Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1115

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Хонгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00150 дугаар шийдвэртэй, Ө.Хонгорын нэхэмжлэлтэй, хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ, Г.Алтантуул, П.Энхбаатар нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 32 269 431 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААҮТАГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, Н.Байгальмаа,

Хариуцагч П.Энхбаатар,

Хариуцагч Г.Алтантуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497, 498, 505 дугаар зүйлд заасныг үндэслэж гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд 32 269 431 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

2011 оны 12 дугаар сард Ө.Хонгор нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны харъяа Сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн албанд шинжээчийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон. Энэ хугацаанд буюу 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр лабораторийн эрхлэгч Г.Алтантуулын үүрэг болгосноор Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах Жарден хотхоны барилга дээр “бетоны үл эвдэхийн шинжилгээ” хийхээр очсон. Гар аргаар хийж бэлтгэсэн шатаар авирч гарах явцад шат гулсаж 4 метрийн өндрөөс унаж, биедээ гэмтэл авсан, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр 2 хөл, гарын хуруу хугарч, нуруунд гэмтэл авсан. Гэмтлийн дараа 90 хоног магадлагаатай байсан ба хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар өвчний группт орсон.

2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хятадын Хөх хотод 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Монголд хийсэн эмчилгээ, шинжилгээний 756 100 төгрөг, таксины 14 900 төгрөг, нотариатын 9 700 төгрөг, Хөх хотод эмчлүүлсэн зардал 114 521.97 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 30 956 433 төгрөг, бусад зардал 1 381 юань буюу 373 298 төгрөг, нийт 32 269 431 төгрөгийг хариуцагч Барилгын хөгжлийн төв, Г.Алтантуул, П.Энхбаатар нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжилж байна.

Хариуцагч Г.Алтантуул, П.Энхбаатар нарт уг асуудлаар 2013 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэмтэл авсан нь үйлдвэрлэлийн осол гэж тогтоогдсон шийдвэргүй. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас үйлдвэрлэлийн ослоор тогтоосон дүгнэлт гараагүй. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх эрх бүхий субъект Барилгын хөгжлийн төвийн инженер П.Энхбаатар, Г.Алтантуул нар байсан. Г.Алтантуулын хувьд хөдөлмөрийн гэрээ олдохгүй байгаа гэдэг ч тухайн үед барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байсан.

Эрүүгийн хэрэгт Ө.Хонгор хохирогчоор тогтоогдож байцаалт өгсөн, баримтууд ирсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах асуудал биш юм. Хариуцагч нар тайлбартаа хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж байгаа. Харин нотлох баримттай холбогдуулж үзлэг, шинжилгээ хийх, нотлох баримтаас хасуулах эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ нь нотлох баримтыг үнэлэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хөх хотод зарцуулсан зочид буудлын баримтын хувьд хөлний шагайнд гэмтэл авсан учраас ганцаараа явах боломжгүй тул дүү С.Нандинцэцэг асарч явсан. Иймд хариуцагч нарын хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол болох эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус төвийн харъяа Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторит шинжээчээр ажиллаж байсан Ө.Хонгор 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэгт баригдаж буй Жарден хотхонд бетоны үл эвдэхийн шинжилгээ хийхээр очоод осол гарсан байдаг. Ө.Хонгор нь “Ачинскай” ХХК, “Гуо ду” ХХК, “Эс девелопмент” ХХК-ийн шинжилгээ хийлгэх хүсэлтгүй, шинжилгээний гэрээ байгуулаагүй, удирдлагад мэдэгдээгүй талбайд очиж, хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д заасан ажилтан ажлын байрнаас гадуур ажиллахдаа хэлтсийн даргад мэдэгдэж, гадуур ажлын дэвтэрт бүртгүүлнэ гэснийг хэрэгжүүлэлгүй, шинжилгээг хийхээр явсан.

Мөн ахлах шинжээчээс үүрэг болгосноор тухайн объектод очсон гэх боловч ахлах шинжээч бусад шинжээч нарт үүрэг өгдөггүй. Дээрх компаниудиас хөдөлмөр хамгаалал аюулгүй, ажиллагааны зааварчилгаа аваагүй, өндрийн шатыг норм дүрэм, стандартын дагуу угсраагүй, өндрийн бүс, каск зэрэг хэрэгсэлгүйгээр ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан үүргийг биелүүлээгүйгээс осол гарсан.

Шинжээч нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангуулж ажиллах үүрэгтэй бөгөөд уг журамд нийцээгүй байхад шинжилгээ хийсэн нь осолдох нөхцлийг бүрдүүлсэн. Хэрэв хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй бол ажлаа зогсоох ёстой учир илтэд болгоомжгүйн улмаас бэртсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн.

Зураг төсөл эрдэм шинжилгээний институт УТҮГ-аас Ө.Хонгорт 6 сарын чөлөө олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1, Иргэний хуулийн 509.1-д заасан хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан сар бүр өгөх тэтгэмжийг 1 удаа буцалтгүй тэтгэмж болгон 717 883 төгрөг олгосон. Ө.Хонгор 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажлаас чөлөөлөх хүсэлт ирүүлсэн тул ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3-т зааснаар Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэсний дагуу Жарден хотхонд албан үүргээ гүйцэтгэх явцад осолд орсон тул гэм хорын хохирол буюу эмчилгээний зардлыг “Гуо ду” ХХК хариуцсан байдаг.

Төрийн байгууллагууд ажилтнуудын гадаад улсад хийлгэсэн эмчилгээний зардалд хөрөнгө төсөвлөхийг хориглож, энэхүү зардлыг гаргахгүй байхаар шийдвэрлэж Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг баталсан. Уг журмын 3-т гадаад оронд эмчлүүлэх хяналтын комиссын дүгнэлт, хүлээн авах эмнэлгээс ирүүлсэн урилга, зардлын эх үүсвэрийг бүрдүүлсэн тухай мэдээлэл зэрэг материал бүрдүүлэхээр заасан. Эдгээр зардалд тээвэр, хоол байр, түүнчлэн дагалдах явах хүний зардал, бусад зардлыг оруулахгүй байхаар журамласан. Уг журамд өөрөө явж гадаад улсад эмчилгээ хийлгэсэн нөхцөлд зардлыг нөхөн олгохгүй байхаар тусгасан тул нэхэмжлэлийн шаардлага уг журамд нийцэхгүй байна.

Мөн Ө.Хонгорын гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2008 оны 274/137 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтын ердийн өвчний хэсэгт багтсан. Иймээс Иргэний хуулийн 498.3, Хөдөлмөрийн хуулийн 97.1.1, 129.1, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжид заасныг үндэслэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

БНХАУ-ын Өвөр монголын эмнэлэгт эмчлүүлсэн хятад хэл дээрх /монгол хэлээр орчуулсан/ Өвчтөний карт гэсэн баримтыг шүүхэд өгсөн байдаг. Үүнд хийгдэх эмчилгээ гэсэн хэсэгт “нуруунд лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай, 2 сар тогтмол эм уух, лазер эмчилгээ багаар бодоход 10-12 удаа хийлгэх” гэсэн атал эмчлүүлэгчийн зардлын нарийвчилсан задаргаа гэсэн хэсэгт “мэс заслын төлбөр, мэс ажилбарын зардал” гэх мэт зардлууд багтсан байна. Ө.Хонгор 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30 өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх боловч мөн оны 12 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Өвөрмонголын Зочид буудалд байрлан мөнгө төлсөн тухай баримт нь дээрх хугацаатай давхцсан тул уг баримт үнэн зөв нь эргэлзээтэйн гадна 30 сая төгрөгтэй тэнцэх 114 521 юань Өвөр монголын эмнэлэгт төлснийг нотлох баримтгүй гэжээ.

 

Хариуцагч П.Энхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед манай байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан байхгүй байсан. Ө.Хонгор хэлэхдээ би Энхтуулд хэлсэн гэдэг, өмгөөлөгч нь Г.Алтантуулд хэлсэн гэж зөрж байгаа ба явахдаа анхан шатны бүртгэлд бүртгүүлээгүй, мөнгө тушаасан баримтгүй, ажлын бус цагаар, шинжилгээ хийх эрхгүй байсан, ажилдаа ирэхгүйгээр шууд явсан гэх зүйлүүд ажиглагдаж байна. Ө.Хонгор шинжилгээнд 3 өдөр явсан бөгөөд эхний өдөр шинжилгээний хариу гарах ёстой байтал хоёр дахь өдөр шинжилгээний хариу сайн, муу гарсан эсэх, хариу хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Хэрэв муу гарсан бол тухайн барилга нурах аюултай. Прокурорт өмнө нь гомдол гаргаагүй, учир нь эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж байна гэж бодсон. Би тухайн үед зааварчилгаа өгөх эрхтэй ажилтан биш, Ө.Хонгортой адил шинжээч хийж байсан. Тиймээс энэ хохирлыг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Алтантуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах үед засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц, хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна гэж заасан ч шинжээч Ө.Хонгорын гэмтэлд ослын акт гараагүй, юунаас болж унаж гэмтсэн нь тодорхой тогтоогдоогүй байдаг.

Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын 3.2.3-д Барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор, саравч гэх мэт/-өөр тоноглох, 3.2.2-д Барилга угсралтын явцад барилгын гадна шат, ванданг уртын дагууд 4 м-ээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгын үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат, орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх гэж тус тус заасан тул шатны аюулгүй ажиллагааг Г.Алтантуул биш “Ачинскай” ХХК хангасан байх үүрэгтэй.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа БНбД 12-03-04 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1-ийн 6.2.21-д Өндөрт ажил гүйцэтгэж байгаа үед ажлын байрны доод хэсэгт аюулгүй бүсийг гаргаж өгөх хэрэгтэй. Өндрийн нэг чиг шугамын дагууд /Энэ бүлгийн 4.10-д тусгагдсанаас бусад тохиолдолд/ хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг хийх тохиолдолд дээр нь байрлаж байгаа ажлын байрнаас 6 м-ээс ихгүй зайд доод талын ажлын байрыг /дэвсгэр, банз, тор, саравч зэрэг/ хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглосон байвал зохино, 7.4.14-д Шат вандангийн өндөр нь 4 м хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч, мастер хүлээн авч, ажлын журналд бүртгэсний дараа, харин 4 м-ээс илүү өндөртэй шат ванданг барилга угсралтын байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч, акт үйлдсэний дараа ашиглахыг зөвшөөрнө, 7.4.17-д Ашиглалтын явцад барилгын ажлын шатны байдлыг 10 хоног тутам нэг удаа даамал буюу хэсгийн инженер, ахлах биечлэн үзлэг, шалгалт хийж байвал зохино. Ажлын шатнаас сар ба түүнээс илүү хугацаанд ажил хийгдээгүй бол дахин ажил гүйцэтгэхийн өмнө энэ дүрмийн 7.4.14-д заасан журмаар ашиглалтанд хүлээн авбал зохино, 7.4.19-д Хөдөлгөөнт шат, хэрэгслийг ашиглах ед дараах шаардлагыг хангасан байвал зохино, Шат ажил гүйцэтгэх хэрэгсэлийг шилжүүлэх хөндлөн, дагуу чиглэлийн гадаргуугийн налуугийн хэмжээ нь паспортод заагдсан үйлдвэрлэгч заводын ашиглалтын зааварт заагдсан хэмжээнээс илүү байх ёсгүй, 7.4.26-д шатыг ашиглахын өмнө суурилуулсан шатны алслалын дунд байрлах гишгүүр дээр 1200Н /120 кгс/ статик ачаагаар туршсан байвал зохино. Барилга байгууламжийн ашиглалтын явцад модон шатыг хагас жил бүр, төмөр шатыг жил тутам туршиж байвал зохино хэмээн тус тус заасан байдаг.

“Ачинскай” ХХК эдгээр шаардлагыг биелүүлэх үүрэгтэй боловч тухайн өдөр Ө.Хонгорын хэрэглэсэн шат уг шаардлагуудыг ханган, ажилд ашиглаж болно гэж баталгаажсан, шалгагдсан эсэх, уг шатыг өөрсдийн барилгын талбай дээр зөв угсарсан эсэх, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан эсэх, шинжээч Ө.Хонгор өөрөө хайнга байдлаас болж унасан эсэх зэргийг эрх бүхий ямар ч байгууллага, албан тушаалтан, хэн ч, хаана ч ялган тодруулж тогтоогоогүй.

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах гэж зааснаар барилгын талбай дээрх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг миний бие биш, уг талбай дээр барилгын ажил гүйцэтгэж байсан компани хариуцах ёстой.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн18.1.4-д ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх эрхийг нь ажилтан Ө.Хонгорт хуулиар олгосон байна. Тухайн үед лабораторийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь болон Барилгын хөгжлийн төвийн захиралтай миний байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/06 дугаартай хөдөлмөрийн гэрээнд алба хаагчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах тусгайлсан үүрэггүй байна.

Иймд миний бие дараах хууль дүрэмд зааснаар уг осолд хариуцлага хүлээхгүй.

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1.-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, биш, 2. 27.2.-д заасан дагуу томилогдсон ажилтан биш, 3. 27.4.-д заасан мэргэшсэн хүн биш, 4. Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.5-д заасан барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах Барилгын ажил гүйцэтгэгч биш, 5. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1 болох БНбД 12-03-04-д заасны дагуу шатны аюулгүй ажиллагааг хариуцах үүрэг бүхий “Ачинскай” ХХК-ийн ажилтан биш, 6. Тухайн үед ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор ажилчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг хүлээгээгүй.

Иймээс 32 269 431 төгрөгийг надаас гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэл надад хамааралгүй. П.Энхбаатар бид нарыг яллагдагчаар татаж, прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гаргаагүй учир эдгээр хүмүүс хариуцагч болохгүй. “Ачинскай” ХХК, “Гоу ду” ХХК, “Эс деволопмент” ХХК-иуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бүх дүрэм, журмыг зөрчсөн, хариуцагч байх ёстой этгээд гэж үзэж байна. Прокурорын тогтоол нотлох баримт болохгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 31 752 833 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Хонгорт олгож, нэхэмжлэлээс 516 598 төгрөгийн шаардлага болон хариуцагч Г.Алтантуул, П.Энхбаатар нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 316 714 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин процессын алдаа гаргаж, гурван хариуцагчийн нэгийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар бичгүүдийг тухай бүр өгч байсан. Шүүх маргаанд биечлэн оролцож тайлбар хийх эрхийг хангалгүй, байгууллагын гэм буруутай үйлдлийг ослын акт болон бусад нотлох баримтуудыг бүрдүүлэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байхад уг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хамтран хариуцагч нарт холбогдох хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэврлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Г.Алтантуул, П.Энхбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас хэрэгсэхгүй болсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар гэм хорыг хамтран хариуцахаар заасан. Г.Алтантуул Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторын эрхлэгчээр ажиллаж байсан боловч одоо ажилладаггүй нь тогтоогдсон.

Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн БНХАУ-аас ирүүлсэн нотлох баримтууд эргэлзээтэй байсан. Учир нь Хөх хотын эмнэлгээс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд эмнэлгээс гарсан гэх боловч Монгол Улсын Замын-Үүд боомтоор тухайн өдөр хилээр нэвтэрсэн нь цаг хугацааны хувьд нийцэхгүй буюу энэхүү баримтууд хуурамч болох нь нотлогдож байна.

Өвөр монголын эмнэлэгт эмчлүүлсэн тухай хятад хэл дээрх өвчтний картанд бичигдсэн эмчилгээнд ороогүй мэс заслын болон мэс ажилбарын зардал нэхэмжлэлийн шаардлагад багтсан. Мөн гадаадад хэвтэж эмчлүүлсэн хугацаанд давхар зочид буудалд байрласан гэх баримтууд цаг хугацааны хувьд давхцсан нь үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байхад шүүх тэдгээрийг үндэслэн шийдвэр гаргасан. Өвөр монгол эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн төлбөрийн баримт нь төлбөр төлөх мөнгөний хэмжээг тооцсон болохоос биш тухайн төлбөрийг төлсөн баримт биш бөгөөд энэ талаар гүйлгээний баримт хэрэгт авагдаагүй. Шүүх дээрх эмчилгээ хийлгэсэн гэх баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, хөтөлбөргүй үнэн гэж үнэлэн хууль зөрчсөн.

Ө.Хонгорын гүйцэтгэсэн шинжилгээний ажлын талаар гадуур ажлын дэвтэрт бүртгээгүй, “Ачинскай” ХХК-ийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байгууллагуудын бүртгэлд бүртгээгүй, тухайн ажлыг хариуцсан албан тушаалтан  үүрэг даалгавар өгч ажилд явуулсан байхад хэт нэг талыг барьж хөдөлмөр аюулгүй ажиллагааг сахин хамгаалах үүрэггүй гэж тайлбарлажээ. Хэрэв лабораторын эрхлэгч хөдөлмөр аюулгүй ажиллагааг сахин хамгаалах үүрэггүй гэж үзэж байгаа бол Барилгын хөгжлийн төв хариуцахгүйгээр захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч хариуцлага хүлээх ёстой.

Нэхэмжлэгч Барилгын хөгжлийн төвд ажиллаж байсан боловч 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээр нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан биш гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Прокуророос иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан бөгөөд энэхүү хариу мэдэгдэх хуудсыг авснаас хойш дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө гомдол гаргах ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Хонгор нь хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААҮТАГ, Г.Алтантуул, П.Энхбаатар нарт холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 32 269 431 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ

 

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалыг хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААҮТАГ-т 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, хариуцагч Г.Алтантуулд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус танилцуулж баталгаажуулсан боловч үүнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримтууд /2хх 165-176/ болон шүүхээс хийсэн ажиллагааны талаарх баримтыг /2хх 129-164, 177-186/ танилцуулсан баримтгүй байна.

 

Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Улмаар хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААҮТАГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй буюу мэдэгдэх хуудсыг хэзээ, хэн хүлээн авсан нь тодорхойгүй байхад хариуцагчийн эзгүйд хэлэлцэн шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна. /2хх 183/

 

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, 44.4 дэх хэсэгт зааснаар төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулахыг тус тус зохицуулсан байдаг ч энэ нь мэтгэлцээнд оролцож буй хэргийн зохигчдод хамаарахгүй, зөвхөн шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримтад хамаарах ойлголт болохыг шүүх анхаараагүй гэж үзнэ. /1хх 10, 19, 92-94, 2хх 32-38, 49-53, 74-77/

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийн улмаас давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан, хэргийн нөхцөл байдал, нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримт болон хариуцагч нарт үүрэг хариуцлага үүсэх үндэслэл зэрэгт эрх зүйн талаар дүгнэлт хийх боломжгүй болж байна

 

Ийнхүү зохигчдын хооронд эрх, үүрэг үүсгэж буй эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхой бус байхад түүнийг тодруулалгүйгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан гэм хорын өөр өөр төрлийн зохицуулалтыг зэрэг баримтан хариуцагч нарт холбогдох хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд холбогдох зардлыг төлөх үүрэгтэй боловч тухайн этгээдийн хувьд гэм хорыг арилгах үүрэг нь хуулийн дагуу үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд уг үүргээ хэрэгжүүлэх учиртай.

 

Хэрэв нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан буюу нэхэмжлэгчид учирсан гэм хор, хариуцагчийн гэм буруутай хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хоорондын шалтгаант холбоо нотлох баримтаар тогтоогдсон бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг хариуцан арилгах үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгуулахаар ажил олгогчийн хувиар шаардаж буй эсэх, эсхүл хариуцагч Барилгын хөгжлийн төвийн ажилтнуудын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг ажил олгогчийн хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар гаргуулахаар шаардаж байгаа эсэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шууд гэм хор учруулсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан үндэслэлээр шаардсан эсэхийн аль болох нь тодорхой бус байна. Дээрх тохиолдолд шүүх ямар нэгэн байдлаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломж бүрдэхгүй юм.

 

Ингэснээр маргааны үйл баримтын талаар талууд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, тэдгээрийн тэгш байдал хангагдах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасантай нийцэх болно.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, дурдсан зүйлийг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААҮТАГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгальмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/00150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА