Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01214

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01214

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 4-р хороолол, 36/105/ байрны 00 тоот, “Смарт таун”  сууц өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 4-р хороолол, 36/105/ байрны 83 тоот /одоо Баянзүрх  дүүрэг 25-р хороо, 97/3 байрны 15 тоот/-д оршин суух,  360 финанс ББСБ ХХК-д автын инженер эрхэлсэн ажилтай, регистр ТЕ84072530, Боржигон овогтой Эрдэнэчимэгийн Ганзоригт холбогдох засвар үйлчилгээний зардал 756 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж, хариуцагч Э.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ганзоригоос сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 756 Смарт таун сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. 36-р байрны 83 тоотын оршин суугч Э.Ганзориг нь өмнөх сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулаагүй, учир дутагдалтай байсан гэдэг шалтгаанаар засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй. Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, засвар үйлчилгээний зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байдаг. Гэтэл Э.Ганзориг нь 2013 оны 10 дугаар сараас 2017 оны 2 сарын зардлыг төлөөгүй. Сарын төлбөр нь 16 600 төгрөг бөгөөд нийт 756 500 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Э.Ганзоригоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 02-р сараас 2013 оны 10-р сарын хоорондох хугацааны төлбөрийг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх хугацааг хэтрүүлсэн, 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн байна. Иймд дээрхи үндэслэлээр 2014 оны 02 сар хүртэл төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Бид СӨХ-той гэрээ байгуулаагүй, гэхдээ оршин суугчийн хувьд СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ биелүүлнэ. Дараах нөхцөл байдал байгааг шүүхээс харгалзан үзэхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлага нь нийт төлөөгүй зардлыг төлүүлэх утгатай байна. Энэ төлбөр нь хэн, хаанаас тогтоосон эсэх нь баримтаар нотлогдоогүй байна. Сарын хэдэн төгрөгийг нийтлэг зардалд тооцож, ямар тогтоол шийдвэрээр авах гэж нэхэмжилсэн нь тодорхойгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.5 дах хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснээр зардлыг төлөх нь шударга гэж ойлгож байна. Мөн 13.2.4 дэх заалтад өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн  үйлчилгээний хөлсийг төлөх үүрэг сууц өмчлөгчид байгааг хуульчилсан байна. Иймд мэргэжлийн байгууллага үйлчилгээ үзүүлсэн, СӨХ үйлчилгээ үзүүлснийг баталгаажуулсан, улмаар сууц өмчлөгчдийн холбоо тайланг нийт сууц өмчлөгчдийн хурлаар хэлэлцэж үүргээ гүйцэтгэсэн болохыг баталсан нөхцөлд төлбөрийг төлөх нь зүй гэж ойлгож байна. Ажлаа гүйцэтгэсэн гэдгээ нотолсон, нийт оршин суугчдаар хэлэлцүүлсэн ажлын тайлан, мэргэжлийн ямар байгууллага ямар үйлчилгээг ямар чанартай үзүүлснээ нотолсон баримт бичиг байгаа нөхцөлд төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Смарт таун” сууц өмчлөгчдийн холбоо нь Э.Ганзоригт холбогдох засвар үйлчилгээний зардал 756 500 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 690 100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болох 66 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

Баянгол дүүргийн 7-р хороо, 36-р байрны 83 тоот сууц өмчлөгч Э.Ганзориг нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2013 оны 10-р сараас 2017 оны 2-р сар хүртэлх хугацааны нийт 756 500 төгрөгийг төлөөгүй, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, тооцооны баримтаар  тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байх хугацааг хэтрүүлсэн байх ба 2013 оны 10-р сараас 2014 оны 1-р сар хүртэлх хугацааны 66 400 төгрөгийн шаардлага нь энэ хугацаанд хамрагдахаар байна.

Харин сууц өмчлөгч Э.Ганзориг нь 2014 оны 01-р сараас 2017 оны 2-р сар хүртэлх хугацааны төлбөл зохих засвар үйлчилгээний зардал 690 100 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлөөгүй үндэслэлээ “...засвар үйлчилгээний ажил гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй,  нийт оршин суугчдаар хэлэлцүүлсэн ажлын тайлан, мэргэжлийн ямар байгууллага ямар үйлчилгээг үзүүлснээ нотолсон баримт бичиг байхгүй” гэж тайлбарладаг боловч энэ нь завар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэчимэгийн Ганзоригоос 690 100 /зургаан зуун ерэн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж “Смарт таун” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 66 400 /жаран зургаан мянга дөөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 706 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Ганзоригоос 21 124  төгрөг гаргуулж Смарт таун сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

                 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА