Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01296

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01296

Улаанбаатар хот

                         

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хоролол, нарны зам гудамж, 78-р байрны 6 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ТЕ69031471, Алаг адууных овогт Балжиннямын Баярбаатарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 50-р байрны 161 тоотод оршин суух, регистр ЧК66080603, Бат овогт Мэнддаваагийн Саруулд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8 770 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Баянбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амгалан /үнэмлэх 2181/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Саруул нь БНХАУ-ын Эрээн хотоос шил, гадна фасадны шил татуулахаар амаар тохирч 2016 оны 10-р сарын 17-22-ны хугацаанд тээвэрлүүлэхээр болсон. Би хугацаанд нь өөрийн 29-65 УБЭ дугаартай машинаар авчирч өгсөн. Уг бараа материал нь 9 авдар шил бөгөөд нэг хайрцаг нь 2,5 тн жинтэй нийт 22.5 тн ачааг нэг тонныг 1200 юаниар тооцож нийт 27000 юань надад төлөхөөр байсан. М.Саруул нь ажлын хөлснөөс 7 000 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2016 оны 10-р сарын 31-нд өгөхөөр тохирсон. Үүнээс 1 400 000 төгрөгийг төлсөн. Ачаа тээврийн гэрээг Саруулын “Түмэн цагаан” ХХК-тай хийсэн. Тэгээд хугацаандаа мөнгөө өгөхгүй болохоор нь алданги тооцохоор 2016 оны 11-р сарын 28-ны өдөр М.Саруултай 5 950 000 төгрөгний зээлийн гэрээг 2016 оны 11-р сарын 10-наас 2016 оны 12-р сарын 25-ныг хүртэл хугацаатай 5 хувийн хүүтэйгэр байгуулсан. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр гарын үсэг зурсан. Иймд М.Саруулаас зээл 5 950 000 төгрөг, 1 сарын хүү 595 000 төгрөг, алданги 1 725 500 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 500 000 төгрөг нийт  8 770 500 төгрөгийг  нэхэмжилж байна гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Баянбаатарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.Баянбаатар болон М.Саруул нарын хооронд тодорхой хэмжээний төлбөр тооцоо байх нь байсан. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа шиг төлбөр огт байгаагүй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Зээлийн гэрээ нь хэлбэрийн төдий зээлийн гэрээ байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Энэхүү зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Баянбаатар нь М.Саруулд 7 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар огт өгөөгүй, үүнийгээ нотолсон баримт байхгүй. М.Саруул нь зээлийн гэрээнд огт гарын үсэг зураагүй бөгөөд ийм зээлийн гэрээ хариуцагчид байхгүй. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүрэгтэй”, 282-р зүйлийн 282.4-т “мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан. Ийм учрааас зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэлбэрийн төдий хүчин төгөлдөр бус гэрээ байна. Дээрх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас түүнд заасан алданги болон хүүг хариуцагч төлөх үүрэг үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                               

  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баянбаатар нь М.Саруулд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8 770 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Б.Баянбаатар нь 2016 ны 10-р сарын 17-ны өдөр Түмэнцагаан ХХК-тай “Ачаа тээвэрлэлтийн гэрээ” байгуулж, БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл 22.5 тн ачаа тээвэрлэх, тээвэрлүүлэгч 27000 юаны хөлс төлөхөөр /хх 21/ тохирчээ.

 

Гэрээний 10 дахь заалтад “үлдэгдэл тооцоо 7 000 000 төгрөгийг 10-р сарын 31-нд” төлөхөөр тусгагдсан байна.

 

Харин тээвэрлүүлэгч энэ төлбөрийг төлөөгүй учраас талууд 2016 оны 11-р сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж /хх 4/, шилний төлбөр болох 7 000 000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 10-наас 2016 оны 12-р сарын 25-ныг хүртэл хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

   

Нэхэмжлэгч нь М.Саруулаас зээлийн гэрээний үүрэг, үүнтэй холбоотой өмгөөлөгчид төлсөн 500 000 төгрөгийн хөлсийг гаргуулахаар хариуцагчаас шаардсан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө шилжүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн  281-р зүйлд заасан “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгө буюу эд зүйлийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг хүлээдэг, 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.

 

Зээлийн гэрээгээр Б.Баянбаатар нь 7 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, харин

ачаа тээвэрлэлтийн гэрээний хөлсийг бүрэн төлөөгүйгээс алданги тооцох зорилгоор “Зээлийн гэрээ” хийсэн талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Үүнээс дүгнэвэл, зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Энэ тохиолдолд хүчин төгөлдөр бус хэлцлээр гэрээний үүрэг шаардахгүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Б.Баянбаатар нь 2017 оны 02-р сарын 20-ны өдөр өмгөөлөгч М.Амгалантай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, 500 000 төгрөгийн хөлс, үүнээс  урьдчилгаа 200 000 төгрөг  төлөхөөр /хх 5/ тохирчээ.

 

Гэрээний үүргээ үйлчлүүлэгч биелүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлж мөнгийг төлсөн нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Нөгөө талаас, Иргэний хуулийн 236-р зүйлийн 236.1.2 дахь “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”, 236.1.3 дахь “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” бол үүрэг гүйцэтгэснээр дуусгавар болох үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл, М.Саруул нь Түмэнцагаан ХХК-ний ачаа тээвэрлэлтийн гэрээний үүргийг өөр хэлбэрээр гүйцэтгэсэн, гүйцэтгэлийг Б.Баянбаатар хүлээн авсан, Түмэнцагаан ХХК-тай үүргийг өөр үүргээр солихоор тохирсон үйл баримт  тогтоогдоогүй байна.

 

Энэ үндэслэлээр маргасан өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг   баримтлан Мэнддаваагийн Саруулаас 8 770 500 /найман сая долоон зуун далан мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн Балжиннямын Баярбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.      

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 280 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА