Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э /онлайнаар/

Шүүгдэгч Ч.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт Ч.Т холбогдох 2124000000004 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **************************

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14-15 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн эмчийн өрөөнд хууль сахиулагч болох цагдаагийн ахлах ахлагч Ц.П албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэвлий, давсаг орчим нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, толгой болон шанаа нь тус газарт нь 2-3 удаа цохиж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ч.Т 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисон үйл баримт нь:

Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 23 цагийн үед би дүү Зоригоогийнд ганцаараа очсон. З гэртээ нэг танихгүй залуутай хамт 1 шил архи дундаа тавьчихсан уугаад сууж байсан. Би тэр архинаас нь 3 хундага уусан. Би З орохдоо архи уугаагүй эрүүл байсан. Би тэр хоёртой юм яриад сууж байтал гаднаас Т гэгч залуу согтуу орж ирээд надтай муудалцсан. З найзыгаа хүргэж өгөх гээд гараад явсан. Би гэрт нь Ттай хамт үлдсэн. Би тонгойгоод утсаараа оролдож сууж байгаад өндийтөл Т миний зүүн талын нүд орчимд гараараа нэг удаа цохьсон. Тэгээд хоёулаа хоорондоо муудалцаад З гэрээс хамт гарсан. Гадаа гудамжинд Т бид хоёр бие биенийгээ хавсарч унагаж, дээр доороо орж ноцолдож байгаад 2 тийшээ салаад явсан юм. Би тэндээсээ гэрлүүгээ харих замдаа таксинд сууж цагдаа дээр очиж өөрийн биеэр мэдэгдсэн. Цагдаа нар намайг эмнэлэг дээр хүргэж өгч эмчид үзүүлсэн. Миний  зүүн талын хөмсөгний хэсэгт язарсан шархтай өөр бэртэл гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх 7-8/,

Гэрч А.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр манай гэрт Ц Г ах бид гурав байж байтал гаднаас С манайд 21 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тэгээд удаагүй араас нь Т гэдэг хүн орж ирсэн. Тэгээд би эмнэлэг рүү Гочоо ахынхаа даралтыг үзүүлэх гээд Гочоо ахтай цуг эмнэлэг явсан. Тэгээд эмнэлгээс 23 цагийн үед байх буцаад гэртээ ирсэн чинь С, Т хоёр байхгүй гараад явсан байсан. Тэгээд гэртээ унтаад өгсөн. Маргааш нь С Т хоёр хоорондоо зодоон хийсэн сурагтай байсан. Маргааш нь тэр хоёртой уулзсан чинь С тэр талаараа хэлсэн. ...Намайг байхад хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэр хоёр хоёулаа тус тусдаа утсаа ухаад сууж байсан. Тэр хоёр бага зэрэг согтууруулах ундаа хоёулаа хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 10/,

Гэрч Ө.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр цагдаагийн хэлтэст мэдээлэл хүлээн авагчаар жижүүрт гарч байсан. Тэгтэл гаднаас шөнө 03 цаг 01 минутын vед С өөрийн биеэр орж ирээд хүнд зодуулчихлаа гэсэн гомдол гаргасан. Тухайн гомдлыг хүлээн аваад С хөмсөг нь задарсан бололтой байхаар нь эмнэлэг рүү эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, дэд ахлагч Б хамт хүргэж өгч, дэд ахлагч Б хамт үлдээгээд буцаад ажил руугаа явсан. Тэгээд эмнэлэгт эмчилгээ хийлгэснийх нь дараа жижүүрийн машинаар гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гомдлыг нь мэдээлэлд оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-12/,

Хүний их эмч С.Б 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн “...Ц.С нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 23 цагийн  үед  хүнд  зодуулсан  гэх.  Үзлэгээр: Зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан

шархтай, нүдний доод хэсэгт зулгарсан шархтай байна...” гэсэн тодорхойлолт,

“...Ц.С яаралтай тусламжийн тасагт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 цаг 00 минутад ирсэн. Зовиур толгой өвдөнө, өвчний түүх 23 цагийн үед хүнд зодуулсан, урьдчилсан онош: Зүүн хөмсөгний язарсан шарх, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг онош: зүүн хөмсөгний дагуу язарсан ил шархтай, зүүн нүд тойрсон хөхөрсөн, хавдартай,...” гэсэн яаралтай тусламжийн хуудасны хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн  шүүгдэгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр зодоон хийсэн бол адил бэртэл авсан байх.  Би эмчилгээндээ хэрэглээрэй гээд 100,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Ц.С зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх нүдний доод хэсэгт зулгарсан шарх гэмтэл учруулсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Т дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.С биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь:

