Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г

Шүүгдэгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох 2124000000010 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: **************************

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байрлах Д эзэмшлийн хөрөө рамын хашаанд тухайн өдөр жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.М хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “Ална шүү пизданууд, зайл” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, мөр рүү мөрөөрөө дэлсэж цохих, хөлийг нь хөлөөрөө хавирах зэргээр хүч хэрэглэсэн,

мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах Цагдаагийн хэлтэс дотор үүдний хэсэгт тухайн өдөр жижүүр мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.С хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нуруу руу нь түлхэж, өмсөж байсан дүрэмт хувцасных нь мөрдөснөөс татах зэргээр хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байсан жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.М хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “Ална шүү пизданууд, зайл” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, мөр рүү нь мөрөөрөө дэлсэж цохих, хөлийг нь хөлөөрөө хавирах зэргээр хүч хэрэглэсэн,

2021 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах цагдаагийн хэлтсийн байранд тухайн өдөр жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.С хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нуруу руу нь түлхэж, өмсөж байсан дүрэмт хувцасных нь мөрдөснөөс татах зэргээр хүч хэрэглэсэн үйл баримтууд нь:

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа жолоочоор үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30 өдөр шилжих шөнө жижүүрийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг 80251102 дугаар руу Д эхнэр Д “Манай нөхөр хэрүүл маргаан үүсгээд байна” гэх  дуудлага мэдээлэл өгөгдсөний дагуу би эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Д.Ж хамт “Верна” маркийн 02-00 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Д рам дээр  2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байхад очоод рамын үүдэнд өөрийн унаж явсан алаг тэргээ хашааны хаалгыг хааж зогссон. Машинаасаа буугаад хоёр метрийн зайтай зогсоод харахад Д нь рамынхаа хашаан дотор “Камаз” маркийн машин жолоодож холихоод байсан. Би хоёр метрийн зайнаас “Та буугаад ир, ингэж болохгүй гэж” Д хэлэхэд бид хоёрын хэлсэн үгийг үл ойшоогоод машинаас буухгүй машиныхаа хаалгыг дотроос цоожилчхоод бууж ирэхгүй хаалгыг хааж зогсоосон алаг тэргийг мөргөх шахаад урагшаа хөдөлгөөд 30-40 минут болсон. Тэр хугацаанд бид хоёр нэлээн гуйсны эцэст түүний хүү болох Б нь өөрийнхөө Ланд-200 маркийн 00-40 ЗАН улсын дугаартай тээврийн  хэрэгслээр хашааны хаалганы хажуу завсраар ороод ирсэн. Ланд-200 маркийн машинаас Б бууж ирээд цагдаа нар руу хашхираад хэл амаар доромжлоод байсан. Тэр хооронд д“Камаз” маркийн машинаас бууж ирсэн. Д машинаас бууж ирэхээр би дуудлагаар ирсэн машин руу авч явах гэтэл түүний хүү Б намайг мөрлөөд бас хөл рүү хавирах үйлдэл хийхэд би ахын дүү согтуу байгаа юм уу, бид нар дуудлагын дагуу ирсэн гэж хэлэхэд Б “Та нар шиг юмнууд манай эзэмшлийн газраас зайл” гэж орилоод байсан. Тэр үед түүний охин бас замын цагдаагаас М, Г нар тус тусын машинтай ирсэн. Тэр үед түүний хүү Б бас замын зохицуулагч М барьцалдаж авах гээд очиход нь М түлхээд холдуулсан. Рамын хашаанд байсан байшингаас дуудлага өгсөн эхнэр Д хүүхдэдээ хандаж “Аав чинь  Камазаар намайг алах гээд байхад чинь чи юу яриад байгаа юм цагдаа нар ирж миний амийг аварлаа” гэж хэлсэн. Тэнд бөөн маргаан үүсээд эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахлагч Ж, цагдаагийн зохицуулагч дэслэгч С.М бид нар Д дуудлагын дагуу машиндаа суулгаад хэлтэс дээр авчирсан. Тэгээд би машинаа граж дотор хийх гээд хэлтсээс гараад явсан. Тухайн үед Д.Б нь мөрлөсөн бас хөлөөрөө хавирах үйлдэл гаргасан түүнээс өөр зүйл байхгүй. Өмсөж байсан дүрэмт хувцсанд урагдах гэмтэл үүссэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр ахлах ахлагч Х.Г хамт томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд шөнө 01 цагийн орчимд Д эхнэр Д утсаар яриад манай нөхөр агсам тавиад байна гээд над руу залгахаар та жижүүрт дуудлага өг гэчхээд нэг тээврийн хэрэгсэл саатуулах гээд хэлтэс дээр ирэхдээ жижүүрт уг мэдээллийг танилцуулж хэлчхээд эргүүлдээ гарсан. Удалгүй жижүүрээс залгаад дгэртээ агсам тавиад согтуу машинаа асаагаад хашаан дотроо яваад байна гэж хэлэхээр нь би цагдаагийнхаа хамт тухайн асуудал болсон газарт очтол хүмүүс хоорондоо маргалдсан байдалтай байсан. Намайг очиход Б уурлаад цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон үйлдэл гаргаад байж байсан. Харанхуй байсан болохоор гаргаж байгаа үйлдлүүд сайн анзаарагдахгүй байсан. ...Б миний араас орилоод байхаар би тоолгүй Д жижүүрийн машинд суулгаж өгөөд явуулсан....” гэсэн мэдүүлэг /хх 56-57/,

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны  01 дүгээр сарын 30-ны шөнийн 00 цагийн орчим манай нөхөр дархи ууж агсам тавиад байхаар нь би бараг 2 цаг орчим  арга эвийг олох гээд нэлээн их үзсэн боловч үгэнд орохгүй янз бүрийн үг хэллэг ярьж намайг доромжлон, согтуугаар тээврийн хэрэгсэл барьж яваад би чамайг ална гэж хэлээд намайг доромжилсон. Тэгээд би нөхрийнхөө хэлсэн үгийг тоолгүй амраах гэсэн боловч чадаагүй. Би охиндоо аав чинь болохоо байлаа гээд хэлчхээд мөн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй охин болон хүү машинтай ирсэн.  Хүүхдүүд ирэхээс өмнө манай нөхөр машинаа асаагаад хашаан дотроо наашаа, цаашаа яваад байсан. Цагдаагийн албан хаагч нар манай нөхөрт хууль ёсны шаардлага тавьсан боловч үгэнд нь орохгүй байсан. Тухайн үед манай хүү Б аавыгаа хараад тухайн газарт байсан цагдаагийн албан хаагч нарт бухимдлаа илэрхийлээд хууль ёсны тавьсан шаардлагыг биелээгүй мэт чанга чанга дуу гараад байсан. Миний бодлоор цагдаагийн албан хаагч нар аавыг нь авч явах гээд байсан учраас тийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Би тухайн үйл явдал болж байхад байшин дотор байсан учир энэ үйл явдлыг цонхоор харж сонсож байсан. Тэгээд намайг байшингаас гараад хүүгийн ирсэн машины дэргэд ирэхэд манай нөхөр машинаасаа буугаад ирчихсэн байсан. Манай нөхрийг цагдаагийн алба хаагч нар алаг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх 59-60/,

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг 80251102 дугаар руу Д эхнэр Д “Манай нөхөр хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч Д.М, цагдаагийн ахлагч Д.Ж нарыг явуулсан. Дуудлага мэдээлэл дээр очоод Д.Ж жижүүрийн дугаар руу залгаад днь машинаа асаачихсан рамынхаа хашаан дотор урагшаа хойшоо хөдөлгөөд дайрчих гээд, цагдаагийн алаг тэргийг мөргөчих гээд машинаас буухгүй байна замын цагдаагийн албан хаагчаас байвал явуулаач гээд ярьсан. Харин би хариуд нь гар утсаараа бичлэг хийгээд өөрсдийн аюулгүй байдлыг хангаад байж бай би замын цагдаагийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэслэгч С.М болон цагдаагийн ахлах ахлагч Х.Г нарыг явуулъя гэж хариу мэдэгдээд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарыг явуулсан. Тэр хоёрыг очиход днь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, түүний төрсөн хүүхэд буюу Д.Б нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хэл амаар доромжлон хашаанаасаа хөөх үйлдэл гаргасан байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Цагдаагийн хэлтэс дээр авчран Д, түүний охин, хүү нарыг миний өрөөнд оруулаад ирсэн.  Өрөөнд орж ирэх үед яагаад зөрчил гаргаад байгаа юм бэ гаргасан зөрчлийн дагуу эрүүлжүүлэх байранд хийнэ гэж Ч.Д хэлэхэд хүүхэд Д.Б нь “Яасан хүнийг эрүүлжүүлдэг юм бэ, би тэгвэл архи уугаад ирье, намайг мөн эрүүлжүүл” гээд чанга чанга дугарахаар нь цагдаагийн хэлтсийн буудалд цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, мөн цагдаагийн газрын дарга ирчихсэн байгаа гэж хэлээд битгий хэрүүл маргаан үүсгээд бай гэтэл “Манай аавыг дуудлага өгөхөөр танай дарга нар чинь ирчихсэн юм уу” гээд аавыгаа миний өрөөнөөс гарахад нь хамт гарсан. Тэгээд би Б  одоо ингээд яваа гэж хэлээд Д баруун гараас нь бариад эрүүлжүүлэх байр руу авч явах гэтэл түүний хүү Бнь миний биед халдан дүрэмт хувцасны гадна талаар өмсөж байсан хантаазны баруун гар талын мөрдөснөөс зуурсан, бас миний цээжний ард талаас түлхсэн үйлдэл гарсан. Тухайн үед жижүүрийн өрөөний цонхоор цагдаагийн хэлтсийн албан хаагч болох Т.Д, Ж.Т, Б.Т нар харж байхаар нь гараад ир гээд дуудахад өрөөнөөс гарч ирээд Тогтохбаяр нь Бийг салгах гэтэл тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж мөн хувцас формд халдаж хувцсаа тайлчих гараад үзье гэж албан байгууллага дээр танхайрсан...” гэх мэдүүлэг /хх 25-26/,

            Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн газрын Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтсийн жижүүрийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед шөнийн 02 цагийн үед жижүүрийн дуудлага мэдээлэл авдаг 80251102 дугаар руу Догийн эхнэр Д “Манай нөхөр хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагч Д.Ж, С.М нар цагдаагийн хэлтэс дээр дуудлагын дагуу авчирч жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.С өрөөнд нь оруулж уулзуулсан. Удалгүй иргэн днь жижүүрийн  мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.С өрөөнөөс гарч ирсэн. Жижүүрийн өрөөний коридорт гэнэт дуу шуугиан болоод цагдаагийн ахлах дэслэгч С нь намайг жижүүрийн өрөөнөөс гараад ир гэж дуудахаар би жижүүрийн өрөөнөөс гараад очиход иргэн Догоос түүний хүү болох Б надаас холтгоодох гэсний дагуу Д.Б хойшоо бол гэхэд “Би аавыгаа авч явмаар байна” гээд миний хоёр гарнаас барьж, гараад үзчихье гээд байсан. Тэгэхэд хажууд байсан түүний эгч нь түүнийг түлхээд аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,

            Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнийн 02 цагийн орчим би цагдаагийн хэлтсийн нэг давхарт байрлах жижүүрийн арын өрөөнөөс өөрийн авсан куртикээ авах гээд ороод байж байтал цагдаагийн хэлтсийн жижүүрийн урд хэсэгт шуугиан гэнэт гарахаар нь цонхоор хартал дгэх хүн архи уучихсан жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.С нь Д гараас нь барьчихсан байсан. Ахлах дэслэгч Б.С гараад ир гэхээр нь ахлах ахлагч Б.Т, дэслэгч Т.Д бид нар гарч ирсэн. Жижүүрийн өрөөнөөс гараад харахад д болон түүний охин, хүү Б гурав жижүүрийн өрөөний урд талд байсан. Тухайн үед цагдаагийн дэслэгч Б.С тавьсан шаардлагыг д биелүүлэхгүй, Д хүү Б аавыгаа авч явна гээд янз бүрийн бүдүүлэг үг хэллэг хэлээд байсан.  Тэгээд байж байтал Д хүү ахлах дэслэгч Б.С жижүүрийн өрөөний цонхны хажууд түүний биед халдан түлхэх үйлдэл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 42-44/                                                                                                                                                                                                                                                                                                      

Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр цагдаагаар үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30 өдөр шилжих шөнийн 02 цагийн орчимд жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.С нь Д гэх хүн хэрүүл маргаан үүсгээд байгаа гэсэн дуудлага ирлээ. Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч М хамт дуудлага мэдээлэл дээр очоод ир гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгавар өгсний дагуу М хамт алаг тэргээр дгэх хүний рамын хашаанд очсон. Тухайн рамын хашаанд очиход рамын хашаан дотор камаз машин хашаанд дотроо асаалттай байсан.  Камаз машин рамын үүдэн хэсэг рүү ирж байхаар нь алаг тэргээрээ рамын үүдийг хааж зогссон. Алаг тэрэгнээс буугаад камаз машин руу дөхөж очиж зогсоод гараа өргөөд машинаасаа буугаад ир гэсэн шаардлага олон удаа тавихад машинаас хүн бууж ирэхгүй, хашаа дотроо наашаа, цаашаа болон үүдэн хэсэгт байрлуулсан алаг тэрэгт дөхөж очоод урагшаа хойшоо болох хөдөлгөөн үйлдээд байсан. Тухайн машины цонхыг хагас онгойлгоод машинаа холдуул дайраад гарна шүү, би машинаасаа буухгүй гэсэн үг хэлээд байсан. Тэгээд байж байтал түүний хүүхэд болох нэг залуу алаг тэрэгний хажуугаар рамын хашаа нь дотор өөрийн машинтайгаа орж ирээд машинаасаа буугаад учир зүггүй чанга дуугаар “зайлцгаа, лалрууд минь, ална шүү” гэж хэлээд байсан. Тэгэхлээр нь би жижүүрийн дугаар болох 80251102 дугаар руу залгаж нөхцөл байдлын талаар жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.С танилцуулахад өөрсдийн аюулгүй байдлыг хангаад, нөхцөл байдлын талаар бичлэг хийгээд байж бай гэсэн үүрэг чиглэл өгсөн. Тэгээд би тухайн үйл явдлын бичлэгийг өөрийн гар утсаар хийсэн. Бичлэг хийх үед цагдаагийн ахлах ахлагч М урдаас нь мөрлөсөн бол хөл хэсэг рүү нь хавирах үйлдэл хийсэн. Тухайн үйлдлийг хийхэд цагдаагийн ахлах ахлагч М ахын дүү согтуу байгаа юм уу бид нар дуудлагын дагуу ирсэн гэж хэлэхэд Б “Та нар шиг юмнууд манай эзэмшлийн газраас зайл” гэж орилоод байсан. Тэр үед дгэх хүний охин бас замын цагдаагаас М, Га нар тус тусын машинтай ирсэн. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М машинаас бууж ирээд та нар боль, юу болоод байгаа юм гэж хэлэхэд нөгөө залуу дэслэгч М руу дайрахаар нь би болиулах үед нөгөө залуу “М би чамайг ална шүү” гэж хэлээд мод бариад дайрсан бөгөөд дайрах үед би урд талд нь очоод үйлдлийг нь зогсоосон. Тэр үед эгч гэх хүн түүнийг аваад явсан. Энэ үед  дкамаз машинаас бууж ирсэн. Тэгээд Д алаг тэргэнд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Хэлтэс дээр ирээд дгэх хүнийг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Б.С өрөө рүү оруулсан. Удалгүй Д эрүүлжүүлэх саатуулах байранд оруул гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн ахлах дэслэгч Б.С түүний хүү аавыг эрүүлжүүлэх байранд хийхгүй шүү гээд чанга дуугаар хэлээд байсан. Мөн би архи уучхаад ирье, намайг бас хийх үү гэж хэлээд байсан. Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.С Б жижүүрийн өрөөний цонхны хэсэг рүү биед нь халдаж түлхээд байж байтал жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаагийн ахлах ахлагч Тогтохбаяр жижүүрийн өрөөнөөс гарч ирээд салгасан. Салгах үед тухайн залуу Тогтохбаярын 2 гараас нь барьчихсан гадаа гараад үзчихье гээд байхаар түүний эгч гэх хүн хэлтсийн үүдээр аваад гараад явсан. Тэр үед Д.Б Б.С түлхэх болон энгэрээс зуурах үйлдэл гаргасан. Цагдаагийн ахлах дэслэгч Б.С иргэн Б хэл амаар доромжилсон болон биед нь халдсан зүйл харагдаагүй. Б бүдүүлэг үг хэллэг хэлээд байсан. Өөр зүйл мэдэхгүй байн...” гэсэн мэдүүлэг /хх 46-48/,

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жижүүрийн өрөөний урд байрлах коридорт хүмүүс шуугилдаад байсан. Тэгэхлээр нь би жижүүрийн өрөөний дуудлага мэдээлэл хүлээн авдаг өрөөний цонх руу хартал тухайн үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн мөрдөгч Б.С нэг залуу жижүүрийн өрөөний вакум шилэн цонх руу түлхэж байсныг харсан. Б.С нь жижүүрийн өрөөний цонхны хажуу талд зогсож байгаад гараад ир гэж хэлээд гараа даллахаар нь мэдээлэл хүлээн авагч Б.Т, Т бид гурав тухайн өрөөнөөс гарч ирсэн. Б нь жижүүрийн мөрдөгч Б.С биед халдаж хэл амаар доромжлон түлхсэн үйлдэл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/ болон камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Мөн шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 02 цагийн үед надад эгч рам дээр хэрэг гарсан юм шиг байна гээд хэлсэн. Тэгээд хадам ах Д Ланд-200 маркийн 00-40 улсын дугаартай тээврийн хэрэгслээр рам нь дээр очсон. Рамын үүдэн дээр очих үед хоёр цагдаагийн албан хаагч оччихсон байсан.  Тэгээд тухайн машинаас буугаад рамын хашаа руу ороход манай аав дкамаз  маркийн машинаа асаачихсан. Өөрөө дотор нь суучихсан байсан. Намайг очих үед манай аав тэнд байсан хоёр цагдаагийн албан хаагчтай муудалцсан байдалтай байсан. Машинаас нэлээн байж байгаад аав бууж ирсэн. Би аавыг машинаас бууж ирэх хооронд цагдаагийн албан хаагч нартай бага зэрэг муудалцсан байсан.  Тэр үед цагдаагийн албан хаагч нарт гар хүрээгүй. Аавыг машинаас бууж ирэх үед цагдаагийн албан хаагч нар манай аавыг эрүүлжүүлэх байранд саатуулна гэхээр нь би “Манай аав бие муутай юм би аавыгаа аваад явчихъя гэж” тухайн очсон цагдаагийн албан хаагчид хэлсэн. Тэгж байх хооронд дахин нэмж цагдаагийн хоёр албан хаагч ирсэн. Тэгээд тухайн машинаас буугаад 10 гаран минутын дараа аав цагдаагийн албан хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлээд цагдаагийн албаны алаг тэргэнд суугаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Б.С гэх хүний албан өрөөнд манай аав дороод суучихсан байхаар би араас нь ороод тухайн албан хаагчаас “Бие муутай хүн байгаа юм аа аавыгаа аваад явчихъя гэж хэлсэн. Тэр үед тухайн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа “Хоёр дарга ирчихсэн байгаа, уг үйлдлийн талаар танилцуулчихсан байгаа эрүүлжүүлэх байранд хонуулна тийм юм байхгүй” гэж надад хэлсэн. Тэгж хэлж байх хооронд аав өрөөнөөс гараад явчихаар би араас нь бас гарсан. Тэр үед араас жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан С гэх цагдаа гарч ирээд аавыг хажууд талын гараас татаад бас түлхсэн үйлдэл гарсан юм. Тэр үед аавын барьсан гарыг тавиулах гэж тухайн үйлдлийг гаргасан. Тэгээд би хэсэг аавын замыг хааж зогсоох үед Саруул-Эрдэнэ гэх цагдаа намайг аваадах гээд хажууд зогсож байсан цагдаадаа хэлсэн. Тэр үед хажууд зогсож байсан цагдаа хөдлөөгүй. Жижүүрийн өрөөнөөс гарч ирсэн цагдаа намайг аавын хажуу талаас авсан. Тэр үед тухайн цагдааг би түлхсэн үйлдэл гаргасан.  Тэр үед уур хүрээд тухайн цагдаад хандан гараад ир үзчих үү гэж хэлсэн. Тэгээд би тухайн жижүүрийн цонхны хажуугаас шууд цагдаагийн хаалгаар гараад явсан. Тухайн үед би Б.С гэх хүний биед халдан дүрэмт хувцасны гадна талаар өмсөж байсан хантаазны баруун гар талын мөрдөснөөс зуурсан бас түүний цээжний ар талаас түлхсэн үйлдэл гаргасан. Хэл амаар доромжилсон үйлдэл гаргаагүй. Аав маань бие муутай, унаж тусаад байдаг болохоор эрүүлжүүлэх саатуулах байранд хонуулахгүй гээд тухайн үйлдлийг гаргасан юм....” гэсэн агуулга бүхий мэдүүлэг /хх 53-54/ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд албан үүргээ биелүүлж байсан хууль сахиулагч цагдаагийн ахлах ахлагч Д.М, цагдаагийн ахлах дэслэгч Б.С нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хохирогч Б.С, Д.М нар нь хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч, мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр жижүүрийн мөрдөгч, жолоочоор албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон “...Жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.С, жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.М,...” гэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн цагдаагийн хэлтсийн жижүүр, замын цагдаагийн пост, сум дундын шүүх, эргүүл, эрүүлжүүлэх баривчлах байранд ажиллах алба хаагчдын томилгооны хуудас зэргээр тус тус тогтоогдож байна.

 

 

Прокуророос шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б хууль сахиулагч Б.С хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нуруу руу нь түлхэж, өмсөж байсан дүрэмт хувцасных нь мөрдөснөөс татах зэргээр хүч хэрэглэсэн, мөн хууль сахиулагч Д.М хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “Ална шүү пизданууд, зайл” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, мөр рүү мөрөөрөө дэлсэж ­цохих, хөлийг нь хөлөөрөө хавирах зэргээр хүч хэрэглэсэн үйлдлүүд нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Б хууль сахиулагчийг албан үүргээ  биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн  гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,   хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэрээр их дээд сургуульд сурдаг оюутан байх тул түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий “CD”-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Д.Б хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий /CD/ сидийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.Ө