Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, *. * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. *хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х.Э /РД:*/

Шүүгдэгч Х.Э нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Тарвагат гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3,8733 метр куб хэрэглээний, хуурай, шинэс төрлийн шургааг модыг бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Газ-66 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 1,175,852 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Тарвагат гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3,8733 метр куб хэрэглээний, хуурай, шинэс төрлийн шургааг модыг бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Газ-66 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 1,175,852 төгрөгийн хохирол учруулсан болох  нь: 

-2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр М.А-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн иргэн Х.Э нь Рашаант багийн нутаг Зүүн эхний Тарвагат гэх газрын ойгоос 2020 оны 12-р сарын 16-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 5 метрийн урттай шинэс төрлийн 50 ширхэг бөөрөнхий модыг бэлтгэж, 2020 оны 12-р сарын 24-ний өдөр Тосонцэнгэл сум руу тээвэрлэсэн байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-01 дүгээр хуудас/,

-2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаан багийн нутаг Тарвагат гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-7 дугаар хуудас/,

-2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Х.Э-ийн эзэмшлээс БНХАУ-д үйлдвэрлэсэн, хажуу тал нь шар өнгийн тагтай, цагаан өнгийн цахилгаан хөрөө, эрчилсэн ногоон өнгийн 5 метрийн урттай уяа зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн Х.Э-ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлрээгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

-Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Тосонцэнгэл сумын төвд Х.Э ахынхтай нэг хашаанд хамт байдаг юм. Х.Э ах 2021.02.24-ний өдөр надтай уулзаад ах нь хөдөөнөөс мод ачиж орж ирэх гэсэн юм, чи хамт яваад ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би Э ахын хамт 2021.02.24-ний өдөр 16 цагийн үед түүний Зил-66 маркийн улсын дугааргүй автомашинаар хөдөө Рашаант баг руу явсан юм. Тэгээд Рашаант багийн Зүүн эхний Тарвагат гэх газраас 4 метр гарангийн урттай 50 ширхэг шургааг модыг Х.Э ахын автомашинаар хөндлөн ачаад 2021.02.24-ний шөнө харанхуй болсон хойно Тосонцэнгэл сумын төв рүү оруулж ирээд танихгүй хөрөө рамын хашаан оруулж буулгаж байсан. Би тухайн моднуудын гоожинтой байсан эсэхийг мэдээгүй, надад Х.Э ах гоожин байгаа эсэх талаар хэлээгүй. Гэхдээ Х.Э ах надад хэлэхдээ тухайн моднуудыг өөрөө 2020 оны 12 дугаар сард Зүүн эхний Тарвагат гэх газраас бэлтгэсэн гэж хэлж байсан юм. Миний хувьд тухайн өдөр Х.Э ахыг хөдөөнөөс мод ачилцаад ороод ирээч гэж гуйхаар нь зөвшөөрөөд хамт явсан юм. Түүнээс миний хувьд Х.Э ахтай тухайн моднуудыг хамт хийлцсэн ямар нэгэн асуудал огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

-Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр томилгооны дагуу замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.С-н хамт гудамж, замд хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 01 цагийн үед Тосонцэнгэл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Туна далай ээж ХХК-ийн хөрөө рамны хашаан дотор Зил-66 маркийн автомашины тэвшин дээр хөндлөнгөөр нь 50 орчим ширхэг шургааг мод ачсан, тухайн моднуудыг буулгаж байхад нь дэслэгч Ш.С бид хоёр очиж шалгаж байсан юм. Тухайн үед моднуудыг Рашаант багийн иргэн Х.Э гэдэг залуу, Б, мөн бас нэг насаар бага танихгүй залуугийн хамт буулгаж байсан. Тэгээд би тэр үед Зил-66 маркийн автомашины жолооч Х.Э-тай уулзаад тухайн моднуудад мод бэлтгэх эрхийн бичиг гоожин байгаа эсэх талаар асуухад ямар нэгэн эрхийн бичиг гоожин байхгүй байсан. Тэгээд тухайн модны асуудлаар маргааш өдөр нь экологийн ахлах мөрдөгчид танилцуулж байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

-Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Х.Э нь 2020 оны 12 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсны дараа ой руу орох эрх нь үүсч эрхийн бичигт заагдсан газраас, заагдсан хугацаанд модны төрөл хэмжээг зөрчихгүйгээр тухайн модоо бэлтгэж тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/,

-Гэрч Ш.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Х.Э гэх иргэн нь 2020 онд надаас ямар нэгэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй. Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсны дараа ой руу орох эрх нь үүсч эрхийн бичигт заагдсан газраас, заагдсан хугацаанд модны төрөл хэмжээг зөрчихгүйгээр тухайн модоо бэлтгэж тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Д-н 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай: “Х.Э-ын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангилалын хувьд хэрэглээний мод байна. Уг моднууд нь 3,8733 м3 хэрэглээний нарийн шургааг мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Рашаант багийн нутаг Зүүн эхний Тарвагат гэх газар нь ойн сангийн 1 дүгээр мужлал ТНБЦГ-т хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Х.Э-ын ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг, бэлтгэсэн 3,8733 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,175,852 төгрөг болж байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяяналтын газрын улсын байцаагч Т.Б-н 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай: “Иргэн Х.Э-ын хууль бусаар бэлтгэсэн 3,8733 м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах, Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны Экологи-эдийн засгийн үнэлгээ 3,8733 м3=1,175,852 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 1,175,852х3=3,527,556 төгрөгийг нөхөн төлүүлэх, Актаар тогтоосон төлбөр болох 3,527,556 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний дотор бүрэн барагдуулахыг иргэн Х.Э-т сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт /ХХ-ийн 48 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Х.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Тарвагат нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 3,8733 м3 шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь үнэн болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Х.Э-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч Х.Э-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Х.Э-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Х.Э-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Х.Э нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, 5 метрийн урттай, эрчилсэн ногоон өнгийн уяа, зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээрх эд зүйлсийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн байх тул улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Э-ын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж олсон 3,8733 м.куб хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  1 тооны хээр зүсмийн нас гүйцсэн морь, ГАЗ-66 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн байх тул улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Э-г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Х.Э-ыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 570 дугаар зүйлийн 570.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-аас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 500,000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2022 оны 3 дугар сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 527,556 төгрөгийг, нийт 3,527,556 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газар /Ойн сан/-т оруулсугай.

6. Шүүгдэгч Х.Э-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ын гэмт хэрэг үйлдэж олсон 3,8733 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн хажуу тал нь шар өнгийн тагтай, цагаан өнгийн цахилгаан хөрөө, 5 метрийн урттай, эрчилсэн ногоон өнгийн уяа, хээр зүсмийн нас гүйцсэн морь зэргийг, түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Газ-66 маркийн автомашины үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Э-ын эзэмшлийн ГАЗ-66 маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Э-д анхааруулсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН