| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0312/Э |
| Дугаар | 185/2021/0312/Э |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 185/2021/0312/Э
2021 05 14 2021/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, 00 овогт Л.Х холбогдох эрүүгийн 2109 00000 0403 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 00-00 тоотод оршин суух хаягтай, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 0 овогт –Л.Х , /РД:00000000 /,
2. Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Х нь Сүхбаатар дүүргийн 20 дүгээр хороо, Сэлбийн 7 дугаар гудамжны 709 тоот гэртээ үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд мэдээллийн технологи буюу Лж Куй-6 загварын гар утаснаасаа “Beenji Benjamin” нэртэй фейсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х мэдүүлэхдээ “...Тухайн үед манай нөхөр ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Миний хувьд эрүүл мэндийн хувьд буюу нурууны гэмтэлтэй тул ажил хийх боломжгүй хүүхдээ хараад гэртээ байдаг. Манай нөхөр хөл хориотой үеэр ажилгүй болсон тул хүмүүсийн өр нэхэгдээд байсан тул покер тоглоомыг цахимаар тоглуулсан. Олсон ашгаа хүмүүсийн өрөнд өгөөд түлээ нүүрс аваад дууссан....” гэжээ.
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Л.Х нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 0 дугаар гудамжны 00 тоот гэртээ үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд мэдээллийн технологи буюу Лж Куй-6 загварын гар утаснаасаа “Beenji Benjamin” нэртэй фейсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Б-н “...Эрүүгийн цагдаагийн албанаас шалгуулахаар хүргүүлж байгаа гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь фейсбүүк сүлжээнд олон гишүүдтэй группүүдэд өөрийн болон бусад хуурамч хаягаас шууд бичлэг хийж ихэвчлэн хоёроос найман хүн 10000 төгрөгөөс 100000 төгрөг төлж оролцохоор цахим орчин ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулдаг. Тухайн лайв бичлэгт мөнгө авах дансны дугаараа байршуулсан байдаг юм. Зарим тохиолдолд сэтгэгдэл хэсэгт дансны дугаараа байршуулсан байдаг. Л.Х-г тухайн үед ямар төрлийн мөрийтэй тоглоом тоглуулж байсныг санахгүй байна ихэвчлэн техас, покер тоглоомыг хөзрөөр тоглуулж байгаа үйлдэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/-р тал,
Beenji Benjamin гэх нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 34-38 дугаар тал/
Шүүгдэгч Л.Х-н Хаан банкны 0000000000 дугаартай дансны хуулганы дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 79-126 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Х-н яллагдагчаар өгсөн “... Сүхбаатар дүүргийн 20 хороо Сэлбийн 0-000 тоот гэртээ байж байгаад гар утсаараа фейсбүүк орсон чинь цахим тоглоом зөндөө яваад байхаар нь мөнгө төгрөггүй болчихсон болохоор өр шир нэхэгдээд байхаар нь мөнгө олох зорилгоор урд нь ашиглаж байгаад ашиглахаа больчихсон Beenji Benjamin гэсэн хаягаар ороод техас, покер тоглуулсан. Тоглуулахдаа 6 хүн тоглодог ширээн дээр тоглуулсан. Би нэг хүнээс 10000 төгрөг аваад буцаалт нь 50000 төгрөг өгдөг нэг тоглоход зургаан хүн таван удаа тоглоно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогджээ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Л.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр, шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бодит хохирол шаардахгүй, хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хуулиар хамгаалах эрх, ашиг нь олон нийтийн ашиг, сонирхол, мөрийтэй тоглоомын талаар хуулиар тогтоосон журам байдаг.
Шүүгдэгч Л.Х-н хуульд заасан мөрийтэй тоглоом, түүнтэй адилтгах аливаа хэлбэрийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон хууль тогтоогчийн санаачлан Эрүүгийн хуульд тусгалаа олсон хууль бус үйл ажиллагааг ашиг олох зорилгоор зохион байгуулсан гэм буруутай үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Л.Х-г мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд шууд бодит хохирол учраагүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Л.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Л.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЛЖ КУЙ-6 загварын гар утсыг шүүгдэгч Л.Х-т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч 0\ овогт Л.Х-г мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.-т 240 /Хоёр зуун дөч/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЛЖ КУЙ-6 загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Х-т буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Л.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР