Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Л.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Д холбогдох эрүүгийн 2124000090023 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ****************************

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн нутаг Овгор гэх газраас хохирогч Ж.Э эзэмшлийн нас гүйцсэн 1 тооны адууг хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн нутаг Овгор гэх газраас хохирогч Ж.Э эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж авсан үйл баримт нь

Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 27-ны хооронд Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн нутаг дэвсгэр Овгор гэх газраас адуун дотроосоо 1 тооны нас гүйцсэн хүрэн зүсмийн адуу хулгайд алдсан. Нас гүйцсэн гуян дээрээ чандмань тамгатай буруу талын хаан дээрээ 3Е үсгэн тамгатай адуу алдсан...” гэсэн мэдүүлэг /хх 16/

Гэрч Л.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 сарын сүүлээр байх манайх Баянхайрхан сумын Минж багийн нутаг Цагаанчулуут гэх газар нутаглаж байхад Тосонцэнгэл сумын харьяат Б гэх хүн манайд машинаар ирсэн. Манайд ирэхээр нь би нэг морины хөл хатгуулчхаад тэр өдрөө би Тэс сум руу өвс бэлтгэхээр явсан. Б манайд үлдсэн. Би Тэс сумд 10 хоночхоод буцаад гэртээ ирэхэд Б би одоо буцлаа гээд байж байсан. Би тэгээд дахиад өвсөнд явчхаад ирэхэд явчихсан байсан яг юугаар яаж явсныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 18-19/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 сарын сүүлээр байх яг өдрийг сайн санахгүй байна. Тосонцэнгэл сумаас морь хатгадаг хүн ирсэн байна гэж сургийг нь дуулаад сумын төвд нэрийг нь сайн мэдэхгүй нэг айлаас Б гэх хүнийг авч Баянхайрхан сумын Минж багт байх Ц гэх айлын адууных нь хашаан дээр авч очиж өөрийнхөө 2 морийг хатгуулчхаад буцаад сумын төв рүү явсан Б гэх хүн тэндээ үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 21/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Д очоод морины хөл хатгаж өгчхөөд 12 хоног Д хамт гэрт нь байж байгаад Д ахдаа нэг морь олж өгөөч ах нь унаа муутай байдаг гэхэд Д тэгье гэсэн намайг явдаг өдрийн өглөө Д “та хонь харж бай би морь олоод ирье” гэж яваад орой 18 цагийн үед дэлтэй хүрэн морь хөтөлж ирж надад өгсөн. Би 19 цагийн үед байх бүрэнхий болж байхад холын хүн эртхэн дөхье гээд авч ирсэн морийг нь эмээллэж унаад явсан. Д надад “та энэ хүрэн морийг авч явж унаж бай хавраас хоёулаа ноолуур гарахаар өртөг үнэ нь болно биз дээ гээд өгсөн. ...Би дэлгүй хүрэн морийг нь өөрөө идшиндээ хэрэглэсэн. Дэлтэй хүрэн морийг нь тэжээж өвөл уная гэж бодож байгаад Б гэх хүнд өрөндөө өгсөн. ...Д авч ирсэн морь годон сүүлтэй, хүрэн чандмань тамгатай, 12-13 настай байсан...” гэсэн /хх 29-30/ мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 Мөн шүүгдэгч Л.Д “... 2020 оны 10 дугаар сарын сүүлээр байх манайх Баянхайрхан сумын Минж баг Цагаанчулуут гэх газар нутаглаж байхад манайд Тосонцэнгэл сумын харьяат Б гэдэг хүн Тэс сумын төвөөс Тулгаа гэдэг хүнээр хүний морины хөл хатгахаар хүргүүлж очоод манайд 10 гаран хоног хонь хариулж худаг гэр хоёрын хооронд морь мал усалж байж байгаад надад ахад нь нэг морины хэрэг байна гээд байхаар нь Б ахыг явдаг өдрийнх нь орой харанхуй болж байхад гэрээсээ морьтой ганцаараа гарч яваад 18 цагийн орчимд Тэс сумын Баян-Уул багийн нутаг Овгор гэх газар явж байгаад 10 гаран тооны адуу таарахаар нь айлын өвөлжөө рүү шахаж байгаад дэлтэй хүрэн зүсмийн нэг морь барьж аваад гэртээ авч ирж Б гэх хүнд өгсөн. Би Б гэх хүнд өгөхдөө өөрийнхөө адуунаас барьж авч ирсэн гэж хэлсэн, хулгайн адуу гэж хэлээгүй...” гэсэн /хх 44-45/ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Ж.Э эзэмшлийн 1 тооны адууг хулгайлсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Д дээрх үйлдлийн улмаас хохирогч Ж.Э 1,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “...2020 ны 10 дугаар сарын байдлаар 1 тооны, нас гүйцсэн адуу зах зээлийн ханшаар 1,000,000 төгрөгийн үнэтэй...” гэсэн /хх 35/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч Л.Д хохирогч Ж.Э 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчиж явсан малаас барьж авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүний үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Прокуророос шүүгдэгч Л.Д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.Д бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгч Л.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай  этгээдийн  өмчлөлд  байсан  нь  тогтоогдсон  тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Л.Д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан халтар зүсмийн загасан тамгатай хязаалан насны морийг улсын орлого болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад морийг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, шүүгдэгч Л.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Д бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Л.Д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан халтар зүсмийн загасан тамгатай хязаалан насны морийг улсын орлого болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц халтар зүсмийн загасан тамгатай хязаалан насны морийг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, шүүгдэгч Л.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.Ө