Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01281

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01281

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 6 дугаар баг, 21 дүгээр гудамж, 13  тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр РУ94060519, Ач хариад овогт Сумъяагийн Нямдоржийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо 88 дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 048 168 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагч Д.Бүрэнжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа /үнэмлэх 0967/, гэрч М.Баттуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                          

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нямдорж нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 88-р цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажилд орж хөдөлмөрийн гэрээг дараа байгуулахаар харилцан тохирсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар шаардлага удаа дараа тавьж байсан. Ажил олгогч нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б/13 тоот тушаалаар түүнийг “хүүхэд зодсон” гэсэн мэдээллээр ажлаас халсан. С.Нямдорж нь ямар нэгэн байдлаар хүүхдэд гар хүрсэн зүйл байхгүй тул ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг бөгөөд тушаалын үндэслэлд А.Гантулга гэх хүүхэдтэй зүй бусаар харьцсан, түүний эцэг эхээс нь гомдол ирсэн гэдэг. А.Гантулгын эцэг эхтэй уулзаж гомдлын талаар асууж лавлахад гомдол гаргаагүй гэдгээ хэлсэн байдаг. Иймээс С.Нямдоржийг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл буюу ажлын 35 хоногийн ажилгүй байсан цалинг 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 болон 02 дугаар сарын цалингийн дунджаас бодож үзэхэд нэг өдөрт 29 947 төгрөг буюу сард 643 875 төгрөгийн дундаж цалинтай байна. Үүнийг ажилгүй байсан хоног болох 35 хоногт бодвол 1 048 168 төгрөг гарсан гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагааа дэмжиж байна, хангаж өгнө үү гэв. 

 

            Хариуцагч Д.Бүрэнжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нямдорж нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилд орохоор ирсэн. Түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Учир нь С.Нямдорж нь Хөвсгөл аймгийн иргэн байсан тул хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсний дараа хөдөлмөрийн гэрээ байгуулахаар тохирсон юм. С.Нямдорж нь тухайн үед “...сонгуулийн ажил эхэлж шилжилт хөдөлгөөн зогсоосон байсан тул шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй байна. Иймээс надад хугацаа өгөөч. Би ажилдаа ороод ажиллаж байя” гэж хүсэлт тавьсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохирсон байдал юм. Би С.Нямдоржид “...цагдаагийн газрын тодорхойлолт болон диплом, багшлах эрхийн үнэмлэх, Төрийн албан хаагчийн анкет зэрэг материалуудыг авах”-ыг шаардсан, түүний дараа хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэсэн юм. С.Нямдорж нь эдгээр баримтуудыг 2017 он гарахын өмнө гэхэд авчирна гэсэн тул дөнгөж сургууль төгсөж ажлын гараагаа манай байгууллагаас эхлэх гэж байгаа гэж бодож хүлээцтэй хандаж ажилд авч ажиллуулсан. Ажиллах хугацаанд С.Нямдорж нь хүүхэд цохьсон гэсэн гомдол 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нийгмийн ажилтан М.Баттуулаас манай цэцэрлэгийн арга зүйчид ирсэн. Энэ гомдлыг магадлан шалгаж захиргааны хурлаар авч хэлэлцсэн. Энэ хурал дээр С.Нямдоржид түр тушаалтай байгаа бөгөөд хүүхэд цохиж болохгүй талаар анхааруулсан. Мөн арга зүйч С.Нямдоржийн ажлыг дүгнэсэн байдаг. Ийнхүү дүгнэхдээ С.Нямдорж 400 цагийн хичээл орох байснаас 120 цагийн хичээл орж батлуулсан. Захиргааны хурлаар түүнийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн байна гэж үзсэн. Захиргааны гишүүдийн хурал дээр манай зүгээс туршилтын 6 сарын хугацааг дуусгаж  2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай сануулж, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн. Түүнийг ажлаас халаагүй юм. Ийнхүү чөлөөлөхдөө ажилласан 6 сарын бүх цалин болон амралтын мөнгийг бодож олгосон. С.Нямдорж нь хүүхдэд гар хүрсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүй. Харин гар хүрсэн тухай бүлгийн багш болон нийгмийн ажилтан тодорхойлдог. Манай дотоод журамд хүүхдийн биед ямар нэгэн байдлаар гар хүрсэн үйлдэл нь ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тусгасан байдаг. Мөн С.Нямдоржийг ажлаас чөлөөлөх бас нэг үндэслэл нь тэрээр сүүлийн 3 сар ажилдаа хайхрамжгүй хандсан гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Нямдорж нь Баянгол дүүргийн 88-р цэцэрлэгт холбогдох биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 048 148 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх С.Нямдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэгч С.Нямдорж нь Баянгол дүүргийн 88-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09-р сарын 19-ний өдрийн Б/65 тоот тушаалаар биеийн тамирын багшийн ажилд орж, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03-р сарын 16-ны өдрийн Б/13 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаасаа /хх 2-3/ халагджээ.  

 

Нэхэмжлэгч ажлаас буруу халагдсан талаарх гомдлоо 2016 оны 03-р сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас халсан үндэслэлийг “...хүүхдэд гар хүрээгүй, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй, хүүхэд цохисон гэсэн мэдээлэл ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн” гэж тайлбарлажээ.

 

Ажил олгогч нь С.Нямдоржтой хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1, 38-р зүйлийн 38.1.2 дахь заасныг үндэслэн “С.Нямдорж нь ...2016 оны 1-р сарын 3-ны өдөр бэлтгэл бүлгийн А.Гантулгатай зүй бусаар харьцаж ёс зүйн алдаа гаргасан” зөрчлөөр халсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг, 38-р зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тус тус тусгасан байх ба  тухайн тохиолдолд ажилтан, ажил олгогч харилцан тохирч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, харин ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан талаар нэхэмжлэгч маргасан болно.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг тодорхой заах, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл, хуулийн зүйл, заалтыг баримталсан байх шаардлагатай бөгөөд Б/13 тоот тушаалыг хуульд нийцүүлэн гаргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, С.Нямдоржийг ажлаас халсан “хүүхдэд гар хүрч ёс зүйн алдаа гаргасан” гэх үндэслэл нь энэ хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” талаарх заалтад хамаарахаар байна.

 

Хариуцагч нь тушаалаа “бэлтгэл бүлгийн А.Гантулгатай зүй бусаар харьцсан” үндэслэлээр гаргасан боловч шүүх хуралдааны шатанд “бэлтгэл “Б” бүлгийн Баттулгын Энх-Амгаланг цохисон” талаар маргасан, гэрч Баянгол дүүргийн 18-р хорооны нийгмийн ажилтан М.Баттуулын “ ...2017 оны 2, 3-р сарын үед Б.Энх-Амгалангийн ээж Д.Отгонцэцэг надад хүүхдийг биеийн тамирын багш нь толгой руу нь цохисон байна гэж ярисан, тэгээд 88-р цэцэрлэгийн арга зүйч Энхтуяад шалгаад өгөөч гэж хэлсэн. Дараа нь Нямдорж Отгонцэцэг гэдэг хүнтэй хамт ирсэн, би гомдол гаргасан хүн нь биш байна гэж хэлээд явуулсан, Баттулгын Энх-амгалан 5 настай, бэлтгэл бүлгийн Пүрэвсүрэн багшийн ангид явдаг, М.Баттулга нь миний төрсөн ах, ...албан ёсоор гомдол гаргаагүй” талаар мэдүүлсэн нь С.Нямдоржийг үндэслэлгүйгээр ажлаас халсныг нотлохоос гадна ажил олгогчийн тушаал, хариуцагчийн тайлбар, татгалзал нь хоорондоо зөрүүтэй, Ариунтулгын Гантулгын биед гар хүрсэн, энэ талаар хүүхдийн эх Э.Отгонцэцэг гомдол гаргасан гэх зөрчлийн талаарх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэг нь С.Нямдоржийг биеийн тамирын багшаар ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д заасан “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй..., 24.3-т заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 141-р зүйлийн 141.1.11 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтыг буюу тус цэцэрлэгийн эрхлэгчийг 20 000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 

Ажил олгогч С.Нямдоржийг үндэслэлгүйгээр халсан байх тул түүнийг Биеийн тамирын багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцвол сард 643 875 төгрөгийн дундаж цалинтай байх ба ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 3-ныг хүртэлх 35 хоногийн олговорт 1 048 168 төгрөгийг олгохоор байна.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул 1 048 168 төгрөгөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийх нь зүйтэй.

 

Нөгөө талаас, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д заасан “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах...үүрэгтэй” бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 11-р сарын 11-ний өдрийн А/14 тоот тушаалаар баталсан “Байгууллагын дотоод журам”-ыг /хх 27-39/ нийт ажилтан, албан хаагч мөрдөж ажиллана.

Дотоод журмын 3.4.8-д “Багш, ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг мөрдүүлэх...” 6 дугаар зүйлийн 6.1-д “Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн хэд хэдэн иргэний хүсэлтийг эрхлэгч хүлээн авч судалсны үндсэн дээр сонгон шалгаруулалтыг удирдлагын багаар хэлэлцэн шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр хийнэ”, 6.2-т “Ажилд орохыг хүссэн иргэн төрийн албан хаагчийн анкет бөглөж тухайн ажлын байранд тавигдаж буй ажлын байрны тодорхойлолт дахь шаардлага, эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл мэндийн шаардлага хангасан эсэх нь тодорхойлогдсон байна”, 6.3-т “ажилд орохыг хүссэн ажилтныг тусгай шалгуураар шалгаруулж авна”, 6.4-т ажилд орохыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: ажилд орохыг хүссэн өргөдөл, харъяа дүүргийн болон хорооны цагдаагийн албан тоот, боловсролын үнэмлэх, диплом, сертификат, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн магадлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, төрийн албан хаагчийн анкет”, 6.6-д “Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагаандаа мөрдлөг, удирдамж болгодог хууль тогтоомж, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын онцлогийг танилцуулж, ажилтнаар судлуулна” гэж тус тус заасан байх ба эдгээр заалтуудыг цэцэрлэгийн эрхлэгч мөн адил биелүүлэх, дагаж мөрдөх үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн эрхлэгч нь байгууллагын дотоод журамд зааснаар ажилтныг сонгон шалгаруулах, ажилд орохыг хүссэн С.Нямдоржийг тушаал гаргаж ажилд авах эсэхийг шийдвэрлэхдээ байгууллагын дотоод журмаа дагаж мөрдөөгүй гэж үзэхээс гадна С.Нямдорж нь бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй, Хөвсгөл аймгийн иргэн байсан тул хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсний дараа хөдөлмөрийн гэрээ байгуулахаар тохирсон гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн С.Нямдорж нь 400 цагийн хичээл орох байснаас 120 цагийн хичээл орж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, сүүлийн 3 сар ажилдаа хайхрамжгүй хандсан гэсэн тайлбар, татгалзал түүнийг ажлаас нь халах  үндэслэл болоогүй байна.

 

Хэргийн 4-9 дэх талд авагдсан Э.Отгонцэцэг, 88 дугаар цэцэрлэгийн багш Ж.Ундармаа, С.Нямдорж нар нь Баянгол дүүргийн Боловсролын хэлтэст өргөдөл гаргасан, Б.Пүрэвсүрэн, М.Баттуул нарын 88 дугаар цэцэрлэгийн захиргаанд гаргасан мэдэгдэл, өргөдөл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 19-21 дэх талд авагдсан Хүүхдийн ирцийн бүртгэл нь тушаалын үндэслэл болоогүй, тус цэцэрлэгийн 2017-01-03-ны өдрийн Анхааруулах болон сануулах үйл ажиллагаа гэсэн хурлын тэмдэглэлд хэний гомдлоор ямар асуудал хэлэлцсэн нь тусгагдаагүй, огноо засвартай болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг,  116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сумъяагийн Нямдоржийг Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 048 168 /нэг сая дөчин найман мянга нэг зуун жаран найм/ төгрөг  гаргуулж олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар С.Нямдоржид олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгт даалгасугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.11 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Бүрэнжаргалыг 20 000 /хорин мянга/ төгрөгөөр торгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 50 441 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                               Р.АЛТАНТУЯА