Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, *. * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.Б /*/.

Шүүгдэгч Б.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багт байрлах өөрийн гэртээ согтуугаар А.Б-гийн баруун дал руу хайчаар чичиж баруун далны ар дээд хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багт өөрийн гэртээ согтуугаар А.Б-гийн баруун дал руу хайчаар чичиж баруун далны ар дээд хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед эхнэр Ж-ын хамт В ахынхаар оръё гэж бодоод Б-ын хашааны урдуур алхаж байгаад Б-тай таарсан. Тэгээд Б- надтай архи уух гээд бас манай эхнэр Ж-аар гэр цэвэрлүүлнэ гээд бид хоёрыг дагуулаад орсон. Б-ын гаргаж ирсэн тал шилтэй архийг хувааж уугаад явъя гэж хэлсэн чинь манай эхнэр гараад явсан. Б- бид 2 тал шилтай архиа хувааж уугаад урагшаа П ахынд орж хоёр хоёр хундага архи уугаад гарч яваад би эхнэртэйгээ таараад гэртээ очсон. Би гэртээ очоод буцаад гэрээсээ “Экс” нэртэй 0.5 литрийн савалгаатай тал архи аваад Б-ынд очсон. 17 цагийн үед архи дуусаж байсан бөгөөд Б архийг бол өлгийднө шүү хүүрээ гэж зүүн талын мөр лүү өшиглөхөөр би сандал дээр сууж байгаад газарт унасан. Унаад босох үед баруун талын дал хэсэг рүү үзүүртэй зүйлээр хатгасан. Тэгээд нуруунаас цус гарахаар нь Б- намайг орон дээр суулгаад цус тогтоох гээд даавуугаар шархан дээр дараад байсан. Тухайн мэсээр хатгуулсан шарханд 3 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 08-09 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим гэртээ байхад жижүүр сувилагч залгаад ээлжийн сувилагч өөр дуудлаганд явсан гээд, Жинстийн 202 тоотод Бямбацэрэн хутгалуулсан байна яваад очоодхооч гэж хэлсэн. Тэгээд тухайн дуудлаганд 17 цаг 30 минутын үед явж очоод Б-ын гэрт ороход зүүн талын орон дээр Б суучихсан ёолж байхаар нь явж очтол гадуур хувцасных нь дотуур орны цагаан даавуу чихээд хаячихсан, нөгөөдөх нь баахан цус болчихсон байсан. Бийн нурууны ар талд нь баруун дал хэсэгт үзүүртэй зүлээр хатгагдаж гэмтсэн шарх, зүүн талын мөрний хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Тухайн үед Б ах намайг Б- хутгалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,

-Гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б гэрийн зүүн талын орон дээр хэвтчихсэн дээрээс нь дээл, хөнжлөөр хучсан байдалтай байхаар нь би явж очоод Бг босгох гэтэл ёолоод би өвдөөд байна ахаа, нүүдэл хийлцэж өгч чадахгүй нь ээ гэж хэлэхээр нь би Бг босгох гээд татаад босготол нурууны ард өмссөн дээлний дотор талд юм хийчихсэн байхаар нь Б-аас Бг яасан талаар асуухад Б- надад “цус гараад байгаа юм” гэхээр нь шууд Б-, Бг хутгалсан байна гэж бодоод гарч яваад Бгийн ээж Мягмар, эхнэр Ж-, төрсөн дүү О нарыг дуудаж авч ирсэн. Б намаг Б- хутгалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

-Гэрч А.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим гэртээ байхад Д ах гаднаас орж ирээд танай дүү Б Б-ад хутгалуулсан юм шиг байна гэж хэлэхээр нь ээж М, Б ахын эхнэр Ж-, Д ах гэх хүмүүстэй Б-ын гэрт очсон. Зүүн талын орон дээр Б ах хэвтэж байхаар нь очоод босгох гэтэл нурууны ар талд баруун талын далны хэсгээс цус гарч байсан. Тухайн үед намаг Б- хутгалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,

-Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад хашааны үүдэн дээр очтол манай хашааны үүдэн дээр Б, эхнэр Ж-ын хамт зогсож байхаар нь би “та хоёр орооч” гэсэн чинь Б над руу хандаж “Бид хоёр хөдөө явж Д ахын отрын гэрийг нүүлгэх гэж байна, шар тайлах юм байна уу” гэж асуухаар нь би Бд “нэг юм байгаа, манайх руу орооч” гээд тэр хоёрыг гэр лүүгээ дагуулаад орсон. Гэртээ ороод “Эдэн” нэртэй 0.75 литрийн савлагаатай задалсан архийг Б бид 2 хувааж уусан. Тухайн архи нь задалчихсан доороосоо 4 хуруу л үлдсэн байсан бөгөөд Бгийн эхнэр Ж- архи уугаагүй. Тэгээд Б бид хоёр дахиж архи уух гээд гэрээсээ гараад П ахынд очиж Монголын ёс гээд хоёр хоёр хундага архи уучхаад тэднийхээс Б бид 2 гараад явж байгаад Т-ын тэнд Бгийн эхнэр Ж-тай таараад “хөдөө явах болчихлоо” гээд Бг эхнэр нь аваад явсан. Тэгээд би гэртээ хариад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь гэрт хүн орж ирэх шиг болхоор нь хартал Б гаднаас ганцаараа согтуу 0,75 литрийн “Экс” нэртэй задалсан тал архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид 2 Бгийн авчирсан архийг уугаад араас нь “хараа” нэртэй 0,5 литрийн архи хувааж уугаад байж байтал Бгийн эхнэр Ж- орж ирээд архи уулаа гэж загнаж байгаад гараад явсан. Би нилээн муудсан байсан болохоор Бд амарлаа гэж хэлээд орон дээр гараад хэвтэж байтал Б баруун гараараа эрүү лүү цохих шиг болохоор нь би ширээн дээрээс шар бариултай хайч аваад баруун гараараа бариад Бгийн баруун талын далны хэсэг лүү гарын ар талаараа саваад цохитол хутгалсан байсан. Бгийн цусыг тогтоож байхад гаднаас Д орж ирээд Бг явъя гэхэд Б явахгүй гэх хэлэхээр нь би Б явж чадахгүй байх гэж Дт хэлэхэд Д явалгүй яадаг юм гэж хэлээд Бг татсанаа цус гарч байгааг хараад хутгалуулсан байна гэж хэлээд гарч явсан. Тэгээд би айгаад дээшээ гүйгээд гандангийн хажууд хэсэг сууж байгаад 23 цагийн үед гэртээ харьж амарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 58-59 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Б.С-н 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 000000073 дугаартай: “...А.Б-гийн биед гэмтэл учирсан байна. Хурц ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой  баруун далны ар дээд хэсэгт шарх, хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн бугалганы урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хохирогчийн биед учирснаас хойш хэдий хугацаа өнгөрсөн болохыг нарийн тогтоох боломжгүй, Учирсан баруун далны ар дээр хэсгийн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.Б-гийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Б-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б-ад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-ад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-ын гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд харин эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн, голоороо цагаан болон улбар шар өнгийн зураастай ноосон цамц, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн бариултай хайч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн, голоороо цагаан болон улбар шар өнгийн зураастай ноосон цамц, шар өнгийн бариултай хайч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН