| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01196/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01462 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01462
| 2017 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/01462 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5 дугаар хороолол, 5-р байрны 12 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ГК62031966, Балдан овогтой Доржийн Рэгзэдмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 6б байр 14 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УХ63011101, Адуучин овогтой Жамбалдоржийн Анхмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53 675 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Рэгзэдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Рэгзэдмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Анхмаатай 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 47 500 000 төгрөгийг хүүгүйгээр, 2017 оны 02 дугаар сарын 28 өдрийг хүртэлх хугацаатайгаар зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Анхмаа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож нэг хоногт 237 500 төгрөг бөгөөд 26 хоногийн алданги нийт 6 175 000 төгрөг нийт 53 675 000 төгрөгийг Ж.Анхмаагаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний 47 500 000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн. Энэ талаар маргахгүй. Харин алдангийг хасаж өгнө үү. Ж.Анхмаа өмнө нь 40 000 000 төгрөг зээлсэн байдаг. Үүнээс 2 500 000 төгрөг төлсөн, тэгээд хүү тооцоод 47 500 000 төгрөг болгосон. Хариуцагч 2017 оны 6 сараас эхлэн төлөх графикаа байгуулах талаар тайлбар гаргасан байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Рэгзэдмаа нь Ж.Анхмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53 675 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 47 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Д.Рэгзэдмаа нь 2016 оны 12-р сарын 06-ны өдөр Ж.Анхмаатай “Зээлийн гэрээ” байгуулж, 47 500 000 төгрөгийг 2 сар 12 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлүүлэхээр /хх 4/ тохирчээ.
Иргэний хуулийн 281-р зүйлд заасан “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгө буюу эд зүйлийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг хүлээдэг, 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.
Харин зээлдүүлэгч нь 2016 оны 1-р сарын 14-ний өдөр Ж.Анхмаад 40 000 000 төгрөг зээлүүлсэн, зээлдэгч үүнээс 2 500 000 төгрөгийг төлж, бусад зээлийг төлөөгүйгээс талууд хүү тооцож 47 500 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийсэн байх ба хариуцагч энэ талаар маргаагүй байна.
Хэдийгээр гэрээний 2-р зүйлийн 2.6 дахь хэсэгт зээлдэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон боловч гэрээгээр тохирсон 47 500 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй нь тул алданги тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жамбалдоржийн Анхмаагаас 47 500 000 /дөчин долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Доржийн Рэгзэдмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 6 175 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 325 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ж.Анхмаагаас 395 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА