| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00624/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01282 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01282
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01282
| Улаанбаатар хот
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 5-р хороо, 6-р хороолол, 12-р байр 20 тоотод байрлах “Цэгээн хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 5б байр 96 тоотод оршин суух, регистр ЧЛ68051518, Далай овогт Гэндэнжавын Энхболд
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 5б байр 96 тоотод оршин суух, регистр ХК70052406, Боржигон овогт Бүдэндоржийн Саранцэцэг нарт холбогдох 6 398 540 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Цэгээн хайрхан” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Дагвадорж би 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А166 тоот Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 200мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Гэрээний дагуу холбогдох гэрээг байгуулан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн газрын төлбөрөө өнөөдрийг хүртэл тогтмол төлж ирсэн. Би энэ газартаа миний хувьцааг нь 100 хувь эзэмшдэг “Цэгээн хайрхан” ХХК вьетнам авто засварын газрын үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дээрх авто засварын газартаа өргөтгөл хийсэн бөгөөд манай хойд гудамжны “Сэнгэ наран” ХХК-ийн удирдлагууд болох Г.Энхболд, Б.Саранцэцэг нар нь манай барилга байгууламжийг санаатайгаар устгаж гэмтээсэн. Улмаар миний бие Г .Энхболд, Б.Саранцэцэг нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган 201625031134 дугаартай хэргийг үүсгэн шалгасан ба 2016-12-17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-д заасны дагуу яллах дүгнэлттэйгээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт шилжүүлснийг тус прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх I Нямсүрэн хүлээн авч 2016-12-21-ний өдөр 1645 тоот тогтоолоор “Г.Энхболд нь С Давгадоржийн “Цэгээн хайрхан” компанийн үйл ажиллагаа явуулдаг, вьетнам авто засварын газрын өргөтгөлийг нурааж, 5 303 540 төгрөг буюу бага бус хэмжээний «хохирол учруулсан болох нь ... нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Гэвч ... хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгосугай” гэсэн. Г.Энхболд, Б.Саранцэцэг нарын учруулсан хохирлыг “Дамно” ХХК-иар хийлгэсэн бөгөөд үнэлгээний тайлангаар эд хөрөнгөд 5 303 540 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Мөн бид гэмт хэргийн хохирогч болсон тул өмгөөлөгч нартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан төлбөрт 1 000 000 төгрөг, хөндлөнгийн шинжээч болох Дамно ХХК-д 80 000 төгрөг, мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хавтаст хэргээс хуулбар хийхэд 15 000 төгрөгийг тус тус төлж хохирсон. Иймд Г.Энхболд, Б.Саранцэцэг нараас учруулсан хохирол болох 6 398 540 төгрөгийг Иргэний хуулийн 228.1, 229.1-т заасны дагуу гаргуулж өгнө үү.
Хариуцагч Г.Энхболд, Б.Саранцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Гэндэнжав овогтой Энхболд нь Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 6-80 тоотод 1997 оноос өнөөдрийг хүртэл 20 жил хүнсний дэлгүүр ажилуулсаар ирсэн. Энэ хугацаанд аж ахуйн нэгжийн хуулийн дагуу өөрийн байгууллагын эргэн тойрон хайс хаашаа, 50-100 метр газрын хогийг нь цэвэрлэх, зэрлэгийг нь зулгаах, өвөл цасыг нь арилгах, мөн ногоон байгууламж байгуулах, зүлэгжүүлэх тохижуулах зэрэг ажлыг тогтмол хийж ирсэн. 2015 онд Улаанбаатар хотоос аж ахуйн нэгж байгууллагуудыг орчноо тохижуулах, ногоон байгууламж байгуулах, зүлэгжүүлэх, моджуулах аян өрнүүлсэн билээ. Энэ ажлийн хүрээнд 2015 онд манай компани нь өөрийн байгууламжийн урд талын газраа компаниас 3 000 000 төгрөг гарган хайс хийх, зүлэг мод суулгах, далан дээр гүүр тавих, зэрэг ажлыг "Ванхүү" компанийн ажилчдаар маш сайхан тохижилт хийлгэсэн. Иймээс ч дүүрэг болон хорооноос өндөр үнэлгээ авсан. Манай компани нь энэ орчноо байнга тордон тохижуулж, ногоон байгууламжаа хайрлан хамгаалж нийслэл хотын хэмжээнд үлгэр жишээ байгууллага болохоор ажиллаж байна. 2016 оны З-р сарын 25-26 нд шилжих шөнө амралтын өдрөөр С.Дагвадорж нь аав Сүхээ болон хэсэг залуусын хамт манай байгууллагын хайс хашлагыг эвдэн мод болон зүлэг ногоог устган шунахайн сэдлээр өөрийн гаражид өргөтгөл хийсэн байсан. Бид маргааш өглөө нь гараж дээр нь очиж хариуцан ажиллаж байгаа П.Ууганбаяр гэдэг залуугаас Сүхээ гэх хүний утсыг олж аваад утсаар ярин “Гражийн өргөтгөлөө буулгаж авна уу? Та манай байгууллагын ногоон байгууламжийг эвдэж сүйтгэн хууль бус үйлдэл хийсэн байна аа” гэж хэлсэн боловч удаад дараа утсаа тасалсан бөгөөд ирээгүй билээ. Хорооны засаг дарга, цагдаа дуудан ирүүлж болсон явдлыг газар дээр нь үзүүлж харуулсан. Тэд ингэж болохгүй ээ харанхуй шөнөөр ингэж өргөтгөл хийдэг нь хууль бус үйлдэл байна гэж хэлсэн. Тэгээд би манаачийн хамт өргөтгөлийг нь түр тогтоосон боолтуудыг нь тайлан буулгаж, 1 ч эд зүйл эвдэлгүй гаражид нь хурааж П.Ууганбаярт бүрэн бүтэн хүлээлгэж өгч, гаражийн өргөтгөл хийсэн талыг нь битүүлж хүлээлгэн өгсөн. Гэтэл С.Дагвадорж нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан боловч уг хэрэг нь мөрдөн байцаалтын явцад үндэслэлгүй болон гэм буруугүй нь тогтоогдон уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би энэ хугацаанд маш их цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон бөгөөд 1 000 000 төгрөгөөр өмгөөлөгч авсан. 2016 оны 12-р сарын 21-нд надруу С.Дагвадоржийн өмгөөлөгч байна гээд утасдаж энэ хэргийг оноос өмнө нэг тийш нь шийдье бид хохирол нэхэмжлэхээ больсон, та гаражийн сунгалтыг өөрийн ногоон байгууламжтай хэсэгрүүгээ хийлгэж өгөөч хэмээн хэлсэн. Би манай тал руу нэг ч метр сунгалт хийлгэхгүйгээ өөрсдийн тал руугаа сунгалт хийнэ үү байна уу өөрсдөө мэд” хэмээн хэлсэн. Гэтэл тэд 2016 оны 12-р сарын 28-ны өдөр буюу шинэ жил дөхсөн их хүйтэй амралтын өдрийг ашиглан манайхаас хохиролоо барагдуулахаар нэхэмжилж байгаа, бүрэн бүтэн хүлээн авсан хөөсөнцөр хавтангуудаа ашиглан хойш нь 2 метр, зүүн тал руу нь 4 метр орчим сунгалт хийсэн. Үүнээс үзэхэд би болон манай байгууллага их хэмжээний хохирол амссан болно. Хавар цаг ирж байгаатай холбогдуулан бид С.Дагвадоржийн сүйтгэсэн газрыг зүлэгжүүлэн, мод суулгах, хайсаа янзлах янзлах зэрэгт их хэмжээний зардал гаргах болоод байна. Би хүн чанар гарган С.Дагвадоржоос нэг ч төгрөг нэхэмжлээгүй болно. Иймд энэхүү иргэний хэргийг шудрага үнэн зөвөөр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Цэгээн хайрхан” ХХК нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: “Цэгээн хайрхан” ХХК-ний гүйцэтгэх захирал миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. ...Хариуцагч тал нь одоог хүртэл миний эзэмшлийн газарт төмөр хайс барьж бидний болон Чингэлтэй дүүргийн газрын албаны 11-р хороо хариуцсан мэргэжилтэн н.Адьяагийн “бусдын эзэмшлийн газарт хууль бусаар барьсан хашаагаа буулгах тухай” хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн биднийг эзэмшлийн зүйлээ эзэмшин ашиглахад саад учруулсаар байна. Миний хувьд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А166 тоот Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 200 мкв газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2. дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хууль ёсны эзэмшигч эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн эд хөрөнгийн үр шимийг шинэ” гэж заасны дагуу уг газраа эзэмшин ашиглах бүрэн эрхтэй. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу хариуцагчийн газар эзэмшин ашиглах эрхийг маань зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоож, манай газар барьсан төмөр хайсыг буулган газар чөлөөлөн, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээн оруулахыг даалгаж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартай: Нэхэмжлэгч “Цэгээн хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хяналтын прокурор Д.Нямсүрэнгийн эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тогтоолд Г.Энхболд нь дээд шатны прокурорт гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй эрүүгийн хэргийг шийдвэрлэх байцаан шийтгэх ажиллагаа үргэлжилсээр байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг талаас нэхэмжлэгч “Цэгээн хайрхан” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, нөгөө талаас хариуцагч Г.Энхболд, Б.Саранцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг нар харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр эвлэрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 3 398 540 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч нар нь үлдэх 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 200 мкв газрыг чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нар нь Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах нэхэмжлэгчийн 200 мкв газрыг 2017 оны 5-р сарын 07-ны өдрийн дотор хууль бусаар барьсан хашаагаа буулгаж, газрыг бүрэн чөлөөлнө. Хариуцагч нар нь 3 000 000 төгрөгийг 2017 оны 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-нд 500 000 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулна. Талууд дахин энэ талаар маргаан гаргахгүй, энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахгүй болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цэгээн хайрхан” ХХК нь Г.Энхболд, Б.Саранцэцэг нарт холбогдох 6 398 540 төгрөг гаргуулах, газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд талууд 2017 оны 5-р сарын 04-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 6 398 540 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хариуцагч Г.Энхболд, Б.Саранцэцэг нар нь 2017 оны 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-нд 500 000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлөх, Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 200 мкв газрыг 2017 оны 5-р сарын 07-ны өдрийн дотор хууль бусаар барьсан хашаагаа буулгаж, газрыг бүрэн чөлөөлөхөөр харилцан тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Цэгээн хайрхан” ХХК, хариуцагч Г.Энхболд, Б.Саранцэцэг нар нь 6 398 540 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах 200 мкв газрыг 2017 оны 5-р сарын 07-ны өдрийн дотор хууль бусаар барьсан хашаагаа буулгаж, газар чөлөөлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхболд, Б.Саранцэцэг нараас 66 575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА