| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01027/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01350 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01350
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/01350 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 2А байрны 9 тоотод оршин суух, регистр ЧК74020877, Шарнууд овогтой Хүүжийгийн Сайхнаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Сайхнаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Сайхнаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би анх 1994 оны 09-р сарын 1-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Дохиолол хамгаалалтын албанд цагдаагаар орж ажилласан. 1998 онд бүтцийн өөрчлөлтөөр алба татан буугдаж, Төмөр замын цагдаад 1999-2000 он хүртэл хэв журмын цагдаагаар, 2002 оноос 2007 оны сүүл хүртэл Эрүүлжүүлэх байрны цагдаагаар, 2008 оноос одоог хүртэл хэв журмын цагдаагаар ажиллаж байгаа. 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Цагдаагийн албаны хууль хэрэгжсэн байдаг. Энэ хуулиар эргүүлийн цагдаагаар ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар бодож олгодог болсон. Албан байгууллага маань үүнээс хойш эргүүлийн цагдаа гэсэн албан тушаал нэр томъёог суудлын цагдаа болгосон. Хуульд суудлын цагдаа гэсэн нэр томъёо байхгүй гээд байгаа. Иймд намайг 2002 оноос 2007 он хүртэл Төмөр замын цагдаагийн Эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсныг тогтоолгох, 2014 оноос 2017 он буюу өнөөдрийг хүртэл “суудлын цагдаагаар” ажиллаж байгааг “эргүүлийн цагдаагаар” ажиллаж байснаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Сайхнаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2016 оны 09-р сарын 29-ний өдрийн 13/2287 тоот лавлагаагаар Х.Сайхнаагийн ажиллаж байсан талаарх лавлагааг
гаргажээ.
Х.Сайхнаа нь 2002-2008 онд Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан гэх ба түүний ажилд томилогдсон тушаал лавлагаанд тусгагдсан боловч ажлаас чөлөөлөгдсөн талаарх баримт авагдаагүй байжээ.
Цагдаагийн ерөнхий газрын харъяа Төмөр дам дахь цагдаагийн хэлтсийн даргын 2002 оны 10-р сарын 30-ны өдрийн 141 дүгээр тушаалаар Х.Сайхнааг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны цагдаагаар томилж /хх 32/, тус хэлтсийн даргын 2008 оны 04-р срын 10-ны өдрийн 24 тоот “Ажлаас чөлөөлөх, томилох тухай” тушаалаар /хх 31/ түүнийг 2008 оны 03-р сарын 31-ний өдрөөс эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагийн ажлаас чөлөөлж, 2008 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн цагдаагийн ахлах, ахлагч Х.Сайхнааг төсвийн цагдаагаар томилсон байна.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өөрөөр олж авах боломжгүй байсан тул түүний 2002 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2008 оны 04-р сарын 01-нийг хүртэлх ажилласан хугацааг тогтоох нь зүйтэй.
Харин хэлтсийн даргын 2014 оны 5-р сарын 12-ны өдрийн 47 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилж, албан тушаалын цол олгох тухай” тушаалаар тус хэлтсийн бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбогдуулан Х.Сайхнааг “суудлын цагдаа”-гаар томилсон, 2015 оны 6-р сарын 8-ны өдрийн Б/35 тоот тушаалаар үргэлжлүүлэн томилж, өнөөдрийг хүртэл “суудлын цагдаа”-гаар ажиллаж байгаа нь /хх 12-15/ нэхэмжлэгчийн талбайраар тогтоогдсон байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 86-р зүйлийн 86.2 дахь хэсэгт Цагдаагийн албан хаагчийн “...эргүүл...албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно” гэж заасан байх ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь суудлын цагдаагаар ажиллаж байгаагаа эргүүлийн цагдаагаар ажилласнаар тогтоолгохыг хүсчээ.
Энэ хуулийн 5-р зүйлийн 5.6-д зааснаар ...цагдаагийн алба хаагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг зөвхөн хуулиар тогтооно, 71-р зүйлийн 71.1-д зааснаар” Цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийг ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоор тогтоох бөгөөд уг тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллагын дарга баталдаг байна.
Суудлын галт тэрэгний цагдаа нь Ажлын байрны тодорхойлолтод зааснаар галт тэргэнд гарах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах үүргийг гүйцэтгэхээр тогтоосон байх ба үүнийг “эргүүлийн цагдаа”-гийн ажлын байрны тодорхойлолт гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, суудлын галт тэрэгний цагдаагийн гүйцэтгэх ажлыг эргүүлийн
албанд ажилласнаар тооцох эсэх асуудлыг зөвхөн хуулиар тогтоохоос гадна үүнийг гэрч Д.Түвшинжаргал, А.Төмөрбаатар нарын мэдүүлгээр тогтоох үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хүүжийгийн Сайхнааг 2002 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2008 оны 04-р сарын 01-нийг хүртэл Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсныг тогтоож, 2014 оны 05-р сарын 12-ны өдрөөс 2017 оны 05-р сарын 10-ныг хүртэл “суудлын цагдаагаар ажиллаж байсныг эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан”аар тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА