Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 745

 

МАГАДЛАЛ

 

2018.8.09                                                  Дугаар 745                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Э.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Р.Машлай,

            цагаатгагдсан этгээд Э.Хгийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 124 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Машлайн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.Хд холбогдох 1807002180065 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Далай ван овгийн Эрдэнэчимэгийн Э.Х, Улаанбаатар хотод 1997 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, ах нарын хамт амьдардаг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар байрны 135 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../;

 

Э.Х нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 201701080221 дугаартай эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө яллагдагч Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж түүнийг гуйлтаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Р.Машлай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх яллах дүгнэлтэд авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан атлаа яллах баримтуудыг үндэслэн цагаатгасан. Цагаатгах үндэслэлээ тайлбарлаагүй мөн ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

Шүүх хуралдааны явцад шүүгч, шүүгдэгчээс “өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа юм уу, зөвшөөрвөл хэргийг танд ашигтайгаар шийднэ” гэх мэтээр асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “шүүх гаргах гэж байгаа шийдвэр, гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна”, Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/96 тоот тушаалаар баталсан “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан зааврын арван хоёрдугаар бүлгийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “прокурор нь Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/57 тоот тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг хангасан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг авах эсэхийг хянана гэсэн хууль тогтоомжийн шаардлага хангаагүй байна”. Мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчин 2017 оны 8 дугаар сарын 4-нд гэрч Э.Хс /хх-8/ мэдүүлэг авсныг нотлох баримтаар тооцох боломжгүй” гэжээ. Цагаатгах тогтоолын энэ заалт нь мөрдөгч мэдүүлэг өгөгчөөс тодруулж асуулт тавиагүй гээд байгаа юм уу, аль эсвэл тэр мэдүүлгийг авахдаа байцаалтын өрөөнд аваагүй нь хууль тогтоомж зөрчсөн гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн ба Э.Х худал мэдүүлэг өгч шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийх үед буюу 2017 оны 8 дугаар сарын 7-нд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх хугацаа эхлээд дөнгөж 1 cap гаруй хугацаа өнгөрч байсан, аль ч цагдаагийн газар, хэлтсүүд прокурорын зөвшөөрөлтэй мэдүүлэг авах өрөө бэлтгэж, тоног төхөөрөмж суурилуулан тохижуулж зориулалтын болгож амжаагүй байсан тул мөрдөгч нар өмнөх практикийн дагуу гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагч нараас өөрсдийнхөө өрөөнд болон аль мэдүүлэг өгөгчийн байгаа газарт очиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зарчмыг ханган мэдүүлэг авч байсан.

Энэ нөхцлийг хууль зөрчиж нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг прокурорууд нэг мөр ойлгож хэрэгжүүлэхтэй холбоотой “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар батлах тухай” Улсын ерөнхий  прокурорын А/96 тоот тушаал нь 2017 оны 8 дугаар сарын 22-нд гарч, зааврыг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр журамлагдсан байхад прокурор, мөрдөгч энэ хууль тогтоомжийг зөрчиж нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн гэж дүгнэн үзжээ.

Прокурорын байгууллага нь нэгдмэл удирдлагатай, дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэрийг доод шатны прокурор заавал биелүүлэх үүрэгтэй тул заавар хэрэгжиж эхлэх хугацаа болоогүй байхад хяналтын субъектүүдэд “заавал мэдүүлэг авах өрөөнд мэдүүлэг авах ёстой, үгүй бол авсан мэдүүлэг чинь нотолгооны ач холбогдолгүй болно, мэдүүлэг авах ажиллагаагаа нөхцөл бүрдэх хүртэл хойшлуул” гэсэн шаардлагыг тавих боломжгүй бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаал шийдвэр нь зөвхөн прокурорууд үйл ажиллагаандаа дагаж мөрдвөл зохих дээд шатны албан тушаалтны шийдвэр, гарын авлага болгон хэрэглэвэл зохих эрхийн акт бөгөөд шүүхээс хэрэг цагаатгах үндэслэл, нотлох баримт болохгүй, шүүх энэ зааврыг “хууль тогтоомж” гэж дурьдан шүүгдэгчийг цагаатгах заалт болгох ёсгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд мэдүүлгийг прокурорын зөвшөөрөлтэй байгуулсан тусгай өрөөнд авахаас гадна шаардлагатай бол мэдүүлэг өгвөл зохих этгээдийн байгаа газарт нь очиж мэдүүлэг авах боломжтой байдлаар хуульчлагдсан.

“Гэрч Э.Хгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр миний урьд өгсөн мэдүүлэг худлаа гээд болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлснээс Эрүүгийн 201701080221 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учирсан, хэн нэгний эрх ашиг нь хөндөгдөж, хохирч байгаа хүний хууль ёсны ашиг сонирхол, эрх эрх чөлөөнд хохирол учраагүй түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг” гэж үздэг. Харин хор уршгийн тухайд авч үзвэл мэдүүлэг өгч буй гэрч нь сэдэлт санаа зорилгийн хувьд “болсон асуудлыг би гэрчлэх боломжтой” гэж хүлээн зөвшөөрчихөөд, “мэдэж байгаа зүйлээ үнэн зөв хэлнэ” гэж баталгаа гаргачихаад нөхцөл байдлын талаар зориуд төөрөгдүүлж буруу ойлголт өгөхөд чиглүүлэн мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа субъектив шинжээрээ гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэж үзэж байна. Объектив шинжийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн /мөрдөгч, прокурор, шүүх гэх мэт/ үйл ажиллагаанд халдаж байгаагаар илэрхийлэгдэж байна. Иймээс “гэрч худал мэдүүлснээс хэний ч эрх ашиг хөндөгдөөгүй, хэнд ч ямар ч хохирол, хор уршиг бий болоогүй, хэн нэгний эрх зүйн байдал нь дээрдээгүй, эсхүл дордоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж шүүх дүгнэж үзсэнийг улсын яллагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Учир нь Э.Х нь дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал шууд учирсан үр дагаврын хохиролд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан зэргээр Э.Хгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, хэргийг хохирогч нь хохирч үлдэх зэрэг хохирол хор уршиг гарч байгааг харгалзан үзээгүй.

Тогтоох хэсгээр шийдвэрлэхээс өмнө тодорхойлох хэсгээр дүгнэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй буюу тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдээгүй байна. Тогтоолыг жишиг хэлбэрээр шийдэж байгаа гэж тайлбарласан.

Иймээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.   

Цагаатгагдсан этгээд Э.Хгийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж Э.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал гаргаж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Хд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Хд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс цагаатгах тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй гэж үзлээ. 

 

   Худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...”  гэж хуульчилснаас үзвэл энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаагүй байна.

   Худал мэдүүлэг өгснөөс хэн нэгний эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан эсэхээс үл харгалзан ийм үйлдэл хийснийг гэмт хэрэгт тооцсон нь Үндсэн хуулийн байгууллыг гэмт халдлагаас хамгаалах, шүүх эрх мэдлийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу худал мэдүүлэг өгсөн үйлдэл хийснээр уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцно.

   Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан нь гэмт хэргийн улмаас бодитой хохирол, хор уршиг учирсан байхыг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайлан заасныг ойлгодог.

   Нөгөө талаар худал мэдүүлэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин нэгдүгээр бүлэгт буюу “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамааруулан системчлэн хуульчилсан. Энэ гэмт хэргийн улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт саад учирч, шүүхээс бодит байдалд нийцсэн, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхөөс гадна хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх ноцтой хор уршигт хүргэдэг.

   Гэрч, хохирогч худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн үргэлжилж, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж, тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсэн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бүрэн утгаар хэрэгжих боломж, нөхцөл бүрдэнэ.

   Гэтэл анхан шатны шүүх “... шүүгдэгч Э.Хгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр миний урьд өгсөн мэдүүлэг худлаа гээд болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлснээс эрүүгийн 201701080221 тоот хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учирсан, хэн нэгний эрх ашиг нь хөндөгдөж, хохирч байгаа хүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, эрх эрх чөлөөнд хохирол учраагүй нь ... гэмт хэргийн шинжгүй” гэж илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ойлголт, шинж, гэмт хэрэгт тооцохгүй байх нөхцөлийг жинхэнэ агуулгаас нь буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

   Мөн Э.Х нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 201701080221 дугаартай эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө яллагдагч Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж, түүний гуйлтаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн атал Б.Бат-Ирээдүйд холбогдох хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт хавсаргаж ирүүлээгүй. Энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь шүүгдэгч Э.Хг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, үүнийг тодруулаагүйгээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлжээ.

   Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Хд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 124 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Хд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

 

М.ПҮРЭВСҮРЭН