Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01216

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01216

Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10-р байрны 251 тоот, Мегабренд ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 27-р байрны 18 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХЭ86060220, Боржигон овогтой Гантулгын Золзаяад холбогдох  ажлын төлөвлөгөө биелүүлээгүй болохыг тогтоолгох, учирсан хохиролд 2 617 065 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Золзаяа нь Мегабренд ХХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08/008 дугаар тушаалаар сэтгүүлийн борлуулалтын менежерээр томилогдсон. Борлуулалтын менежер нь  Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваарьт зааснаар “Алтантүлхүүр” сэтгүүлийн борлуулалтыг хариуцдаг. Мөн ивээн тэтгэгч олж байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүрэгтэй ажиллах байсан. “Алтан түлхүүр” сэтгүүл нь 2001 оноос хойш  6 жилийн хугацаанд 10 000 гаруй хэвлэгдэн сурагч хүүхдүүдэд танигдсан юм. Мегабренд ХХК-ийн захирал сар болгон төлөвлөгөөгөө баталдаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 12-нд батлагдсан ажлын төлөвлөгөөг Г.Золзаяа биелүүлээгүй. Төлөвлөгөөг өмнөх жилийн борлуулалтын хэмжээтэй харьцуулан баталдаг. 2016 оны 9-р сард 9 000 ширхэг сэтгүүл борлуулах, менежер тус бүрд сард 1500 ширхэг сэтгүүл борлуулах үүргийг өгсөн байдаг. Менежерүүд захирлын баталсан төлөвлөгөөтэй танилцаад бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг. Менежер нь хөдөлмөрийн гэрээний 2.2-т мэдлэг чадвараа дайчлан үнэнч шударгаар, үр бүтээлтэй хөдөлмөрлөх, борлуулалтыг хурдан шуурхай хийх, зар сурталчилгаа хийж ажлын тайлан хөтлөх ёстой. Гэтэл Г.Золзаяад ажилд томилогдсноос хойш хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлсэн талаар ямар ч баримт байхгүй, нийт 38 хоног ажиллаж, 23 хоног амарч 5 хоног ажил тасалсан байдаг. Мөн 2 сарын хугацаанд борлуулсан сэтгүүлийн тоо нь 9-р сард 80 ширхэг, 10-р сард 115 сэтгүүл борлуулж, 2805 сэтгүүл борлогдоогүй байна. Өмнө нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаарх маргаантай хэргийг шүүх шийдсэн боловч Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч өөрт учирсан бодит хохирлоо шаардах эрхтэйг  дурдсан байна. Мегабренд ХХК-ийн гаргадаг Алтан түлхүүр сэтгүүл 933 төгрөгөөр борлуулагддаг бөгөөд Г.Золзаяагийн борлуулаагүй 2805 сэтгүүл байна. Манай компани ажил олгогчийн хувьд ажиллах нөхцлөөр хангаж, ажилтан үүрэг даалгавараа биелүүлэх, түүний хариуд цалин хөлс авдаг. Г.Золзаяа нь 2 сарын хугацаанд ажил үүргээ биелүүлээгүйгээс 2 617 065 төгрөгийн хохирол учраад байна. Иймд Мегабренд ХХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажлын төлөвлөгөөг тогтоох тухай” 09/009 дугаар тушаалын дагуу Г.Золзаяа нь ажлын төлөвлөгөөг биелүүлээгүй болохыг тогтоож, учирсан хохирол 2 617 065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г.Золзаяа нь ажилд орохдоо маркетингийн менежерээр орсон бөгөөд ажилд орсны дараа захирал нь “борлуулалт муу байгаа учраас борлуулалтаа давхар хариуц” гэж амаар хэлсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөн гэдэг боловч сард 1500 ширхэг сэтгүүл борлуулах заалт хөдөлмөрийн гэрээнд байхгүй. Гүйцэтгэх захирлын төлөвлөгөөний тухай, ивээн тэтгэгч олох тушаалтай танилцаагүй, энэ талаар мэдээгүй байна. Ажилд орсноор Хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолт ч байхгүй. Ямар ажил гүйцэтгэх нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдах ёстой. Борлогдоогүй сэтгүүлийг төлөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан хөдөлмөрийн маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдсэн, Мегабренд ХХК давж заалдах гомдол гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мега бренд ХХК нь Г.Золзаяад холбогдох ажлын төлөвлөгөө биелүүлээгүй болохыг тогтоолгох, учирсан хохиролд 2 617 065 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Г.Золзаяа нь Мега бренд ХХК-д менежерээр ажиллаж байгаад тус компаний захирлын 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн 2016/009 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

 

Г.Золзаяагийн гомдлоор ажлаас үндэслэлгүй халагдсан тухай хөдөлмөрийн маргаантай хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж 2017 оны 03-р сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/000817 дугаар шийдвэрээр түүнийг Мега бренд ХХК-ний борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосон /хх 22-25/ байна.

 

Борлуулалтын менежер нь “сард 1500 ширхэг Алтан түлхүүр сэтгүүл борлуулах төлөвлөгөө биелүүлээгүй” гэх үндэслэл нь ажил олгогч Мега бренд ХХК,  ажилтан Г.Золзаяа нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүрэгтэй холбоотойгоос гадна талуудын хооронд үүссэн “ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааны үндэслэл болсон” нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол улсын иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулдаг бөгөөд  ажилтан ажлын төлөвлөгөө биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирлын асуудал нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан гэж үзнэ.

 

Харин Иргэний хуулийн 8-р зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх ба иргэний зөрчигдсөн эрхийг 9-р зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан аргаар хамгаалдаг байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 219-р зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрх нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардах эрх байна.

 

Энэ үндэслэлээр ажилтан Г.Золзаяа үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох, учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хуульд нийцээгүй гэж дүгнэлээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн маргаан үүссэн гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Золзаяад холбогдох Мегабренд ХХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажлын төлөвлөгөөг тогтоох тухай” 09/009 дугаар тушаалаар тогтоосон ажлын төлөвлөгөөг биелүүлээгүй болохыг тогтоолгох, учирсан хохирол 2 617 065 төгрөг гаргуулахыг хүссэн Мега бренд ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 830  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА