Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01352

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01352

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, 7/2-р байрны 34 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УЗ89041575, Хул шарынхан овогтой Чинбатын Отгонжаргалын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, Зүүн нарангийн 16-167А тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ТЕ90062761, Монголмууд овогтой Нармандахын Саранзаяад холбогдох хүүхдийг асрамжиндаа авахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Отгонжаргал, хариуцагч Н.Саранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат /үнэмлэх 2088/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Саранзаяатай 2015 онд танилцаж, 2016 оны 7-р сараас хамт амьдрахаар тусдаа гарч, байр түрээслэж амьдарсан. Саранзаяа өмнө нь нөхөр, хүүхэдтэй байсан. Би хүүхэдтэй нь 3-уулаа хамт амьдардаг байсан. Бид хамт амьдраад 2017 оны 03-р сарын 17-нд охин О.Ариунжаргал төрсөн. Гэтэл Саранзаяа нь өмнөх нөхөртэйгөө хүүгээ уулзуулж байгаа нэрээр байнга холбоотой, уулздаг байсан. Тэгээд хоорондоо таарамж муутай, хамтран амьдрах боломжгүй болоод салсан. Одоо Саранзаяа нь өмнөх нөхөр Энхбат болон хүүтэйгээ амьдарч байгаа, нөхөр нь архи уудаг, агсам тавьдаг хүн байдаг. Ийм нөхцөлд охиноо өгөхгүй. Охин маань одоо 2 сартай, ээж нь охиноо хэдхэн хоног харсан. Цаашид охиныг миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Н.Саранзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд нөхөр Энхбаттай амьдарч байгаад хүү Санчир төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй, хүү маань 4 настай. Тэгээд Энхбатаас салсан байхдаа 2015 оноос Ч.Отгонжаргалтай үерхэж эхэлсэн. 2016 оны 07  дугаар сараас тусдаа гарсан. Ч.Отгонжаргал нь хамт амьдарч байхдаа дандаа харддаг, хэрүүл тасрахгүй байсан. Бидний дундаас 2017 оны 03-р сарын 17-нд охин О.Ариунжаргал төрсөн. Төрсний дараа би Отгонжаргалтай муудалцаад хүүхдээ үлдээгээд явсан. Би одоо нөхөр Энхбат, хүү Санчиртайгаа амьдарч байна. Отгонжаргал бид хоёрт охиноо өгөхгүй гээд байгаа, бид өөрсдөө авч болно гэж ярьсан. Хэрвээ Отгонжаргал нь охиноо эрүүл саруул өсгөж, их дээд сургуульд сургах, надаас тэтгэлэг авахгүй, надад санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэвэл охиноо үлдээхэд татгалзахгүй гэв.    

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь Н.Саранзаяад холбогдох хүүхдээ асрамжиндаа авахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.   

Ч.Отгонжаргал, Н.Саранзаяа нар нь 2016 оноос хамт амьдарч байхдаа 2017 оны 03-р сарын 17-ны өдөр охин О.Ариунжаргалыг төрүүлж, төрсний бүртгэлийн 1107001238 дугаарт бүртгэж төрсний гэрчилгээ /хх 4/ олгогджээ.

 

Н.Саранзаяа нь Ч.Отгонжаргалтай хамт амьдрахаас өмнө нь гэр бүлтэй  байсан, түүнээс салсны дараа нэхэмжлэгчтэй амьдарсан боловч өмнөх нөхөртэйгээ холбоотой байдаг гэх маргааны улмаас хоорондоо таарамжгүй, гэр бүлийн дотор хэрүүл маргаантай байжээ. 

 

Дээрх маргааны улмаас талууд тусдаа амьдарч байгаа, хариуцагч Н.Саранзаяа өмнө нь гэр бүл байсан гэх Энхбаттай хамт амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Тусдаа амьдарч байгаа хугацаанд 2 сартай охин О.Амаржаргал нь эцэг, эх хэн хэнийх нь асрамжид байсан бөгөөд цаашид хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд байх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

 

Цаашид хүүхдийг өсгөж бойжуулах хайр халамж, ажил хөдөлмөр эрхлэж байгаа, хүүхдээ тэжээн тэтгэх чадвар, амьдрах орон байраар хангагдсан нөхцөл байдал зэргийг харгалзан охин О.Амаржаргалыг эцгийн асрамжинд үлдээх нь  зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь охин О.Амаржаргалыг эцгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрөхдөө “эрүүл өсгөх, их дээд сургуульд сургах, тэтгэмж шаардахгүй байх” талаар санал тавьсан бөгөөд энэ нь дээрх хуулийн заалттай нийцээгүй, хүүхэд хэний асрамжинд байхаас үл шалтгаалан эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Нөгөө талаас, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй, харин Ч.Отгонжаргалын хувьд хариуцагчид санхүү, эдийн засгийн хувьд тусламж дэмжлэг үзүүлэх, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх үүрэггүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 03-р сарын 17-нд төрсөн охин Отгонжаргалын Ариунжаргалыг эцэг Ч.Отгонжаргалын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Саранзаяагаас 70 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА