Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00442

 

Ц.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01543 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2272 дугаар магадлалтай,

Ц.Л-ын нэхэмжлэлтэй,

Н.Б-д холбогдох,

ажлын хөлс 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Л-, өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амгаланбат, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б-тэй 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ныг өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяа бугант тосгоны их алт, Сэлэнгэ аймгийн шарын гол сумын гахайтын аманд байрлах уурхайд би зохицуулагч дapгaap ажиллахаар харилцан тохиролцож, тухайн ажлын хөлсөнд Н.Б- нь миний байрны лизингийн өр болох 38.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Би дээрх уурхайнуудын үйл ажиллагааг 24 цаг /өдөр бүр/ хариуцаж ажилладаг байсан ба зарим үед өөрөө оператор, засварчин, аж ахуй гэх мэт бүх төрлийн ажлыг хариуцдаг байсан бөгөөд ажилтан албан хаагчдыг удирдан зохион байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлыг дуусган ажлын хөлсөө авахаар шаардсан боловч Н.Б- нь тохирсон ажлын хөлсөө өгөхгүй цаг хугацаа хожиж, утсаа авахгүй, худал хэлж, тохиролцсон ажлын хөлс болох 38.000.000 төгрөгийг өгөхгүй байсан тул 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулж, нийт 20.000.000 төгрөгийг Н.Б-гээс авахаар харилцан тохиролцсон боловч өнөөг хүртэл өгөхгүй байна. Тиймээс гүйцэтгэсэн ажлын хөлс 20.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Л-тай 3 жилийн өмнө танилцаж байсан бөгөөд 2016 онд өөрийн байрны төлбөрийн тухай ярьж надтай хамт ажиллах саналыг тавьж байсан. Би тухайн үед Уурхай зарим үед ашигтай, зарим үед ашиггүй шатах тохиолдол байдаг. Боломж гарах эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ашигтай ажиллавал тус болъё. Ямар ч ашиггүй гэхгүйгээр хамт дагаад явбал яваа гэж хэлэхэд өөрөө хамт явсан. Тэрээр тэнд очоод тоймтой зүйл хийгээгүй. Ажилчдын хамт ойр зуурын зүйл хийж байсан. Би түүнтэй Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах, мөн хөдөлмөрийн гэрээ зэрэг ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Уурхайн дарга болон өөр ямар нэгэн удирдах албан тушаалд томилоогүй. Тэрээр надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна. Би 3 сарын 15-наас ажилласан гэж бодоод ажилчдынхаа нэгэн адил бодох 800.000 төгрөг нэг удаа, 6 дугаар сарын 01-ний өмнөхөн 1 сая төгрөг өгсөн. Ц.Л- 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатараас хоол зөөх зэрэг хэргээр тусалж байсан бөгөөд 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Бугант дахь газар байсан. Ингээд хэл ам хийгээд бие өвдлөө гэхээр нь татсан. Зүүнхараагийн Гахайтын ам гэх газар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр очиж үйл ажиллагаа явагдахгүй байсан тул Шарын голын буудалд манай дүүгийн хамт 3 хоноод хот руу эргэн орж ирсэн. Нэхэмжлэлд дурдсан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллуулсан явдал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01543 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-гээс 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Л-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258.000 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Н.Б-гээс 258.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2272 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-гээс 5.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “258.000” гэснийг “98.150” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01543 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2272 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Л-ын гаргасан нэхэмжлэлд намайг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 3-р хороолол, 72 дугаар байрны 56 тоотод оршин суудаг гэж тодорхойлсон байдаг бөгөөд тус шүүхээс намайг дуудаж байгааг утсаар мэдэгдсэний дагуу би өөрөө Өвөрхангай аймагт байнга оршин суудаг тул өөрийн төлөөлөгчөөр Т.Адьяахүүг томилж тус шүүхээс нэхэмжлэлийг гардаж авсан байдаг. Миний Т.Адьяахүүд олгосон итгэмжлэлд ч Өвөрхангай аймгийн Арвайхээр баг, Өнөр хэсгийн 1 дүгээр гудамжны 25А тоотод оршин суудаг тухай хаяг болон иргэний үнэмлэхний хуулбар авагдсан байгаа. Гэтэл тус шүүхээс хэргийн харьяаллын талаар огт асууж тодруулалгүй, надаас аль шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх талаар саналыг маань авалгүйгээр Баянзүрх дүүргийн шүүх удаа дараа уг хэргийг тус шүүхээр хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр ирүүлснээс хойш итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах тухай хүсэлтээ бичгээр өгч өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон. Анхан шатны шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 17 минутад шүүх хуралдааныг хийсэн байна. Уг шүүх хуралдаантай эсэх талаар шүүхээс надад мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломжоор огт хангаагүй. Давж заалдах шатны шүүхээс шийдвэр хүчингүй болж ирсний дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж огт гараагүй байна. Гэтэл хэргийн материалтай шийдвэр гарснаас хойш одоо танилцаж байхад надад “утсаар мэдэгдэв” гэсэн тэмдэглэлийг туслах нь үйлдэж хэрэгт хийгээд өмгөөлөгч нарыг оролцуулан хуралдааныг хийсэн байх юм. Би уг маргааны хариуцагч талын хувьд уг хуралдаанд биеэр оролцож болсон асуудлын талаар үнэн бодит зүйлийг мэтгэлцэх боломжийг маань олгоогүй атлаа шүүхийн шийдвэрийг одоо хүртэл надад гардуулаагүй явсаар, надад давж заалдах эрхийг маань хязгаарлан нэхэмжлэгч талд шууд гүйцэтгэх хуудас бичиж өгсөн нь шүүхийг шударгаар энэ хэргийг шийдвэрлэсэн гэхэд үнэхээр эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч Ц.Л- бид 2-ын дунд хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, ямар нэгэн удирдах албан тушаалд ч томилоогүй бөгөөд надад өр төлбөртэй байгаа тухай зовлонгоо ярихаар нь би уурхай ашигтай, ашиггүй ажиллаж шатах зэрэг тохиолдлууд байдаг, гэхдээ би ашигтай байж чадах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Улаанбаатараас хоол хүнс зөөх гэх зэрэг ойр зуурын юм хийсэн болж, хэл ам хийгээд, бие хаа өвдлөө гэх зэргээр ажил хийсэн зүйл байгаагүй. Гэтэл тасралтгүй 7 сар ажилласан мэт нэхэмжлэл гаргаж, шүүх түүнийг нь ямар ч баримтаар нотлоогүй байхад юуг үндэслэж, ямар нотлох баримтаар, хэчнээн хэмжээний ямар ажил хийж гүйцэтгэснээ нотолсон гэж үзэж надаас 20 сая төгрөг гаргуулж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Гэтэл хууль бус аргаар бүрдүүлж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт болох СD-г үндэслэн шүүх хэргийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нотлох баримтгүй. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт цаг хугацааны хувьд болон ажлын хөлсний хувьд ямар ч нотлох баримтыг үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Ц.Л- нь 2016 оны 3 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын дундуур хүртэл ажил хөдөлмөр ч олигтой хийгээгүй, хүмүүстэй ч зан харилцааны хувьд таарамж нийлэмж муутай байсаар бие өвдлөө гээд хот руу буцсан ба, 2016 оны 7, 8 сард ямар ч ажил хийгээгүй, 2016 оны 9 сараас 10 сар хүртэл ирж очиж тэгж ингэсхийж байгаад явсныг өөрөө ч мэдэж байгаа.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01543 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2272 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Л-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Л- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2272 дугаартай Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч миний бие хариуцагчийн ажиллуулж буй уурхайнуудад ажиллаж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нь тохирсон ажлын хөлсөө өгөхгүй цаг хугацаа хожиж, утсаа авахгүй, худал хэлж, ажлын хөлс болох 38,000,000 төгрөгийг өгөхгүй байсан тул 2017.04.17-ны өдөр уулзалт зохион байгуулж, уулзалтын явц, харилцан яриа, тохиролцоог өөрийн эзэмшлийн гар утсаар дууны бичлэгээр хураан бичиж баталгаажуулсан бөгөөд уг уулзалтаар бичлэг хийснийг хариуцагч нь мэдэж байсан, маргаан байхгүй өөрийнх нь дуу хоолой дээр маргаан байхгүй тухай хариуцагч нь анхан шатны шүүхийн шинжээч томилсон захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа. Тус уулзалтаар бид анх тохиролцсон ажлын хөлс болох 38 000 000 төгрөгөө багасгаж, нийт ажлын хөлс 20,000,000 /хорин сая/ төгрөг байхаар тохиролцсон. Хариуцагч нь тус бичлэгийг хууль бусаар цуглуулсан хэмээн маргадаг боловч уг дуу хоолойн бичлэгийг хууль бусаар цуглуулсан баримт, цагдаа, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол, хуулийн үндэслэлтэй зүйл, заалтаар нотолсон зүйл, баримт хавтаст хэрэгт байхгүй.

Давж заалдах шатны шүүх тус бичлэгийг үнэлэхдээ зохигчид хоорондоо утсаар ярьж байхад нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдэлгүйгээр дуу хоолойг нь бичсэн байна хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хавтаст хэргийн материал, нэхэмжлэл, зохигчдын тайлбар, тэмдэглэл, СD бичлэгийг сонсож үзээгүй тул буруу ойлгож, хийсвэр дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж байна. ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.2-д гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг зэргээр нотлогдон тогтоогдож болохоор хуульчилсан тул уг дууны бичлэгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Бид хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг тохиролцохдоо сараар тохироогүй, хавтаст хэрэгт бидний хоорондын хөлс 1 000 000 төгрөг байхаар тохиролцсон баримт, нотолгоо^ хариуцагчийн төлсөн гэх мөнгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 -д заасан хөлсөөр ажиллах гэрээ нь заавал бичгээр байгуулахаар хуульчлаагүй тул тухайн харилцаанд оролцогчид уг гэрээг байгуулсанд тооцно. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, хугацаа зэрэг нь зохигчдын тайлбар, хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн хөтөлж байсан, хавтаст хэрэгт байгаа дэвтрийн тэмдэглэгээ зэргээр тогтоогдож байна. Хариуцагчийн төлсөн гэх мөнгийг нэхэмжлэгч би хүлээн аваагүй, миний дансруу шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх 1.800.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөнд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд 2018.11.12-ны өдрийн 2272 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,  магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Л- нь хариуцагч Н.Б-гээс 20.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа ажлын хөлс гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “...нэхэмжлэгч хариуцагчтай ярьсан яриагаа гар утсаар бичлэг хийж бэхжүүлж авсан нь нотлох баримт цуглуулахад баримтлах хуульд заасан ямар арга, журам тогтоосныг зөрчсөнийг мөн ийнхүү бичлэг хийсэн ямар хууль тогтоомж зөрчсөн болохыг хариуцагч нотлоогүй...” гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх “...сарын дундаж хөлсийг 1.000.000 төгрөгөөр тооцох боломжтой, нэхэмжлэгч 7 сар ажилласан тул өмнө өгсөн 1.800.000 төгрөгийг хасах нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 5.200.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй талаар мөн хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1.-т зохицуулжээ.

Шүүх зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн үндэслэлээ шийдвэр, магадлалд тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

Хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардах эрх үүсэх бөгөөд зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр  эсэх, талууд гэрээгээр ямар үүрэг хүлээсэн, түүнийгээ биелүүлсэн эсэх талаар шүүх  зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн фото зураг, утасны бичлэг нь хариуцагч Н.Б-г ажлын хөлс 20.000.000 төгрөг төлөх үүрэгтэй гэдгийг хангалттай нотолсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

  Нэхэмжлэгч “...2016 оны 3 дугаар сарын 18-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хүртэл хугацаанд ....уурхайд зохицуулагч даргаар ажиллахаар тохирсон, ...үйл ажиллагааг 24 цаг хариуцан, ...бүх төрлийн ажлыг хариуцаж байсан ...” талаар тайлбар гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн дээрх тайлбарт дурдсан “...уурхай” хариуцагчийнх мөн эсэх, дурдсан хугацаанд тухайн уурхайд хичнээн ажилчин  ямар үйл ажиллагааг хэрхэн явуулж байсан нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч уурхайд ажилласан гэсэн атлаа ажлын хөлсийг хариуцагчаас  шаардаж буй үндэслэлээ тайлбарлаагүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй нь буруу.

Хариуцагч “...3 дугаар сард 800.000 төгрөг, 6 дугаар сард 1.000.000 төгрөг” өгсөн гэх тайлбараа  нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мэтгэлцээгүй  байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцээгүй үзнэ.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд шийдвэр,  магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01543 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2272 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 231.950 төгрөг, хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар  тус тус буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