Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, *. *, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * хаягаар түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С.Ч /*/.

Шүүгдэгч С.Ч нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ын хоолойг боож Самсунг жи-3 маркийн гар утас дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн айлын байрны орцонд насанд хүрээгүй Г.Ц-ын хоолойг боож самсунг жи-3 маркийн, 300,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан үйл баримт нь:

-2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г.Ц-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Миний Samsung galaxy-3 маркийн гар утсыг үл таних хүн дээрэмдээд авчихлаа” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-13 дугаар хуудас/, -Г.Ц-ын насыг тоолсон тэмдэглэл /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

-Samsung galaxy G-3 маркийн гар утсыг С.Ч-с хураан авч, Г.Ц-д хүлээлгэн өгсөн талаарх эд мөрийн баримтаар хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй хохирогч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг 50 минутанд хичээл тараад гэртээ харьж цүнхээ тавьчихаад ээжтэйгээ яриад хаана байгааг нь асуутал үсчинд байна гэхлээр нь ээж дээрээ очих гээд гэрээ цоожилчихоод орцоор гараад ертөнцийн зүгээр зүүн хойш чиглэлтэй 8 айлын байрны урдуур гарах гээд явж байтал хойноос нэг үл таних эрэгтэй хүн хоолой боогоод намайг чирээд байрны 2 давхарын төмөр хаалганы тэнд аваачсан. Тэгээд биед байгаа эд зүйлээ гаргаадах гэхээр нь халааснаасаа Самсунг жи-3 маркийн гар утсаа гаргаад өгсөн чинь утасныхаа кодыг солиод кодгүй болгож өг гэхээр нь би утасныхаа кодыг өөрчилж 0000 хийгээд өгтөл миний утсыг аваад байрнаас гараад зугтаачихсан. Би тэр хүнийг гарахаар нь хойноос нь дагаж яваад Улаантолгой багийн нутагт байрлах улаан худгийн гудамж руу оруулаад алдчихсан. Тэндээсээ би буцаж яваад цагдаагийн жижүүрт утсаа дээрэмдүүлсэн талаараа мэдээлэл өгсөн... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-26 дугаар хуудас/,

-Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай хүү Г.Ц над руу утасдаад би хичээлээ тараад ирчихлээ, та хаана байгаа юм гэхээр нь би үсчин дээр байна гэсэн чинь би яваад очих уу гэсэн. Тэгээд манай хүүг гэрээсээ гараад явж байхад хамгийн арын 8 айлын орцны тэнд Ч гэгч манай хүүгийн хойноос хоолойг нь боогоод байр руу оруулаад утасных нь кодыг гаргуулаад булаагаад зугтаасан гэсэн. Тухайн үед энэ талаар надад тодорхой хэлээгүй. Орой нь гэртээ ирчихсэн байхдаа л бие эвгүй оргиод, айгаад байна гэсэн. Одоо хүүхдээ гэрээс гарахад нь хүртэл айгаад сууж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээл тараад гэртээ харьж, хувцсаа сольчихоод Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт байрлах улаан худгаас ус авах гээд явж байтал миний хажуугаар улаан /улаан шар/ өнгийн богино үстэй, цайвар шар царайтай, хар өнгийн курткатай хүн нэлээн амьсгаатай гүйгээд зөрсөн. Цаашаа явсаар худгийн хажууд очтол манай нөгөө ангийн хүүхэд болох Г.Ц орилоод гүйгээд гараад ирсэн. Би тэгээд хутаг дээр усаа авахаар дугаарласан. Ц-ыг хаашаа явсныг анзаарч хараагүй. Усаа авч байтал Ц над дээр ирсэн. Би юу болсон талаар асуусан чинь нэг хүүхэд миний хоолойг боогоод гар утсыг маань аваад зугтаачихлаа гэж хэлэхээр нь би цагдаа дээр очоод хэл гэж хэлээд, Ц худгийн тэндээс цагдаа руу чиглэлтэй явсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

-Насанд хүрээгүй хохирогч Г.Цын өмчлөлийн Samsung galaxy G-3 маркийн гар утас нь 300,000 төгрөгийн үнэтэй болох талаар үнэлгээ тогтоосон мөрдөгчийн лавлагаа /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ч-ийн яллагдагчаар болон гэрчээр өгсөн: “...Би битүүний урд өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах 8 айлын тэнд явж байтал миний урд талд Ц явж байсан. Тэгэхээр нь би хоёулаа ийшээ орьё гээд 8 айлын орц руу дагуулж ороод 2 давхарт гараад эзэнгүй байрны хаалгаар оруулаад та нар миний өвөөг шулж иддэг биз дээ гэж хараагаад, өвөөгийнхөө авч өгсөн юмнаас би талыг нь авна гэж хэлээд, түүний хоолойг боогоод биедээ байгаа юмаа гарга гэж хэлтэл Ц халааснаасаа гар утас гаргаж ирээд өгсөн. Тэгэхээр нь би кодоо солиод өг гэсэн чинь утасныхаа кодыг өөрчилж 0000 болгоод надад өгсөн. Тэгээд би байрнаас гараад зугтаасан. Ц миний хойноос хөөгөөд л байсан. Би зугтаасаар байгаад улаан худгийн гудамж ороод зугтаасан. Ц намайг хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7, 39-40 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч С.Чийн өгсөн: “...Г.Цын гар утсыг хүч хэрэглэн авсан маань үнэн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Авсан утсаа буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч С.Ч нь насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ын Samsung galaxy G-3 маркийн 300,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авахдаа хоолойг нь боосон үйлдэл гаргасан байх тул түүний уг үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд С.Ч-ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Ч-ид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Ч-ид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч С.Ч нь 20 настай боловч сэтгэн бодох чадвар, сэтгэхүйн үйлдлүүдийн хувьд наснаасаа хоцронги, сэтгэцийн хувьд хөнгөн оюуны хоцрогдол эмгэгтэй болох нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 04 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан тул түүнд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам”-ыг баримтлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Чид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг тогтоож, уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр нөсны хүнд энэ хуулийн хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилснаас үзвэл өсвөр насны хүн хөнгөн гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг биелүүлэхийг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулах тухай үндсэн агуулга боловч анх удаа 8 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн тохиолдолд шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хойшлуулах нарийвчилсан агуулга тусгагджээ.

Иймд шүүгдэгч С.Ч-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хойшлуулсан хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч С.Ч нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Цд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ч-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаа/ сар, 15 /арван тав/ хоногоор тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Ч-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

6. Шүүгдэгч С.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч С.Ч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргахыг шүүгдэгч С.Чид анхааруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН