Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0478

 

Т.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 475 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0071/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.О-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 475 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/98 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Т.О-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.О-т 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг, холбогдох нэмэгдлийн дагуу тооцон нөхөн олгохыг, түүнээс холбогдох суутгалыг хийж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Нийслэлийн Засаг даргаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны Б/98 дугаар захирамжийг гаргасан бөгөөд тухайн шийдвэрийг гаргахдаа нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дээрх захирамж шийдвэрийг баталсан.

            Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт тухайн актыг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь заалтын сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн бөгөөд хариуцагчаас 2022 оны Б/98 дугаар захирамжийн талаар сонсох ажиллагаа хийх гэтэл нэхэмжлэгч орон нутагт тухайн үед байсан бөгөөд биечлэн сонсох ажиллагаа хийх боломжгүй байсан тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан талаарх баримт хавтас хэрэгт авагдсаныг харгалзалгүйгээр сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн.

            Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус актын шинж агуулаагүй Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх захирамжийг гаргасан.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн захирамжийг мэдсэн гэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчин тухайн хэрэг маргааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

            Дээрх захирамжаар иргэн Т.О-ийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах үндэслэл болсон ажлын зайлшгүй албан шаардлага гарсан талаарх баримтыг анхан шатны шүүх цуглуулж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй.

            Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны Б/98 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу дээрх шийдвэрийг гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 475 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Т.О-ээс “нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн өмчийн харилцааны газрын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор өөртэй нь харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч Т.О-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллуулахаар шилжүүлэн томилсон байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч нь шилжүүлэн ажиллуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, зөвшилцсөн зүйл огт байхгүй байгаагаас гадна шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон гэх үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Т.О-ийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага буюу тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдал байгаа эсэх бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэг хариуцагчид өөрт нь хадгалагдаж байгаа төдийгүй энэ талаарх баримтыг өөрөө гаргаж өгөөгүй энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажлын зайлшгүй албан шаардлага гарсан талаарх баримтыг анхан шатны шүүх цуглуулаагүй, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.5. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ... үүрэгтэй” бөгөөд ийнхүү гаргаж өгөөгүй нь мөн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” юм.

2.6. Мөн түүнчлэн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Т.О-ийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж буй атлаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 63.1.12-т “нийслэлийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” гэж тус тус заасныг баримталсан байна. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэж буй атлаа чөлөөлөх хуулийн зохицуулалтыг баримталсан байх төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад түүнийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг тус тус баримтлан илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН