Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021 04

 

 

 

 

 

  2021         04          02                                    2021/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч Ц.Э түүний өмгөөлөгч Ж.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Хүгдүүд овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн 2109 00000 0094 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 0000-оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнд механизмын механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгат гудамжны 00 дугаар байр, 09 тоотод оршин суух хаягтай, Хүгдүүд овогт Цэдэвийн Энхболд /РД:-00000000/,  

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 18 дугаар байрны 09 тоотод хажуу өрөөг нь түрээслэн суудаг иргэн У.Ч хөргөгчид мах хийлээ, махаа ав гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүү рүү гараараа нударч цохиж, мөн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 00 өрөөнд байсан алчуурыг дур мэдэж хаялаа гэх шалтгаанаар түүний баруун чих рүү нь алгадаж, биед нь баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ “...Намайг хохирогч өшиглөж, цохиж, зодож байсан болохоор миний хувьд уур хүрсэн. Би тэр үед хохирогчийг боль гэж хэлээд түлхсэн. Миний хувьд хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.О-д мэдүүлэхдээ “... Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 18 дугаар байрны 09 тоотод хажуу өрөөг нь түрээслэн суудаг иргэн У.Ч хөргөгчид мах хийлээ, махаа ав гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүү рүү гараараа нударч цохиж, мөн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 00 өрөөнд байсан алчуурыг дур мэдэж хаялаа гэх шалтгаанаар түүний баруун чих рүү нь алгадаж, биед нь баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Ч-н өгсөн  “...Тухайн асуудал нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутын үед болсон. Тэрээр над руу дайрч уурлаж хэрүүл маргаан хийсэн. Би өөдөөс нь та битгий ингэж байгаа ч тэр шалны алчуур чинь угаасаа муухай болсон байсан гэхэд миний баруун талын чих рүү алгадсан. Тэгээд л миний чихэнд гэмтэл учирсан. Уг өдрөөс 2 хоногийн өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөргөгчид мах хийлээ гэж уурлаад улмаар маргалдах явцдаа миний эрүүн тус газар ёвроод авсан. Ц.Э нь намайг алгадаад над руу дайрахаар нь би түүнийг түлхэж өөрөөсөө холдуулсан. Энэ үед унаж барьсан зүйл байхгүй. Өөр бусдад би түүнд гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Я-н өгсөн “...Би эхнэр хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 18-9 тоотод Э- гэх хүний хажуу өрөөг түрээслэн амьдардаг байсан. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг гадуур явж байхад манай эхнэр над руу утасдаад яаралтай хүрээд ир Э намайг цохиж аваад юм шидээд хөөгөөд байна гэж хэлсэн. Би тухайн үед хол байсан учир шууд очих боломжгүй тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд гэртээ очиход Э нь манай эхнэрийн чихрүү алгадсан, мөн цагдаа нар ирсэн байна. Өмнө нь ч мөн намайг байхгүй хойгуур эхнэрийг маань дээрэлхэж хөөж туугаад элдвээр хэлээд байдаг байсан. Тэр орой манай эхнэрийн чихээр нь өвдөөд байна гэхээр нь маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээр явж үзүүлэхэд чихний хэнгэрэг нь цоорсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай “...Хохирогч У.Ч-н биед баруун чихний хэнгэрэн хальсны цооролт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

-Уг гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/-р тал зэрэг болон хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед “Би У.Ч-г зодоогүй, харин У.Ч  намайг зодсон...” гэх тайлбарыг гаргажээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1046 дугаартай дүгнэлтэд “...Ц.Э-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шинжээч эмчийн дээрх дүгнэлт болон хохирогч У.Ч- тайлбар, мэдүүлэг, шүүгдэгч Ц.Э  тайлбар, мэдүүлэг зэргээс харахад хохирогч У.Ч-г нь шүүгдэгч Ц.Э  зодсон /Толгой руу удаа дараа цохисон, хөл рүү арав гаран удаа өшиглөсөн/ гэх үйл баримт тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн асуусан “...У.Ч\ таныг зодож, цохисон гэж та хэллээ, таны биед ямар шарх гэмтэл учирсан бэ...” гэх асуултад

“...Миний хөл бага зэрэг хавдаж 2-3 хоног өвдөж байгаад гайгүй болсон. Өөр учирсан шарх гэмтэл байхгүй гэж...”

Мөн мөрдөгчийн асуусан “...Та яагаад тухайн үед энэ талаараа тайлбарлаж шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм бэ...” гэх асуултад

“...Би энэ талаар сайн ойлгоогүй, ер нь тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлдэг л байж...” гэж тус тус хариулжээ.

Дээрхээс харахад шүүгдэгч Ц.Э тухайн үед өөрийн хүсэлтээр шүүх эмнэлэгт үзүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд харин мөрдөгчийн зүгээс хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах үүднээс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч Ц.Э  биед шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байна. 

Нөгөөтээгүүр шүүгдэгч Ц.Э нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд бусдын шууд чиглэсэн санаатай гэмт үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол учирсан байж болзошгүй гэж үзсэн бол холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргаж, эмч, эмнэлгийн байгууллагаас тусламжийн үйлчилгээ авах, цаашлаад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд өөрийн биеийн эрүүл мэндийг үзүүлэх бүрэн боломжтойн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний дээрх эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Э зүгээс хохирогч У.Ч-т учирсан “...Чихний хэнгэрэг цоорсон...” гэх оношийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаараа удаа дараа дурдаж холбогдох байгууллагад дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан байна.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогч У.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “ЭМЖЖ” гэх нэртэй чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхэд “...Баруун чихний хэнгэргэн хальсны төвийн цооролт...” гэх онош гаргасныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтээр “...хохирогч У.Ч-н баруун чихний хэнгэрэг цоорсон...” болохыг тогтоосон байх бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үйл баримт тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Ц.Э-н зүгээс хохирогчийн чихний хэнгэрэг хэзээ цоорсныг дахин шинжээч томилж шалгуулах талаар гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасныг авахаас татгалзаж шийдвэрлэжээ.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтийн ...5 дахь заалтад “...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэж тодорхой дүгнэсэн байх тул шүүгдэгчээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Ц.Э-н зүгээс би хохирогчийг зодоогүй талаараа тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар, мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн тогтвортой мэдүүлсэн “...Тухайн асуудал нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутын үед болсон. Тэрээр над руу дайрч уурлаж хэрүүл маргаан хийсэн. Би өөдөөс нь та битгий ингэж байгаа ч тэр шалны алчуур чинь угаасаа муухай болсон байсан гэхэд миний баруун талын чих рүү алгадсан. Тэгээд л миний чихэнд гэмтэл учирсан...” гэх мэдүүлгийг няцаах үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.Э-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотойгоор “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсний төлбөрт 55.000 төгрөг төлсөн талаарх баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч төлөөгүй байх тул шүүгдэгчээс 55.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Ч-т олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн хувьд 60 настай. Үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Э нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би бие муутай байнгын эмчийн хяналтад байдаг тул хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж,

Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч У.Чу-н эрүүл мэндэд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөнгөн хохирол учруулсан байна.

Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа талаараа мэдүүлж байгаа боловч 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх талаар бодитой ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Эшүүхийн хэлэлцүүлэгт даргалагчаас асуусан “...Хохирогч “ЭМЖЖ” эмнэлэгт 55.000 төгрөгөөр үзүүлсэн талаарх баримтыг хавсаргасан байна. Та тухайн зардлыг төлсөн үү...” гэх асуултад,

“...Миний хувьд төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогчийн дансыг мэдэхгүй учир ямар дансанд хийхээ мэдэхгүй байна...” гэж мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгээс харахад шүүгдэгчийн зүгээс хэрэг учрал болсон гэх үеэс хойш хохирогчтой огт уулзаагүй, хохирол нөхөн төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ц.Э-н зүгээс хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааны явцад өөрийн гэм буруугийн асуудлаар маргадаг бөгөөд энэ тохиолдолд шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.

Иймд, шүүхээс шүүгдэгч Ц.Э-д хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүхээс хохирогч У.Ч-т шүүх хуралдааны товыг мэдэгдэх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түүний Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргахдаа тэмдэглэсэн “00000000” дугаарын утас руу залгахад “Холбогдох боломжгүй байна” гэх хариу өгснийг, хавтас хэргийн 8 дугаар талд авагдсан хохирогчоор өгсөн мэдүүлэгт дурдагдсан “00000000” дугаарын утас руу залгахад “Тухайн дугаар нь ашиглалтад байхгүй” гэх хариу өгснийг, хавтас хэргийн 12 дугаар талд авагдсан хохирогчоор өгсөн мэдүүлэгт дурдагдсан “0000000” дугаарын утас руу залгахад “Тийм хүн байхгүй” гэх хариу тус тус өгснийг шүүгчийн туслах тэмдэглэл болгож үйлдсэнийг дурдвал зохино.  

Шүүгдэгч Ц.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хүгдүүд овогт Ц.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-с 55.000 /тавин таван мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Т овогт У.Ч- /РД:00000000 /-т олгосугай.

5. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР