Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шинжээч Т.О /онлайнаар/,

Хохирогч Л.Б,

Хохирогчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Г.Ш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

* улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, * боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Ш /регистрийн дугаар: */.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат баг, Могойн ар гэх газар оршин суудаг Т гэх айлын гэрт согтуугаар Л.Бгийн нүүрэн тус газарт нь 2 удаа хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд ухархайн урд хана буюу нүүр яс дотогшоо цөмөрсөн, зүүн хацар яс суурь хэсгээр, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, хамрын таславч яс муруйлт, зүүн хацарт хавдар, зүүн нүдэнд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ш нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат баг, Могойн ар гэх газар оршин суудаг Т гэх айлын гэрт согтуугаар Л.Бгийн нүүрэн тус газарт нь 2 удаа хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд ухархайн урд хана буюу нүүр яс дотогшоо цөмөрсөн, зүүн хацар яс суурь хэсгээр, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславч яс муруйлт, зүүн хацарт хавдар, зүүн нүдэнд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед малаа хотлуулчихаад өөрийн төрсөн дүү Оын хамт хоёулаа гэртээ байж байтал машинтай 4 согтуу залуу ирсэн. Тэр 4 залуу нь Ш, А, П, М юм. ...Би гэрээс гарахад мэндийн зөрүүгүй юу хийж байна, бацаанаа гэх байдлаар өндөр дуугаар ярьсан. Танайд архи байвал надад гаргаж өг, байхгүй бол машинд суу гэсэн. Би суухгүй гэж хэлтэл чи их том болж гээд цээж рүү гараараа цохиод малгай авч газар шидээд шанаа хэсэг рүү чичээд байсан. Би тухайн хүний урдаас хариу үйлдэл үзүүлээгүй, тэвчээд дуугай байсан. Гэтэл намайг машиндаа суулгах гээд заамдан энгэрээс бариад цуг явж архи ууя гэсэн. Би явахгүй гэтэл доод айлд хэн байна, Д байна уу, байвал очиж ална, Могойн арынханыг өнөөдөр жижигрүүлнэ гээд, чаддаг юм бол араас хүрээд ирээрэй гээд явахаар нь Д байхгүй аав нь байгаа гээд хэлтэл шууд Т ахын зүгт явсан. ...Би морио аргамжих гээд Т ахын урд руу явж байтал согтуу хүмүүс том дуугаралдаад байхаар нь Т ахынд ортол А, М, П, Ш нар сууж байсан. ...Ш надад хандан том бацаан хажууд ирээд суу, чамтай ярих юм байна гэх мэтээр үгээр өдөөд байсан. Би дуугүй сууж байгаад цайгаа дуусгасан. Би аягаа тавих гээд босонгуут Ш миний гараас татаж өөрийнхөө хажууд суулгасан. Тэгэхээр нь би Шд хандан та яах гээд байгаа юм бэ, түрүүнээс хойш намайг үгээр идэж доромжиллоо, одоо болиоч гэтэл миний нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохитол би нүүрээ гараараа хаагаад Шгийн энгэрээс нөгөө гараараа бариад автал хүмүүс салгасан. Тэгээд би гэрээс гартал араас гэрт байсан хүмүүс бүгд гарч ирсэн. Би П, А 2-т хандан согтуу хүмүүсээ аваад яв гэж хэлчихээд Т ахын гэрт орсон. Т ах, О эгч, О нарыг гадаа согтуу хүмүүсийг явуулчих байх гэж бодоод гэрт сууж байхад М Т ахынд орно гэсээр байгаад орж ирсэн. Ш цаана нь орилоод, А, П нар Штэй ноцолдоод байх шиг байсан. Гадаа байсан хүмүүс бүгд орж ирэн хамгийн араас Ш орж ирэн түүний араас П зууралдсан байдалтай орж ирсэн. Би Т ахын хоймор хэсэг сууж байтал Ш шууд миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд миний эрүү хугарчихлаа эмч дууд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-21 дүгээр хуудас/,

-Гэрч Ж.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хонь хариулж байгаад орой гэртээ 18 цагийн орчимд ирсэн. Би цай уучихаад сууж байтал манайд цагаан өнгийн машинтай 4 залуу ирсэн. ...Манайд Ш, Асгат сумын их эмчийн нөхөр Мын хамт бага зэргийн согтуу орж ирсэн. Тэр хоёрын араас П, А орж ирсэн. Тэгээд Б орж ирсэн. Тэгээд цай унд уугаад сууж байхад Ш Бд хандан миний хажууд ирээд суу гэж хэлтэл Б Шгийн хажууд очиж суугаад Б, Ш 2 гэнэт барьцалдаад авсан. Тэгээд Штэй хамт явсан 3 залуу бид 4, Ш, Б хоёрыг салгаад Штэй хамт явсан 3 залуу Шг аваад гарсан. Гадаа бас Б, Ш 2 маргалдаад байсан. Би тэдгээр залууст хандан явах хүмүүс нь яв гэж хэлээд Бг гэртээ оруулсан. Б манайд орж ирээд суучихсан. А гэх залуу Бгийн хажууд зогсож байхад гаднаас эмчийн нөхөр, П, Бгийн дүү болох О, Ш нар орж ирсэн. Ш орж ирэнгүүтээ Бг 2 удаа өшиглөсөн. Зүүн шанаа хавьд 2 удаа нилээд хүчтэй өшиглөсөн. ...Зүүн талын шанаа хэсэг нь бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

-Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайд Ш, М хоёр орж ирээд цай уугаад сууж байтал араас нь П, А хоёр орж ирсэн. Удалгүй гаднаас Б манайд орж ирсэн. Ш Бд хандан наашаа миний хажууд ирээд суу гэтэл яах гэж байгаан гэж асуучихаад Шгийн хажууд ирж суусан. Тэгтэл зүгээр сууж байгаад Ш, Б нар барьцалдаад авсан. Би болиорой хүүхдүүд минь гэж хэлчихээд аяга тавгаа хураасан. Би гараад орж ирсэн чинь надтай зөрөн манайд байсан хүмүүс бүгд гарсан. ...Гаднаас Т, Б 2 орж ирсэн. Б манай гэрийн хойморт суучихсан, түүний хажууд А зогссон байж байтал гадаа байсан Ш, М, П, Бгийн дүү О нар орж ирсэн. Ш шууд Б дээр очин түүний зүүн талын шанаа хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-32 дугаар хуудас/,

-Гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Т гуайн гэрт том дуугаралдаад байхаар нь П, М бид 3 ортол Ш, Б 2 барьцалдчихсан байсан. Би Шг аваад гэрээс гартал араас гэрт байсан хүмүүс гарч ирсэн. Гэрээс гарч ирсэний дараа бас хоорондоо маргалдсан асуудал болсон. Би дахиад Шг машинд суулгасан. Тэгтэл Ш машинаас буугаад Т гуайн гэрт орсон. Би араас нь ортол Б эрүү хугарчихлаа гээд шанаагаа дарчихсан байсан. Юу болов гээд би Б дээр очиход зүүн шанаа нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,

-Гэрч Д.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн айлд бид 4 ороод цай уучихаад А, М бид гурав гарч ирэн машиндаа сууж байсан. Тэгтэл Б гэх залуу морьтой ирээд Т гэх айлд орсон. Гэрт том дуугаралдаад байхаар нь М, А бид 3 гэрт ортол Ш, Б нар нь барьцалдчихсан байсан. Бид 3 барьцалдсан байсан 2 хүнийг салгаад Шг гэрээс авч гарч ирсэн. Гэрт байсан хүмүүс бидний араас гарч ирээд А бид хоёрын нэрийг дуудан согтуу хүнээ аваад яв гэж хэлсэн. Гэрийн гадаа нэгнийгээ ална гэх мэтээр Ш, Б нар маргалдсан. Б, Т гуай, түүний эхнэр нар гэртээ орсон. Түүний араас Ш ороход хүмүүс орилолдоод байхаар нь ортол Б миний эрүүг хугалчихлаа гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,

-Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэрт том дуугаралдаад байхаар нь ортол Ш, Б нар барьцалдсан байдалтай байхаар нь салгаад Шг гэрээс авч гарч ирсэн. Би Т гуайн гэрт сууж байхад Ш гаднаас орж ирсэн. Ш орж ирэнгүүтээ шууд Бгийн зүүн шанаа хэсэгт 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/,

-Гэрч Л.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ах Бгийн хамт малаа хотлуулчихаад байж байтал манай гэрийн гадаа цагаан өнгийн машинтай Ш, П, А, М нар ирээд Ш Б байна уу гэтэл Б ах гэрээс гарч ирэн Штэй уулзтал Ш Б ах руу чи их том банди, хоёулаа нэг зодолдох уу гэхэд Б ах би таньтай яасан гэж зодолдох вэ гэчихээд ах бид 2 гэртээ орсон. Тэгтэл буцаад машинтайгаа яваад Т гуайн гадаа очиж зогссон. Б ах тэд нарын ирсэн машиныг Т ахын гадаа зогсож байгааг хараад хоёр настай хүн байгаа янз бүрийн юм болчих вий гээд морьтой Т ахынх руу явсан. Би түлээ оруулахаар гэрээс гараад иртэл Т ахын гадаа хүмүүс орилолдоод тэдний гэрээс Б, Ш хоёр зодолдоод байгаа бололцтой барьцалдчихсан гарч ирж харагдахаар нь Б ахыг авахаар Т ахынд очсон. Намайг очиход Шг А, П нар барьчихсан, Ш Б ах руу дайрч давшилсан, хэл амаар доромжилсон байдалтай байсан. Би морины уяан дээр морио уячихаад буцаад иртэл Б ах, Ш 2 зодолдож байсан. Б ах Шг унагаад дээр нь гартал М ирж салгасан. Т ах, Б ах, О эгч бид хэд Т ахынд орж ирээд Б ах хоймор хэсэгт нь би баруун талын орон дээр Мтай юм яриад Б ахын хажууд А зогсож байхад Ш гаднаас орж ирэн баганын хажууд зогсож байгаад Б ахын зүүн шанаа хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,

-Г.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Т гуайн гэрийн гадаа Б бид хоёр барьцалдаж авсан. Тухайн үед бас л М, А, П нар салгасан. Тэгээд Б, Т гуай эхнэртэйгээ тэр хэд Т гуайн гэрт орсон. Б дүүгийнхээ хамт намайг хэд хэдэн удаа цохьсон болохоор би шаралхаад бас бага зэрэг архи уусан байсан болохоор тэдний араас ороход Б Т гуайн гэрийн хоймор сууж байсан. Би Бтэй муудалцсан болохоор уур хүрээд Бг өшиглөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 86-89 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 000000007 дугаартай: “...Иргэн Л.Бгийн биед гэмтэл учирсан байна. Иргэн Л.Бгийн биед ухархайн урд хана буюу нүүр яс дотогшоо цөмөрсөн, зүүн хацар яс суурь хэсгээр, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, хамрын таславч яс муруйлт, зүүн хацарт хавдар, зүүн нүдэнд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Иргэн Л.Бгийн биед учирсан ухархайн урд хана буюу нүүр яс дотогшоо цөмөрсөн, зүүн хацар яс суурь хэсгээр, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, хамрын таславч яс муруйлт, зүүн хацарт хавдар, зүүн нүдэнд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 51 дүгээр хуудас/,

-Шинжээч Т.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хохирогчид учирсан  ухархайн урд хана буюу нүүр яс дотогшоо цөмөрсөн, зүүн хацар яс суурь хэсгээр, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, хамрын таславч яс муруйлт, зүүн хацарт хавдар, зүүн нүдэнд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хагалгааны дараах хүндрэл нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүй. Учир нь хагалгааны дараах хүндрэл нь тухайн этгээдийн эмчилгээ, асаргаа, биеийн онцлогтой холбоотойгоор үүсдэг...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан бөгөөд Г.Шгийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь үйл баримт болон гэмт буруугийн талаар маргаагүй болно.

Иймд Г.Ш-ийн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Шд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г.Шг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Шд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учруулсан хохиролын зарим хэсгийг төлж, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Г.Шд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.Шд торгох ял оногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан бөгөөд шүүх нь шүүгдэгч Г.Шгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг болон улсын хэмжээнд тархсан короновируст халдвар /ковид-19/-ын улмаас тогтоогдож буй хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийн нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Шгийн хохирогчид төлбөл зохих хохирлыг төлж барагдуулах нөхцөлийг хангах, амьдралын зайлшгүй хэрэгцээгээ хангах боломжийг нь бүрдүүлэх үүднээс түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийнэ.

Хохирогч Л.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан ухархайн урд хана буюу нүүр яс дотогшоо цөмөрсөн, зүүн хацар яс суурь хэсгээр, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, хамрын таславч яс муруйлт, зүүн хацарт хавдар, зүүн нүдэнд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт гэмтлүүдийг эмчлүүлэхэд 17,500,000 төгрөгийн шууд болон шууд бус зардал гарсан гэж үзээд холбогдох баримтуудыг бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжилсэн болно.

Шүүгдэгч Г.Ш нь хохирогч Л.Бд 6,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх ба шүүх хуралдааны явцад хохирогчтой эвлэрэн хэлэлцэж, хохирлын баримтуудыг үл харгалзан хохирогч 8,500,000 төгрөгийн хохирлоосоо татгалзаж, шүүгдэгч 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл 3,000,000 төгрөгийн хохирлыг төлөхөөр, мөн цаашид гарах хохирлыг төлөхөөр, төлөөгүй тохиолдолд хохирогч иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэн гаргуулахаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа дутуу алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан хэдий ч хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгчийн хувиар нэхэмжилж байгаагийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзаж, хохирлын талаар шүүгдэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироохооргүй байх тул шүүх хохирлын асуудлыг талуудын эвлэрлийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ш-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5.Шүүгдэгч Г.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч Л.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 17,500,000 төгрөг нэхэмжилсэн ба 8,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүгдэгч Г.Ш нь 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 6,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хохирогчтой тохиролцож, эвлэрснийг дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирлыг хохирогч Л.Бд төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шгээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Л.Бд олгосугай.

8. Энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг хохирогч иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг заасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН