Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 50

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 
    Улсын яллагч: Н.Цогтбаяр
    Нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох                                                                    
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 
    Иргэдийн төлөөлөгч: Я.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
 Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойндонсүрэнгийн Хүрэлсүхэд холбогдох эрүүгийн 201603000051 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 сарын 24-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хараат гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Чойндонсүрэнгийн Хүрэлсүх /РД:АМ85122412/ гэв.

    Шүүгдэгч Ч.Хүрэлсүх нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Залуус хорооллын 1-507 тоотод байх өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Нацагдоржийг зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
  
                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

* Шүүгдэгч Ч.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 сарын 26-ны өдөр манайх буузаа хийж байгаад 10 цагийн үед дуусаад, манайд ирсэн найз нар яваад, 2 найз маань үлдээд байж байтал манай ах Хүрэлбаатар, хүргэн ах Ганхүү, Чөдөр ах нар нь манай охиныг хүргэж өгөх гээд манайд ирсэн. Тэгээд тэд нар манай хоёр найзтай хамт 2 сав пиво уугаад байж байтал манай ах машинд Нацагдорж ах байгаа гэж ярьж байсан. Нацагдорж ах 2006 оноос эхлэн манай мал ахуйг хараад, бид хоёр хуурай ах дүүгийн харилцаатай байсан. Тухайн үед Нацагдорж ах машинд унтаж байсан юм байна лээ. Бид нар пиво уугаад сууж байтал хүргэн ах Ганхүү гаднаас Нацагаа ахыг дагуулаад орж ирэхэд Нацагаа ах нилээн даарсан бололтой чичрээд байсан. Тэгээд Нацагаа ах 2 удаа пиво уучихаад согтоод, пиво асгаад янз бүрийн байдал гаргаж байснаа танай том охин чинь танай эхнэр, бид хоёрын дундаас гарсан. Би том охиноо авчирсан гээд байхаар нь би Нацагаа ахад та настай хүн байж юу яриад байгаа юм бэ, наад пивоо аятайхан уу, шалны завсараар орчихлоо гэж хэлсэн чинь Нацагаа ах миний нүүр рүү пивоо цацахаар нь би уурлаад, түүний нүүр рүү нь нэг удаа цохиод, хөл нүцгэн 2 удаа өшиглөсөн чинь тэрээр тохоолдоод унасан. Тэгээд би уурлаад та нар гарч архиа ууцгаа гээд тэд нарыг бүгдийг нь гэрээсээ хөөгөөд гаргасан. Маргааш өглөө нь талийгаачийн эхнэр над руу утсаар яриад, чи ахыгаа тийм юм яриад байдгийг мэдсээр байж яагаад зодсон юм гэхээр нь би нэг удаа цохиод хөөгөөд гаргасан гэж хэлсэн чинь аан гэж хэлээд утсаа салгасан. Тэр орой нь цагдаа ирээд намайг авч явсан гэв. 
           
          * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Лхамаагийн:  “...2016 оны 01 сарын 25-ны орой би гэртээ нөхөр хүүхдүүдийнхээ хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Сансар хорооллын 5-05 тоотод байх гэртээ байж байтал 17 цаг өнгөрч байхал Ч.Хүрэлбаатар манайд Архангай аймгийн Хотонт сумаас ирсэн. Хүрэлбаатар манайд ирэхдээ хүргэн Ганхүүгийнхээ хамт машинтай ирсэн. Хүрэлбаатар манай нөхөрт хот руу 20 хонь янзалж авч явах гэсэн юм та манайд очоод туслаад өгөөч гэж хэлсэн. Нөхөр маань тэгье гэж хэлсэн. Манайд Хүрэлбаатар, Ганхүү, нөхөр гурав 2 шил архи уучихаад Хотонт сум руу 20 цаг болгоод хөдөлсөн. Тэгээд 2016 оны 01 сарын 26-ны өглөө 08 цаг болж байхад манай гэрт Ч.Хүрэлбаатар ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би хөөе та гурав явалгүй, архидчихсан юм уу гэж асуухад үгүй ээ явчихаад ирлээ Нацагаа ах сая түрүүлээд орсон хааччихав гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай нөхөр араас нь гэртээ орж ирсэн. Жорлон орчихоод орж ирсэн юм шиг байна лээ. Нөхрийгөө хартал нүүр нь цус болчихсон, зүүн нүднийхээ дээд талд хавдчихсан, дээлийнх нь энгэр цустай байсан. Би нөхрөөсөө юу болсон бэ, хэнд зодуулсан юм бэ гэж асуухад өөрөө юу ч дуугараагүй. Хүрэлбаатар надад Хүрэлсүх зодсон юм гэж хэлсэн. Манай охин Баасансүрэн босч ирээд яахаараа хүн ингэж зоддог юм Хүрэлсүхийнхээ утасны дугаарыг өгөөдөх гэж хэлсэн. Хүрэлбаатараас Хүрэлсүхийн утасны дугаарыг аваад манай охин яриад наана чинь Хүрэлсүх байгаа юм уу, хүнийг яахаараа ингэж зоддог юм бэ гэж асууж байсан. Тэгэхээр нь би сүүлд нь дахиж Хүрэлсүхийн утас руу залгахад эхнэр нь утсыг нь аваад Хүрэлсүх найзыгаа гаргаж өгөхөөр гарсан, тэр чигээрээ явчихаж гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хүрэлсүхийг ирэхээр нь надтай яриулаарай гэж хэлсэн. Нөхөр маань гэртээ орж ирснийхээ дараа толгойгоо бариад суугаад байхаар нь би түргэн дуудаж үзүүлье гэхэд зүгээр ээ, яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд би бүсийг нь тайлаад дээлийг нь тайлах гэхэд тайлуулахгүй байсан. Баруун талын орон дээр цүнхтэй зүйлийг налаад хэвтсэн. Тэгснээ унтаад өгсөн. Хүрэлбаатар газар хэвтээд унтаад өгсөн. Би охиныгоо эмнэлэгт үзүүлэхээр дагуулаад гарч явсан. Гадуур явж байхдаа би дахин Хүрэлсүхийн гар утас руу залгатал Хүрэлсүх өөрөө утсаа авсан. Би Хүрэлсүхэд чи яахаараа хөгшин хүнийг ийм болтол нь зоддог юм бэ гэхэд наадах чинь өөрөө солиороод байсан гэж хэлсэн. Би түүнд чи солиороод байсан бол занг нь мэдэж байж ингэж зодоод байхдаа яадаг юм бэ, чи ирж энэ хүнээ хар, дүү нар нь чамайг цагдаад өгнө гэж байна гэж хэлтэл өгөө өг гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би хүүхэддээ эм авч өгчихөөд зах дээр байж байтал Хүрэлбаатар над руу залгаад би хүүхдээ хичээлд нь хүргэж өгчихөөд Хотонт руу явж байна, ах гэртээ ганцаараа унтаад үлдсэн шүү гэж хэлсэн. Ингэж ярихад 11 цаг өнгөрч байсан. Тэгээд би нөхрийнхөө дүү нар нь болох Барсболд, Бямбасүрэн нар руу утасдаж ахыгаа очиж үзээд аргалаад эмнэлэг рүү аваад ир, хүнд зодуулчихсан байна лээ, намайг хэлэхээр явахгүй байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал Барсболд над руу залгаад ах сонин байна, түргэн аваар ир гэж хэлсэн. Би эмнэлэг орж мэдэгдээд түргэн аваад гэртээ очсон. Намайг гэртээ ирэхэд нөхөр маань баруун талынхаа орон дээр ухаангүй хэвтэж байсан. Барсболд хэлэхдээ орныхоо урд байхад нь авч орон дээр нь гаргаж хэвтүүлсэн гэж хэлсэн. Тэгээд түргэний эмч үзээд нэг тариа хийчихээд аваад эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд 2, 3 шингэн хийгээд 1 цаг гаран болоод нас барсан. Талийгаач гэртээ ирэхдээ нүүр нь цус болсон, зүүн нүд нь хөхөрч хавдсан, хөмсөгнийх нь дээр язарч цус болсон байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Хүрэлбаатарынд манай мал байдаг болохоор дүү нь гэдгээр нь Хүрэлсүхийг таньдаг. Хүрэлсүх нь Хархорин суманд ирэхээрээ манайхаар орж гараад явдаг. Миний мэдэхээр Ч.Хүрэлсүх, Д.Нацагдорж хоёр өмнө нь маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Талийгаач Хотонт сум руу явахад бие нь зүгээр, эрүүл саруул байсан. Өмнө нь эмнэлгээр ерөөсөө явж байгаагүй. Гэрээсээ явахдаа талийгаач маань гурвуулаа Ерөөл нэртэй 2 шил архи уучихаад нилээн халчихсан гараад явсан. Намайг хувцсыг нь тайлах гээд биед нь хүрэхээр битгий хүрээд бай миний хамаг бие өвдөөд байна гэж хэлж байсан. Намайг бүсийг нь тайлах үед дээлийнх нь өврөөс тамхиных нь төмөр хайрцаг унасан. Тэр хайрцаг нь шамшийж цөмөрсөн байсан. Талийгаачийг ирэхэд манайд Хүрэлбаатарын 2 хүүхэд, манай охин Н.Баасансүрэн бид дөрөв байсан. Талийгаач маань буцаж гэртээ Хүрэлбаатарын хамт хоёулаа ирсэн. Хувцас нь бүрэн бүтэн байсан. Бор ногоон өнгийн даавуун дээл, хар өнгийн өмд, 2 ширхэг ноосон дотуур өмд, хар ноосон цамц, саарал подволк, саарал өнгийн эсгийн бакалан гуталтай явсан. Дээлийнх нь энгэр ханцуй нь цус болсон байсан. Бусад хувцас нь бохирлогдоогүй байсан. Биед нь бэлэн мөнгө болон үнэт эдлэл байгаагүй. Ороодог тамхи нь төмөр дугуй хайрцагтай байсан. Би 1998 онд талийгаачтай нэг гэр бүл болж байсан. Тэгээд бид хоёр 2 хүүхэдтэй болсон. Гэр бүл болсноос хойш бид хоёр Хархорин суманд хөдөө ойрхон мал маллаж амьдарч байгаад 1997 онд сумынхаа төв рүү орж ирж амьдарсан. Талийгаач маань сумын төвд онц хийсэн ажилгүй, хэдэн мал руугаа хөдөө явж ирэн очин байдаг байсан. Талийгаач маань зан аашийн хувьд ер  нь гайгүй, хүнтэй эвтэйхэн харьцдаг. Архи, тамхи хэрэглэдэг байсан. Архи уухаараа янз бүрийн юм яриад жаахан агсан зантай хүн байсан. Ямар нэгэн төрийн байгууллагад ажиллаж хөдөлмөрлөж байгаагүй. Гомдолтой байна. Зүгээр байсан хань ижлээ алдчихлаа” гэх мэдүүлэг /хх-27-28, 29, 30х/

    *   Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Баасансүрэнгийн “...Ч.Хүрэлсүх нь манай гэрээр ирдэг. Ч.Хүрэлсүхийн ахынд манай мал байдаг. Ч.Хүрэлсүхтэй төрөл садангийн холбоо байхгүй. Талийгаач Д.Нацагдорж нь манай аав. 2016 оны 01 сарын 25-ны орой би заал авчихаад гэртээ иртэл аав гэртээ байхгүй байсан. Хүрэлбаатар ах нь хүү Олдохбаярыгаа манайд авчирч өгчихөөд аавыг аваад явсан байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 01 сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрөөд 08 цаг дөхөж байхад манай гэрт Хүрэлбаатар ах орж ирсэн. Орж ирээд Нацагаа ах хаачсан юм бэ түрүүлээд орсон гэж хэлсэн. Ээж Хүрэлбаатар ахаас хөдөө яваагүй юм уу яасан юм бэ гэж асуухад яваагүй, Хотонтоос ирлээ, Нацагаа ах Хүрэлсүхтэй зодолдоод хүргэж өг гэхээр нь буцаад ирлээ гэж хэлсэн. Би Хүрэлбаатар ахаас аав хаачсан юм бэ гэхэд Хүрэлбаатар ахын том банди нь гараад гадаа байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дахиад гартал жорлонд байна гэж хэлсэн. Удалгүй аав гэртээ орж ирсэн. Аавын нүүр, дээл нь цус болчихсон байсан. Хамраас нь цус гарчихсан юм шиг байсан. Тэгээд би юу болсон юм бэ гэхэд аав юу ч хэлэлгүй, зүгээр ээ зүгээр гээд байсан. Хүрэлбаатар ах Хүрэлсүх зодсон гэж хэлсэн. Би Хүрэлбаатар ахаас Хүрэлсүхийн дугаарыг аваад ярьтал эхнэр нь утсыг нь авсан,Ч.Хүрэлсүхтэй яръя гэтэл шөнө найзыгаа гаргаж өгчихөөд ирье гээд гараад явсан орж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрт нь танай нөхөр аавыг зодсон байна гэж хэлтэл эгч нь мэдээгүй, унтаж байсан гэж хэлсэн. Ч.Хүрэлсүхтэй яриулаад өгөөч гэж хэлтэл байхгүй байна, ирэхээр нь яриулъя гэж хэлсэн. Тэгээд би ээжтэй хамт өөрийгөө үзүүлэхээр эмнэлэг явсан. Аав, Ч.Хүрэлбаатар ах хоёр унтаад гэрт үлдсэн. Эмнэлэг орж үзүүлчихээд ээж бид хоёр зах орсон. Ээж зах дээр үлдсэн. Би өвөөгийнд очоод байж байгаад Д.Барсболд ах, Бямбасүрэн эгч хоёртой хамт гэртээ өдөр 14 цагийн үед очтол аав орныхоо урд уначихсан хамарнаас нь цус гарчихсан, ухаангүй хэвтэж байсан. Тэгээд ээж оүү ярьж түргэн дуудуулсан. Эмнэлэг дээр ирээд тусламж авч байж байгаад 1 цаг болоод нас барсан. Хэнд зодуулсан юм бэ гэхээр дуугарахгүй байсан. Эмч дуудаж үзүүлье гэхээр яах юм бэ гээд байсан. Ч.Хүрэлсүхтэй аав хуурай ах дүүс шиг л байсан. Ийш тийшээ явахаараа хоёр биенийхээрээ орж гараад л явдаг байсан. Ямар нэгэн байдлаар энэ хоёр маргалдаж муудалцаж байгаагүй. Аав маань гайгүй зантай, хүнд хэлье гэснээ хэлчихдэг хүн байсан. Тамхи татдаг, архийг хааяа нэг найз нөхөдтэйгөө нийлж уудаг. Архи уусан үедээ уурласан хүндээ уурлаад байдаг. Арга эвийг нь олчихвол зүгээр байдаг байсан. Биеийн эрүүл мэнд зүгээр хэвийн байдаг байсан. Миний мэдэхээр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Аав маань эхээс 9 үүлээ. Айлын 2 дахь хүүхэд нь дээрээ нэг эгчтэй 7 дүүтэй...” гэх мэдүүлэг /хх-31-32х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Барсболдын: “... 2016 оны 01 сарын 26-ны өдөр над руу бэр эгч Г.Лхамаа залгаад ах чинь хүнд зодуулчихсан юм шиг байна, ахыг чинь нэг эмнэлэгт үзүүлмээр байна чи зах дээр хүргээд ирээч гэж хэлсэн. Би эгчид зах дээр юм аваад явж байна гэж хэлээд эгчийн лангуун дээр нь очиж уулзаад би аавынхаар оччихоод яваад очъё гэж хэлсэн. Надтай охин Н.Баасансүрэн нь хамт машинд суугаад аавынд ирсэн. Тэгээд би аавынхаас Н.Бямбасүрэн эгчийг аваад Н.Баасансүрэн бид гурав Д.Нацандорж ахын гэрт очтол баруун талынхаа орны урд гэрийнхээ хаалга руу толгойгоо харуулчихсан биеийнхээ хажуугаар хэвтэж байсан. Н.Баасансүрэн ааваа гээд дуудахад хариу өгөхгүй, дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би Г.Лхамаа эгч рүү залгаад хурдан түргэн аваад ирээрэй гэж хэлсэн. Би өргөөд дээлийг нь тайлаад орон дээр нь гаргаж хэвтүүлсэн. Дээл нь цус болчихсон байсан. Нүүр, ам нь нилээн цус болчихсон байсан. Зүүн нүд нь хөхөрч хавдсан, хөмсөгнийх нь дээр хагарч язарсан юм шиг байсан. Өөр биед нь ил харагдах гэмтэл байгаагүй. Би татаж нэрийг нь хэлж дуудахад ямар ч хариу өгөхгүй дуугарахгүй байсан. Тэгээд Г.Лхамаа түргэн авч ирээд, ирсэн эмч нь үзээд тариа хийгээд эмнэлэг авч явъя гэсэн. Тэгээд эмнэлэг дээр түргэний машинаар ирсэн. Тусламж аваад дусал хийлгэж байсан. Би эмнэлгийн үүдэнд хүлээж байгаад аавынд ирчихээд буцаад очиход нас барчихсан байсан. Лхамаа эгчийн ярьсанаар тэдний мал байдаг айлынх нь хүний дүү Ч.Хүрэлсүх гэдэг хүн зодсон гэж байсан. Бид эхээс есүүлээ. Талийгаач маань дээрээсээ 2 дахь, эрэгтэй том нь байсан. Ах маань Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Ах маань цэргийн алба хааж байсан, хэдэн онд хаасан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Зан  аашийн хувьд дөлгөөхөн хүн байсан. Сүүлийн 10-аад жил тусдаа би хотод байдаг байсан болохоор зан ааш нь ямар болсоныг сайн мэдэхгүй байна. Хааяа нэг архи уудаг байсан. Тамхи татдаг, амьдрал ахуйн жирийн дундаж амьдралтай хэдэн малтай эхнэр нь хувиараа цагаан идээ зардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-33х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Бямбасүрэнгийн: “...2016 оны 01 сарын 26-ны өдөр гэртээ байж байтал дүү Барсболд хүрч ирээд Д.Нацагдорж ахынх руу явлаа ах хүнд зодуулсан юм шиг байна, сая Лхамаа эгч яриад очоод эмнэлэгт аваачаад үзүүлээдэх гэж байна гэж надад хэлсэн. Д.Барсболдтой хамт манайд Н.Баасансүрэн ирсэн байсан. Н.Баасансүрэн надад хэлэхдээ аавыг  өглөө Ч.Хүрэлбаатар ах хүргэж ирсэн, ирэхдээ зодуулчихсан ирсэн. Ч.Хүрэлбаатар ахын дүү нь аавыг зодсон гэж Ч.Хүрэлбаатар ах хэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явъя гээд Д.Барсболд, Н.Баасансүрэн бид гурав Д.Нацагдорж ахын гэрт ирсэн. Гэрт нь ирэхэд Д.Нацагдорж ах баруун талынхаа орны урдуур газраар толгой нь гэрийнхээ хаалга руу харчихсан хэвтэж байсан. Дуудахад хариу өгөхгүй, дуугарахгүй байсан. Хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь Г.Лхамаа эгч рүү ярьж түргэн аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд ахын дээлийг нь тайлаад орон дээр нь гаргаж хэвтүүлсэн. Түргэний эмч ирээд тариа хийчихээд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирээд дусал хийлгэж байгаад 17 цаг өнгөрөөгөөд нас барсан. Намайг гэрт нь очиход нүүр нь нил цус болоод хатчихсан, нэг нүд нь хөхөрч хавдчихсан, хөмсөгөн дээр нь язарч хавдчихсан байсан. Өөр гэмтэл би олж хараагүй. Ямар ч ухаангүй байсан. Юу ч яриагүй. Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг би найзын хувиар мэднэ. Талийгаач ахтай маань хуурай ах дүү гээд явдаг. Ахын мал Ч.Хүрэлбаатарынд байдаг. 2 хүүхэд нь манай ахынд Хархорин суманд сургуульд суудаг. Би гэр бүлээрээ Ч.Хүрэлбаатарынд очдог найзалдаг. Ч.Хүрэлсүхийг бол танихгүй. Хүрэлбаатартай талийгаач ах маань хуурай ах дүүс байсан. Энэ хоёрыг маргалдаж муудалцлаа гэж би сонсож байгаагүй. Ахыг Ч.Хүрэлсүх гэх залуутай ямар харьцаатай байсныг мэдэхгүй. Манай ах зөөлөн сэтгэлтэй, хүнд хар буруу санаад байдаггүй, хөнгөн хүний үгээр хүн байсан. Ах маань 1966 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Дарам гэдэг хүний 2 дахь хүү болон мэндэлсэн. Манай хамгийн том ах, дээрээ нэг эгчтэй, доороо 7 дүүтэй хүн байсан. Ах маань бага насандаа аав, ээжийнхээ гар дээр хөдөө хүмүүжиж байгаад Хархорин сумын сургуульд суралцаж 8 дугаар ангийг төгссөн. Хэдэн оноос хэдэн оны хооронд суралцаж байсныг нь мэдэхгүй байна. Ах маань 3 жилийн цэргийн албыг Хужир булан гэх газар хааж байсан. Цэргээс ирээд хөдөө байж байгаад эхнэр авч тусдаа гарч байсан. Тусдаа амьдраад 2 хүүхэдтэй болсон. Амьдрал ахуй нь боломжийн сайхан амьдарч байсан...” гэх мэдүүлэг /хх-34х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Насанбатын: “...2016 оны 01 сарын 26-ны өдөр 15 цаг 15 минутад манай эмнэлэгийн 103-д хүнд зодуулсан ухаангүй хүн байна гэсэн дуудлагыг биеэр ирж хүн өгсөн байсан. Би тухайн үед амбулаторит хүн үзэж байсан болохоор уг хүнээ үзчихээд 15 цаг 20 минутад 103-аас дуудлага өгсөн хүний хамт хаягт нь очсон. Очиход гэр дотор талийгаач орон дээрээ хэвтэж байсан. Гэрт нь хажууд нь охин нь гээд нэг эмэгтэй байсан. Бас өөр хүн байсан. Тэр хүний биеийн ерөнхий байдал маш хүнд ухаангүй, царай хөхөлбөр, амьсгал нь үе үе тасалдана, хүүхэн хараа 2 талд жигд хүнд өргөссөн, гэрлийн урвалгүй, зүүн хөмсөг зүүн зовхинд няцарсан шархтай, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралттай, зөөлөн эдийн хаван хавдартай, ам хамар, нүүрээр хатсан цустай, аманд бөөлжисний үлдэгдэл жижиг бүхэл зүйлтэй, амнаас бөөлжис болон архины эвгүй үнэртэй байсан. Зүрхиний авиа бүдэг боловч хэвийн жигд артерийн даралт 170/120, пульс 83, захал хүчдэл дүүрэлт дунд, амьсгал нэг минутанд 8 удаа, хүчил төрөгчийн хангамж 83 хувьтай /пульс оксометрээр үзэхэд хэвийн харьцангуй тайван байсан. Гэрт нь анальгин демдрол булчинд тариад яаралтай эмнэлэг рүү тээвэрлэсэн. Өвчтөнийг машиндаа суулгаад 103 руу яриад насос, хүчил төрөгчийн аппарат бэлдүүлээд хүлээн авахын үүдэнд насальктай хүмүүс бэлдүүлж байгаад шууд онош тодруулах өрөө рүү оруулж яаралтай эмчилгээнүүдийг эхэлсэн. Эмчилгээ хийж байхдаа хамар амных нь цусыг арилгаж байгаад хамарт хүчилтөрөгчийг гуурсаар өгсөн. Хамар болон амны салстыг соруулсан. Ам хамрын салстаас гадны биет бөөлжисний зүйл хоолны үлдэгдлийг соруулсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дотрын эмч, мэдээгүйжүүлэгчийн эмч нартайгаа хамтарсан үзлэг хийсэн. Үзлэг дуусахад өвчтөн 17 цаг 23 минутад нас барсан. Эмчилгээгээ эхлүүлснийхээ дараа би цагдаад дуудлага өгсөн. Эмнэлэг дээр ирснийх нь дараа цус тогтоох, тархины хаван буулгах, шээс хөөх, амьсгалын үйл ажиллагааг дэмжих, өвчин намдаах, цэр салст цэвэрлэх, зүрхиний үйл ажиллагааг дэмжих зэрэг эмчилгааг хийсэн. Цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ авсан. Хариу нь нас барсных нь дараа гарсан. Эхо болон Рентгенд харж амжаагүй. Гэмтлийн гаралтай гавал тархины гэмтэл гэсэн оношийг би анх тавьсан. Дараа нь хамтарсан үзлэгээр гавал тархины битүү гэмтэл, тархинд цусан хураа байж болзошгүй, амьсгалын хурц дутагдал 3 дугаар зэрэг, зүүн нүд орчмын зөөлөн эдийн гэмтэл, няцрал гэсэн оношийг тавьсан. Эмч нарын шийдвэр нь эмийн эрчимт эмчилгээг үргэлжлүүлэх, холбогдох шинжилгээг бүрдүүлэх гэж гарсан. Намайг дуудлагаар гэрт нь очиход талийгаач хаана хэнд юунаас болж зодуулсан талаараа өөрөө юм яриагүй. Ямар ч боломж байгаагүй. Ар гэрээс нь юу болсон талаар асуухад 25-ны өдөр Хотонт сум руу яваад мал байдаг айлынхаа дүүд зодуулсан гээд 26-ны өглөө 08 цаг болох гэж байхад гэртээ согтуу боловч өөрөө ухаантай ирсэн. Ирэх үедээ хүнд зодуулчихлаа, цээжээр өвдөөд байна гэсэн зовиур хэлж байсан. Эхнэр нь эмнэлэг дуудаж үзүүлье гэхэд өөрөө дургүйцээд гэртээ унтаад үллдсэн гэж хэлсэн. Гэрийнхнийгээ буцаад гэртээ ирэхэд орныхоо урд уначихсан бөөлжсөн байдалтай байсан гэж хэлсэн. Намайг очиход орон дээр нь гаргасан байсан. Үзлэг хийсэн талаар хүлээн авахын эрэмбэлэн ангилалтын бүртгэл дээр бүртгэж бичсэн байгаа. 2016 оны 01 сарын 20-ны өдөр нээсэн бүртгэлийн дэвтрийн 7 дугаар хуудсанд тодорхой бичсэн байгаа. Өвчний түүх нээж амжаагүй...” гэх мэдүүлэг /хх-36х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Төмөрчөдөрийн: “...2016 оны 01 сарын 25-ны өдөр би Хотонт сумын Бургалтай багийн Аралын-Ухаа гэх газар гэртээ байж байтал Ч.Хүрэлбаатар гэртээ гэртээ машинтайгаа ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Хүрэлбаатар руу утсаар яриад чи сумын төв орох юм бол намайг аваад яваарай гэж хэлсэн. Манай хоёрынх хөдөө ойрхон саахалт байдаг. Ч.Хүрэлбаатарт надад би хүүхдээ Хархорин руу хүргэж өгчихөөд орой энүүгээр буцаж ирээд сум орно тэгэхдээ дайраад авъя гэж хэлсэн. Тэгээд орой 21 цагийн үед Ч.Хүрэлбаатар манайд талийгаач Д.Нацагдорж, Ганхүү гурав Хархорин сумаас дайрч ирсэн. Манайх цагаан сарынхаа буузыг хийж байсан. Ч.Хүрэлбаатар ах гайгүй, нөгөө хоёр нь жаахан согтуу юм шиг байсан. Тэр гурав манайд бууз хийлцсэн. Талийгаач ээжид би танайхаар хавьд буугаагүй гээд яриад байхаар нь манай ээж талийгаачид 1 литр монгол архи хийж өгсөн. Бууз хийгээд дуусахын үед дахиж 1 литр монгол архи хийж өгсөн. Хувааж ууцгаасан. Тэд нар яараад байхаар нэг төмпөн махаараа буузаа хийчихээд нэг төмпөн махаа үлдээчихээд манайхаас хөдөлсөн. Тэгээд хойшоо Ганхүүгийнх рүү очоод Ч.Хүрэлсүхийн охиныг аваад шууд сумын төв рүү хөдөлсөн. Сумын төвд орж ирээд Ч.Хүрэлсүхийнд шууд ирээд Ганхүү, Ч.Хүрэлбаатар бид гурав Ч.Хүрэлсүхийн охины хамт орсон. Талийгаач машин дотор унтаад үлдсэн. Ортол Ч.Хүрэлсүх, Түвшинжаргал, Агваан гурав гал тогооныхоо өрөөнд нэг савтай пиво уугаад сууж байсан. Тэр пивоноос ууж дуусаад Ч.Хүрэлбаатар ах гарч яваад удалгүй машинаасаа 2 савтай том пиво оруулж ирсэн. Тэрийг нь бид зургаа юм ярингаа хувааж уусан. Ууж дуусаад машинд нэг пиво байгаа тэрийг аваад ир гээд Ганхүүг Ч.Хүрэлбаатар ах гаргасан. Ганхүү гараад дахин нэг савтай пиво оруулж ирсэн. Араас нь талийгаач дагаад орж ирсэн. Сүүлийнхээ пивийг задлаад ууж байтал талийгаач гэнэтхэн танай том охин чинь миний охин танай авгай бид хоёрын дундаас гарсан, би танай том охинд нэг гүү өгсөн, тэр хэд болж байна, олон болж байна уу, чамд бол адуу байхгүй гээд яриад байсан. Ч.Хүрэлсүх үүнийг нь сонсоод та юу гэж худлаа яриад байгаа юм, юун хүүхэд, юун балай юм яриад байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд байж байтал гэнэтхэн Ч.Хүрэлсүх босч ирээд талийгаачийн нүүр рүү гараараа цохисон. Тэгтэл талийгаач сандал дээрээсээ унаад тонгойгоод суусан. Ч.Хүрэлсүх нүцгэн хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Ч.Хүрэлбаатар, Ганхүү хоёр босоод дундуур нь орсон. Араас нь Ч.Хүрэлбаатар бид хоёр гартал талийгаач машинд ороод урд талын суудал дээр суучихсан байсан. Тэндээс хөдлөөд доошоо уруудаад би замдаа хүргэн ах Тогтохбаярын гадаа буусан. Тэндээ хоносон. Тэр гурав хаашаа явсныг мэдэхгүй. Талийгаач өөрөө орж ирээд дуу нь чангараад танай том охин чинь миний охин, танай авгай бид хоёрын дундаас гарсан, би танай том охинд нэг гүү өгсөн тэр хэд болж байна, олон болж байна уу, чамд адуу байхгүй гэж хэлээд агсан тавьж байгаа юм шиг яриад байсан. Үүнээс болж Ч.Хүрэлсүх маргалдаж талийгаачийг зодох болсон. Ч.Хүрэлсүх нь талийгаачийг сууж байхад гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд талийгаач сандлаасаа газар унасан. Унасан байхад нь очоод өшиглөх шиг болсон. Ч.Хүрэлсүх цаашаа харсан байсан болохоор биеийнх нь аль хэсэг рүү өшиглөж байгааг нь би сайн хараагүй. Нэг удаа л өшиглөсөн. Өөр хүн талийгаачийг цохиж зодоогүй. Талийгаач Хотонт сумын төв рүү ирэх замдаа хэн нэгэнтэй маргалдаагүй. Биед нь шарх сорви гэх юм байгаагүй. Бие өвдөж байна гэж яриагүй. Ч.Хүрэлсүхэд зодуулаад нүүрнээс нь цус гарсан харагдсан. Яг хаанаас нь гарсныг нь хараагүй, талийгаач цаашаа харьчихсан байж байгаад шууд гараад явсан. Тухайн үед гэрт Агваан, Ч.Хүрэлсүх, Ганхүү, Түвшинжаргал, Хүрэлбаатар ах бид зургаа гал тогооных нь өрөөнд сууж байсан. Агваан согтоод ширээ дэрлээд унтсан байсан. Ч.Хүрэлсхийн эхнэр нь охиныхоо хамт том өрөөндөө унтаж байсан. Би нилээн согтсон байсан. Бүгд ерөнхийдөө нилээн согтсон байсан. Ч.Хүрэлсүх, Хүрэлбаатар ах хоёр гайгүй байсан. Хүрэлбаатар ах машин барьж байсан болохоор пиво бага уусан. Талийгаач юм уучихаараа ерөнхийдөө агсан зантай, эрүүл үедээ гайгүй сайхан ааштай хүн байсан. Ч.Хүрэлсүх хүнтэй эвтэйхэн гайгүй яриа хөөрөөтэй залуу. Өөр сайн мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-38-39х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Түвшинжаргалын: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19 цаг өнгөрч байхад Ч.Хүрэлсүхийнд очиход тэднийх буузаа хийж байхаар нь буузнаас нь хийлцсэн. Тэгээд байж байхад Л.Агваанаа мөн орж ирээд буузнаас нь хийлцсэн. Бууз хийж байхдаа 2.5 литрийн Нийслэл пиво нэгийг хувааж ууцгаасан. Тэгээд буузаа 23-24 цагийн үед хийж дууссан. Тэгээд Л.Агваанаа, Ч.Хүрэлсүх бид гурав юм яриад дахиад нэг 2.5 литрийн пиво дахин нэгийг уугаад сууж байгаад пиво дуусаж байтал гаднаас шөнийн 02 цаг өнгөрч байхад Ч.Хүрэлбаатар ах, Ганхүү ах, Т.Төмөрчөдөр ах гурав Ч.Хүрэлсүхийн охиныг авчирч өгсөн. Ч.Хүрэлсүхийн эхнэр унтаж байгаад охиноо ирэхээр нь сэрээд охиноо өвөртлөөд буцаад унтаад өгсөн. Тэгээд гаднаас Ч.Хүрэлбаатар ах 2.5 литрийн Нийслэл пиво хоёрыг оруулж ирсэн. Тэрнээс нь бид зургаа ууж байтал Л.Агваанаа хоёр дахь пиво уугаад дуусаж байхад ширээ дэрлээд унтаад өгсөн. Ганхүү ах нь дахиж гараад машинаасаа нэг пиво оруулж ирээд задлаад дундаа орж байхад гаднаас машинд унтаж байгаад ирлээ гэсээр нэг ах орж ирсэн. Орж ирэхдээ тэр ах халамцуу байсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад тэр ах Ч.Хүрэлсүхтэй маргалдсан. Тэр ах би хүнд мал өгсөн, би хүнд мал бэлэглэж байсан гэх зэргээр баярхаад байсан. Тэгэхэд нь Ч.Хүрэлсүх та дуугаа байж бай таныг мэдэхгүй биш гээд уурлаад босож ирээд нүүр хавьд нь гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл тэр ах сууж байсан сандал дээрээсээ унасан. Унахад нь Ч.Хүрэлсүх босож ирээд өшиглөсөн. Яг хаана нь өшиглөсөнг хараагүй. Тэр ахын нүүрнээс нь цус гарч байсан. Тэгтэл Ч.Хүрэлбаатар ах босч ирээд Ч.Хүрэлсүхийн дундуур орж болиулсан. Тэгээд зодуулсан ах гэрээс нь гарсан. Араас нь Н.Ганхүү, Т.Төмөрчөдөр, Ч.Хүрэлбаатар ах гарсан. Л.Агваанаа сэрээд дараа нь гарч явсан. Би хамгийн сүүлд Ч.Хүрэлсүхийн хамт гарсан. Хашааны гадаа гарахад түрүүлж гарсан хүмүүс бүгд явчихсан байсан. Ч.Хүрэлсүх намайг гаргаж өгөөд хашааныхаа хаалгыг цоожлоод гэр рүүгээ орсон. Би шууд алхаад харьж байсан. Би гэртээ харихад 05 цаг болж байсан. Ч.Хүрэлсүх пиво уусан болохоор халамцуу байсан. Нэг их согтоогүй байсан. Бид нар архи уугаагүй. Д.Нацагдорж гэх хүн нь өөрөө гаднаас орж ирээд согтуурхаад янз бүрийн юм яриад, баярхаад байсан. Үүнд нь Ч.Хүрэлсүх уурлаад гараараа нүүр рүү цохих шиг болсон. Яг хаана нь цохисныг хараагүй. Ч.Хүрэлсүх миний хажууд сууж байсан, Д.Нацагдорж гэх хүн нь миний хажууд ард талд сууж байсан болохоор харж чадаагүй. Тэр ахыг газар унасан байхад Ч.Хүрэлсүх нэг удаа өшиглөх шиг болсон. Хаана нь өшиглөснийг хараагүй. Тухайн үед Ч.Хүрэлсүх хөл нүцгэн байсан. Тэр ахыг өөр хэн нэгэн цохиж зодоогүй. Тэр ах Ч.Хүрэлсүхийг цохиж зодсон асуудал байхгүй. Орж ирэхэд нь харахад нүдэнд харагдахаар ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан. Нилээд согтуу байсан. Ч.Хүрэлсүхэд зодуулаад нүүрнээс нь цус гараад гэрээс гарч явсан. Өөр ямар гэмтэл авсныг хараагүй. Тухайн үед гэрч Агваанаа, Ч.Хүрэлсүх, Ганхүү ах, Т.Төмөрчөдөр ах, Ч.Хүрэлбаатар ах бид зургаа гал тогооных нь өрөөнд ширээ тойроод сууж байсан. Ч.Хүрэлсүхийн эхнэр хүүхэд хоёр нь том өрөөндөө унтаж байсан. Агваанаа тухайн үед ширээ дэрлээд унтчихсан байсан. Би Ч.Хүрэлсүхтэй найзлаад 3-4 жил болж байна. Өмнө нь зүс таньдаг байсан. Янз бүрийн элдэв муу зангүй. Хааяа нэг архи, пиво уудаг ч хүнтэй маргалдаад зодоон хийгээд байдаггүй, тамхи татдаггүй, хүнтэй их нийтэч хүн” гэх мэдүүлэг /хх-40-41х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Агваанын: “...би Ч.Хүрэлсүхтэй найзууд. Д.Нацагдорж гэх хүнийг огт танихгүй. Энэ хоёр хүнтэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 01 сарын 25-ны орой би Ч.Хүрэлсүхийнд бууз хийж өгөх гээд орсон. Өдөр нь намайг бууз хийгээд өгөөч гэж Ч.Хүрэлсүх гуйсан юм. Намайг ороход Түвшинжаргал гэдэг залуу ирчихсэн буузнаас хийлцэж байсан. Бууз хийж байхдаа  Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво хоёрыг хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед буузаа хийгээд дууссан. Бид нар ойр зуурын юм, морь мар яриад сууж байтал шөнө 00:00 цагийн үед гаднаас Ч.Хүрэлбаатар, Н.Ганхүү, Т.Төмөрчөдөр ах гурав Ч.Хүрэлсүхийн охинтой орж ирсэн. Ч.Хүрэлсүхийн эхнэр унтлаа гээд орондоо орчихсон байсан. Охиноо ирэхэд сэрээд охиноо өвөртлөөд хэвтсэн. Тэгээд гаднаас Ч.Хүрэлбаатар ах 2 ширхэг Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво оруулж ирсэн. Гадаа машинд нь хүн унтаж байгаа гэж байсан. Би нэрийг нь асуугаагүй. Оруулж ирсэн пивоны хоёр дахийг нь ууж байгаад би тасраад ширээ дэрлээд унтаад өгсөн байна лээ. Нэг сэрэхэд Ч.Хүрэлбаатар ах, Н.Ганхүү ах, Т.Төмөрчөдөр ах гурав гараад явсан байсан. Ж.Түвшинжаргал, Ч.Хүрэлсүх хоёр юм яриад сууж байсан. Би гарч шээгээдэхъе гэж хэлж гараад шууд гэр рүүгээ харьсан. Намайг гэртээ харихад 05 цаг өнгөрсөн байсан. Ч.Хүрэлсүхийнд байхад Ч.Хүрэлсүх хэнтэй маргалдсан талаар мэдэхгүй байна. Би пивондоо согтоод унтсан байсан. Би Ч.Хүрэлсүхийг 2 жилийн өмнөөс таньж мэддэг болсон. Мэддэг болсноосоо хойш найзалж нөхөрлөж байгаа. Ч.Хүрэлсүх нь даруу элдэв янзын зан араншин байхгүй. Архи уудаггүй хааяа пиво уудаг. Тамхи татдаггүй, зан аашны хувьд тогтуун ажилсаг хүн байгаа юм. Ч.Хүрэлсүх нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 3 хүүхэд нь бага настай...” гэх мэдүүлэг /хх-42х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Ариунтуяагийн: “...Д.Нацагдорж ахтай хуурай ах, дүү шиг л байдаг байсан. Биенийхээрээ орж гардаг. Тэдний эхнэр нь манайхаас айраг авдаг байсан. Манай хадам ахынд мал нь байдаг, тэднийд хадам ахын хүүхдүүд байдаг гэдгээр биенээ сайн мэддэг хүмүүс байсан. Төрөл садангийн холбоо байхгүй. Ч.Хүрэлсүх нь миний нөхөр байгаа юм. 2016 оны 01 сарын 25-ны орой манайх цагаан сарынхаа буузыг хийсэн. Манайхыг буузаа хийж байхад гаднаас Ж.Түвшинжаргал гэдэг залуу ору ирээд манай буузнаас хийлцсэн. Мөн Л.Агваанаа байсан. Бууз хийж байхдаа Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво хоёрыг хувааж ууцгаасан. Тэгээд 23 цагийн үед буузаа хийгээд дууссан. Би тэгээд унтах гээд том өрөөнд ороод хэвтэж байтал унтчихсан байсан. Тэгтэл манай нөхөр намайг сэрээгээд охин хүрээд ирлээ гэхээр нь би охиныхоо хувцасыг тайлаад өвөртлөөд унтсан. Тэгээд харахад Ч.Хүрэлбаатар ах, Н.Ганхүү ах, Т.Төмөрчөдөр ах ороод ирсэн байсан. Ж.Түвшинжаргал манайд сууж байсан. Л.Агваанааг би хаана байсныг нь нойрондоо сайн анзаарч хараагүй. Би тэгээд охиноо өвөртлөөд унтахаар хэвтсэн. Манайд ирсэн хүмүүс гал тогооны ширээ тойроод суучихсан юм яриад байсан. Би хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд хүмүүс чанга, чанга яриад байх шиг байхаар нь сэрээд юу болоод байна гэхэд Ч.Хүрэлбаатар ах надад Ч.Хүрэлсүх Д.Нацагдорж ах хоёр жаахан маргалдаад гэж хэлсэн. Тэгээд бид нар явлаа гээд Ч.Хүрэлбаатар ах гарч харагдсан. Цуг ирсэн хүмүүс нь түрүүлээд гарсан бололтой харагдахгүй байсан. Ж.Түвшинжаргал үлдээд сүүлд нь харилаа гээд гарсан. Би Ч.Хүрэлсүхийг хаалгаа хаагаарай бууз нохой идчихнэ шүү гэж хэлсэн. Ч.Хүрэлсүх Түвшинжаргалыг гаргаж өгөөд хашааныхаа хаалгыг хаагаад эргэж орж ирсэн. Орж ирэхээд нь юу болоод байгаа юм бэ гэхэд манай нөхөр онц юм болоогүй, Нацагаа ах орж ирээд агсан тавиад хачин хачин юм яриад гэж хэлсэн. Манай нөхөр тухайн үед халамцуу байсан. Тэгээд шууд унтсан. Маргааш өглөө нь эрт Д.Нацагдорж ахын охин нь над руу залгаад Ч.Хүрэлсүхтэй яръя гэхээр нь би нөхрийгөө байхгүй байна гээд хэлчихсэн. Тэгтэл охин нь надад миний аавыг зодчихсон байна гээд хашгичаад байсан. Тэгэхээр нь би эгч нь аавыг чинь орж ирэхийг мэдээгүй унтчихсан байсан гэж хэлсэн. Дараа нь Д.Нацагдорж ахын эхнэр 09-10 цагийн үед над руу Хархорин сумаас яриад Нацагаа ахын чинь бие өвдөөд байна, танай нөхөр зодсон юм уу, яасан юу болсон чи мэдэв үү гэж асуухаар нь би мэдэхгүй унтчихсан байсан гэж үнэнээ хэлсэн. Нацагаа ахын эхнэр бие нь муудаад байна эмч дуудахаас, Ч.Хүрэлсүх байна уу гэж асуусан би гараад явсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө гаднаас орж ирэхээр нь Г.Лхамаа эгч яриад байна, Нацагаа ахын бие муудаад байна гэсэн юу болсон юм бэ, яасан юм бэ гэхэд Нацагаа ах орж ирээд янз бүрийн юм яриад байсан, шальтай юм болоогүй гэснээс өөр юм надад яриагүй. Намайг нойрмоглоод хэвтэж байхад манай нөхөр унтах гээд хэвтэхдээ 05 цаг болж байгаа юм уу гэж асууж байсан. Тэгэхийг бодоход Д.Нацагдорж, Ч.Хүрэлбаатар нар багацаагаар 04 цаг өнгөрч байхад гарч явсан байх, би өөрөө босож цаг хараагүй. Д.Нацагдорж, Ч.Хүрэлбаатар нар юунаас болж маргалдаж, зодолдсон талаар мэдэхгүй байна. Би унтаж байсан. Учир нь урд шөнө нь дээл хийгээд шөнийн 03 цаг хүргэж унтсан болохоор нойр муутай байсан болохоор унтаад өгсөн байсан. Сүүлд нь хүмүүс чанга яриад байхаар нь сэрэхэд явах гэж байгаа гээд Ч.Хүрэлбаатар ах гарч байсан цуг ирсэн хүмүүс нь түрүүлээд гараад явсан байсан. Манай нөхөр Д.Нацагдорж хоёрын хооронд миний мэдэхийн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Урьд нь хоорондоо маргалдаж муудалцаагүй. Ч.Хүрэлсүх бид хоёр гэр бүл болоод 8 жил болж байна. Гэрлэлтээ батлуулсан. Одоо гурван хүүхэдтэй. Ч.Хүрэлсүх нь хүнтэй нөхөрсөг төлөв даруу элдэв янзын зан араншин байхгүй. Архи уудаггүй хааяа пиво уудаг. Тамхи татдаггүй, нямбай хүн байгаа юм. Манай охин Маралгоо хөдөө Н.Ганхүү ахынд байсан юм. Ч.Хүрэлбаатар ахыг хөдөө мал руугаа очиж байна гэхээр нь охиныгоо аваад ирээрэй гэж захисан байсан. Тэгээд охиныг маань хүргэж манайд ирсэн” гэх мэдүүлэг /хх-43-44х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Ганхүүгийн: “...2016 оны 01 сарын 25-ны өдөр би Хүрэлбаатартай хамт Хотонт сумаас Хархорин сум руу Д.Нацагдоржийг мал янзлуулахад туслуулах гэж гуйхаар Ч.Хүрэлбаатарын Аксент маркийн машинтай гэрт нь очсон. Д.Нацагдоржийн гэрт нь 16 цагийн үед очиход талийгаач эхнэр Г.Лхамаагийн хамт байсан. Тэгээд Ч.Хүрэлбаатар, талийгаач бид гурав 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд би ойрхон гарчаад ирье гээд дэлгүүр орж дахин 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад буцаж ороод хувааж уусан. Тэгээд бид 3 Хархорин сумаас гараад Хотонт сум руу явж байх замдаа Арлын-Ухаа орж Т.Төмөрчөдөрийг авах гэж очиход тэднийх буузаа хийж байсан. Тэнд нэг төмпөн махаар нь буузнаас нь хийлцсэн. Т.Төмөрчөдөрийн ээж бид нарт 2 литр монгол архи хийж өгсөн. Түүнийг нь уусан. Тэгээд манай гэрт очоод Ч.Хүрэлсүхийн охин Х.Маралгоог аваад Хотонт сумын төвд орж ирсэн. Шууд Ч.Хүрэлсүхийн охинийг хүргэж өгөх гэж ирээд би охинийг нь аваад түрүүлээд ороход Ч.Хүхэлсүх, Агваанаа, Ж.Түвшинжаргал гурав 2.5 литрийн Нийслэл пиво уугаад сууж байсан. Удалгүй араас Ч.Хүрэлбаатар, Т.Төмөрчөдөр 2 орж ирсэн. Ч.Хүрэлбаатар ах хаанаас ч юм 2 литрийн 2 пиво оруулаад ирсэн байсан. Тэгээд тэрийг нь уугаад би нилээн муудсан байсан. Хүрэлбаатар намайг машинд 1 пиво байгаа аваад ир гэхээр нь гараад машин онгойлгоход унтаж байсан Д.Нацагдорж сэрсэн. Тэгээд даараад байна гэхэд нь орооч та гээд аваад орсон. Ортол талийгаач би охиноо авчирч ирлээ Д.Ариунтуяа бид хоёрын дундаас гарсан энэ тэр гээд мөн миний өгсөн бор гүү олон болоо биз дээ би охиндоо өгсөн энэ тэр гээд байх шиг байсан. Би пивондоо согтоод ширээнийх нь зүүн хойд буланд суучихсан ширээг тулаад зүйрмэглэчихсэн байсан. Гэнэт пижигнээд явчихаар нь би сэрсэн. Тэгэхэд талийгаачийн хамраас нь цус гарчихсан байж байсан. Талийгаач гэрээс гарсан, би араас нь дагаад гарсан. Тэрнээс хойш би юу болсныг архиндаа согтоод юу ч санахгүй байна. Нэг сэрэхнээ би аавындаа унтаж байсан. Намайг сэрэхэд өглөө болсон байсан. Талийгаач Хотонт сумын төв рүү ирэх замдаа машин дотор хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаагүй. Нүүрэнд нь ил шарх харагдаагүй. Тухайн үед Ч.Хүрэлсүхийн гэрт нь  Л.Агваан, Ч.Хүрэлсүх, Ж.Түвшинжаргал гурав байсан. Энэ гурав пиво ууж байсан. Дээр нь нэмж Ч.Хүрэлбаатар, Т.Төмөрчөдөр, талийгаач бид дөрөв орсон. Ч.Хүрэлсүхийн эхнэр том өрөөнийхөө буйдан дээр 2 бага охиныхоо хамт унтаж байсан. Хөдөөнөөс ирсэн охин нь мөн ээжтэйгээ унтсан. Бид нар гал тогооны хэсэгт ширээ тойроод суусан байсан. Ерөнхийдөө бүгдээрээ их согтуу байсан. Надаас өмнө Агваанаа согтоод унтчихсан. Би сүүлд нь хэсэг зүйрмэглэж унтсан. Талийгаачийг Ч.Хүрэлсүх цохиж зодох үед нь би зүйрмэглээд унтсан байсан. Би хараагүй. Талийгаач нь Ч.Хүрэлсүхийнд орж ирээд би охиноо хүргэж ирлээ, энэ охин Ариунтуяа бид хоёрын дундаас гарсан энэ тэр гээд мөн миний өгсөн бор гүү олон болоо биз дээ би охиндоо өгсөн гээд сонин юм яриад байсан. Би согтуу байсан болохоор талийгаач юу яриад байсныг нь сайн ойлгоогүй. Ч.Хүрэлсүх талийгаачийн өмнөөс та одоо юу яриад байгаа юм бэ гээд байх шиг байсан. Ч.Хүрэлсүхийнд орой 23 цагийн үед ирсэн байх шөнө хэдэнх цагт гарснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрт нь сууж байхад 03 цаг өнгөрсөн байсан. Би Тогтохбаярынд очсноо мэдэхгүй байна. Талийгаач болон Ч.Хүрэлсүх хоёр хоорондоо гайгүй хартцаатай байдаг байсан. Талийгаач нь өөрөө гайгүй зан ааштай хүн байсан. Бид нар ахаа гээд явдаг Хүрэлбаатарынд мал нь байдаг болохоор манайхаар орж гараад л яюдаг. Эхнэр нь манай цагаан идээг авч борлуулдаг. Ч.Хүрэлсүх зан аашийн хувьд гайгүй сайн хүүхэд архи дарч нэг их уугаад байдаггүй. Мал маллаж амьдардаг. Эхнэр нь 3 хүүхдийнхээ хамт сумын төвд байдаг. Өөрөө хөдөө малаа хараад ирэн очин байдаг байсан. Амьдрал сайтай энэ жил сумынхаа мянгат малчин болсон залуу байгаа юм. 3 хүүхэд нь насаар бага том нь сургуульд хоёр бага нь цэцэрлэгт байдаг” гэх мэдүүлэг /хх-45-46х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Хүрэлбаатарын: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би сургуулийнхаа хүүхдийг Хархорин сум руу хүргэж өгөхөөр Хотонт сумын Хөөвөр багийн Хойд эрэг гэх газар байх отрын гэрээсээ Н.Ганхүү, өөрийн хүү Олдохбаярын хамт өөрийнхөө 21-31 УНЛ улсын дугаартай аксент маркийн машинаар гарсан. Сумын төвд орж машиндаа бензин авчихаад доошоо уруудаж Арлын-Ухаа орж Ганхүүгийн гэрээр орсон. Дараа нь өөрийнхөө том гэрээр орж ууцны мах авсан. Намайг гэртээ ирсэн байхад Төмөрчөдөр утсаар яриад орой буцахдаа та намайг аваад яваарай, би сумын төв орох гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Хархорин сумын төв орсон. Тэгээд шууд Д.Нацагдорж ахын гэрт очсон. Тэнд очиход 16 цаг өнгөрч байсан. Д.Нацагдорж ах Г.Лхамаа эгч бид дөрөв хувааж уусан. Тэгсэн Д.Нацагдорж ах Н.Ганхүүг энэ жил манайд хэд хэдэн удаа орж ирсэн, чамайг дандаа хоосон гаргасан гээд эхнэрээсээ мөнгө асуухад байхгүй гэхээр нь би 10.000 төгрөг өгтөл эхнэр нь нэмж 1.500 төгрөг өгөөд дахин 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авчирч хувааж ууцгаасан. Ууж байхдаа би Д.Нацагдорж ахад маргааш би 20 гаран хонь гаргаж хот руу авч явах гэсэн юм та манайд очоод хэдэн хонь нядалж өгч тус болооч гэж гуйхад тэгье гэж хэлсэн. Тэгээд Д.Нацагдорж ах, Н.Ганхүү бид гурав 18 цагийн үед Хархорин сумаас гараад Хотонт сум руу явж замдаа шууд Т.Төмөрчөдөрийнд очсон. Т.Төмөрчөдөрийнх нь буузаа хийж эхэлж байсан. Нэг төмпөнтэй махаар бид гурав тусалж буузыг нь хийж өгсөн.  Т.Төмөрчөдөрийн ээж нь Д.Нацагдорж ах, Н.Ганхүү бид гуравт 2 литр монгол архи халааж өгсөн. Түүнийг нь хувааж уусан. 2 дахь төмпөнтэй махаар нь буузыг нь хийж өгөлгүй яараад тэднийхээс гарсан. Тэгээд шууд Хотонт сумын Арлын-Ухаад байх том гэрээрээ орж гутал хувцас ойр зуурын юм, айргаа аваад Н.Ганхүүгийнд очиж Ч.Хүрэлсүхийн том охинг аваад сумын төв рүү хөдөлсөн. Шууд Ч.Хүрэлсүхийн гэрт нь ирсэн. Ч.Хүрэлсүхийнд 00:00 цаг өнгөрч байхад орсон. Тэгэхэд Д.Нацагдорж ах машин дотор унтаж байхаар нь үлдээгээд орсон. Ч.Хүрэлсүх гэртээ найз Л.Агваан, Ж.Түвшинжаргал хоёртой нэг том пиво талд нь оруулаад уугаад сууж байсан. Эхнэр нь хоёр бага хүүхдийнхээ хамт том өрөөнийхөө буйдан дээр унтаж байсан. Том охин орж шууд ээжийнхээ өвөрт ороод унтсан. Тэгээд тэр гурвын ууж байсан пивийг ууж дуусгачихаад би гарч машинаасаа 2 савтай 2.5 литрийн Нийслэл пиво оруулж ирээд юм ярьцгааж хувааж ууцгаасан. Энэ хоёр пивоны эхний пивийг ууж дуусаагүй байтал Л.Агваан ширээ дэрлээд унтчихсан. Үлдсэн нэг пивийг тавуулаа хувааж дуусгачихаад, машин дотор байсан нэг пивийг Н.Ганхүү авчрах гээд гарсан. Н.Ганхүү гараад пиво оруулж ирэхдээ Д.Нацагдорж ахыг дагуулж орж ирсэн. Тэр пивийг оруулж ирээд эхлээд байж байтал Д.Нацагдорж ах Ч.Хүрэлсүхэд эхнэрийг нь миний охин, өнөө шөнө охиноо өвөртөлж унтана, охиныхоо өмчинд өгсөн бор гүү хэр их болсон, зөндөө өссөн биздээ гээд Ч.Хүрэлсүхэд тоглоом, шоглоом шиг юм яриад байсан. Ч.Хүрэлсүх нилээн согтсон байсан. Ч.Хүрэлсүх юу яриад байгаа юм, тэр чинь миний гүү биздээ, таны охин гэж юу байдаг юм, тэр хүн чинь эцэг, эхтэй байгаа юм биздээ гээд маргаад байсан. Хоёр бие рүүгээ гараа далайчихсан сууж байснаа Ч.Хүрэлсүх түрүүлээд Д.Нацагдорж ахын зүүн нүднийх нь зовхи руу цохьчихсон. Тэгэнгүүт Д.Нацагдорж ах сандал дээрээсээ хойшоо унасан. Тэгсэн Ч.Хүрэлсүх босоод 2-3 удаа өшиглөөд дахиад нүүр рүү нь нэг удаа алгадах шиг болсон. Тухайн үед Ч.Хүрэлсүх хөл нүцгэн байсан. Н.Ганхүү ухасхийж босоод дундуур орсон. Би босоод Д.Нацагдорж ахыг босгоод аваад гарсан. Д.Нацагдорж ахын хөмсөгнөөс цус гарч байсан. Шалан дээр цус дусангуут Н.Ганхүү арчаад үлдсэн. Би Д.Нацагдорж ахыг машиныхаа урд суудал дээр оруулж суулгаад нойлийн цаасаар үлдсэн цусыг нь арчсан. Араас Н.Ганхүү, Т.Төмөрчөдөр хоёр гарч ирээд дөрвүүлээ хөдлөөд Т.Төмөрчөдөрийг эгчийнд би оруулж өсгөн. Оруулж өгөөд жаахан сууж байгаад гарч ирсэн. Д.Нацагдорж ах Ч.Хүрэлсүхийн гаднаас хөдлөхдөө танайх руу очиж чадахгүй нь ахыгаа гэр рүү хүргээд өгчих, ах нь харья гээд байсан.Т.Төмөрчөдөрийн эгчийнх нь гаднаас хөдлөөд Н.Ганхүүг сумын төвд аавын гадаа хүргэж өгчихөөд Д.Нацагдорж ахыг аваад гэр рүү нь явсан. Д.Нацагдорж ахыг хүргэж өгөх гээд явж байх замдаа би түүнд та одоо нас намбандаа байхгүй яахаараа ингээд жаахан хүүхдүүдтэй доошоо ороод юм яриад байдаг юм бэ гээд загнасан. Одоо та бид хоёрыг очихоор авгай хүүхэд чинь загнана шүү дээ гэхэд ах нь ороод юу ч ярилгүй буруу хараад хэвтчихье чи намайг гэрийн гадаа аваачаад өг гэж хэлсэн. Гэрийнх нь гадаа очиж зогсоод түрүүлээд Д.Нацагдорж ах хашаа руугаа орсон. Гэрт нь би ортол гэртээ орж ирээгүй байсан. Араас жорлонд орчихоод орж ирсэн. Орж ирээд баруун талынхаа орон дээр хэвтээд өгсөн. Бид хоёрыг гэрт нь ороход Лхамаа эгч, охин Баасансүрэн нь сэрчихсэн байж байсан.  Охин нь надаас аав юу болсон юм бэ, хэнтэй зодоон хийсэн юм бэ гэж асуухаар нь Ч.Хүрэлсүх ахтай чинь зодолдохоор нь ах нь салгаад хойшоо явах гэтэл хүргээд өг гээд байхаар нь аваад ирлээ гэж хэлсэн. Д.Нацагдорж ах нь эхнэр хүүхэддээ юм ярихгүй байсан. Тэгээд би газар бүхлээрээ унтсан. Өдөр 12 цагийн алдад манай хүү Олдохбаяр намайг дуудаж сэрээхэд би зүүн талын орон дээр нь буруу хараад унтаж байсан. Манай хүү Олдохбаяр надад би хичээлдээ явах цаг болчихлоо, Нацагаа ах бөөлжих гээд байгаа юм уу огиод байна, муухай дуугараад байна гэж хэлсэн. Би босоод Д.Нацагдорж ахаас яасан зүгээр үү гэхэд толгой дохисон. Тэгэхээр нь би Олдохбаярыг сургуульд нь хүргэж өгчихөөд шууд гарлаа шүү гэж хэлэхэд мөн л юм ярилгүй толгой дохисон. Тэгэхээр нь би хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд Лхамаа эгч рүү гар утсаар яриад Д.Нацагдорж ах ганцаараа үлдчихлээ шүү, та хүн явуулаарай, би хүүхдээ хүргэж өгчихөөд гарах гэж байна шүү гэж хэлэхэд за за эгч нь Баасансүрэнгийн эмийг аваад эмнэлэг дээр байна, одоо ингээд Баасансүрэнг явууллаа гэж хэлсэн. Тэгээд би Хотонт сумын төвд ирээд Ганхүүг авч явах гээд байж байтал сумын цагдаа ирээд намайг тасаг дээр авчирсан. Хамт архи уусан Д.Нацагдорж гэдэг хүний чинь бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн тасаг дээр байж байтал Д.Нацагдорж ахыг нас барчихлаа гэдгийг сонссон. Би Д.Нацагдорж ахыг Хотонт суманд хонь гаргахдаа туслуулах гэж авчирсан юм. Бид хоёр 2001 онд хуурай ах дүү болоод 2002 онд Д.Нацагдорж ах малаа манай дээр авчирч тавиад түүнээс хойш байнга биенийхээрээ орж гардаг ах дүүс байсан. Манай хоёр хүүхэд тэднийд сургуульд суудаг юм. Манай дүү Ч.Хүрэлсүх нь 1985 онд Архангай аймгийн Хотонт сумын эмнэлэгт Чойдонсүрэнгийн бага хүү болж мэндэлсэн. Дээрээ 4 эгч, 1 ахтай,. Дүү маань бага насандаа сурч хөдөө гэртээ аав, ээжийн гар дээр хүмүүжсэн. Сургуульд орж суралцаад 4 дүгээр ангидаа сурч байгаад сургуулиасаа гарч мал малласан. Малд их дуртай, хайртай хүүхэд байсан. Цэргийн албыг 2004-2005 онд Улаанбаатар хотын 805 дугаар ангид жилийн хугацаатай хаасан. Цэргээс халагдаж ирээд хөдөө малаа маллаж байгаад эхнэртэйгээ танилцаж 2008 онд хурим хийсэн. Хуримаа хийгээд тусдаа гараад 3 охинтой болсон. Дүү маань мал их сайн маллана, ажилд их мах руу ажилсаг, хийх гэсэн ажлаа заавал хийж байж санаа нь амардаг. Зан аашийн хувьд хүнтэй нийтэч, зөөлөн сэтгэлтэй, тусч олонтой нөхөр сайтай залуу байгаа юм. Мал нь хөдөө байж эхнэр хүүхдүүд нь сумынхаа төвд байдаг. Том нь охин сургуульд, бага хоёр охин нь цэцэрлэгт явдаг. Дүү маань хөдөө гэр сумынхаа гэрийн хооронд ирэн очин байдаг...” гэх мэдүүлэг /хх-47-49х/ 

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Х.Олдохбаярын: “...2016 оны 01 сарын 25-ны өдөр би гэртээ байж байхад аав намайг сургууль руу хүргэж өгөхөөр өөрийнхөө аксент машинтай Хархорин сум руу явсан. Аав бид хоёртой хамт Ганхүү ах явсан. Аав намайг Хархорин сумнд Д.Нацагдорж ахынд хүргэж өгсөн. Очоод аав, Ганхүү ах, Д.Нацагдорж ах гурав архи уусан. Тэгээд аав, Ганхүү ах хоёр Д.Нацагдорж ахыг аваад хөдөө гэр рүүгээ аваад явсан. Тэгээд 26-ны өглөө намайг сэрэхэд аав миний өвөрт газраар унтаж байсан. Д.Нацагдорж ах зүүн талын орон дээр сууж байсан. Би сэрээд боссон. Зүүн талын орыг хураах гэхэд Д.Нацагдорж ах баруун талын орон дээр хэвтсэн. Би босоод хичээлээ хийж байгаад хичээлд явах цаг болохоор нь аавыг дуудаад хүргээд өг гэж хэлэхэд аав сэрэхгүй байсан. Би гараад жорлон орчихоод буцаад гэртээ ороод иртэл аав сэрчихсэн байсан. Тэгээд би ааваараа сургуульдаа хүргүүлсэн. Намайг сургуульдаа явахад Д.Нацагдорж ах баруун талынхаа орон дээр хэвтээд үлдсэн. Д.Нацагдорж талийгаачийн нэг хөмсөгнийх нь дээр цус болчихсон харагдаж байсан. Өөр юм мэдэгдээгүй. Би Д.Нацагдорж ахад явлаа шүү гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Д.Нацагдорж ах нэг сонин бөөлжих гээд байсан. Би Д.Нацагдорж ахыг ухаантай байна гэж ойлгосон. Д.Нацагдорж ах гэртээ ганцаараа үлдсэн. Намайг сэрээд боссоны дараа Лхамаа эгч, Баасансүрэн эгч хоёр эмнэлэг орохоор явсан. Д.Нацагдорж ах надтай юм яриагүй. Лхамаа эгч бүсийг нь тайлах гэхэд ёо ёо гээд байсан” гэх мэдүүлэг /хх-50-51х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Х.Маралгоогийн: “...би хөдөө Ганхүү ахынхаа гэрт байхад орой Хүрэлбаатар ах, Ганхүү ах, Төмөрчөдөр ах бас нэг зүс таньдаг ах дөрөв Хүрэлбаатар ахын машинтай ирсэн. Тэгээд намайг аваад машиндаа суугаад Хотонт сумын төвд манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд аав, Агваанаа ах бас нэг ах гурав байж байсан. Би гэртээ ирээд шууд ээжтэйгээ унтсан. Намайг гэртээ ирэхэд ээж унтаж байсан. Би унтаад өглөө нь боссон. Шөнө гэрт ирснээс хойш гэрт хэн хэн хоорондоо зодолдсон талаар мэдэхгүй би унтчихсан байсан. Зүс таних ах машин дотор унтаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-52-53х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Батзоригийн: “...би Д.Нацагдорж гэх хүнийг танихгүй. Ч.Хүрэлсүх нь манай сумын залуу, мөн бид хоёр багадаа нэг ангид сурч байсан багын найзууд байгаа юм. Бид хоёр төрөл садангийн холбоо байхгүй. Ч.Хүрэлсүх бид хоёр хар багаасаа үерхэж нөхөрлөсөн найзууд байгаа юм. Найз маань хар багаасаа өнчирч зовлон үзсэн хүүхэд. Ээж нь бага байхад нь нас барчихсан юм. Найз маань хүнийг ялгаварлан гадуурхана гэж байхгүй, хүмүүстэй их нийтэч залуу байгаа юм. Бид хоёр 1993 онд Хотонт смуын 10 жилийн сургуулийн 1 дүгээр ангид орж суралцаж байгаад 4 дүгээр ангиасаа сургуулиа төгсөлгүй мал дээр гарсан. Сургуульд сурч байхдаа хичээл сурлагаар дундын хүүхэд байсан. Тухайн үед бага ангийн багш Цэрэндолгор гэдэг багш байсан. Сургуулиасаа ар гэрийн гачигдлаар гаргасан байх гэж бодож байна. Сургуулиасаа гараад хөдөө мал маллаад амьдарч эхэлсэн. Бид хоёр нэг нутагт байдаг болохоор байнга уулзаж учирч байдаг байсан. Найз маань сайн хөдөлмөрлөсний эцэст хэдэн малтай болж сайхан амьдарч байгаа эхнэр аваад 3 охинтой болсон. Одоо өөрөө малаа маллаж амьдардаг. Эхнэр нь өвлийн цагт хүүхдүүдтэйгээ сумын төвд байх гэртээ байдаг. Том охин нь 2 дугаар ангид сурдаг. Нөгөө хоёр хүүхэд нь цэцэрлэгт явдаг. Ч.Хүрэлсүх тамхи татдаггүй, хааяа гэр бүлээрээ уулзаж учрахдаа ганц нэг архи, пиво уудаг. Тэр болгон архи уугаад байдаг хүн биш. Манай хоёрынх гэр бүлийн найзууд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-54х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Тогтохбаярын: “...би Д.Нацагдорж гэх хүнийг огт танихгүй. Ч.Хүрэлсүхийг нутгийн хүн гэдгээр нь таньдаг. Би малыг нь очиж тарьдаг юм. Төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 01 сарын 25-26-нд шилжих шөнө би Хотонт сумын Хотонт багийн төвд байрлах Өөдрөг дэлгүүрт галлагаа хийгээд галлагааныхаа өрөөнд байж байтал гадаа машин ирэх шиг болсон. Тэгээд би гараад нүүрс аваад буцаад өрөөндөө орж иртэл манай өрөөнд Хүрэлбаатар, Төмөрчөдөр хоёр нилээн их согтуу орж ирсэн сууж байсан. Тэр хоёр жаахан сууж байгаад Хүрэлбаатар нь аавынд очно гээд гарсан. Араас нь би харахад Хүрэлбаатарын машины хажууд Ганхүү бас нилээн согтуу байгаа бололтой гуйвчихсан зогсож байсан. Тэгээд манай гаднаас тэр хоёр машиндаа хөдлөөд доошоо гудамж тойроод явсан. Аавынх нь манай доод руу байдаг юм. Төмөрчөдөрийг эгчийнх нь өрөө рүү оруулж унтуулсан. Төмөрчөдөр дахиж гараагүй. Хүрэлбаатарын машинд Гахүүгээс өөр хүн байсныг би гарч хараагүй болохоор мэдээгүй. Ганхүү манайд орж ирээгүй. Хүрэлбаатар, Төмөрчөдөр нар манайд орж ирэхэд цаг хэд болж байсныг хараагүй. Цаг нилээн орой болсон байсан. Багацаагаар 04 цагийн үед манайд ирсэн. Төмөрчөдөр, Хүрэлбаатар нар Төмөрчөдөрийн эгчийнд ороогүй. Үүдэнд галын өрөөнд нь байж байгаад Хүрэлбаатар явсан. Явсных нь дараа Төмөрчөдөрийг эгчийнх нь өрөөнд оруулж унтуулсан. Эгч нь шөнө хотоос бараагаа татаж ирсэн гээд сэрээгүй. Манайд юм уугаагүй. Хүрэлбаатар пиво байна уу гэж асуусан. Би худалдагч дэлгүүрээ хаагаад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-55х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Энхбатын: “...би Д.Нацагдорж, Ч.Хүрэлсүх нарыг танина. Талийгаач нь миний найз байгаа юм. Ч.Хүрэлсүх гэдэг залууг Хотонт суманд амьдардаг гэдгээр зүс танина. Хархорин суманд ирэхээрээ надаас юм авдаг байсан. Эдгээр хүмүүстэй би төрөл садангийн холбоо байхгүй. Би талийгаачтай 1987 оноос эхэлж найзалж ирсэн. Талийгаач маань зан аашийн хувьд хүнд их тусархуу, найзуудтайгаа тоглоом шоглоом хийгээд л явдаг байсан.  Талийгаач маань хөдөө мал маллаж байгаад Хархорин сумынхаа төв рүү орж ирж амьдарсан. Хэдэн малаа Хотонт сум руу Хүрэлбаатарынд тавьчихаад өөрөө сумын төвд онцын ажил хийдэггүй байсан. Эхнэр нь зах дээр цагаан ирээ зараад амьдардаг байсан. Амьдрал ахуй дундын амьдралтай байсан. Талийгаач маань архи, тамхийг хоёуланг нь хэрэглэдэг байсан. Өөр элдэв бусын зан ааш байхгүй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-56-57х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч У.Бадардүүрэнгийн: “...би талийгаачийг танина. Талийгаач нь манай авга эгчийн нөхөр байгаа юм. Ч.Хүрэлсүх гэдэг залууг Хотонт суманд амьдардаг гэдгээр зүс танина. Ч.Хүрэлсүх  нь талийгаачийнхаар орж гарч явдаг байсан. Талийгаач хүнд тусархуу, архи уухаараа жаахан сул үгтэй, хүний цаагуур орж тоглоом хийдэг хүн байсан. Талийгаач нь манай барилгын компанид зундаа туслах ажил хийж ажилладаг байсан. Надтай хамт хамтарч ажиллаж байхдаа хүнтэй маргалдаж муудалцаад янз бүрийн асуудал гаргаж байгаагүй. Архи, тамхи хэрэглэдэг байсан. Талийгаач нь мал маллаж байгаад сумын төв рүүгээ орж ирээд өөрөө барилгын туслах ажил хийгээд эхнэр нь зах дээр цагаан идээ зардаг. 2 хүүхэдтэй, том банди нь замын компанид жолооч ажилтай, охин нь ажилгүй гэртээ байдаг. Амьдрал ахуй дундаж нас барахаасаа өмнө дутуу орхисон байшингаа барьж цагаан сараас өмнө орно гээд банз хүлээгээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-58-59х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Цэрэндолгорын: “...би Ч.Хүрэлсүхийг танина. Би бага ангийн багш нь байгаа юм. Ч.Хүрэлсүхийг 1 дүгээр ангиас 4 дүгээр анги хүртэл нь анги дааж авсан ангийн багш нь байгаа юм. Бага ангид байхдаа үг дуу цөөтэй номхон томоотой, хэл ярианы баялаг сайтай хичээлдээ дунд зэргийн хүүхэд байсан. Айлын бага жаахан эрх гэхдээ хичээлээс гадуур ажилд идэвхитэй оролцдог. Аав ээжийн халамж анхаарал сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. Бид хоёр байнга тааралддаг байсан. Ажил хөдөлмөрт сайн ажилсаг хүн болсон байсан. Ер нь архи дарс уугаад хүнтэй муудалцаад явдаг гэж сонсоглоогүй. Хамгийн сүүлд 2015 оны 08 сард манай сургуулийн ой болоод ангийн хүүхэдүүдтэй манайд орж ирсэн. Би архи задлаагүй вино задлахад уухгүй байсан. Би тэгээд архи уудаггүй хүүхэд байна гэж бодож байсан. Ер нь амьдрал ахуйг нь харахад амьдралаа аваад явчих ажилсаг нямбай хүн болсон харагдаж байсан. Элдэв муу үг дуулдаж байгаагүй. Хүмүүс их ам сайтай ажилсаг гэж ярьж байгааг нь сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-61х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Шинжмаагийн: “...би Ч.Хүрэлсүхийг танина. Манай багийн иргэн юм. Би Ч.Хүрэлсүхийг хүүхэд байхаас нь мэднэ. Ч.Хүрэлсүх нь төлөв даруу, хүнд тусархуу, найз нөхөд олонтой хүнтэй  нөхөрсөг харьцдаг, хүнд тусархаг залуу. Би Ч.Хүрэлсүхийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг огт хараагүй, архи уудаггүй байх гэж бодож байна. Гэр бүлдээ ямар нэг асуудал гаргадаггүй халамжтай залуу эхнэр, 3 охинтойгоо амьдардаг” гэх мэдүүлэг /хх-62х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Хадбаатарын: “...Ч.Хүрэлсүхийг танина. 2010 онд анх танилцсан. Энэ хугацаанд дотно сайхан найзалж ирсэн. Ч.Хүрэлсүх нь сэргэлэн цовоо, бусдыгаа манлайлах чадвартай, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүний буруу сул талыг хэлж ойлгуулж дутагдалыг нь засаж өгдөг, хүнд тусархаг ажилсаг залуу. Хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ өөртөө тохируулж хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ сайхан хууч хөөрч байгаад өнгөрлөг. Ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэдэггүй залуу. Гэр бүлийнхэнтэйгээ зөв боловсон харьцдаг, халамжтай сайн залуу. Ч.Хүрэлсүхийг хүнтэй зодолдож хэрэлдэж байхыг 2000 оноос хойш хараагүй, мэдэхгүй юм байна” гэх мэдүүлэг /хх-63х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн Ч.Хүрэлсүхийн: “...би 1985 оны 12 сарыцн 24-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын хүн эмнэлэгт Чойдонсүрэн гэдэг айлын отгон хүү болж төрсөн. Би дээрээ 1 ах, 4 эгчтэй. Ах эгч нар бүгд тусдаа гарсан. Бага насандаа цэцэрлэгт явалгүй аав, ээжийн гар дээр гэртээ хүмүүжиж өссөн. Тэгээд 1993 онд Хотонт сумын 10 жилийн сургуульд 1 дүгээр ангид орж суралцсан. Ангийн баг Цэрэндолгор гэж хүн байсан. Тэгээд би суралцаж байгаад 1997 онд 4 дүгээр ангиа төгсөлгүй сургуулиас гарсан. Сургуулиас гараад мал дээр хөдөө аав ээж дээрээ байсан. Мал маллаж байгаад 2004-2005 онд Улаанбаатар хотод Дотоодын цэргийн 805 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Хотонт сумандаа мал маллаж байгаад 2008 онд эхнэр Д.Ариунтуяатай гэр бүл болж  амьдарч би 3 хүүхдийн эцэг болсон. 3 хүүхэд маань 3-7 настай хүүхдүүд, том охин маань 2 дугаар ангид суралцдаг, 2 бага охин маань цэцэрлэгт явдаг. Эхнэр бид хоёр гэр бүл болсноосоо хойш өнөөдрийг хүртэл Хотонт сумын Бургалтай багийн нутагт малаа маллаж амьдарч байна. Хотонт сумын төвд байх байшиндаа өвөлдөө эхнэр маань 3 хүүхдийнхээ хамт байдаг. Би мал маллаж амьдарч байхдаа 2013 онд сумынхаа багийн сайн малчнаар шалгарч Өвөрмонгол явж байсан. 2015 онд сумынхаа мянгат малчин болсон. Улсаас авсан гавьяа шагнал бол байхгүй. 2016 оны 01 сарын 25-ны орой би Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Залуус хорооллын 1-507 тоотод байх өөрийнхөө гэрт цагаан сарынхаа буузаа хийсэн. Бууз хийж байхдаа бууз хийлцсэн Түвшинжаргал, Агваан бид гурав 1 сав Нийслэл пиво уусан. Манайх буузаа 23 цаг гэхэд хийж дууссан. Буузаа хийж дуусчихаад Түвшинжаргал, Агваан бид гурав дахин нэг сав Нийслэл пиво хувааж уугаад юм яриад байж байтал 00:00 цаг өнгөрөөгөөд манай гэрт Хүрэлбаатар ах, Ганхүү ах, Төмөрчөдөр ах манай охин Маралгоогийн хамт хөдөөнөөс ирсэн. Би охиныгоо аваад ирээрэй гэж Хүрэлбаатар ахад захисан байсан юм. Тэд нар орж ирэхдээ 2.5 литрийн 2 савтай Нийслэл пивотой орж ирсэн. Манай охин орж ирээд шууд ээжийнхээ өвөрт ороод унтсан. Тэд нарын оруулж ирсэн 2 савтай пивийг бид зургаа хувааж уугаад юм ярьцгаасан. Ингээд сууж байхад Хүрэлбаатар ах машин дотор Д.Нацагдорж ах согтуу унтаж байгаа гэж хэлсэн. Би Д.Нацагдорж ахаар яах гэж байгаа юм бэ гэж асуухад хойшоо очиж бой хийлгэх гэж байгаа гэж ах надад хэлсэн. Ганхүү ах Д.Нацагдорж ахыг оруулж ирье гэж хэлтэл Хүрэлбаатар ах согтуу байгаа яах юм бэ агсан согтуу тавиад байдаг юм гэж хэлсэн. Тэгээд ууж байсан пивоо дуусангуут Хүрэлбаатар ах Ганхүү ахад гаднаас машин дотор байгаа нэг пивийг аваад ир гэж хэлсэн. Тэгээд Ганхүү ах пиво авахаар гарсан. Орж ирэхдээ Д.Нацагдорж ахтай хамт орж ирсэн. Д.Нацагдорж ах согтуу орж ирсэн. Орж ирснийх нь дараа би пивоо аягалж тойруулаад бүх хүмүүсдээ 2, 2 аягыг өгсөн. Ингээд байж байтал Д.Нацагдорж ах агсан тавьж эхэлсэн. Д.Нацагдорж ах танай авгай чинь миний охин ш дээ, охинтойгоо унтана гэж хэлсэн. Би яахаараа танай охин байдаг юм, ээж аавтай хүн, хаа байсан Хархорины чиний хүүхэд байхаараа яадаг юм гэж хэлсэн. Хэсэг намжаад дуугаа сууж байснаа дахиад миний өгсөн бор гүү өссөн үү, олон болоо биздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи нэг ч адууны үсгүй байж чи надад юу өгсөн юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Д.Нацагдорж ах ууж байсан аягатай пивоо асгаад байсан. Би Д.Нацагдорж ахад битгий пиво асга паркетин шалан дээр юм асгахаар завсраар нь ороод хөөчихдөг юм, та гарч машин дотроо унт гэж хэлсэн. Намайг тэгж хэлэнгүүт Д.Нацагдорж ах би машин дотор унтахгүй би Хотонтод хаана ч унтана, би 2-3 авгайтай гэж хэлэхээр нь би Д.Нацагдорж ахад хөгшин хүн байж дандаа бөөр бөгс ярьж явах юм гэж хэлсэн. Тэгтэл Д.Нацагдорж ах миний энгэр рүү, цамц руу аяганд байсан үлдэгдэл пивоо цацсан. Тэгэхээр нь би баруун гараараа Д.Нацагдорж ахын зүүн нүд орчим руу нэг удаа цохисон. Д.Нацагдорж ах сандлаасаа саваад унасан. Тэгэхээр нь би босоод цээж, дал хавь руу нь хөл нүцгэн 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Хүрэлбаатар ах, Ганхүү ах хоёр босч ирээд дундуур орсон. Д.Нацагдорж ахын нүүрнээс цус гараад шалан дээр дусангуут Ганхүү ах Д.Нацагдорж ахыг аваад манайхаас гарсан. Тэгээд эргээд Ганхүү ах орж ирсэн. Би Ганхүү ахаас яаж байна гэж асуухад цус нь гоожоод үсэрч ойчоод байна, машин руу нь явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд Ганхүү ах, Хүрэлбаатар ах, Төмөрчөдөр ах гурав гарч явсан. Энэ үймээн дундуур Агваан согтуу унтаж байгаад сэрээд гарч явсан. Би тэд нарыг явсны дараа нилээн байж байгаад Түвшинжаргалыг гаргаж өгчихөөд гэртээ орж ирээд унтахад 05 цаг болох гэж байсан. Би талийгаачийн зүүн нүд, зовхи орчим руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Нүцгэн хөлөөрөө цээж, дал орчим руу нь 2 удаа өшиглөсөн. Өөрөөр бол цохиж зодоогүй. Би гартаа янз бүррийн зүйл бариагүй. Талийгаачийг агсарахаар нь хэрэлдэж маргаад над руу пиво цацахаар нь уурлаад түүнийг зодсон. Талийгаач манай гэрт анх гаднаас орж ирэхэд нүүрэнд нь ил харагдах гэмтэл байгаагүй. Согтуу орж ирсэн. Надад зодуулсаны дараа ямар ч байсан цус дуссан. Би миний цохисон нүднийх нь зовхиноос дуссан байх гэж бодож байна. Өмнө нь бид хоёр хуурай ах дүүгийн харьцаатай байдаг байсан. Би Хархорин сум орохоороо байнга тэднийхээр очдог байсан. Мөн би тэдний бандитай найз байгаа юм. Талийгаачийн авгайд Хархорин сум орохоороо зарж борлуулах гэж байгаа цагаан идээгээ өгч байсан. Өмнө нь бид хоёр маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй. Талийгаач намайг цохиж зодоогүй. Бид хоёр үгээр хэрэлдэж, маргасан. Манай гэрт байсан хүмүүс ер нь нилээн согтуу, муудсан байсан. Агваан бүр тасраад уначихсан байсан. Ширээний баруун талд Хүрэлбаатар ах, ширээний хойд талд, Агваан, Төмөрчөдөр ах ширээний зүүн хойд булан хэсэгт, Ганхүү ах ширээний зүүн урд буланд, Түвшинжаргал ширээний яг урд хэсэгт  нь Д.Нацагдорж ах бид хоёр сууж байсан. Д.Нацагдорж ах буйдангийн жижиг бор өнгийн сандал ширээнээс жаахан зайдуу урагшаа суусан байсан. Талийгаач манай гэрээс шөнө 03 цаг 30 минутын үед гарсан. Талийгаачийг Ганхүү ах гэрээс  гаргачихаад буцаж орж ирээд шалан дээр дуссан цусыг арччихаад хэсэг байцгааж байгаад Хүрэлбаатар ах, Ганхүү ах, Төмөрчөдөр ах гурав гарч явсан. Энэ гурав 04 цаг дөхүүлж гарсан байх. Түвшинжаргал бид хоёр үлдэгдэл пивоо уучихаад би түүнийг гаргаж өгчихөөд орж ирээд цаг харахад 05 цаг болох гэж байсан. Талийгаач бор зүсмийн гүү өгч байгаагүй. Өнгөрсөн жил манай байшингийн найран дээр бор зүсмийн адуу өгнө гэж амалж байсан. Согтуудаа тэрийгээ яриад байх шиг байсан. Манай гэрт байхдаа манай авгайг л өөрийнхөө охин гэж ярьсан. Төмөрчөдөр ах, Ганхүү ах нар буруу ойлгоод манай охиныг гэж ярьж байна гэж ойлгосон байна лээ.    Би өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл талийгаач манайд орж ирэхдээ өмдөндөө баасан бололтой, үмхий үнэртүүлж орж ирсэн. Би түүнд өмдөндөө баасан байна шдээ гэж хэлсэн. Талийгаач миний урдаас жорлон чинь хаана байдаг юм, би ямар олох биш гэж хэлж байсан. Одоо бодоход миний том охиныг өөрийнхөө охин гэж ярих шиг болсон. Би өөрөө согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Өөр нэмж ярих зүйлгүй бусад асуудлыг өмнөх мэдүүлэгтээ ярьсан. Бид хоёр харилцан маргалдаж, муудалцсанаас энэ асуудал болсон. Шинжээчийн 10, 09 дугаартай дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-95-96, 97-98х/

    * Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 01-ний өдрийн 10 тоот дүгнэлтэд: 1. Талийгаач Д.Нацагдоржийн биед оношын 1-рт тусгагдсан гавал тархины битүү гэмтэлүүд, 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, 3-рт тусгагдсан баруун талын 8, 9-р хавирганы суганы дунд шугамаар, зүүн талын 3, 4-р хавирганы суганц урд шугамаарх гялтанг гэмтээгээгүй шууд нэг хугаралууд, хуйхан доор гол судасны ар хана, зүүн бөөрний өөхлөлт цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт няцарсан шарх, зулгараа гэмтэл тогтоогдлоо. 2. Духны няцарсан шарх болон гавал тархины битүү гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр, хавирганы гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Гавал тархины битүү гэмтэл нь амь биед аюултай шинжээрээ хүнд зэргийнх гэмтэлд хавиргануудын хугарал нь хүндэвтэр, духны няцарсан шарх нь хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Дээрх гэмтэл нь дух руу гараараа 1 удаа хүчтэй цохих, хавирганы хугарал нь 2 удаа хөдөөрөө өшиглөх үед үүсэх боломжтой. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн эд дотор ба зүүн хажуугийн ховдолд цус хурж түүний хүндрэл болох тархи дарагдсаны улмаас амьсгал зүрх зогсож нас баржээ. 6. Шинжилгээгээр ходоодны салстын үрэвсээл өвчин, гуурсанцар хоолойн хөндий тэлэгдэх өвчин /бронхэктаз/ архаг хууч өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. /эмнэлэгт эмчлэгдсэн/. 8. Талийгаачид эмнэлгийн анхны яаралтай тусламжийг зохих журамын дагуу үзүүлжээ, /яаралтай тусламжийн хуудаснаас/. 9. Эмчилгээг зохих журамын дагуу хийсэн боловч тухайн тохиолдолд амь нас аврагдах боломжгүй байсан...” гэх дүгнэлт /хх-69х/
 
    * Шүүх, сэтгэц гэм судлалын 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 09 тоот магадлагаа: Дүгнэлтэд: 1. Сэжигтэн Ч.Хүрэлсүх нь сэтгэцийн хувьд эрүүл ямар нэгэн өвчингүй байна. 2. Ч.Хүрэлсүх нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэх чадвартай байна. 3. Ч.Хүрэлсүх нь хэрэг хариуцах чадвартай байна...”  гэх магадлагаа /хх-82х/
    * Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/
* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5х/
    * Фото зургийн үзүүлэлтүүд /хх-6-7, 11-12, 76-80х/
    * Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-70-71х/
    * Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-72-75х/
    * Архангай аймгийн Хотонт сумын С.Данзангийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 24 тоот тодорхойлолт /хх-99х/
    * Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн засаг даргын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-100х/
    * Архангай аймгийн Хотонт сумын засаг даргын тамгын газрын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 2/26 тоот тодорхойлолт /хх-101х/
    * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111-112х/
    * Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-115х/
    * Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн засаг даргын 2016 оны 02 сарын 08-ны өдрийн 94 тоот тодорхойлолт /хх-113х/
    * Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-129-136х/
* Хохирогч Г.Лхамаагийн хүсэлт /хх-148х/, эд мөрийн баримт зэрэг болно. 
     
Шүүгдэгч Ч.Хүрэлсүх нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Залуус хорооллын 1-507 тоотод байх өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Нацагдоржийг зодож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм бурууртай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Г.Лхамаагийн мэдүүлсэн “...Нөхрийгөө хартал нүүр нь цус болчихсон, зүүн нүднийхээ дээд талд хавдчихсан, дээлийнх нь энгэр цустай байсан. Би нөхрөөсөө юу болсон бэ, хэнд зодуулсан юм бэ гэж асуухад өөрөө юу ч дуугараагүй. Ч.Хүрэлбаатар надад Ч.Хүрэлсүх зодсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Баасансүрэнгийн мэдүүлсэн “...2016 оны 01 сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрөөд 08 цаг дөхөж байхад манай гэрт Хүрэлбаатар ах орж ирсэн. Орж ирээд Нацагаа ах хаачсан юм бэ түрүүлээд орсон гэж хэлсэн. Ээж Хүрэлбаатар ахаас хөдөө яваагүй юм уу яасан юм бэ гэж асуухад яваагүй, Хотонтоос ирлээ, Нацагаа ах Хүрэлсүхтэй зодолдоод хүргэж өг гэхээр нь буцаад ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,     гэрч Д.Барсболдын мэдүүлсэн “...Н.Баасансүрэн ааваа гээд дуудахад хариу өгөхгүй, дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би Г.Лхамаа эгч рүү залгаад хурдан түргэн аваад ирээрэй гэж хэлсэн. Би өргөөд дээлийг нь тайлаад орон дээр нь гаргаж хэвтүүлсэн. Дээл нь цус болчихсон байсан. Нүүр, ам нь нилээн цус болчихсон байсан. Зүүн нүд нь хөхөрч хавдсан, хөмсөгнийх нь дээр хагарч язарсан юм шиг байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Бямбасүрэнгийн мэдүүлсэн “...Намайг гэрт нь очиход нүүр нь нил цус болоод хатчихсан, нэг нүд нь хөхөрч хавдчихсан, хөмсөгөн дээр нь язарч хавдчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Төмөрчөдөрийн мэдүүлсэн “..Ч.Хүрэлсүх нь талийгаачийг сууж байхад гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд талийгаач сандлаасаа газар унасан. Унасан байхад нь очоод өшиглөх шиг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Түвшинжаргалын мэдүүлсэн “...Тэр ах би хүнд мал өгсөн, би хүнд мал бэлэглэж байсан гэх зэргээр баярхаад байсан. Тэгэхэд нь Ч.Хүрэлсүх та дуугаа байж бай таныг мэдэхгүй биш гээд уурлаад босож ирээд нүүр хавьд нь гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл тэр ах сууж байсан сандал дээрээсээ унасан. Унахад нь Ч.Хүрэлсүх босож ирээд өшиглөсөн. Яг хаана нь өшиглөсөнг хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ариунтуяагийн мэдүүлсэн “...Тэгээд хүмүүс чанга, чанга яриад байх шиг байхаар нь сэрээд юу болоод байна гэхэд Ч.Хүрэлбаатар ах надад Ч.Хүрэлсүх Д.Нацагдорж ах хоёр жаахан маргалдаад гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, талийгаач Д.Нацагдоржид гавал тархины битүү гэмтэл учирч уг гэмтлийн улмаас нас барсан талаар үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн 10 тоот дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгчийн карт, яаралтай тусламж үйлчилгээний хуудас болон шүүгдэгч Ч.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч  Ч.Хүрэлсүхийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нь  Ч.Хүрэлсүхийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна, шүүгдэгч Ч.Хүрэлсүх хохирогчид хүндээр доромжлуулсан шинж байна, хохирогчийн зүй бус үйлдлээс болж сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидаж уурласнаас хохирогчийг цохисон гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь: хохирогчийн хууль бус үйлдлээс болж шүүгдэгч болон ойр дотны хүмүүст нь хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан эсэх нь тодорхойгүй, Ч.Хүрэлсүхийн үйлдэлд санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан шинж тогтоогдохгүй байх бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл нь амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Лхамаа нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ: “...Миний зүгээс Ч.Хүрэлсүхэд ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, Ч.Хүрэлсүх нь 3-8 насны 3 охин хүүхэдтэй, энэ нялх хүүхдүүдэд амьдын хагацал үзүүлмээргүй байна. Шүүх хуралд оролцохгүй, Ч.Хүрэлсүхэд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг нотариатаар батлуулан ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Хүрэлсүх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар /хх-99х/ тогтоогдох бөгөөд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Ч.Хүрэлсүхэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, оршуулгын зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан доод хэмжээнээс доогуур тогтоож, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Ч.Хүрэлсүхийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн дээл 1 ширхэг, хар ногоон өнгийн ноосон цамц 1 ширхэг, цагаан өнгийн металл төмөр хайрцаг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн 213 тооны мал болон 31-03 АРХ улсын дугаартай Киа Бонго маркийн автомашин зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ч.Хүрэлсүхэд буцаан олгохыг дурдах нь зүйтэй байна.      

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

                                                             ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Боржигон овогт Чойндонсүрэнгийн Хүрэлсүхийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 6 /зургаа/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Хүрэлсүхэд оногдуулсан 6 /зургаа/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Хүрэлсүхийн 2016 оны 01 сарын 28-ны өдрөөс 2016 оны 02 сарын 11-ний өдөр хүртэл, 2016 оны 02 сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 сарын 11-ний өдөр хүртэл, 2016 оны 03 сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн дээл 1 ширхэг, хар ногоон өнгийн ноосон цамц 1 ширхэг, цагаан өнгийн металл төмөр хайрцаг 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 02 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 213 /хоёр зуун арван гурав/ тооны мал, 31-03 АРХ улсын дугаартай Киа Бонго маркийн автомашинийг өмчлөгч Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Хараат гэх газар оршин суух Чойндонсүрэнгийн Хүрэлсүхэд буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Ч.Хүрэлсүх нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
 
    8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хүрэлсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

    9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.ГАНДОЛГОР
                
                    ШҮҮГЧИД                  Р.АЛТАНЦЭЦЭГ

                                           Э.ОДХҮҮ