Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1116

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Квадрат берг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00554 дүгээр шийдвэртэй, “Квадрат берг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Оюуны холбоо” ХХК-д холбогдох,

 

Зөвшөөрөлгүй баригдсан хоёр давхар обьектыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Квадрат берг” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0231906 тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 20 хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 4591 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байна. Хариуцагч “Оюуны холбоо” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй атлаа манай компанийн эзэмшил газарт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчиж дур мэдэн 2 давхар обьект барьсан тул удаа дараа шаардлага тавьсан.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар байдлыг мэдэж байгаа атал арга хэмжээ аваагүй. Харин хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд 2013 онд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхийн 168 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дараа хууль бусаар барьсан 2 давхар обьектыг албадан буулгах талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хандсан ч 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны албанаас хариу өгсөн учраас шүүхэд хандаж байна.

Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д хүчин төгөлдөр газрын гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглохоор заасан. Хариуцагч тухайн үл хөдлөх хөрөнгийг барих явцад эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас аваагүй. Газрын тухай хуулийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр заасан. Хариуцагч шинээр газар эзэмшиж аваагүй, аливаа бусад этгээдээс газар эзэмших эрхийг хуульд зааснаар шилжүүлж аваагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-д заасан үндэслэлээр тодорхойлогдож байна.

Хариуцагч нь Дулааны 4 дүгээр цахилгаан станцын газар эзэмшиж байх үед барилгыг барьсан нь энэ маргаанд хамааралгүй, манайх бусдын хууль бус эзэмшлээс өөрийн газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагчийн хувьд төрийн өмчийн газар буюу манай эзэмшлийн бус газар дээр барилгаа баригдсан гэж үзвэл түүнийгээ нотлох ёстой. Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон, уг эрх хүчин төгөлдөр байгаа учраас өөрийн эзэмшлийн газрын эрхээ, бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байгаа тул уг шаардлагын хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Оюуны холбоо” ХХК нь уг барилгыг 2009 онд барьж ашиглалтад оруулсан. Тэр үед “Квадрат берг” ХХК үүсгэн байгуулагдаагүй байсан нь аж ахуйн нэгжийн гэрчилгээгээр нотлогдоно. Уг газар нь тухайн үед төрийн өмчийн газар байсан бөгөөд 4 дүгээр цахилгаан станц ТӨХК газрыг эзэмшиж байсан. Манай компани нь 4 дүгээр цахилгаан станц ТӨХК буюу хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрлөөр уг үл хөдлөх хөрөнгийг барьсан. Барилга 2008-2009 онд баригдсан, бид 2 давхар барилга болон газрын шударга эзэмшигч юм.

“Оюуны холбоо” ХХК 1999 онд байгуулагдсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн алба нэхэмжлэгчид газрыг олгохдоо хариуцлагагүй хандсан асуудлаас болж эзэнгүй хөрөнгийг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуйн нэгжүүд байхад бусдын эрх ашгийг зөрчиж ганцхан “Квадрат берг” ХХК-д олгосноор маргаан үүссэн. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрт газар эзэмшигч нь “Квадрат берг” ХХК гэж тогтоосон боловч тухайн үед тус компанийн эзэмшлийн газар дээр баригдаагүй.

Хэрэв “Квадрат берг” ХХК нь 2004 онд газар эзэмших гэрчилгээ авчихсан, манайх уг газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан бол барилгыг буулгуулах шаардах эрхтэй байж болно. Эднийх газар авах эрхтэй бөгөөд газрыг авахдаа “Оюуны холбоо” ХХК-ийн эзэмшлийн газрыг үлдээгээд бусад хэсгийг авсан бол маргаан үүсэхгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч газрыг бүгдийг авах гээд, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний хувийн өмчийг хүчээр устгах гэж байна. Бид газрын хууль ёсны эзэмшигч болохоор удаа дараа холбогдох хүмүүст хандсан боловч шийдэж өгөхгүй байсаар уг маргаан гарч байна.

Нэхэмжлэгчид газар олгохдоо кадастрын зурагт манай обьектыг оруулахгүй хасч, “Квадрат берг” ХХК-д уг газрыг олгосон нь маргааны эх үүсвэр болсон. “Квадрат берг” ХХК уг газар дээр эзэмших эрх үүссэнээс хойш манайх барилга бариагүй. Бид энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан ч 4 дүгээр цахилгаан станцын дарга, газрын кадастрын албаны байцаагч, албан тушаалтнууд үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн нь тогтоогдож байна. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Квадрат берг” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 168023/0120 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай 4591 м2 газар дээрх “Оюуны холбоо” ХХК-ийн 2 давхар обьектийг албадан буулгаж, газрыг чөлөөлөх,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Квадрат берг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 162 750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Оюуны холбоо” ХХК-иас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 168 дугаар тогтоолд “Мөн төрийн өмчит компани нь хэд хэдэн этгээд эзэмшиж, ашиглаж байгаа, бусдын үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг зөвхөн нэг этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь үндэслэлтэй эсэх зэрэг нөхцөл байдлыг нягтлан шалгаж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, шударга ёс, тэгш байдлыг хангаж, дахин шинэ акт гаргах замаар шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай” гэсэн байхад хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг төв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч “Квадрат берг” ХХК нь хариуцагч “Оюуны холбоо” ХХК-д холбогдуулан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн талбайд баригдсан хоёр давхар обьектыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч тухайн компани үүсгэн байгуулагдахаас өмнө зохих этгээдийн зөвшөөрлөөр барьж, үйл ажиллагаа явуулж байгаа шударга эзэмшигч гэх үндэслэлээр маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар тогтоол зэргээр маргааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4591 м.кв талбайг “Квадрат берг” ХХК үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг, уг талбайд “Оюуны холбоо” ХХК-ийн эзэмшлийн 2 давхар обьект байрладаг үйл баримт тогтоогдож байна. /хх 6-10, 13-22 тал/

 

Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар тогтоолд “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадрат берг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж заасан нь нэхэмжлэгч “Квадрат берг” ХХК-ийн эзэмшилд 4591 м.кв талбайг “Дулааны IV цахилгаан станц” ХК-иас шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамж хууль зөрчөөгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэх нөхцөл байдал биш учраас анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч буюу “Квадрат берг” ХХК нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул талуудын хооронд эзэмшилтэй холбоотой харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хуулийн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр “Оюуны холбоо” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00554 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Оюунцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА