Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/313

 

           

 

 

  2021        05         14                                        2021/ШЦТ/313

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Цогбаяр,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Тэмээч овогт С.Б-д холбогдох эрүүгийн 2009 02624 0342 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот,  Сүхбаатар дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн математик загварчлал мэргэжилтэй, Монгол Улсын Багшийн Их сургуульд хэвлэх цехийн ажилтай, ам бүл 1,  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-00 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  Тэмээч овогт  С.Б    /РД:00000000 /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “МФМ” нэртэй ресторанд иргэн Д.П-н нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.П өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр багш нарын баяраа тэмдэглэхээр Монгол Улсын Багшийн Их сургуулийн бүх багш нарын хамтаар Буян компанийн хажуу талд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны МФМ ресторанд орцгоосон. Тэнд болсон багш нарын баярын үйл ажиллагаа оройны 22 цагийн орчим дууссан бөгөөд дуусаад хувцсаа өмсөөд гадаа өлгүүрийнх нь орчимд зогсож байхад гэнэт тас гээд явчихсан. Тэгтэл хажууд зогсож байсан манай эхнэр Булган надад чамайг сая нэг хүн цохчихлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас манай нэг багш тэр залууг дагуулаад ороод ирсэн бөгөөд тэр хүнийг хараад манай эхнэр энэ хүн чамайг цохисон хүн мөн байна ш дээ гэж хэлсэн. Тухайн үед олон багш нар хараад зогсож байсан. Тэр хүнээс яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд хүнтэй андуурчихлаа гэж хэлсэн. Тэр залууг манай ажлынхан Б гэх хүн гэж хэлсэн бөгөөд энэ хүн нь өөрөө маргааш өглөө над руу залгаж байгаад надтай уулзаад уучлалт гуйгаад байсан.  Би тухайн үед эмчилгээ хийлгэх хэрэгцээ шаардлагатай байгааг хэлэхэд надад 300.000 төгрөг дансаар өгсөн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Х  өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо  МФМ гэдэг газар багш нарын баярын хүлээн авалт тараад хүмүүс үүдэнд хувцсаа өмсөж байхад Бямбадорж гэдэг хүн гаднаас орж ирээд П-н нүүрэн тус газар гараараа цохисон. Тэнд байсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-н “... 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11378 дугаартай Д.П биед тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн зүйлчлэлээр нэгээс хоёр удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч С.Б-н өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны орой 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо МФМ нэртэй газар багш нарын баярын арга хэмжээ болсон үйл ажиллагаа тарж байсан. Тухайн газраас гарч байхад И.Б нь хэсэг багш нартай маргалдаж заамдалцаж байсан. Би босож иртэл хажуу талд 2 өөр хүн муудалцаж байсан.  Тэр хүмүүсийг хүчтэй салгахгүй бол салах шинжгүй байсан учраас гар хөлөө хүчтэй савсан үйлдэл гаргасан. Энэ үйлдлийг хийж байхад П  багшийг миний бие цохисон байна лээ...” мэдүүлэг /хх-ийн 27-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч С.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгдэгч С.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Д.П зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 43/-р тал байх тул шүүгдэгч С.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэмээч овогт С.Б-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ИДЭР