Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч /онлайнаар/,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * Улсын иргэн, *төрсөн, 00 настай, эрэгтэй, * боловсролтой, малчин, ам бүл-1, * оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М.Б /РД:*/.

Шүүгдэгч М.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн хашаанд байх Г.Жгийн гэрийн хоймор хэсэгт байсан судар дээрээс “Ногоор дарь эх” нэртэй 23 ширхэг бурхны хөрөг бүхий зурмал бурхан хулгайлж, хохирогч Г.Жд 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн хашаанд байх Г.Жгийн гэрийн хоймор хэсэгт байсан судар дээрээс “Ногоор дарь эх” нэртэй 23 ширхэг бурхны хөрөг бүхий зурмал бурхан хулгайлж, хохирогч Г.Жд 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ч.Л-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Миний ээж Г.Жгийн гэрээс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ногоон дарь эх зурмал бурхан хулгайд алдагдсан байна шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

-2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 05-09 дүгээр хуудас/,

-М.Баас дээд, доод хэсэгтээ модон бариултай , дээд талын модон бариулаас нь хуучин сэмэрхий хадаг унжсан, урдуур нь унжуулдаг цагаан саарал өнгийн хадагтай, улаан шар өнгийн торгон дээр байрлах цаасан даавуун дээр ногоон дарь эх бурхныг тойроод 22 бурханы хөрөг зурсан 25*50см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-ийн 11-12 дугаар хуудас/,

-Мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Ж-н 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

-Хохирогч Г.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэрийн баруун хойморт бурхны дорхоны хажууд зүүсэн байсан судар дээр байсан юм. Би гэрээ огт эзэнгүй хаяж явж байгаагүй, тухайн өдрүүдэд тогтмол эзэнтэй байсан. 2021 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байхад хүргэн Б-ийн төрсөн дүү болох Б буюу Б нь манай гэрт жаахан архи уусан бололтой орж ирээд гарсан. Намайг хажууд байдаг хүү О-ын гэрт орсон хойно тухайн бурхныг авсан гэж бодож байна. Өөр гаднаас хүн орж ирээгүй. Манай хадам талаас өвлөгдөж ирсэн маш эртний зурмал буран байсан. Яг хэдийд хаана бүтээсэн талаар нь мэдэх зүйл байхгүй. Манай гэрт 50 гаруй жил болж байна. М.Б нь Сэлэнгэ аймагт байж байгаад ирсэн гэж байсан. Тэгээд цагаан сараар өөр газар байсан болохоор надтай золгох гэж орж ирсэн юм шиг байсан. Би тэгж л ойлгосон. Тухайн үедээ жаахан архи уусан бололтой байсан. Намайг хүү О-ын гэрт нь ороод буцаад гэртээ орж ирэхэд би явлаа гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-22 дугаар хуудас/,

-Гэрч Ч.Л-, Ч.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний өндөр настай ээж Г.Ж нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин суух өөрийн гэрээс өв залгамжилж ирсэн Ногоон дарь эх нэртэй зурмал бурхан хулгайд алдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад 3 дугаар сарын 15-нд өргөдөл бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25, 27-28 дугаар хуудас/,

-Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 10-ны үед байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Орой 22 цаг өнгөрч байхад матар хочит Б буюу Б нь манай дэлгүүрт орж ирээд модонд хоёр талаас нь унжсан даавуунд хуйлсан бурхан бариад орж ирсэн. Тэгээд 3 шил архинд түр тавиад буцаагаад авна гэж хэлсэн. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад аваагүй. Тухайн үед юун бурхан болох талаар асуусан чинь миний өөрийн бурхан байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний газрын шинжээч Г.Заяагийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн: “25*50см хэмжээтэй, 23 ширхэг ногоон дарь эх бурхны хөрөг бүхий зурмал бурхан 5,000,000 төгрөгийн үнэтэй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 32 дугаар хуудас/,

-Мөрдөгч цагдаагийн хошууч Л.Ж-н 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 14 дүгээр хуудас,

-М.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Хөгшний гэрээс гарахдаа гэрийн баруун хойморт унинаас өлгөөтэй байсан том гэгч судар дээр сум модтой хуйлсан зүйл байхаар нь ташуур байна гэж бодоод авч, өвөртлөөд гарсан. Гэтэл ташуур гээд авсан зүйл маань хадаг унжсан байдалтай зурмал хөрөг бурхан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-44 дүгээр хуудас/

-Шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэн Г.Жгийн гэрээс бурхан хулгайлж 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд М.Бын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч М.Бт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул М.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Бт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Бын гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамжлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч М.Б нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Жд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөн хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамжлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч М.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

  5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Бт анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН