Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 524

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: И.Х

Хариуцагч: ГЕГД 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гэрч З.О, Б.С, Ц.М, Х.Ц, А.Э, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч И.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.Х миний бие 2008 оноос өнөөдрийг хүртэл төрийн тусгай албанд тасралтгүй 12 жил ажиллаж байгаа, тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч билээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/312 тушаалаар Ухаахудаг дахь Гаалийн салбарын эрхлэгчээр миний бие томилогдон, албан тушаалын туслах түшмэл, зэрэг дэвтэй, ТТ-12-10 ангилал шатлал, 724 633 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллах хугацаандаа холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд чин шударгаар ажиллаж, жил бүрийн ажлын үр дүнгийн гэрээний хэрэгжилтээр маш сайн буюу “А "үнэлгээтэйгээр дүгнэгдэж ирсэн.

Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 тоот тушаалаар И.Х намайг Ухаахудаг дахь Гаалийн салбарын эрхлэгчийн албан тушаалын үүрэгт ажлаасаа чөлөөлж, мөн өдрөөс Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар төрийн албаны ангилал ТТ-10-14 болгон үндэслэлгүйгээр албан тушаал, ангилал зэрэглэл, цалинг бууруулан томилоод байна.

Энэхүү шийдвэрийг И.Х миний бие эс зөвшөөрч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргаснаар, Төрийн зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 355 тоот шийдвэрээр И.Х-г Өмнөговь аймгийн Гашуунсухайт Гаалийн газрын Ухаахудаг дахь гаалийн салбарын эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулсан асуудлыг дахин нягтлах үзэх зөвлөмжийг хүргүүлсэн. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх үндэслэлийг 1/ албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн; 2/ үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон нөхцөлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахаар заажээ.

Дээрх хоёр үндэслэлд хамаарах ямар нэг зөрчил, дутагдал гаргаагүй, энэ талаар аливаа эрх бүхий этгээдээс гаргасан дүгнэлт баталгаажиж гараагүй тохиолдолд И.Х намайг албан тушаал бууруулах эрх зүйн үндэслэл үүсэхгүй гэж үзэж байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 тоот тушаал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь заалтад нийцээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгаанд халдсан шийдвэр боллоо.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа уг шийдвэрт гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоосон байх, 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар захиргааны актаа гаргахын өмнө хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа надад урьдчилан мэдэгдэж, тайлбар хийж, миний санал хүсэлт, амьдрал ахуй хэрхэн өөрчлөгдөж, ар гэрийн нөхцөл хэрхэн хүндрэл учрах зэрэг хамаарал бүхий асуудлыг авч хэлэлцээгүй нь Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хууль бус гаргасан болохыг давхар нотолж байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1.дэх дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд И.Х намайг Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 тоот тушаалаар Ухаахудаг дахь Гаалийн салбарын эрхлэгчийн албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлж, Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар албан тушаал, цалин, зэрэг дэв бууруулан томилсон Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ухаахудаг дахь Гаалийн салбарын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Х нь Гаалийн ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Ухаахудаг дахь гаалийн салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд нь тухайн салбарын харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс таван толгой" ХК-ийн гаалийн хяналтын талбай хариуцсан албан хаагч нь түүний эхнэр ажиллаж байгаа нь Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль заасан дараах нөхцөл байдлууд бий болгосон. Үүнд:

Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 8.2-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.”, 8.4-д “Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг еөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана.”, 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж тус тус заасан.

Иймд Гаалийн байгууллага тухайн албан хаагчид ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэг “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасныг үндэслэн гаргасан тушаал юм. Иймд хуульд заасан үндэслэлийн дагуу сэлгэн ажиллуулсан гэж үзэж байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн зохион байгуулсан Гашуунсухайт дахь Гаалийн газрын салбарын эрхлэгчийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч И.Х оролцож тэнцээгүй байдаг. 

Иймд түүнийг Төрийн албаны тухай болон Гаалийн тухай хуульд заасны дагуу Шивээ хүрэн дэх Гаалийн газарт сэлгэн ажиллуулсан болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Х нь тус шүүхэд хандан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/312 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын Ухаахудаг дахь гаалийн салбарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан И.Х-г Ухаахудаг дахь гаалийн салбарын эрхлэгч бөгөөд гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилжээ.

Улмаар, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын Ухаахудаг дахь гаалийн салбарын эрхлэгч И.Х-г үүрэгт ажлаас нь чөлөөлөн, Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон байна. 

2. Нэхэмжлэгч И.Х тус шүүхэд хандан “зөрчил, дутагдал гаргаагүй байхад албан тушаал, цалин, зэрэг дэв бууруулсан”, “Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй“ гэх үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрөн “И.Х-н эхнэр нь “Эрдэнэс таван толгой” ХК-д гаалийн хяналтын талбай хариуцсан мэргэжилтэн тул ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэн Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасны дагуу улсын байцаагчийг сэлгэн ажиллуулсан”, “И.Х-с “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эмэгтэй ажилчдад дарамт үзүүлж байгаа тухай өргөдөл, гомдол удаа дараа ирж байсан”, “удирдах ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад хандалтгүй үнэлгээ авсан” зэрэг үндэслэл байсан тул өөр ажилд сэлгэсэн хэмээн тайлбарлан маргаж байна.

3. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасанчлан хариуцагч ГЕГД  нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал болох “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулах” асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.

Хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаас үзэхэд:

нэхэмжлэгч И.Х-н эхнэр Ц.О нь “Эрдэнэс таван толгой” ХК-нд нүүрс ачилт ложистикийн хэлтэст Тээвэр хариуцсан мэргэжилтнээр ажилладаг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/06 дугаар албан бичгээр,

И.Х-тай холбогдуулан “Эрдэнэс таван толгой” Үйлдвэрчний эвлэлээс “...байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэт оролцдог”, “байгууллагын эмэгтэй ажилчдад дарамт үзүүлж байгаа” тухай өргөдөл, гомдол удаа дараа ирж байсан болох нь “Эрдэнэс таван толгой” Үйлдвэрчний эвлэлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/51, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар мэдэгдэл, шаардлага, гэрч “Эрдэнэс таван толгой” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Э-н мэдүүлэг зэрэг баримтаар,

Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Гаалийн ерөнхий газрын болон харьяа гаалийн газар, хороодын удирдах албан тушаалтнуудад дүгнэлт гаргах сонгон шалгаруулалт зохион байгуулах” комиссоос зохион байгуулсан шалгалтаар И.Х нь нийт авбал зохиох 75 онооноос 44.7 оноо авсан болох нь Гаалийн ерөнхий газраас тус шүүхэд

 нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээ”, “Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр хуралдааны тэмдэглэл” зэрэг баримтаар тогтоогдож байх боловч хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэсэн болох нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шалган тодруулах боломжгүй байна.

Хэрэв хариуцагчаас гаалийн улсын байцаагч И.Х-г ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдалд байгаа хэмээн үзсэн тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан журмын дагуу холбогдох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, уг үндэслэлийг тогтоож, холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй, 

мөн үйлчлүүлэгч байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн захиргааны санаачлагаар И.Х-г гаалийн салбарын эрхлэгч бөгөөд гаалийн улсын ахлах байцаагчаас  гаалийн улсын байцаагч болгон албан тушаал бууруулж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн “23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн; 23.1.2.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.” гэх заалтын аль тохирох хэсгийг үндэслэн хууль тогтоомжид заагдсан нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой тодорхой ажиллагааг гүйцэтгэсэн байх ёстой.

Гэвч маргаан бүхий захиргааны актын хуульд зүйн үндэслэл болгон дурдсан “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.3, 28.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалт”-ууд нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлан маргаж буй  дээрх нөхцөл байдлын алинд ч хамаарахгүй, эрх олгосон агуулгатай ерөнхий зохицуулалт байх бөгөөд үүнтэй холбогдуулан шүүх хариуцагчийг хуульд заасан ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа болохыг дүгнэх боломжгүй, хэнээс гаргасан ямар өргөдөл, гомдлын үндсэн дээр нэхэмжлэгч И.Х-с 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газарт” хандан тайлбар гаргасан, энэхүү тайлбар нь хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор явуулсан ажиллагаа байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд хууль тогтоомжоор захиргааны албан тушаалтны бүрэн эрхэд хамаарах уг асуудлыг шүүхийн журмаар тогтоох боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА