Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, *. * боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. * баг хаягаар оршин суудаг, урьд * шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Г /*/.

Шүүгдэгч Б.Г нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах өөрийн гэртээ Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нуруун тус газарт буюу баруун далны хажуу талд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах өөрийн гэртээ Б.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт буюу баруун далны хажуу талд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэрийн гол дээр, мөс цоолж загас барихаар миний машинтай Х ах, С, Э гэх хүмүүсийн хамт очсон. Хүйтэн шуургатай өдөр байсан болохоор загас барих нөхцөлгүй байсан. Тэгээд орой 18 цагийн орчимд сумын төв рүү орж, Э ах гэртээ хувцсаа солино гэж хэлээд, гэртээ орчхоод буцаж гарч ирсэн. Тэгтэл Х ах хэдүүлээ айлд очоод жаахан хөзөр тоглох уу гэж хэлээд, бид 4 хамтдаа сумын төвийн нэгэн айлд хүрч очсон. Тэгээд уг айлд хөзөр тоглонгоо айлын эзэн гэх Г гэгч хүнтэй бид 4 хамт 2 шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд би хоол унд идэлгүй өлөн явсан дээрээ архи уусан болохоор ихэд согтоод ирсэн. Уг айл гал их түлсэн байсан болохоор би галын халуун, архины халуун 2 зэрэгцээд, жаахан агаар амьсгалъя гээд хаалга жаахан онгойлгочихъё гэж хэлээд, гэрийн хаалгыг онгойлгоод сууж байтал, Г гэгч нь би даараад байна, хаалгаа хаа гэсэн. Тэр үед би хаалгаа жаахан онгойлгочихъё л доо гэж хэлсэн. Тэгтэл Г гэгч нь хаалга хаасангүй, хаалга онгойлгоод гэснээ над руу уурлаад бид хоёр жаахан маргалдсан. Тэгээд би тамхи татах гээд гэрээс гарахад, ухаан санаа орж гараад, ихэд согтоод байх шиг байсан. Тамхиа татаад, жорлон орж бие зассан шиг санагдана. Тэгээд буцаад гэрт орох гээд алхаж явтал, айлын гэрийн гадаа Х ах, С, Э, Г гэгч нар гараад ирчихсэн зогсож харагдсан. Тэгээд тэдний хажууд очтол миний нуруу руу халуун оргиод байх шиг байхаар нь би тэдний нэгэнд нь хандан “Миний нуруу руу халуу оргиод байх шиг байна, нурууг миний үзээдхээч” гэж хэлсэн шиг санагдана. Тэгээд би айлд орсон байх миний нуруун талын хувцсыг сөхөж харсан бололтой хэн нэг нь нуруунаас чинь цус гараад тогтохгүй байна, хөвөн шатаагаад тавьчих тогтох нь уу үгүй юу гэж хэлээд байх шиг байсан. Тэгтэл нэг нь наадах  чинь цус гоожоод тогтохгүй нь эмнэлэг рүү явъя гэж хэлж байгаа нь надад бүдэг бадаг сонсогдож байсан. Тэгээд эмнэлэг явъя гээд намайг айлаас гаргаад, ийшээ суулгачих гээд машин руу суулгасан байх. Нэг ухаан ороход эмнэлгийн орон дээр хэвтчихсэн хажууд эмч ирэх гэж байна гэсэн яриа сонсогдсон. Тэгтэл эмч ирсэн бололтой нуруу руу нэг зүйлээр хатгаад, оёдол тавьж байна шүү гэж хэлж байгаа нь надад сонсогдож байсан. Тэгээд надад дуслаар тариа хийж байгаа бололтой судас нь хагараад байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

-Гэрч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчимд би М, Х ах, Э ах нарын хамт Г ахынд очсон, тэгээд тэдний очоод бид нар 1 шил архи хувааж уугаад 13 тоглох болсон. Тэгээд бид нар сууж босоод тавуулаа тоглосон, эхний тоглолт дуусаж байхад М гэрт халуун байна, хаалгаа онгойлгочхооч гэсэн чинь Г ах бид дулаахан баймаар байна гэж хэлээд тэр хоёр муудалцаж эхэлсэн. Түүний дараа тоглоомын дүрмээс болоод Г ах, М хоёр дахиад муудалцсан. Тэгээд Г ах Мыг яв чи гээд тэр хоёр ширээний наана цаанаас босоод М би явна гэсэн. Г чи яв гэсэн чинь би айлаас хөөгдөж явж чадахгүй, чиний атаман чинь тэндээ байдаг юм байгаа биз гээд дахиад хэрэлдсэн. Гэрээс гарахдаа хаалган дээр очоод барьцалдаад гэрээс гарсан тэгсэн л М чи миний хойноос хутга шаачихдаг хэн бэ гээд орилсон. Бид гурав ч хойноос нь гарсан, тэгсэн гадаа барьцалдаад авсан энэ намайг хутгалчихлаа, нуруу руу дагаад цус урсаад байна гэж М хэлсэн. Тэгэхлээр нь бид нар тэр хоёрыг салгатал, М миний нуруу руу хардаа нуруу дагаад цус гоожиж байсан. Тэгээд буцаж гэрт ороод та М-ыг хутгалчихсан байна ш дээ хэлтэл Г ах орон дээрээсээ алчуур авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,

-Гэрч Э.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт жижүүр их эмчийн ээлжид гарч байсан. Тэгтэл 22 цаг өнгөрч байхад манай эмнэлэгт нэгэн үл таних хутгалагдсан шархтай эрэгтэй хүн хүргэгдэж ирсэн байсан. Би уг хүний биеийн байдлыг юу болсон талаар нь асуумж асуухад архи үнэртэж байсан. Хэл яриа нь ээдэрч нэг зүйлийг дахиж яриад суусан. Нурууны баруун талын далны орчимд зүсэгдсэн ил шархтай, шархнаас цус гарсан байдалтай байхад нь цэгцлэлт хийж, 3 оёдол тавьж, шингэн сэлбэх цус тогтоох эмийн эмчилгээ хийж, 3 оёдол тавьж, шингэн сэлбэх цус тогтоох эмийн эмчилгээ хийж, өдөр бүр боолт хийлгэх талаар зөвлөгөө өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дугаар хуудас/,

-Гэрч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Б.М, Э, С нарын хамт Идэрийн голын мөс цоолж загас барихаар гол дээр өнжсөн. Тэгээд уг өдөр салхи ихтэй шуургатай байсан болохоор оройхон 19 цагийн орчимд сумын төв рүү орж, Э гэртээ хувцсаа сольчхоод гарч ирсэн. Тэгснээ бид дөрөв мөнгө нийлүүлж байгаад дэлгүүр орж Тайга нэртэй архи аваад, айлд очиж тоглонгоо загас шарж идэцгээе гээд Мын машинтай Гын хашааны гадаа хүрч очсон. Тэгээд Б.М загасаа шарж, Г, С, Э бид дөрөв 13 гэх хөзөр тоглосон. Тэгээд М архи задалж, Саас бусад нь архийг хувааж ууцгаасан. Дараа нь Г хаанаас юм бүү мэд нэг шил Хараа архи задалсан. Тэгээд хөзөр тоглож байтал Б.М, Г нар хөзрөөс болж маргалдаж эхэлсэн. Тэр 2 маргалдах жаахан намдаж байтал М нь халуун байна хаалга онгойлгочихъё гэж хэлээд гэрийн хаалгыг онгойлгосон. Тэгтэл Г хаалга онгойлголоо, гэрт хүйт орчихно хаалгаа хаа гэж Мт хэлж байсан. Хаалга хаасангүй, барьсангүй гэсэн ярианаас болоод Г М нар бас л маргалдаад эхэлсэн. Тэр үед Г, Мт “чи одоо харьж амарсан дээр биз дээ, согтсон байна” гэж хэлтэл, М түүний урдаас “чи намайг гэрээсээ хөөдөг хэн бэ, чиний атаман чинь тэндээ л байдаг юм байгаа биз” гэж хэлээд тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад гэрийн хаалгаар гараад, үүдний тамбар дотор пижигнэлдэх чимээ гарсан. Тэгээд Э, С бид гурав нөгөө хоёр чинь юу болоод байна гээд гэрээс гараад иртэл, нөгөө хоёр чинь барьцалдсан чигтээ Б.М “ар тал руу нойт оргиод байна, нуруун талыг хараадах аа” гэж хэлэхээр нь С, Э бид гурав түүнийг гэрт оруулаад, цамцыг нь сөхөөд хартал, баруун далны доод хэсгээс цус нурууг нь даган урсаад байсан. Тэгээд цусыг тогтоох гээд 00-ын цаас, даавуугаар дарж  цусыг нь тогтоох гэсэн боловч цус гоожоод тогтохгүй байхаар нь наадахыг чинь эмнэлэг оруулж оёо тавиулахгүй бол болохгүй гээд түүнийг өөрийнх нь машинд нь суулгаад бид бүгдээрээ эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/,

-Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Б.М, Х, С нарын хамт Идэрийн голын мөсийг цоолж загас барихаар гол дээр Мын машинтай очсон. Тэгээд уг өдөр салхи ихтэй шуургатай байсан болохоор даараад оройхон 19 цагийн орчимд сумын төв рүү орж, би гэртээ орж хувцсаа сольчхоод гарч ирсэн. Тэгтэл Х айлд очиж хөзөр тоглож суух уу гэсэн. Бид дөрөв мөнгө нийлүүлж байгаад, дэлгүүр орж Тайга нэртэй архи авч, Мын машинтай Гынд очиж хөзөр тоглон загасаа шарж идэцгээе гээд айлын хашааны гадаа хүрч очсон. Гын гэрт яваад ортол ганцаараа байж байсан. Б.М загасаа шарж, Г, С, Х бид дөрөв 13 тоглосон. Тэгээд М дэлгүүрээс авсан архийг задалж, бид хэд архийг хувааж уугаад дуусгасан. Тэгтэл Г гэртээ байсан Хараа архи гаргаж задлаад ууцгаасан. 13 тоглоомыг 4 хүн тоглодог болохоор нэг хүн нь түрүүлж гарахаар тоглоогүй нэг нь суугаад тогтож байсан. Тэгтэл хөзрийн дүрмээс болоод Б.М, Г нар маргалдаад унасан. Тэгээд Г, Мыг “чи ихэд согтсон байна, одоо гэртээ харьж амарсан дээр, манайхаас яв, гэртээ харьчих” гэж хэлж байсан. Тэгтэл М “чи намайг гэрээсээ хөөдөг хэн бэ, чиний атаман чинь тэндээ л байдаг юм байгаа биз” гэх зэргээр үгийг нь сөргөөд байсан. Тэгснээ М гэрт халуун байна хаалга онгойлгочихъё гээд гэрийн хаалгыг онгойлгосон. Тэгтэл Г “чи хаалга онгойлголоо, гэрт хүйт ороод байна, хаалгаа хаачих гэж байна” гээд Мт хэлж байсан. Тэгээд Г, М бие биеийнхээ үгийг ойлголцолгүй маргалдаж байснаа М нь Гыг хувцаснаас зууралдаад, тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан. Г Мыг гэртээ харьчих гээд гэрийнхээ зүүн талаар хаалга руугаа явсан, М ч гэрийн баруун талаар явж хаалгаар гарахдаа гэрийн хаалгыг нь өшиглөөд гарсан. Тэгээд тэр хоёр үүдний амбаар дотор пижигнэлдээд эхэлсэн. Тэгээд Х, С бид гурав нөгөө хоёр чинь юу болоод байна гээд гэрээс гартал Г доор нь орсон М түүний дээр гарсан хоорондоо хувцасныхаа захнаас зууралдсан байдалтай байхаар нь бид гурав тэр хоёрыг салгасан. Тэгтэл Х Б.Мын нуруун талаас цус гараад байна гээд байна гэснээ түүнийг цамцыг сөхөж хараад байсан. Тэгээд нуруунаас гараад байгаа цусыг тогтооё гээд хөвөн шатааж тавих гээд байхаар нь наанаас чинь хэрэггүй бохир орчихно, эмнэлэг явъя гээд Мыг машин нь суулгах гэтэл өөрөө машинаа баримд явна гээд байсан. Би түүнд хандан “чи машин барьж хэрэггүй, архи уугаагүйгээр нь С-аар машиныг чинь бариулаад явъя гээд бид бүгдээрээ түүнийг эмнэлэгт хүргэхээр явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дүгээр хуудас/,

-Яллагдагч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Уг өдөр оройхон болж байхад нутгийн танил дүү Х, Э, С, зүс харж байсан Б.М нар манайд хүрч ирсэн. Тэгээд загас шарж идэнгээ 13 хөзөр тоглоё гэсэн. Б.М загас шарж өгсөн. Тэд нарын хэн нь юм нэг шил архи авчирсан байсныг хувааж ууцгаасан. Би гэртээ байсан нэг шил архи задалсан. Хөзрийн 13 гэдэг тоглоомыг 4 хүн тоглодог болохоор хэн нэг нь хожигдсон үед нөгөө нэг сууж дөрвүүлээ тоглоод байж байтал Б.М согтуурхаад хаалга үүд онгойлгоод байхаар нь би түүнд хандан “хаалгаа хаа, би даармааргүй байна, гэрт хүйт орчихно” гэж хэлсэн. Б.М үгэнд орохгүй үг сөргөөд байсан. Мөн тоглоомоос болоод бас жаахан маргалдсан. Тэгээд надтай маргалдаад байхаар нь би түүнийг гэртээ харьж үз гэж хэлтэл, намайг “чиний тэр атаман чинь тэндээ байдаг юм байгаа биз” гэж хэлж хэл амаар доромжлоод байсан. Б.М өөрөө согтуурхаад миний урдаас үг сөргөлдөөд байхаар нь түүнийг айлгая гэж бодоож гэрийн зүүн талын тавиур дээр байсан жижиг хутгыг авсан. Тэгээд гэрээс гарах гээд Б.М бид хоёр хаалганы босгонд тээглэн давхралдаад унасан. Хоёулаа босоод иртэл Б.М “чи намайг хутгалчихлаа ш дээ, нуруу дагаад цус урсаад байх шиг байна гээд байсан. Тэгээд Х,  Э, С бид нар түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед би түүнийг санаатай хутгалъя гэсэн санаа агуулаагүй юм гэж хэлэх байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 64-65 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Б.С-н 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 000000049 дугаартай: “...Б.Мын биед гэмтэл учирсан байна. Хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун далны хажуу талд шарх гэмтэл тогтоогдлоо. Б.Мын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 01 сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Б.Мын биед олон тооны гэмтэл тогтоогдсонгүй. Б.Мын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 42 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Наранбаатарын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000000010 дугаартай: “...Хохирогч Б.М өмсөж явсан гэх хар хөх болон улбар шар алаг өнгөтэй комбинезон, цэнхэр өнгийн ханцуйтай цамц, хар хөх өнгийн богино ханцуйтай цамц зэрэгт 2 см урттай гэмтэл /зүсэгдэлт/ байна. Хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Зүсэгдэлт нь шинэ гэмтэл байна. Зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 42 дугаар хуудас/,

-Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хөх өнгийн хуванцар иштэй хутга,

-Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.М-ын биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Г-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Год холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Год ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Гын гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдаж, болон эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б. Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Год өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН