 оны 10-р сарын 26-ны өдөр 81 тоот “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны 1-р орцны 10-р давхарын 56 тоот 51.28 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг захиалгаар барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь хөлс 61 023 200 төгрөгийг төлөхөөр /хх 9-13/ тохирчээ.
Гэрээний дагуу захиалагч нь урьдчилгаа 20 000 000 төгрөгийг 2011 оны 10-р сарын 26-ны өдөр төлсөн, Жиашидэ ХХК нь орон сууцыг 2011 оны 10-р сарын 26-нд хүлээлгэн өгсөн, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин С.Өлзийбаяртай байгуулсан гэрээний үүргийг 2016 оны 07-р сарын 21-ний өдрийн гэрээгээр Ш.Амартүвшин шилжүүлэн авч төлбөрийг төлөхөөр тохирсон /хх 17-20/ боловч үүргээ биелүүлээгүй байна.
Жиашидэ ХХК нь төлбөрөө төлөхийг 4 удаа мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн /хх 21-24/ байх ба хариуцагч нь 41 023 200 төгрөгийг төлөхгүй гэж маргаагүй байна.
Хариуцагчийн “... сууцны хананд цууралт үүссэн, талбай зөрүүтэй байж магадгүй” гэх тайлбар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй боловч эдгээр тайлбар нь ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шийлэгбатын Амартүвшингээс 41 023 200 /дөчин нэгэн сая хорин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Жиашидэ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 378 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Амартүвшингээс 363 066 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жиашидэ ХХК-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА