| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-12-05 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.С |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С /онлайнаар/,
Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, түгээгч ажилтай, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Э.Н /ИЯ00000000/.
Шүүгдэгч Э.Н нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09-10 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн байрлах өөрийн гэртээ мэдээллийн технологи ашиглан “Е” гэх цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж өөрийн 0000000000 дугаартай ХААН банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Н нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09-10 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн байрлах өөрийн гэртээ мэдээллийн технологиор дамжуулан “Е” гэх цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж өөрийн 0000000000 дугаартай ХААН банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авсан болох нь:
-Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төв болох Агьт багт байхдаа өөрийн утсаар Фейсбүүк үзээд байж байтал Е гэх хаягнаас Техас Покер тоглоом шууд дамжуулан тоглох гэж байна, тоглох хүн байвал мөнгөө дансанд хийгээд тоглоорой гэхэд би доор нь бичсэн байсан данс руу 10,000 төгрөг шилжүүлсэн... Би ХААН банкны данс ашигладаг. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр миний ХААН банкны 000000000гэсэн дансанд орлого болгон 10,000 төгрөг гүйлгээний утган дээр нь Е гэж бичсэн мөнгө орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,
-“...Д.Э-с мэдүүлэг авах шаардлагатай талаар мэдэгдэхэд корона вирус цар тахлын дэгдэлт их байгаа тул эмнэлэг гаднаас хүн нэвтрүүлэх боломжгүй гэв. Д.Э-тэй 00000000 дугаарын утсаар холбогдоход 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цахим орчинд техас покер тоглоом тоглосон. Хэн гэж хүн тоглуулсныг мэдэхгүй, ямар хаягаар орж тоглосноо санахгүй байна, би Хаан банкны 0000000000 дугаартай дансыг мэдэхгүй, миний Хаан банкны дансны дугаар 5374502770 байдаг. Энэ тоглоомыг тоглосноор надад ямар нэгэн учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг тэмдэглэн авсан мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 18 дугаар хуудас/,
-Гэрч О.Өлзий-Оршихын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчим өөрийн гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо байж байхдаа өөрийн B гэсэн фейсбүүк хаягнаас фейсбүүк үзээд хэвтэж байсан чинь Ё Ё гэсэн нэртэй Live бичлэг явж байсан би тэр бичлэг рүү ороод үзэж байсан чинь хүмүүс хөзөр тоглоод, техас нэртэй покер тоглож байсан. Би яаж тоглодог юм бэ гээд комент бичсэн чинь надад тоглох зааврыг хэлж өгсөн. Э.Н гэдэг хүний нэртэй ХААН банкны дансны дугаар байсан. Би нийт 4 удаа тоглосон. Тоглох бүрдээ 10,000 төгрөгийг 0000000000 тоот данс руу хийсэн. Эхний 2 тоглолтонд хожигдсон. Дараагийн 2 тоглолтонд хожсон. Тэгээд би нийт 40,000 төгрөг хийж тоглоод, 2 удаа хожиж 20,000 төгрөг авсан. Хожигдоод байхаар нь би тоглохоо болиод тоглоомоос гарсан. Танихгүй фэйсбүүкний дээд талд нь Э.Н 0000000000 тоот данс руу тоглох хүмүүс 10,000 төгрөг хийгээрэй гэж бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
-“...Гэрийн тусгаарлалтанд байгаа Ц.А-н 00000000 дугаарын утас руу холбогдоход 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цахим орчинд тоглохдоо өөрийн А.Ц гэсэн фэйсбүүк хаягаас орж тоглосон. Надад хохирол учраагүй. Би 10,000 төгрөгөөр тоглоод алдсан. Харин маргааш нь миний данс руу 10,000 төгрөг хийсэн байсан...” гэснийг тэмдэглэн авсан мөрдөгчийн илтгэх хуудас /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
-Гэрч Э.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Э.А гэсэн хаягаараа фейсбүүкд нэвтэрсэн байхад техас тоглуулж байсан ба тоглуулж байсан лайв руу орж тоглосон юм. Надад ямар нэгэн хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,
-Яллагдагч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн гэртээ байж байхдаа өглөө 9-10 цагийн орчим Е гэсэн нэртэй фейсбүүк хаягаар ороод Техас покер зохион байгуулсан. Би Е гэсэн нэртэй хаягаа фейсбүүк тоглоом зохион байгуулахаас хэд хоногийн өмнө нээсэн байсан юм. Тэгээд нэг л удаа мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Тэр 2 удаа тоглуулаад 5 хүн 10,000, 10,000 төгрөг шилжүүлж тоглоод, нэг хүн хожоод 40,000 төгрөг авсан. Би тоглоом зохион байгуулаад 10,000 төгрөг авсан. Би цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулахдаа өөрийн самсуунг эс 6 эджи маркийн гар утас, хөзөр, цаасан дээр бичсэн тоо зэргийг ашигласан. Гар утас надад байгаа, хөзөр, тоо бичсэн цаасыг хаясан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/,
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 63-68 хуудас/,
-Шүүгдэгч Э.Н-ын ХААН банкны 0000000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 81-82 хуудас/,
-Шүүгдэгч Э.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Э.Н-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Н-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Э.Н-ыг мэдээллийн технологиор дамжуулан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Н-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч Э.Н-ын үйлдсэн мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн улмаас түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй бөгөөд харин эд мөрийн баримтаар шүүгдэгчийн өмчлөлийн samsung s-6 plus маркийн гар утас хураагдсан байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг хурааж, улсын орлого болгох хуулийн зохицуулалттай бөгөөд уг гар утсыг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх учир улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Н-г мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан samsung s-6 plus маркийн гар утсыг улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.У