Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Х.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.С холбогдох 2124000000021 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******************************

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.С нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг дэвсгэр Хөх шарт гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Б маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж, хоёр удаа цохиж зүүн нүдэнд цус хуралт, духны зүүн урд зулгаралт, хамрын хянга ясны зүүн талын хугарал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.С нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг дэвсгэр Хөх шарт гэх газарт Т.Б маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж, хоёр удаа цохисон үйл баримт нь:

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг дэвсгэр Хөх шарт гэх газар хөгшин ээж М гэх айлд золгуут хийх гэж очоод Д эгчийнд орж золгосон юм. Д эгч надад “Ерөөл” нэртэй 0,5 литрийн архи гаргаж өгөөд тэрийг нь хувааж уучхаад байж байтал Д эгч над руу чи яахаараа миний ээжийн морийг унадаг юм энэ тэр гэж уурлаж байгаад аяга авч шидсэн. Би аяганд оногдолгүй урдаас нь хэрэлдээд босох гэж байгаад ширээний хажуу талын хоймрын авдрын булан руу толгойгоороо мөргөөд унасан. Тэгээд би хазаар олох гээд морио эмээллээд хашааны гадаа нэлээн удсан юм. Гэтэл Д эгчийн хүүхэд С түүний найз нар болох Д, Д нар ирээд гэрт нь ортол С намайг та яагаад надтай золгодоггүй юм гээд миний нүүр лүү хамар хэсэгт мөргөсөн. М төрөл Д бас намайг чи манай 4 үхрийг хулгай хийсэн бас 30 боодол өвс хулгай хийсэн энэ тэр гэж надтай хэрэлдээд тэгээд тэд нар намайг агсамнаад согтуу болохоор босож яваад яачих ч юм билээ гээд хүлж хаяад явсан. Д намайг ташуураар цохих гээд ташуур далайгаад байсан, арай ч цохиж зүрхлээгүй. Харин С бол миний хамар луу мөргөж, нүүрэн тус газарт хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 7-8/,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутагт Хөх шарт гэх газар Д /Ц/ эгчийн золгох гээд иртэл Б малын хашааны гадаа дөрөв хөллөсөн дуулаад хэвтэж байсан. Тэгэхээр нь манай найз Д гадаа юу хийж байгаа юм бэ, гээд өргөөд Д эгчийн гэр лүү аваад ортол танай аав намайг 30 пресс өвс, адуу малын хулгайд хардсан гээд маргалдаад эхэлсэн. Тэгээд байж байтал манай найз Д та хоёр төрөл хүмүүс байж ингэж болохгүй гээд салгаад гэрээс нь гартал Д эгчийн хүүхэд С ирээд надтай болон манай найз Д мөн хамт явж байсан манай дүү Б, Б нартай золгочхоод Б яагаад гэр оронд агсам тавиад байгаа юм бэ гээд цохиод авч харагдсан. Би хэрүүл зодоон болох байх гээд дүү Б хамт холдоод өвөлжөөний цаад хамар дээр нь гараад хүлээж байтал манай дүү Б ирээд Б ах агсамнаад болохгүй байхаар нь С, Д хоёр хүлэх гэж байна гэсэн. Удалгүй араас С, Д хоёр ирээд Д эгчийн гэрт оруулаад галын хажууд ногтоор нь хүлж орхиод ирлээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутагт өвөлжиж байгаа Д гэх айлаас Д, Б, Б гээд жаахан хоёр дүү нарын хамт золгуут хийгээд Хөх шарт гэх газар Д эгчийн золгох гээд иртэл Б малын хашааны гадаа дөрөв хөллөсөн дуулаад хэвтэж байсан. Тэгэхээр нь гадаа юу хийж байгаа юм бэ гээд өргөөд Дашаа эгчийн гэр лүү аваад ортол надтай хамт явж байсан Д маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг ингэж болохгүй гээд салгаад гэрээс нь гартал Д эгчийн хүүхэд С ирээд Б чи яагаад гэр оронд агсам тавиад байгаа юм бэ гээд хоёр удаа цохисон. Тэгээд бид нар явах гэтэл Б агсамнаад болохгүй байхаар нь Д эгчийн гэрт оруулаад галын хажууд хүлж орхиод явсан...” гэсэн /хх 19-20/, мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Х.С “...Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр золгуут хийж яваад Д, Д /Д/ нарын хамт хөдөө өөрийн гэрт Хөх шарт гэх газар ирэхэд манай төрлийн ах Б манай ирчхээд явах гэж байгаа бололтой малын хашааны гадна дуулаад суучихсан байхаар нь золгох гээд очтол миний урдаа шууд хүний олон хүнээ барихгүй шүү гэж хэлээд миний дээлээс заамдаа татаад урчихаар нь Д гэр лүү авч ороод гэрт байсан ногтны цулбуураар би хүлж орхиод бид нар өөр айл руу золгуут хийх гээд явсан. Тэгээд орой гэртээ ирэхэд яваагүй байсан. Гэрт ортол урдаас адуугаа ялгаж аваарай энэ тэр гээд агсамнаад байхаар нь би татаж байгаад нүүрэн тус газар нь мөргөсөн, хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Т.Б нүүрэн тус газарт нь мөргөж, гараараа цохисон үйл баримтыг давхар нотолж байна дүгнэлээ.

Шүүгдэгч Х.С дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Б хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000000069 дугаартай: “...Т.Б биед зүүн нүдэнд цус хуралт, зүүн чамархайн ар хэсэгт шарх, духны зүүн урд зулгаралт, хамрын хянга ясны зүүн талын шинэ хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Т.Б биед зүүн нүдэнд цус хуралт, зүүн чамархайн ар хэсэгт шарх, духны зүүн урд зулгаралт, хамрын хянга ясны зүүн талын шинэ хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх 12/ шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Прокуророос шүүгдэгч Х.С холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.С хохирогч Т.Б нүүрэн нүүрэн тус газарт нь мөргөж, гараараа цохисон үйлдэл хохирогч Т.Б зүүн нүдэнд цус хуралт, духны зүүн урд зулгаралт, хамрын хянга ясны зүүн талын шинэ хугарал гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.С үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...Х.С нь хохиролд 1,250,000 төгрөг өгсөн тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн эвлэрлийн гэрээгээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 1,205,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Х.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 1,205,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.Ө