| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.С |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 20 настай, эрэгтэй, *. *боловсролтой, мэргэжилгүй, малчин, * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Д.Х /*/.
Шүүгдэгч Д.Х нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн нутаг Ар хос гэх газраас З.Чийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн нутгаас иргэн З.Чийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч З.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай үхэр Тэс сумын Баян-Уул багийн нутаг Ар Хосын эх газрын Пүнзэтийн өвөр гэх газар луу бэлчээртээ явсан. 2020 оны 11 сарын 25-ны өглөө хүүхдээ үхрээ туугаад ир гээд явуулахад манай нэг тооны үхэр байхгүй байхаар нь мөрийг нь хөөгөөд явтал Пүнзэтийн даваагаар ар луу нь жалга уруудуулаад нэг үхэр туусан мөр, мөн тууж явсан морины мөр байсан. Тэгээд явсаар байгаад сумын төв рүү мөр нь орж ирээд алга болсон. Он цуулбар имтэй судалтай хүрэн зүсмийн шүдлэн үхэр байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/,
-Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг Баян-Уул багийн Хос гэдэг газар адуу бөөгнүүлж явахад миний араас ирсэн юм. Хамт бол яваагүй. Хос гэх газар Х унаж явсан морио сольж хээр зүсмийн морь барьж аваад Өвөр хосын Үнхэлцэг гэх газар Г гэх айлд очсон юм. Би түрүүлээд хэдэн адуу харахаар явж байгаад сумын төв рүү орж ирсэн. Х Хосд үлдсэн. Х Пүнзэтийн даваагаар даваад шууд сумын төв орно гээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,
-Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 24, 25-ны орчим байх хөдөөнөөс бүрэнхий болсон байхад 18 цагийн орчимд орж ирээд сумын төвийн 6-р хэсгийн 1301 тоот хашаандаа ирэхэд манай хашаанд байх малын пүнзэнд 1 тооны үхэр хийсэн байсан. Би ганцаараа байдаг болохоор голдуу хөдөө байдаг, хамгийн сүүлд 10 сарын 20-ны орчим ирээд дахиж ирээгүй байсан. Манай хашаанд надаас өөр хүн ирдэггүй юм. Би хөдөө явахдаа хашааны гадна хаалгаа дотроос нь түгжчихээд явсан юм. Хөдөөнөөс ирээд үзэхэд хаалга онгорхой байсан. Манай хашаанд малын хашаа, пүнз зэрэг байдаг...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,
-Гэрч З.Ч-ын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой Тэс сумын Баян-Уул багийн нутаг Ямаат гэдэг өвөлжөөн дээр дүү З.Ч хүнс авахаар очиж хоноод өглөө үхрээ тууж ирэхэд миний худалдаж авч гаргах гэж байсан үхэр байхгүй байсан. Би тэгээд Чийн хамт үхрээсээ салчихдаг юм байлгүй гээд тэр хавийн айлын өвөлжөөнүүдээр хайсан боловч олдоогүй юм. Бид хоёр Чийн машинтай Ар хос гэх газрын тэр хавийн 5 өвөлжөө, тэр хавийн айлын малуудаар орсон. Сумын төв рүү орсон замуудаар мөрийг нь хөөгөөд явж байгаад 1 адуугаар туусан мөрийг хөөж явж байгаад сумын төвийн дээд талын хогийн цэг рүү оруулаад алдсан юм. Судалтай хүрэн зүсмийн шүдлэн /3 настай/ эр үхэр байсан юм. Буруу чих нь он имтэй, зөв талын чих нь цуулбар имтэй үхэр байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/,
-Яллагдагч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Тэс сумын төвөөс морьтой Тэс сумын Баян-Уул багийн нутаг Хос гэх газар луу адуугаа харах гэж 11 цагийн үед явсан юм. Очоод Баян-Уул багийн Хос гэх газар Э ах бас адуу харж явахад нь таараад би адуунаасаа морио сольж аваад Э ах сумын төв рүү явсан. Би үлдээд Пүнзэтийн давааны өвөр гэх газар айлын эзэнгүй өвөлжөөний хажууд 10 гаран тооны үхэр байхаар нь нэг үхрийг нь салгаж хөөж мориор туугаад сумын төв рүү оруулж ирсэн. Сумын төв рүү би 20 цагийн орчим орж ирээд, айлын эзгүй хашаанд үхрийг пүнзэнд оруулж хаалгыг нь хаагаад шууд сумын төвд гэртээ харьсан. Хүрэн зүсмийн шүдлэн үхэр байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч Д.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...З.Чийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /ХХ-ийн 4-5 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ий шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн: “Хүрэн зүсний 3 настай эр үхэр – Үнэлгээ 450,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.Х-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Ход холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.Х-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Ход ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч Ч Д.Х нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч З.Чт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Д.Х нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн хээр зүсний 5 настай морийг ашигласныг энэ хэрэгт битүүмжилсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг хураан авч улсын төсөвт шилжүүлэх хуулийн зохицуулалттай тул улсын орлого болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Х-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсний 5 настай морийг улсын орлого болгосугай.
4. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Х нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн хээр зүсний 5 настай морийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Х-д анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН