Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 49

 

 

Эмнэлгийн чанартай албадлагын

арга хэмжээ хэрэглэх тухай

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 
            Улсын яллагч: П.Ганбаатар 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр
    Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанчимэг
    Иргэдийн төлөөлөгч С.Жаргалсайхан
    Нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
 Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Гончигсүрэнгийн Мягмарсүрэнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн эрүүгийн  201503000472 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Эрдэнэтолгой хороолол 07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймгийн Сум дундын шүүхээр 1987 оны 10 сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.а-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2003 оны 01 сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, судасны эмгэгийн шалтгаант ухаан сулрах, ухаан тэнэгрэл өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй, Боржигон овогт Гончигсүрэнгийн Мягмарсүрэн /РД:АС60101519/ гэв.

    Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ буюу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой хороололын 07 тоот хашаанд иргэн А.Эрдэнэбилэгийн гэрт талийгаач А.Эрдэнэбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу дүү Г.Ичинхоролыг зодсон гэх асуудлаас маргалдаж эхнэр болох Г.Ичинхорол, ач нар болох У.Уламбаяр, У.Түмэнбаяр, Д.Дэлгэрмөрөн нарын хажууд цээжин тус газар нь 2 удаа хутгалж А.Эрдэнэбилэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
  
                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

* Шүүгдэгч Г.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би одоо юу гэхэв дээ. Би өөрөө гэнэтхэн байж байгаад тэрийг зүгээр л уугаад ингэсэн. Би уг нь гэрт нь алахгүй байсан. Би хүний хэлснийг л хэлсэн. Би ганцхан ингэчихлээ. Би сайн мэдэхгүй байна. Тэгээд л ганцхан л ингэчихлээ. Өшөө яахав дээ. Одоо мэдэхгүй ээ гэв.
      
          * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Ууганбаярын: “...манайх Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт байдаг. Манай өвөө А.Эрдэнэбилэгийнх сумын төвд өөрөө болохоор надтай хамт манайд малаа малладаг юм. Аав 2015 оны 10 сарын 01-ний өдөр ахмадын баярт явахаар сумын төвд байх гэртээ ирсэн. Маргааш нь буюу 2015 оны 10 сарын 02-ны орой 20:00 цагийн үед манай хүргэн Бат-Эрдэнэ над руу утсаар ярьж чи сумын төвд хурдан хүрээд ир гэсэн тэгэхээр нь яваад очтол манай хүргэн Бат-Эрдэнэ, ээж Ичинхоролоо, ээжийн ах Мягмарсүрэн, Балжинням гээд аавын найз зэрэг хүмүүс байж байсан намайг гэрт ороход зүүн талын орон дээр аав эгц дээшээ харсан цээж нүцгэн дээлээр нь бүтээсэн байхаар нь дээлийг нь сөхөж үзсэн чинь зүрхэн талдаа хутгалуулсан шарх 2 ширхэг, гар цээж хэсэг нь хөхөрсөн гар нь цус болсон ямар ч хөдөлгөөнгүй нас барсан байсан. Тэгэхээр нь би сумын эмнэлэг цагдаад энэ талаар мэдэгдэж дуудлага өгсөн. Тэгээд би өөрийнхөө хүүгээс юу болсон талаар асуусан чинь эмээ өвөө хоёр хэрэлдсэн тэгээд байж байтал Мягмар ах гаднаас орж ирээд шүүгээнээс хутга аваад өвөөг цээж рүү нь хоёр удаа хутгалаад гарч явсан гэж надад ярьсан. Тэгээд би энэ талаар хэсгийн төлөөлөгчид хэлсэн, би ээжээс юу болсон талаар асуусан чинь ээж би юу ч мэдэхгүй байна их согтсон байна гэж байсан. Мөн аавын найзаас асуусан чинь мөн л согтсон байсан болохоор мэдэхгүй байна гэж байсан. Г.Мягмарсүрэн ах болохоор манай ээжийн төрсөн ах нь байгаа юм өмнө нь аавтай эмээлийн наймаа хийгээд түүнээсээ болж хэрүүл маргаан болдог нэг удаа хэрэлдэхдээ Г.Мягмарсүрэн ах аав руу хайч барьж дайрч байхад нь би хажуунаас нь Г.Мягмарсүрэн ахыг алгадаж унагааж байсан. Ер нь Г.Мягмарсүрэн ах хүн хутгалж шоронд орж байсан хүн байгаа юм. Мягмар манай ээжийн төрсөн ах байгаа юм аавтай бол таарамж сайтай байдаг байсан. Мягмар ах архи дарс уудаг байсан. Энэ хавраас хойш архи уухаа байсан. Надад үнэхээр хэцүү байна аавыгаа алуулчихаад гомдолгүй гэх хэцүү, гомдолтой гэх хэцүү байна. Г.Мягмарсүрэн миний ээжийн төрсөн ах нь болохоор хэцүү юм...” гэх мэдүүлэг /хх-17-18х/

          * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Ичинхоролын: “...2015 оны 10 сарын 02-ны өдөр манай нөхөр А.Эрдэнэбилэгийн ах Цэвээнжав эхнэртэйгээ манайд ирсэн. Тэгээд бид хэд ахмадын баяр тэмдэглэж архи дарс ууцгаасан тэгээд Цэвээнжав ах эхнэртэйгээ 17 цагийн орчимд явсан. Тэгсэн манай нөхөр А.Эрдэнэбилэг согтоод надад агсам тавьж зүүн нүдний дээр гараараа нэг удаа цохисон. Мөн аяга авч шидсэн чинь миний баруун гарын чигчий хуруунд онож эсгэсэн. Тэгээд юу болсныг нь мэдэхгүй нэг хэсэг их согтсон байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би А.Эрдэнэбилэгийг зүүн талын орон дээр хэвтэж байхад нь дуудсан чинь сэрэхгүй цамц нь цус их болсон байхаар нь цамцыг нь дээш сөхөж үзсэн чинь цээжин хэсэгт нь 2 зүсэгдсэн шарх байсан. Тэгэхээр нь би айж сандарсандаа цусыг нь цэвэрлэж цамцыг нь тайлж аваад гадаа хогийн саванд хийсэн. Тэгээд сумын эмч, цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн хөмсөг халцарсан, баруун гарын чигчий хуруу эсгэгдсэн өөр гэмтэл учраагүй, одоо биеийн байдал зүгээр болсон. Одоо надад ямар гомдол санал байхав дээ нас барсан хүнээс гомдол нэхэх биш дээ. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, надад учирсан гэмтлийг талийгаач А.Эрдэнэбилэг учруулсан. Манай хүү Э.Ууганбаярын эхнэр түүнээс салаад хамаг юмаа аваад явсан байсан. Нөхөр маань надад чиний авсан бэр чинь хүүгийн маань хамаг юмыг аваад явчихлаа гэдгээс болж надтай маргасан. Би нөхрийгөө өмнө нь ял эдэлж байхад хүү Э.Ууганбаярдаа эхнэрийг нь авч өгч хурим хийлгэж байсан юм. Би тэр үедээ согтуу байсан, цохиулснаасаа болж ухаан манараад юу болсноо мэдэхгүй, хэн байсныг мэдээгүй. Энэ үед гаднаас миний ах Г.Мягмарсүрэн орж ирээд нөхрийг маань хутгалсан байсан. Тухайн үед гэрт байсан ач нар маань энэ талаар аавдаа хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-21, 149х/

          * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Бат-Эрдэнийн: “...талийгаач А.Эрдэнэбилэг манай хадам аав байсан. Харин Г.Мягмарсүрэн хадам ээжийн ах нь байгаа юм. Би 2015 оны 09 сарын 30-ны өдөр хөдөө Цайдам багаас сумын төвд орж ирсэн төв дээр манай ээжийн ахын хүүхэд найраа хийсэн тэгээд сумын төвд 2 хоноод байж байтал 2015 оны 10 сарын 02-ны өдөр манай эхнэр Мөнхтуяа над руу утсаар ярьж аав нас барсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам аавынд яваад очтол хадам аав зүүн талын орон дээр цээж нүцгэн дээлээрээ хучсан нас барсан байсан. Тухайн үед намайг гэрт ороход хадам ээж баруун орныхоо хөлд нь суусан Балжинням ах ширээний баруун талд тамхи татаад нөгөө 3 хүүхэд баруун орон дээр тоглоод байж байсан. Би юу болсон талаар асуухад хадам ээж миний хань өнгөрчихлөө гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би хүүхдүүдийг хадам ээжтэй гэрээс гаргаж ээжийг хажуу талын гэрт оруулахад Г.Мягмарсүрэн гэртээ байж байснаа гараад явчихсан. Тэгсэн гэрийнхээ зүүн хаяанд суугаад байсан. Орой нь манай хадам ах Ууганбаяр хүүхдүүдээсээ юу болсон талаар асуухад Г.Мягмарсүрэн ах өвөөг хутгалчихсан гэж хэлсэн     байсан. Би хутгалчихаад гараад явсан гэж яриж байхыг нь сонссон. Би 2012 онд А.Эрдэнэбилэг гэх айлын хүргэн нь болсон түүнээс хойш байнга холбоотой байдаг болсон. А.Эрдэнэбилэг Архангай аймгийн Хашаат сум Цайдам багт мал маллаж амьдардаг нэг гэр нь сумын төвд ач нар нь сургуультай байдаг. Зан байдлын хувьд архи уухаараа их агсам зантай хүн байгаа архи уухгүй үед бол зан сайтай хүн байгаа юм. Г.Мягмарсүрэнг би мөн эдний хүргэн болох үеэс эхлэн таних болсон би зан аашыг нь сайн мэдэхгүй сураг сонсоход шоронд явж байсан гэж сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх-23, 158х/

          * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Мөнхтуяагийн: “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед найранд орчихоод гэртээ харьчихаад ирье гэж хэлээд гэртээ хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Би аавынд ээж Г.Ичинхорол, ах Цэвээнжав, Баттөмөр нар 0.5 граммтай Улаанбаатар нэртэй архи, 2 литрийн боргио пиво уугаад сууж байсан. Батбаярыг дэлгүүр явчихсан гэж яриж байсан. Балжинням ах хамт архи ууж байсан. Би аав А.Эрдэнэбилэгийнд 30 орчим минут болоод найранд орохоор явсан. Найран дээр нилээд байж байгаад орой 18 цаг өнгөрч байхад утсаар ээж залгаад байсан. Би утсаа аваагүй. Ээж утсаар залгахаа больчихсон байж байгаад 20 цаг 30 минутад ээж утсаараа миний гар утас руу залгаад байхаар нь утсаа авахад ээж сандарсан байдалтай яриад аав чинь өнгөрчихсөн /нас барсан/ гэж хэлсэн. Би нөхөр Бат-Эрдэнийг аавынх руу явуулсан. Нөхөр Бат-Эрдэнэтэй утсаар ярихад аавынд байна. Аав нас барсан байна гэдгийг хэлсэн. Би хоёр хүүхдээ дагуулаад аавынд очиход аав нас барсан гэдгийг хэлээд гэрт нь оруулаагүй. Би хажуу талын гэрт нь орсон. Хажуу талын гэрт Баттөмөр эгч, ээж, манай нөхөр сургуулийн хүүхдүүд байсан. Би ээжээс аав яагаад нас барсан талаар асуухад ээж мэдэхгүй байна, аавыг нь ээж нь алаагүй шүү гэж хэлсэн. Би сургуульд сурч байгаа дүү Уламбаяр, Дэлгэрмөрөн, Түмэнбаяр нараас асуусан. Уламбаяр надад ярихдаа эмээ, өвөө хоёр хэрэлдээд байсан гэж хэлсэн. Би дүүгээсээ тэгээд яасан бэ гэж асуухад эмээг өвөө хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. Би яагаад өшиглөсөн гэж хэлэхэд танай муу бэр чинь миний хүүгийн хамаг малыг аваад явчихлаа, хутгалж ална гэж хэлсэн. Эмээ, өвөө хоёрыг хоорондоо хэрэлдээд байж байтал Г.Мягмарсүрэн ах гаднаас орж ирсэн. Г.Мягмарсүрэн ах тогооны авдарны дээд талын шургуулганаас хар иштэй хутга аваад өвөөг орон дээр сууж байхад цээжны зүүн талд нь бололтой өөрийнхөө цээжний хэсэгт заагаад энд нь хоёр удаа хутгалчихаад гараад явсан. Г.Мягмарсүрэн ах хүн алчихсан ч яадаг юм гэж хэлсэн. Би Уламбаяраас та нар чинь өвөөгөө харахгүй яасан юм бэ гэж хэлэхэд өвөө өөрөө гараараа биеэ хамгаалаад байсан чинь хутгалчихсан. Өвөө хутгалуулаад орон дээрээ дээшээ хараад унасан гэж хэлсэн. Би Уламбаяраас өвөөг чинь хутгалах үед хэн байсан юм бэ гэж хэлэхэд Балжаа гуай орны урдуур газарт унтаж байсан. Эмээ нилээд байж байгаад өвөөг үзээд байсан гэж ярьсан. Эмээ согтуу байсан гэдгийг хэлсэн. Өөр мэдэх юм байхгүй. Нэг жилийн өвөл Г.Мягмарсүрэн ах намайг байхгүй байхад аавыг ална гээд хайч барьчихаад дайрсан гэж дуулдаж байсан. Одоо хэдэн оны өвөл байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-25-26, 156х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Ичинхоролын: “...2015 оны 10 сарын 02-ны өдрийн өглөөгүүр манайд Дондов, Дашзэвэг гэж эхнэр, нөхөр хоёр ирсэн. Би ахмадын баярын өдөр гээд нэг шил 0.5 граммтай Улаанбаатар нэртэй архи гаргаж өгснийг хувааж уугаад талд нь оруулсан байхад манай гэрт талийгаач нөхөр А.Эрдэнэбилэгийн төрсөн ах А.Цэвээнжав эхнэртэйгээ хамт явган ирсэн. Дондов, Дашзэвэг хоёр та нар үлдсэн архийг нь уучих гээд гэрээс гараад явсан. Энэ үед гэртээ талийгаач нөхөр А.Эрдэнэбилэг байгаагүй гадуур гараад явчихсан байсан. Тэгээд удаагүй байж байтал манай нөхөр А.Эрдэнэбилэг гэртээ ирсэн. Ирэхдээ согтуу байсан. Би хаана архи уусан талаар асуухад Санжаадамбын аавынд архи уучихлаа гэж хэлсэн. А.Эрдэнэбилэг ах ирсэн гээд хоорондоо мэнд мэдээд ар гэрийнхээ талаар ярьсан. Манай хүү Э.Ууганбаярын эхнэр нь өвчнөө эмчлүүлэхээр Солонгос улс явахаар болсон. Солонгос явахад мөнгө хэрэгтэй гээд манай малнаас авсан талаараа ярьсан. А.Эрдэнэбилэг гэртээ архи аягалж байсан аягаар нэг удаа архи уучихаад унтсан. Би А.Цэвээнжав ахыг дахин архи уучихмаар юм шиг байхаар нь ойрын үед манай гэрээр орж ирээгүй гэж бодоод дахин нэг шил 0.5 граммтай Улаанбаатар нэртэй архи авч өгсөн. А.Цэвээнжав ах манайд ирэхдээ 2 литрийн боргио пивотой ирснийг задалж гурвуулаа хувааж ууж байгаад хаяаны айлын авгай Баттөмөрийг дуудаад хамт уусан. Тэгтэл архи, пиво дуусахын багцаанд Баттөмөр гэрээс гарч яваад 2 литрийн боргио пиво барьсаар орж ирсэн. Уг пивийг уугаад сууж байхад манай нөхөр А.Эрдэнэбилэгийн дүү А.Батбаяр 2 литрийн хоёр ширхэг боргио пиво барьчихсан манай гэрт орж ирсэн. Манай гэрт А.Цэвээнжав ах эхнэр Батмөнх, А.Батбаяр, Баттөмөр бид нар архи пиво ууцгаасан. Энэ үед манайд миний төрсөн ах Г.Мягмарсүрэн ганцаараа орж ирсэн. А.Цэвээнжав ах архи хийж өгөхөд Г.Мягмарсүрэн ах уугаагүй, хоёр аяга хоол идээд гэрээс гараад явсан. Манай гэрт архи, пиво уусаар байгаад 16 цаг өнгөрч байхад А.Цэвээнжав, Батбаяр, Батмөнх нар гэртээ харихаар явсан. А.Цэвээнжав ахыг эхнэрийн хамт хүү нь машинтай ирээд авч явсан. Би дээрх хүмүүстэй архи уусаар байгаад нилээд согтсон байсан. Удалгүй манайд Баттөмөр нэг авгайтай орж ирсэн. Би одоо Баттөмөрийг хэнтэй орж ирсэнг мэлэхгүй байна. Баттөмөр эмийн журмаар уудаг тал шил архиа аваад ирлээ гэж хэлсэн. Тэр тал архийг хувааж ууж байснаа санаж байна. Тэр үеэс хойшхи болсон үйл явдлыг санахгүй байна. Би архиндаа их согтсон байсан. Тэгтэл манай нөхөр сэрчихсэн байснаа уурлаад миний нүүр орчимд гараараа цохисон. Бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэр үед миний гарнаас цус гараад байсан. Манай нөхөр орон дээр хэвтээд байхаар нь хажууд нь очиж чи намайг хутгалсан байна гэж хэлээд цамцнаас нь татаж үзэхэд босохгүй, хөдлөхгүй байсан. Цамц нь нойтон байхаар нь дээшээ сөхөж байгаад харахад бие нь цус болсон байсан. Тэгээд айгаад ухаан орж цамцыг нь тайлж үзэхэд хавирганы доод хэсэгт хоёр газарт хутгалсан байсан. Би Балжиннямыг сэрээж байгаад нөхрийнхөө биеийг үзүүлсэн. Балжинням үзээд жижиг хоёр шарх байна. Гайгүй байх гэсэн юм ярьсан. Балжинням манай нөхөртэй гаднаас орж ирэхдээ согтуу байсан. Би Балжиннямыг гэрт унтаж байсан талаар ярихаа мартсан байна. Би тэр үед нөхрөө хутгалсан байна гэж бодоод их айсан. Удалгүй манай охин Э.Мөнхтуяа ирээд үзэж хараад эмч дуудсан. Би нөхрийнхөө цусыг цэвэрлэсэн. Цамцыг нь тайлаад хогийн саванд хийсэн. Эмч ирж үзээд цагдаа дуудахгүй бол болохгүй болсон байна гэж хэлсэн. Манай охин Э.Мөнхтуяа намайг загнаад аавыг та алсан байна гэж хэлсэн. Та нар архи ууж хоорондоо хэрэлдэж байгаад ийм хэрэг хийсэн байна гэж хэлсэн. Би өөрөө үгүй, ээж нь арай ч нөхрөө алахгүй гээд уйлсан. Би болсон хэргийн талаар сайн санахгүй байна. манай гэрт аяга хагарсан байсан. Аяганы хагархайнд миний гар зүсэгдсэн байх гэж бодож байна. хэсгийн төлөөлөгч ирээд хэргийн талаар асуугаад талийгаачийг хутгалсан хутга чинь хаана байна гээд асуугаад байсан. Би өөрөө ямар хутгаар хутгалсныг мэдэхгүй болохоор мэдэхгүй гэдгээ хэлсэн. Би өөрөө их согтсон. Өглөөнөөс эхлэн архи уусан. Бусад хүмүүс хэр согтуу байсан талаар мэдэхгүй байна. Бүгдээрээ л архи, пиво уусан. Талийгаач гэртээ орж ирэхдээ их согтуу байсан. Гэртээ унтаж байгаад боссон. Гэртээ архи уугаагүй байх. 1982 онд А.Эрдэнэбилэг бид хоёр хурим хийж хамт нэг гэрт амьдарч эхэлсэн. Түүнээс хойш 33 жил амьдарч байна. бид 5 хүүхэд төрүүлсэн. Нэг хүү минь нас барсан. Бид хоёр мал маллаж амьдарч ирсэн. Манай нөхөр А.Эрдэнэбилэг эрүүл байхдаа томоотой, ажил төрөл сайтай хүн байсан. Архи уухаараа агсан. Намайг сүүлийн 10 орчим жил нилээд зовоож байна. Би нилээд олон удаа зодуулсан. Архи уухаараа зодож, хутгалж байсан. 2015 оны 07 дугаар сард наадмаар талийгаач нөхөр А.Эрдэнэбилэг миний баруун гарын эрхий хурууны дээд талд хутгаар хутгалсан. Арваад жилийн өмнө зүүн хацар дээр хутгалж байсан. Мөн баруун гарын ядам хуруу руу хутгалж байсан. Амьдралын хувьд бололцоотой л амьдарч байна. манай хүүхдүүд бүгд л тусдаа гарсан. Манай нөхөр намайг хардаад байгаа бололтой юм яриад байдаг болсон. Бид хоёр хоорондоо хөгшин хүмүүс байж ийм юм яриад хэрэггүй гэж хэлж байсан. Би өөрөө хэн хутгалсанг мэдэхгүй байна. манай охин Э.Мөнхтуяагийн хүү Уламбаяр, Түмэнбаяр, Дэлгэрмөрөн нар аав, ээждээ ярихдаа өвөөг Г.Мягмарсүрэн ах хоёр удаа хутгалсан гэж ярьсан байсан. Би өөрөө энэ талаар мэдэхгүй байна. Манай гэрт байгаа хутгыг хэсгийн төлөөлөгч надад үзүүлэхэд гэрт байсан шөвгөр үзүүртэй хар иштэй хоолны хутга байхгүй байсан. Би тэр хутга гэрт байхгүй байна гэдгийг хэлсэн. Би тэр хутгыг одоо хаана байгааг мэдэхгүй байна. А.Эрдэнэбилэг, Г.Мягмарсүрэн нар хоорондоо хэрүүл маргаан гаргаад байдаггүй. Одоогоос 3 жилийн өмнө Г.Мягмарсүрэн манай нөхөртэй эмээлийн наймаа хийж байсан. Тэр наймаанаасаа болоод Г.Мягмарсүрэн манай нөхрийг ална гээд хайч барьж дайрч байсан гэсэн. Би өөрөө тухайн үед хажууд нь байгаагүй. Үүнээс өөр асуудал байсан үгүйг мэдэхгүй байна. Г.Мягмарсүрэн миний төрсөн ах байгаа юм. Г.Мягмарсүрэн эрүүл мэндийн хувьд тааруу, даралт харваж байсан. Залуу байхдаа танхайн хэргээр 2 удаа шоронд явж байсан. Одоо ганцаараа амьдарч байгаа. Манай хаяанд ганцаараа амьдарч, манайд хоол иддэг. Бид эхээс наймуулаа, Г.Мягмарсүрэн 2 дахь хүүхэд нь байгаа юм. Зан аашны хувьд хүний үгээр байдаг. Харин уурлахаараа зөрүүд гэмээр л байдаг. Ярихдаа муу, юм санахдаа ч муу болсон. Гэрт байхгүй байгаа хутга нь хар иштэй, юм зүсдэг ирний урт нь 12-13 см урттай богинохон хутга байсан. Иш нь хар өнгөтэй хуванцараар хийсэн байсан. Үйлдвэрийн хийцний хутга байсан. Үзүүр нь шовх үзүүртэй бол биш гэхдээ үзүүр нь иухар биш дунд зэргийн үзүүртэй байсан. Хутганы урд юм зүсдэг төмөр нь 1.5-2 см орчим өргөнтэй байсан санаж байна...” гэх мэдүүлэг /хх-27-29, 30, 161-162х/  

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Цэвээнжавын: “...2015 оны 10 сарын 02-ны өдөр сумын төв орж ирээд төрсөн дүү А.Эрдэнэбилэгийнхээр эхнэр Батмөнхийн хамт орсон. Орохдоо 2 литрийн боргио пиво аваад орсон. А.Эрдэнэбилэгийнд эхнэр Г.Ичинхоролоо ганцаараа байсан. А.Эрдэнэбилэгийг хаашаа явсан талаар асуухад айл руу явсан гэдгийг хэлсэн. Г.Ичинхоролоо нэг шил 0.5 граммтай Улаанбаатар архи задалсанг уусан. Дахин нэг шил архи уусан. Авч очсон пивийг хувааж уусан. Архи ууж байхад А.Эрдэнэбилэг, Г.Балжинням нар орж ирсэн. Орж ирэхдээ согтуу байсан. А.Эрдэнэбилэгтэй мэнд усаа мэдээд хууч хөөрсөн. А.Эрдэнэбилэг архи өгөхөд уугаагүй, ахаа би архи уухгүй гэсэн. Г.Балжинням хамт архи уусан. Намайг А.Эрдэнэбилэгийнд сууж байхад охин Э.Мөнхтуяа хүүхдийнхээ хамт орж ирсэн. Бид нар суугаад архиа уусан. Э.Мөнхтуяа удаагүй гараад явсан. А.Эрдэнэбилэг унтлаа гээд унтсан. Би түүнээс хойшхи болсон асуудлыг сайн санахгүй байна. Согтсон болохоор одоо юу болсныг санахгүй байна. А.Эрдэнэбилэгийнхээс гараад эхнэрийнхээ хамт харьсан. Намайг А.Эрдэнэбилэгийнд орох үед Г.Мягмарсүрэн хашаан дотор байсан. Г.Мягмарсүрэн, А.Эрдэнэбилэгийнхээр нэг орж ирэхээр нь би архи өгөхөд архи уухгүй байсан. Хоол идээд гэрээс нь гарсан. Тэгээд тэр өдрөө таараагүй...” гэх мэдүүлэг /хх-32, 155х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Баттөмөрийн: “...2015 оны 10 сарын 02-ны өдөр манай айл А.Эрдэнэбилэгийнд ах нь эхнэртэйгээ ирсэн. А.Эрдэнэбилэгийн эхнэр Г.Ичинхоролоо намайг гэртээ ор гэж урьсан тэгэхээр нь би тэднийд орсон чинь А.Цэвээнжав эхнэртэйгээ, А.Эрдэнэбилэг эхнэртэйгээ Г.Балжинням нар архи пиво ууцгаагаад сууж байсан. Тэр хэд надад ууж байсан архинаасаа хийж өгсөн би түүнээс нь ганц нэг балгаад байж байтал архи, пиво нь дуусаад А.Цэвээнжав эхнэртэйгээ явсан би цаашаа гэртээ орсон. Тэгээд би гэртээ ороод унтаад өгсөн байсан. Орой нь харанхуй болсон хойно би сэрсэн чинь манай хажуу айл А.Эрдэнэбилэгийнд эмч, цагдаа нар ирсэн байсан. Тэгсэн Г.Ичинхоролоо нөхөртөө зодуулчихлаа гээд гарнаас нь цус гарсан, зүүн зовхи нь халцарсан орж ирсэн. Тэгээд Г.Ичинхоролоо манайд орж ирэхдээ А.Эрдэнэбилэгийн цамц, фцтболка нь цус болсон байхаар нь тайлж аваад хаячихлаа гэж яриж байсан яг ямар хэрэг болсныг нь би мэдэхгүй байна. дараа нь сонсоход Г.Ичинхоролын ач нар нь Г.Мягмарсүрэнг шүүгээнээс хутга аваад өвөөг хутгалсан гэж хэлсэн байсныг Г.Ичинхорол надад хэлсэн. Мөн тэр үед тэр гурван хүүхэд нь манайд уйлчихсан Г.Мягмарсүрэн ах өвөөг хутгалчихлаа гэж орж ирсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг нь санахгүй байна. Тэгээд би А.Эрдэнэбилэгийнд орсон чинь Г.Ичинхорол А.Эрдэнэбилэгийн цусыг нь цэвэрлээд А.Эрдэнэбилэг нь зүүн орон дээрээ цамц нь тэр чигээрээ их цус болсон хэвтэж байсан. Г.Мягмарсүрэн нь Г.Ичинхоролын төрсөн ах нь байгаа юм. Архангай аймгийн Хашаат сумын уугуул хүн. Надтай хамаатан садан бол биш нэг нутгийн хүмүүс. Г.Мягмарсүрэнг шоронгоор олон жил явж байсан талаар сонссон, Г.Мягмарсүрэн нь энэ хавар манай хажууд гэрээрээ буусан ганц бие хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-36х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Балжиннямын: “... 2015 оны 10 сарын 01-ний өдөр ахмадын баяр тэмдэглэхээр сумын төвд орж ирсэн. Тэгээд орой нь сумын соёлын төвд бүжгэнд орсон. Намайг соёлын төвд явж байхад А.Эрдэнэбилэг тэнд явж байсан. Бид хоёр тухайн үед мэндэлчихээд өнгөрсөн. Маргааш нь буюу 2015 оны 10 сарын 02-ны өдөр би найз А.Эрдэнэбилэгийнд очсон намайг очиход А.Эрдэнэбилэг эхнэртэйгээ А.Эрдэнэбилэгийн ах Цэвээн эхнэртэйгээ дөрвүүлээ арх, пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэднийд архи, пивоноос нь хэдэн хундаг ууж дуусаад Цэвээн эхнэртэйгээ явсан. Миний норй хүрээд байхаар нь гэрийнх нь баруун талд газраар хэвтэж байгаад гарч бие засчихаад ороод ирсэн чинь А.Эрдэнэбилэг эхнэр Г.Ичинхорол руугаа шаазан аяга авч шидсэн бололтой Г.Ичинхоролоогийн гарнаас нь цус гарсан байж байсан. Тэгээд А.Эрдэнэбилэг агсам тавиад байхаар нь би болио хө гэж хэлсэн. Тэгээд би буцаад газраар унтаад өгсөн. 20-30 минут орчим болсны дараа Г.Ичинхоролоо намайг сэрээгээд болохоо байлаа гэсэн тэгэхээр нь сэрээд харсан чинь А.Эрдэнэбилэг зүүн талынхаа орон дээр цээжин хэсэг нь чигээрээ цус болсон хэвтэж байсан. Тэгсэн Г.Ичинхоролоо цамцыг нь тайлж цамцаар нь А.Эрдэнэбилэгийн цусыг цэвэрлээд гарч орж ирсэн яаж байна гэж асуусан эхлээд цамцыг нь тайлж байхад А.Эрдэнэбилэг амьсгаатай байсан. Тэгээд удалгүй нас барсан, цамцыг нь тайлж байхад А.Эрдэнэбилэгийн зүрх орчим нь зүсэгдсэн шарх 2 хэсэг газарт харагдаж байсан. Хэн яаж тэр шархийг учруулсныг би хараагүй. Бид хэд ер нь бүгдээрээ их согтсон байсан. Би тэднийд очихоос өмнө нь архи уусан байсан. Намайг унтаж байхад Мягмар орж ирээд гарсан байж таарч байна. Намайг сэрээд байж байхад Мягмар өөрийнхөө гэрт орсон байсан. Мягмарын гэр хажуу гэр нь юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-37-38х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Д.Дэлгэрмөрөнгийн: “...2015 оны 10 сарын 02-ны өдөр намайг хичээлээ тараад гэртээ ирсэн чинь хүмүүс архи ууж байсан. Тэгээд нөгөө хүмүүс яваад өгсөн гэрт Түмэнбаяр, Уламбаяр бид гурав тоглож байсан чинь эмээ, өвөө рүү өшиглөж уурыг нь хүргээд тэгсэн өвөө шаазан аяга эмээ рүү авч шидсэн. Тэгээд байж байтал Г.Мягмарсүрэн ах гаднаас орж ирээд шүүгээнд байсан хар иштэй хутгыг авч өвөөг орон дээр сууж байхад нь цээжных нь зүүн хэсэгт хоёр удаа хутгалсан. Г.Мягмарсүрэн ах гэрээс гараад явсан. Тэгээд байж байхад эмээ өвөөгийн цээжнээс нь цус гарч байхад нь цэвэрлэж байсан. Г.Мягмарсүрэн ах эмээг өмөөрөөд би хүн алсан ч яадаг юм гээд хутгалсан. Өвөө хар өмдтэй судалтай цагаан даавуун цамцтай байсан. Тухайн үед гэрт өвөө, эмээ, Г.Балжинням, Г.Мягмарсүрэн ах, Уламбаяр, Түмэнбаяр бид хэд байсан өөр хүн байгаагүй. У.Түмэнбаяр, У.Уламбаяр бид гурав л харсан өөр хүн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-39-40, 163х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч У.Уламбаярын: “...2015 оны 10 сарын 02-ны өдөр намайг хичээлээ тараад гэртээ ирэхэд гэрт эмээ, өвөө хоёр танихгүй хүмүүстэй байсан. Тэгээд тэр хүмүүс яваад өгсөн байж байхад өвөө эмээгийн нүүр рүү нь бөгжтэй гараараа нэг удаа цохисон тэгсэн гаднаас Г.Мягмарсүрэн ах гэрт орж ирээд шүүгээнээс хар иштэй жижиг хутга авч би хүн алдаг хүн ш дээ гээд өвөөг орон дээр сууж байхад нь цээж орчим нь нөгөө хутгаараа хоёр удаа хутгалсан. Тэгээд Г.Мягмарсүрэн ах хутгаа бариад гэрээс гарсан. Г.Мягмарсүрэн ахыг гэрээс гарахад эмээ ахаа болиоч ээ гээд түлхээд гаргасан тэр үед өвөө орон дээрээ сууж байснаа хойшоогоо орон дээрээ ойчсон. Тухайн үед өвөөгийн цээжнээс цус гарч байснаа сүүлдээ гарахаа байсан. Өвөө судалтай даавуун цамцтай байсан. Эмээг өвөөгийн цамцыг нь тайлж байхад би айгаад гэрээс гараад явчихсан. Тэр үед өвөө, эмээ нэг хөх дээлтэй ах, Г.Мягмарсүрэн ах, миний дүү У.Түмэнбаяр, ахын хүүхэд Д.Дэлгэрмөрөн бид хэд байсан. Өөр хүн байгаагүй. Миний дүү У.Түмэнбаяр, Д.Дэлгэрмөрөн бид гурав л харсан өөр хүн хараагүй. Эмээ ч хараагүй. Тэгээд би айгаад гэрээс гарчихаад буцаж ороход эмээ өвөөгийн цусыг нь цэвэрлэж байсан. Г.Мягмарсүрэн ах эмээг өмөөрөөд хутгалсан. Г.Мягмарсүрэн ах эмээгийн ах байгаа юм. Хар иштэй хутга байсан. Хутгаа яасныг нь мэдэхгүй. Тэрнээс хойш тэр хутга харагдахгүй болчихсон. Тэр хутга өвөөгийнд байнга байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42, 152х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч У.Түмэнбаярын: “...2015 оны 10 сарын 02-ны өдөр намайг хичээлээ тараад гэртээ ирэхэд байж байхад Г.Мягмарсүрэн ах гаднаас орж ирээд шүүгээнээс хар иштэй хутга аваад өвөөг зүүн талын орон дээр сууж байхад цээж орчим нь хоёр удаа хутгалчихаад гараад явсан. Тэгсэн дараа нь эмээ өвөөгийн цээжнээс нь гарч байсан цусыг нь цэвэрлэж байсан. Би тэгээд айгаад гэрээс гарч явсан. Г.Мягмарсүрэн ах өвөөг яагаад хутгалах болсонг би мэдэхгүй байна. Өвөө хар өмдтэй, судалтай даавуун цамцтай байсан. Тэр үед өвөө, эмээ, нэг хөх дээлтэй ах, Г.Мягмарсүрэн ах, миний ах У.Уламбаяр ахын хүүхэд Д.Дэлгэрмөрөн бид хэд байсан. Өөр хүн байгаагүй. Д.Дэлгэрмөрөн, У.Уламбаяр бид гурав л харсан өөр хүн хараагүй. Гаднаас Г.Мягмарсүрэн ах орж ирэхэд эмээ Г.Мягмарсүрэн ахаа аллаа ш дээ гэж хэлсэн шүүгээнээс хутга аваад хутгалсан. Хар иштэй хутга байсан. Хутгаа бариад гэрээс гарч явсан. Яасныг нь мэдэхгүй. Манай гэрт өвөө, эмээ, ах, Д.Дэлгэрмөрөн бид тав байсан. Балжаа гэдэг ах хутгалах үед нь гадаа байсан. Өвөө, Г.Мягмарсүрэн ах хоёр эрүүл байсан. Эмээ халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-43-44, 153-154х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Жамбалмаагийн: “...Г.Мягмарсүрэн бол миний төрсөн ах байгаа юм. Би эрх үүргээ ойлгосон мэдүүлэг өгнө. Бид нар эхээс арван нэг үүлээ Г.Мягмарсүрэн айлын 2 дахь нь байгаа юм. Г.Мягмарсүрэн Хашаат сумын 10 жилийн сургуульд 8 дугаар анги төгссөн. Цэргийн албыг Ховд аймгийн Хилийн цэргийн ангид хаасан. Цэргээс ирээд нилээд хэдэн жилийн дараа эхнэр авсан. Эхнэр нь 4 хүүхэд төрүүлээд залуугаараа өвчний учир нас барсан. Хүүхдүүдээ өөрөө өсгөсөн. Одоо хүүхдүүд нь Улаанбаатар хотод байгаа. Том хүү нь хүн амины хэргээр 13 жилийн хорих ялтай явчихсан. Дараагийн хүүхэд нь Улаанбаатар хотод хувиараа ажил хийдэг, 3 дахь охин нь оюутан, бага нь Улаанбаатар хотод ажил хийдэг. Г.Мягмарсүрэн өөрөө хийсэн ажилгүй. Группын хэдэн төгрөг авдаг. Эгч Г.Ичинхоролоогийн хашаанд хамт гэрээ барьж амьдарч байсан. 2014 онд даралт харваж түүнээс хойш ярихдаа муу болсон. Мартамхай болчихсон байгаа. Г.Мягмарсүрэн ах гэртээ ганцаараа амьдардаг. Талийгаач А.Эрдэнэбилэг архи уухаараа агса зантай, эрүүл байх үедээ гайгүй л байдаг. Манай эгчтэй суугаад олон жил болж байгаа. Манай эгч Г.Ичинхоролоог архи уухаараа зоддог гэж яригддаг. Зодож байхыг нь би өөрөө хараагүй. А.Эрдэнэбилэг, Г.Мягмарсүрэн нарын хооронд таагүй харьцаа байдаг талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-46, 160х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Эрдэнэцогтын: “...би эрх үүргээ ойлгосон мэдүүлэг өгнө. Г.Мягмарсүрэнгийн ээж манай аав хоёр хоорондоо эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. А.Эрдэнэбилэгтэй төрөл садангийн холбоо байхгүй. 2015 оны 10 сарын 03-нд намайг худгаа ажиллуулаад ганцаараа сууж байхад өдрийн 15 цагийн үед Г.Мягмарсүрэн өөрийнхөө мутанг-5 маркын мотоцикльтой ирсэн. Г.Мягмарсүрэнг ирэхээс өмнө дүү Осор үрээний засаа ирж ид гэж хэлсэн байсан. Г.Мягмарсүрэнтэй ойр зуурын юм ярьж байгаад үрээний засаа явж идэх үү гэж асуухад тэгье гэж хэлсэн. Худаг дээрээсээ Г.Мягмарсүрэнтэй хамт Осорынх руу Г.Мягмарсүрэнгийн мотоциклийнх нь ард суугаад очсон. Үрээний засаа идээд айраг ууж байгаад 17 цаг болж байхад буцаад сумын төвд орж ирээд шууд гэрийнхээ үүдэнд буусан. Г.Мягмарсүрэн харих юм яриад мотоцикльтойгоо ганцаараа явсан. Түүнээс хойш таараагүй. Би өөрөө гэрээс гараагүй. Г.Мягмарсүрэн хэл муутай ой санамж муутай, архи уудаггүй. Залуу байхдаа бага зэрэг танхай байсан гэдэг юм. Тэгээд ч танхайн хэргээр шийтгүүлж байсан гэж дуудсан. Эхнэр нь залуу байхад нь нас барсан. А.Эрдэнэбилэг дандаа л хөдөө байдаг, эхнэр нь сумын төвд хүүхдүүдтэйгээ байдаг. Г.Мягмарсүрэнгийн хоол, цайг талийгаач А.Эрдэнэбилэгийн эхнэр Г.Ичинхорол хийж өгдөг. Г.Мягмарсүрэн, А.Эрдэнэбилэг хоёрынх нэг хашаанд амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-47-48, 159х/

  * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Өлзий-Утасын: “...би Г.Мягмарсүрэн гэх гэх хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа байхгүй. Г.Мягмарсүрэн угийн даралт ихтэй байсан. 2015 оны 05 сард даралт ихсэн харвалт өгч Улаанбаатар хотод очоод хагалгаанд ороод ирж байсан. Хагалгаанд орсноосоо хойш 07 сарын эхээр надад ирж үзүүлээд эм бичүүлж байсан. Тухайн үед хэл яриа нь ойлгогдохгүй байсан. Би үзээд эмийг нь бичиж өгөөд явуулж байсан. Ямар эм бичиж байснаа санахгүй байна. Даралт ихэссэн үедээ үзүүлдэг байсан байх. Хяналтанд байсан эсэхийг мэдэхгүй байна. Цохиулж зодуулж байсан эсэх талаар нь мэдэхгүй байна. Г.Мягмарсүрэнг танихгүй учир тэр хүний талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-49-50х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Дашдоржийн: “...Г.Мягмарсүрэнг манай багийн иргэн гэдгээр нь танина. Өөр ямар нэгэн найз нөхөд, төрөл садангийн холбоо байхгүй. Г.Мягмарсүрэн манай суманд хүн нас барсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн. Тухайн үед юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. Эхнэр нь олон жилийн өмнө нас барсан 4 хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байсан. Өрх толгойлсон эрэгтэй. Хүүхдүүд нь Улаанбаатар хотод байдаг. Г.Ичинхоролоо гээд талийгаачийн эхнэр асарч, халамжилдаг байсан. Зан байдлын хувьд этгээд ааш, буруу зангүй. Бусадтай нийтэч эвсэг, архи уусан үедээ агсан согтуу тавьж байна гэж сонсоогүй. 2015 оны 05 сарын үед даралт нь ихсээд Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад ирсэн. Даралт харвахаас өмнө биеийн байдал хэвийн байсан. Даралт харваснаас хойш хэл яриа нь мэдэгдэхээ больсон гэхдээ хөл гарын хөдөлгөөн гайгүй байсан. Ярих гэж байгаа юмаа эвлүүлж чаддаггүй үг нь ойлгогддоггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-51-52х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Санжаасүнгийн: “...би А.Эрдэнэбилэг Г.Мягмарсүрэн  нарыг танина. А.Эрдэнэбилэг нь миний төрсөн дүү байгаа юм. Харин Г.Мягмарсүрэн нь А.Эрдэнэбилэгийн эхнэр Г.Ичинхоролийн ах нь байгаа юм. 2015 оны 10 сарын 02-ны шөнө манай дүү нар А.Эрдэнэбилэгийг архи уугаад согтуу унтаж байгаад нас барсан гэж ярьсан. Тэгээд би маргааш нь хөдөөнөөс орж ирээд юу болсон талаар тодруулахад А.Эрдэнэбилэгийг Г.Мягмарсүрэн хутгалаад алсан гэж яригдаж байсан. Би яг хэрэг болох үед бол байхгүй хөдөө байсан болохоор сайн мэдэхгүй байна. Хэрэг болсон үйл явдлыг талийгаачийн эхнэр нь нуугаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Талийгаач А.Эрдэнэбилэг нь миний төрсөн дүү байгаа юм Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт мал маллаж өссөн. Зан байдлын хувьд хааяа архи дарс уудаг хүн байсан. Харин Г.Мягмарсүрэнгийн хувьд тэр болгон уулзаад байдаггүй нэг нутгийн хүмүүс байгаа юм. Энэ хоёр хоорондоо уг нь бол сайн л харьцаатай байдаг хүмүүс. Сүүлийн хэдэн жил Г.Мягмарсүрэн талийгаачийнхаар байж байгаад сүүлд тусдаа гэр барьж гарсан. Г.Мягмарсүрэн урд өмнө хүн хутгалаад 2 удаа шоронд явж байсан гэдэг...” гэх мэдүүлэг /хх-54, 150х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Энх-Амгалангийн: “...Г.Мягмарсүрэнг нутгийн хүн гэдгээр нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. 2013 оны 03 сарын 27-ны өдөр Гончигсүрэнгийн Мягмарсүрэн манай хүн эмнэлэгт цусны даралт ихсэж харвалт өгсөн байдалтай хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Түүний өвчний түүхээс хартал толгой их өвдөнө, өөрөө явж чадахгүй, нойргүй гэх онош тавигдаж 23 хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Түүнээс өмнө манай хүн эмнэлгээр үйлчлүүлж байгаагүй. Эмнэлгийн байгууллагын хяналтанд дээрх өвчний учир хамрагдсан...” гэх мэдүүлэг /хх-55-56х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Баасанжавын: “...А.Эрдэнэбилэг, Г.Мягмарсүрэн нарыг хоёуланг нь таньдаг хүмүүс манай нутгийн хүмүүс байгаа юм. Би тэдний ар талын гудманд, ар талынх нь хашаа буюу Эрдэнэтолгойн 3-6 тоотод амьдардаг юм. Тэр хэрэг болдог үед уул нь зодолдож нүдэлцсэн зүйл болоогүй байх гэж би бодож байна. Яаж байгаад тийм зүйл болсныг сайн мэдэхгүй байна. Би тэднийхээр ордоггүй болохоор ямар хутга байдгыг мэдэхгүй. Тухайн хэрэг болсноос хойш манай хашаанд хутга харагдаагүй хэрвээ олсон бол хүүхдүүд бариад гараад ирнэ...” гэх мэдүүлэг /хх-249х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Сарангийн: “...А.Эрдэнэбилэг, Г.Мягмарсүрэн нарыг зүс хараад мэднэ. Манайх суманд тэдний ар талын хашаанд амьдардаг. Тэдний гэрээр ордоггүй болохоор ямар хутга байдгыг мэдэхгүй. Тухайн хэрэг болсноос хойш манай хашаанд тийм хутга мэдэгдээгүй. Хэрэв мэдэгдсэн бол манай хүүхдүүд бариад надад үзүүлэх байсан...” гэх мэдүүлэг /хх-250х/ 

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн яллагдагч Г.Мягмарсүрэнгийн: “...би өмгөөлөгч авсан байцаалтанд өмгөөлөгч Д.Насанжаргалыг оролцуулна. Би А.Эрдэнэбилэгийг хутгалж алсан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдэж байна. Би хүргэн А.Эрдэнэбилэгийнхтэй хамт айл байдаг. 2015 оны 10 сарын 02-ны өдөр санагдаж байна А.Эрдэнэбилэг гэртээ агсам тавиад байхаар нь би орсон чинь манай дүү Г.Ичинхорол уйлчихсан байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд А.Эрдэнэбилэгийг хутгалсан би тухайн үед хутга хаанаас авсанаа санахгүй байна. Тэгээд юу болсныг нь санахгүй байна. Тухайн үед миний уур их хүрсэн байсан. Намайг ороход А.Эрдэнэбилэг манай дүүтэй хэрэлдээд байсан тэгэхээр нь уур хүрээд хутгалсан. Би хаана нь яаж хутгалсанаа мэдэхгүй байна. Тухайн үед гэрт ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. Миний уур хүрээд хутгалсан байсан. Би үүнийг сайн мэдэхгүй байгаа. Би даралт харавсан бие муу байдаг зарим зүйлээ санахгүй байдаг болсон. Би мэдэхгүй байна уур хүрсэндээ нэг хатгаад авсан. Би А.Эрдэнэбилгийг хутгалсан нь үнэн. А.Эрдэнэбилэг манай дүүг уйлуулсан байсан. Тэгэхээр нь би гэнэт уурлаад ийм хэрэг болсон. Үүнийг сайн мэдэхгүй байгаа. Тэр хоёр зодолдсон юм уу би мэдэхгүй байна уйлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-82-83, 85-86х/

    * Шүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 сарын 10-ны өдрийн 86 тоот дүгнэлтэд: “...1. Талийгаач А.Эрдэнэбилэг нь дээрх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндийд хурц цус алдаж нас баржээ, 2. Шинжилгээгээр баруун уушигны гялтангийн архаг наалдацат үрэвсэл, элэг, нойр булчирхайн өөхлөлт, ходоодны салстын архаг үрэвсэл, ерөнхий судас хатуурах өвчин зэрэг архаг хууч өвчтэй байна. энэ нь үхэлд хүргэхгүй, 3. Талийгаач нь нам барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цусан дахь спиртийн агууламж 1.9 промиль, 4. Талийгаачийн биед оношын 1.3-рт тусгагдсан цээжний хөндий рүү нэвтэрсэн болон нэвтрээгүй шарх, биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн цохих үйлчлэлээр, зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үсснэ. Зүрхэнд хүрсэн шарх нь үхэлд хүргэжээ” гэх дүгнэлт /хх-60х/

    *....Г.Мягмарсүрэн нь судасны эмгэгийн шалтгаант ухаан сулрах, ухаан тэнэгрэл өвчтэй байгаа учир хэрэг хариуцах чадваргүй...” гэсэн Шүүх сэтгэц гэм судлалын 23 тоот магадлагаа /хх-64х/

    * Шүүх сэтгэц гэм судлалын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 349 тоот дүгнэлтэд:  “...Г.Мягмарсүрэн нь судасны өвчний тэнэгрэл, тэнэгрэлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ эмгэг нь тархинд цус харваж хүндрэл үүссэнтэй холбоотойгоор үүссэн байна. Г.Мягмарсүрэнгийн дээрх эмгэг нь 2015 оны 04 сард тархинд цус харвасны улмаас үүссэн байх боломжтой байна. Г.Мягмарсүрэн нь дээрх өвчний учир өөрийн үйлдлийг зөв ойлгож удирдах чадваргүй байсан байна. Г.Мягмарсүрэн нь болсон хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Мягмарсүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх-270х/
    * Хэрэг уралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-7х/ /хх-245-248/
    * Фото гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10, 14-15, 61-62, 2 дугаар хавтасны 32х/
    * Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн засаг даргын 2015 оны 10 сарын 03-ны өдрийн 3/364 тоот тодорхойлолт /хх-90х/
    * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94, 95, 96х/
    * Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хх-97, 98, 102, 121х/
    * Эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас /хх-99, 100, 123х/
    * Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зураг /2-р хх-30-32/
    * Г.Мягмарсүрэнгийн өвчний түүх /хх-103-109, 126-132х/, эд мөрийн баримт зэрэг болно. 

Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ буюу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой хороололын 07 тоот хашаанд иргэн А.Эрдэнэбилэгийн гэрт талийгаач А.Эрдэнэбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу дүү Г.Ичинхоролыг зодсон гэх асуудлаас маргалдаж эхнэр болох Г.Ичинхорол, ач нар болох У.Уламбаяр, У.Түмэнбаяр, Д.Дэлгэрмөрөн нарын хажууд цээжин тус газар нь 2 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч У.Ууганбаярын мэдүүлсэн “...Тэгээд би өөрийнхөө хүүгээс юу болсон талаар асуусан чинь эмээ өвөө хоёр хэрэлдсэн тэгээд байж байтал Мягмар ах гаднаас орж ирээд шүүгээнээс хутга аваад өвөөг цээж рүү нь хоёр удаа хутгалаад гарч явсан гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Ичинхоролын мэдүүлсэн “...А.Эрдэнэбилэгийг зүүн талын орон дээр хэвтэж байхад нь дуудсан чинь сэрэхгүй цамц нь цус их болсон байхаар нь цамцыг нь дээш сөхөж үзсэн чинь цээжин хэсэгт нь 2 зүсэгдсэн шарх байсан. Тэгэхээр нь би айж сандарсандаа цусыг нь цэвэрлэж цамцыг нь тайлж аваад гадаа хогийн саванд хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Балжиннямын мэдүүлсэн “...Г.Ичинхоролоо намайг сэрээгээд болохоо байлаа гэсэн тэгэхээр нь сэрээд харсан чинь А.Эрдэнэбилэг зүүн талынхаа орон дээр цээжин хэсэг нь чигээрээ цус болсон хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Дэлгэрмөрөн, У.Уламбаяр, У.Түмэнбаяр нарын мэдүүлсэн “...Г.Мягмарсүрэн ах гаднаас орж ирээд шүүгээнд байсан хар иштэй хутгыг авч өвөөг орон дээр сууж байхад нь цээжных нь зүүн хэсэгт хоёр удаа хутгалсан...” гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болон шүүгдэгч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Г.Мягмарсүрэн нь хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа, шүүх сэтгэц гэм судлалын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 
    Иймд Г.Мягмарсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, түүний биеийн байдал зэргийг харгалзан түүнд сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  
    
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Мягмарсүрэн нь энэ хэрэгт нийт 259 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн цамцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.  

 Г.Мягмарсүрэнг онц хүнд гэмт хэрэгт холбогдсон, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт очтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 
    
     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298, 378, 383, 385 дугаар зүйлийн 385.1, 385.5-д заасныг тус тус  удирдлага болгон 

                                                             ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан гэмт хэргийг Боржигон овогт Гончигсүрэнгийн Мягмарсүрэн нь хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоосугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Гончигсүрэнгийн Мягмарсүрэнд сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3. Г.Мягмарсүрэн нь 2015 оны 10 сарын 04 ний өдрөөс 2016 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл 259 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн цамц 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Мягмарсүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

6. Г.Мягмарсүрэнг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт очтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй:

7. Тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    В.ЦЭЦЭНБИЛЭГ
                
               ШҮҮГЧИД                   П.ГАНДОЛГОР 

                                          Э.ОДХҮҮ