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 000000020 дугаартай “...Ц.С биед гэмтэл учирсан байна. Зүүн хөмсөгний дээр шарх, зүүн дээд доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ц.С биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүд нь шинээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.С биед учирсан зүүн хөмсөгний дээрх шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн /хх 20/ дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Т хохирогч Ц.С зүүн хөмсөг тус газарт цохисон үйлдэл, хохирогч Ц.С биед учирсан зүүн хөмсөг дагуу язарсан шарх гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Ч.Т дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

2. Шүүгдэгч Ч.Т 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14-15 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмчийн өрөөнд албан үүргээ биелүүлж байсан хууль сахиулагч цагдаагийн ахлах ахлагч Ц.П хэвлий, давсаг орчим нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, толгой, шанаа нь тус газарт нь 2-3 удаа цохисон үйл баримт нь:

Хохирогч Ц.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2021 оны

01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн албаны 93143859 дугаарын утаснаас жижүүр цагдаа, цагдаагийн ахлагч Ө.Я “Таныг Нэгдсэн эмнэлэг ороод, баривчлах байранд хүмүүжиж байгаа хүмүүжигч Ч.Т шинжилгээний хариуг ав" гэж хэлж байна гэхээр нь би ерөнхий жижүүр цагдаагийн ахлах дэслэгч Б.С танилцуулан, хүмүүжигч Ч.Т жижүүрийн жолооч С.Д, Б.С нарын хамт албаны Аксент маркийн 02-00 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн гадаа хүрч очсон. Тэгээд хүмүүжигч Ч.Т дагуулан нэгдсэн эмнэлэг дотогш орж хүлээн авахын жижүүрээс шинжилгээний хариуг асуухад, 2 давхарт мэс заслын тасгийн их эмч П уулз гэж хэлэхээр нь би Ч.Т дагуулан тус эмнэлгийн 2 давхарт байршилтай мэс заслын тасгийн дотор хаалгаар иргэн Ч.Т их эмчтэй уулзуулахаар оруулсан. Тэгтэл удалгүй их эмч П тасгийнхаа эмчийн өрөөнөөс гарч ирэхдээ “Нөгөө нөхөр чинь цагдаа нар намайг зодох гээд байна” гэж хэлээд байх юм. Та надтай хамт өрөө рүү орох уу гэж хэлээд, их эмч өрөө рүүгээ түрүүлээд орсон. Би эмчийн араас өрөө рүү нь орох гэтэл иргэн Ч.Т нь эмчийн өрөөний хаалганы дотор талд босго орчимд нь намайг угтаад зогсож байсан бололтой намайг хаалга онгойлгоод оронгуут шууд миний хэвлий болон давсаг тус газарт гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дахиад миний толгойн 2 шанаа нь тус газарт 3-4 удаа цохиод авахаар нь би тэр даруйдаа нүд рүү цохичхож магадгүй гэж бодоод, нүдний шилээ авч, өрөөн дэх ойролцоох гоожуур руу шидэх маягтай хийчхээд, Ч.Т өөрөөсөө холдуулах гээд гараараа хойш түлхэх үед их эмч П түүний ар талаас цээжин хэсгээр нь тэвэрч аваад надаас холдуулсныхаа дараа П “Чи өрөөнөөс гарч бай” гэж хэлсэн. Тэгээд би эмчийн өрөөнөөс гаралгүйгээр цагдаагийн хэлтсийн жижүүрийн утас руу залгаж жижүүртээ их эмчийн өрөөнд болсон асуудлын талаар мэдэгдээд цагдаагийн алба хаагч эмнэлэг рүү явуулаарай гэж ярьсан. Түүний дараа цагдаагийн хэлтсийн даргад гар утсаараа залган ярьж болсон зүйлийн талаар танилцуулсан. Тэр үед Ч.Т нь эмчийн өрөөнд байхдаа “Наад гөлөгнүүдээр чинь би тоглолт хийсэн юмаа. Би зүгээр, миний бие зүгээр, прокурор дууд, аймаг руу залга гэж эмчид хандан хэлээд байх шиг байснаа би энэ цонхоор чинь үсэрлээ шүү” гэж хэлээд байсан. Тэгээд би асуудлыг хүндрүүлээд яах вэ гэж бодоод эмчийн өрөөнөөс гарч, мэс заслын коридорт байж байх үед Ч.Т өдрийн сувилагч нь бололтой цагаан халаадтай хүн их эмчийн өрөө рүү орж, Ч.Т одоо тайвшир гэж хэлээд, тайвшруулах тариа хийж өгч байгаа бололтой байсан. Тэгтэл удалгүй мэс заслын тасгийн дотор хаалганы цаана а/д Г.М, а/д Б.С, a/a Х.Г, жолооч а/а С.Д, а/ч Б.Б нар хүрч ирсэн. Тэгээд би их эмчийн өрөөнд болсон асуудлын талаар ирсэн алба хаагч нартаа ярьж өгсөн. Тэгтэл их эмч П нь өрөөнөөсөө гарч ирснээ ерөнхий жижүүр а/д Б.С уулзаад би одоо хагалгаанд орох гэж байна. Энэ хүнийг цагдаагийн албадлага хэрэглээд аваад явна биз дээ. Тэгэхгүй бол эмнэлгийн ажилчид болон тасгийн өвчтөнүүдэд айдас түгшүүр төрүүлэхүйц байдал гаргаад байна гэж хэлж байсан. Үүний дагуу цагдаагийн албан хаагч нар Ч.Т 2 гарт нь гав зүүгээд мэс заслын тасгийн өрөө болон эмнэлгээс гарган албаны машинд суулган цагдаагийн хэлтэс руу авчирч баривчлах байранд нь оруулж хүмүүжигч нарын хамт хяналтад байлгасан. Ч.Т нь миний эрх чөлөөнд

халдаж зодох болсон учрыг би хэлж мэдэхгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 53-54/

            Гэрч Т.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр асуудал 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагаас 15 цагийн орчимд нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмчийн өрөөнд болсон. Тухайн асуудал болох үед хажууд нь хүн байгаагүй. П жагсаал хувцастайгаа албан үүргээ гүйцэтгээд хянаж явж байгаа бололтой байсан. Т нь баривчлах байранд хүмүүжиж байгаа. Тэр хүнийхээ биеийн байдлыг үзүүлнэ гэж хэлээд ирсэн байсан. Надад үзүүлж байхад Т энэ цагдаа нар бүгд нийлээд намайг алах гээд байгаа. Би энэ байдлаас зугтааж гарахын тулд эмнэлэг дээр ирж үзүүлж байна. Надад өвдөж байгаа зүйл байхгүй зүгээр байна гэж хэлсэн. Энэ паар чагнаж байхад намайг алах гээд байна гээд төлөвлөгөө боловсруулсан байгаа би тэрийг мэдсэн гээд утга авцалдаагүй. Сэтгэцийн эмгэгтэй хүн шиг юм ярьж байсан. Тэгээд би цагдааг нь дуудаад тэр хүнийх нь талаар асуух гээд цагдааг нь дуудсан. Цагдаа гаднаас ороод ирсэн чинь шууд үгийн зөрөөгүй цагдаагийн албан хаагчийн биед нь халдсан. Үүдээр орж ирэнгүүт цээж хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд толгойн тус газарт нь гараараа хоёр гурван удаа цохисон. Цагдаа Т цохиогүй. Цагдаа нь нүдний шилээ аваад цааш тавиад эргэх хооронд нь би Т салгаад буйдан дээр дарж суулгасан. Тэгээд цагдаа П өрөөнөөс гаргасан. Гадаа гараад П нэмэлт хүч дуудсан байх. Цагдаа П нь “Чи одоо яаж байна боль” гээд хэлсэн чинь тоохгүй толгой руу нь гараараа цохиод дайраад байсан. Би бас боль гээд шаардлага тавиад биелүүлэхгүй П руу дайраад байсан. Би араас нь татаад хүчээр салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 55-56/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр томилгоот жижүүрийн мөрдөгчөөр ажил үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр баривчлах байранд хүмүүжиж байсан Ч.Т эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу гарсан байна гээд эмнэлгээс жижүүрийн утсанд хэлэхээр нь би ахлах ахлах Пүрэвдагвыг баривчлах байрны хүмүүжигч Т харгалзаад эмнэлэгт аваачаад үзүүл гэж үүрэг өгөөд эмнэлэг рүү алаг машинтай жолоочийн хамт дөрвүүлээ яваад эмнэлгийн гадна очоод а/а Ц.П хүмүүжигч Ч.Т хамт буулгаж өгчхөөд өөр газар зөрчлийн дуудлага гарсан учир жолоочийн хамт дуудлагад явсан байсан. Тэгээд байж байтал жижүүрээс над руу утасдаад нэгдсэн эмнэлэг дээр П эрх чөлөөнд хүмүүжигч Т нь халдаад байна гэсэн дуудлага ирлээ эмнэлэг дээр яваад оч гэж хэлэхээр нь би буцаад эмнэлэг дээр очсон. Очоод а/а Д хамт мэс заслын тасгийн үүдэнд очтол хүмүүжигч Т эмчийн өрөөнд а/а Ц.П нь мэс заслын тасгийн гадна зогсож байсан. Би болсон асуудлын талаар асуутал Т нь гэнэт уурлаад a/a П эрх чөлөөнд халдаж гэдэс нь тус газарт нь өшиглөсөн гээд цагдаагийн дүрэмт хувцасны доод ирмэг хэсэгт нь өшиглөсөн бололтой хөлийн мөр гарсан байсан. Тэгээд дотогш ороод Пүрэвдорж эмчээс юу болсон талаар асуухад Т нь а/а П толгойн тус газарт нь цохиж хэвлий хэсэгт нь өшиглөөд арай гэж салгаад тайвшруулах тариа Тад хийгээд байж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй араас а/д М, а/а Х.Г, а/ч П.Б нар ирээд бид нар Т тайвширсных нь дараа гавлаж цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд болсон асуудлын талаар цагдаагийн хэлтсийн даргад танилцуулж гомдол мэдээлэлд оруулсан. Тэр өдөр а/а Ц.П нь томилгоот хуваарийн дагуу эрүүлжүүлэх саатуулах байрын жижүүр цагдаагаар гарч үүрэг гүйцэтгэж байсан. Тийм учир би үүрэг өгч баривчлах байрны хүмүүжигч Т харгалзуулан эмнэлэг рүү явуулсан...” гэсэн /хх 57-58/ мэдүүлэг, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн хяналтын камерын бичлэгээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би П барьцалдаж авсан. Би цохиж барьсныгаа мэдэхгүй байна. Тэгээд зууралдаж барьцалдаад байж байтал араас нь цагдаа нар орж ирээд тайвшруулсан. Тэгээд цагдаа дээр буцаад очсон. Ээж тэгэхэд ирсэн байсан. Би яагаад тэгснээ мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

Хохирогч Ц.П нь хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч, мөн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар ажиллаж байсан болох нь: “...Ц.П, Завхан аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, үнэмлэхийн дугаар А-0006948, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр олгосон, хүчинтэй огноо 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр...” гэж тэмдэглэн түүний зургийг наасан үнэмлэхийн хуулбар /хх-44/,

“...эрүүлжүүлэх саатуулах байр ...цагдаа ахлах ахлагч Ц.П...” гэсэн Завхан аймаг дахь Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн цагдаагийн хэлтсийн жижүүр, замын цагдаагийн пост, сум дундын шүүх, эргүүл, эрүүлжүүлэх баривчлах байранд ажиллах алба хаагчдын томилгооны хуудас зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Т хууль сахиулагчийн Ц.П хуулиар хүлээн үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хэвлий орчим нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, толгой, шанаа нь тус газарт нь 2-3 удаа цохисон үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ч.Т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ  биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн  гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тус   тус   тооцож,   хуульд  заасан

эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч Ч.Т нь уг торгуулийн ялыг биелүүлсэн болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20/23 дугаартай “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шүүхийн шийдвэр, 62 дугаар гүйцэтгэх хуудас, Ч.Т /ИГ87051211/-д холбогдох 20130032 хувийн хэргийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай...” гэсэн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор нотлогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нар гомдол саналгүй байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 4,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,100,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг болох “CD”-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ч.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ч.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 4,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,100,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон 4,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,100,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /CD/ сидийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.Ө